Sunday, December 12, 2010

Глориоза




Асуулт - Хариулт: Би зун глориoзa үрээр тариад, тэгсэн өвөл юучгүй хагдраад үхчих шиг болчихоор нь ухсан чинь жижигхээн /1-2см/ 3 булцуу үүсчихэж. Тэгээд угаагаад цэвэрлээд хөргөгчиндөө хийчихсэн. Одоо бараг 1 сар болж байх шиг байна. Одоо яах ёстой юм бол, хөрсөнд суулгавал ургах болов уу?
Глориоза (Gloriosa)
Ази, Африкийн халуун бүсэд ургадаг, зунжингаа цэцэглэдэг ургамал. Ургалт хурдан. 
Gloria гэдэг нь латин хэлнээс «Алдар» гэсэн үг. Олон наст өвслөг булцуут ургамал. Авирч ургадаг.
АРЧИЛГАА
Гэрэл:
Глориоза тод гэрэлд дуртай. Үдийн халуун нарны шууд тусгалаас хамгаална. Баруун болон зүүн зүгийн цонхон дээр ургуулахад тохирдог. Өвөл урд зүгийн цонх тохирдог. Зун дулаараад ирэхлээр гадаа гаргана. Шууд гаргаж болохгүй, бага багаар тод гэрэлд дасгаж байж гаргана.
Агаарын дулаан:
Хавар-зуны улиралд +20-25°С хэмтэй байна. Глориоза нэвт салхи даахдаа муу. Мөн хүйтэн салхинд өвчилдөг.
Усалгаа:
Хавар-зуны улиралд сайн услана. Хэдэн хоног задгай саванд хонуулсан, хлоргүй усаар услаж байна. Хөрсний дээд хэсэг хатсан тохиолдолд дараах усалгааг хийдэг. Хөрсийг бүүр хатааж болохгүй, байнга өлөн чийгтэй байна. Намар болон өвлийн улиралд огт услахгүй.
Агаарын чийгшил:
Өндөр байх ёстой. Чийгтэй керамзиттай поднос дээр тавьж болно. Ингэхдээ цэцгийн савны ёроол усанд хүрч болохгүй. Өдөр бүр зөөлөн, хлоргүй усаар шүршиж байна. Цэцэглэж байхад нь болгоомжтой шүршдэг. Цэцгийн бундуу, дэлбээнд ус хүргээж болохгүй. Ус хүрвэл толбо үүсэж, үзэмжинд муугаар нөлөөлнө. 
Цэцэглэлт:
Глориоза зун маш сайн цэцэглэдэг. Дэлбээлсэн цэцэг удах тусам өнгө нь өөрчлөддөг. Шар өнгө алга болж, улаан өнгө нь бүүр гүн, тод болж хувирдаг. Улиралд нэг мөчир дээр 4-7 цэцэг гардаг. Цэцэг том, 10 см хүрдэг.
Бордоо:
Хавар мөчир ургаад ирэнгүүт цэцэгт ургамлын шингэн бордоогоор бордож эхлэнэ. Цэцэглэлт дуустал долоо хоног бүр борддог.
Глориоза навчны үзүүрт байрлах сахлаараа юмнаас зуурч, ороож ургадаг. Хамгийн доод талын навчнуудад сахал байхгүй байж болно. Иймээс туяхан ишийг тулгуурт уях нь дээр. Иш өөрөө юм ороож ургадаггүй. 
Навчны үзүүр нь мушгиралдсан нарийхан урт хэсэгтэй. Үүгээрээ мод, төмөр утас зэргээс барьцалдаж чаддаг. Бүдүүн зүйлийг ороож чаддаггүй тул тулгуурт байнга боох болдог.
Хэрэв цонхон дээрээ ургуулж байгаа бол тюль хөшигнөөс хол байлгасан нь дээр. Дараа нь салгах гэж ургамал гэмтээхэд хүрнэ. Юм ороож дээш биш, юмнаас зуурч авирч ургадаг гэдэгийг санах хэрэгтэй.
Глориоза 5 сараас эрчимтэй ургаж эхэлдэг. Ишний урт 1-2 метр хүрдэг. Ийм урт байлгах нь тэр бүр сайн биш. Тиймээс иш зөөлөн байхад болгоомжтой доошоо чиглүүлж ургуулна.
 
Булцуу
Шилжүүлэн суулгалтыг жил бүр хавар хийнэ. Сав гүнзгий биш, өргөн байвал зүгээр. Хуванцар, ниллэг материалтай савны оронд шавар вааранд ургуулах нь дээр гэж үздэг. 
Хөрс хүнд, нягт шаварлаг байвал ургахгүй. Тэжээллэг, тослог хөрс (ялзмаг — 4 хэсэг, 2 хэсэг навчин хөрс) таардаг. Дээр нь хүлэрт хөрс мөн элс нэмнэ.
Савны доор заавал дренаж хийнэ. Булцууг суулгахдаа хэвтээгээр нь 2-3 см гүнд булна. Эсвэл гөлгөр дугуй хэсэгийг дээш  харуулж суулгана. Үүнийг хугалах, гэмтээх нь аюултай. Эмзэг булцууг гэмтлээс хамгаалж байх хэрэгтэй. Бусад булцуут ургамал шиг глориоза булцууны хэсгээс ургаж чаддаггүй. 
АНХААР: Ургамлын бүх хэсэг хортой шүүстэй. Идэж болохгүй. Хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтан хүрэхээргүй газар хадгална. Гарын арьсанд хүрэхэд ямарваа нэгэн зүйл ажиглагдахгүй ч залгиж болохгүй. Ходоод түлдэг. Булцуу илүү их хор агуулдаг.
Гэхдээ булцууны шүүсээр зарим цусны өвчин, арьсан дээр гарсан хорт хавдарын гаралтай зүйлүүдийг анагаадаг байна.
Үржүүлэх арга:
1. Булцуугаар
2-3 сард хөгшин том булцууг суулгахдаа "ургах цэг"-тэй хэсэгүүдээр нь хуваана. Модны нүүрс түрхээд 5-10 минут хатаагаад, дараа нь суулгана. Хуваасан хэсэг бүр өөрийн нахиа ургах цэгтэй байх ёстой. 

Үүнээс гадна зулзаган булцуу үүссэн байвал салгаж тус тусад нь саванд суулгаж болно.  Жижиг булцуу 2 дахь жилдээ цэцэглэдэг. Булцууны хэсгийг зөвхөн ариутгасан, мөн зөвхөн хуурай хөрсөнд суулгадаг!

Агаарын дулаан +20°С хэмээс дээш хэтэрч, мөн +15°С-аас доош бууж болохгүй. 3-4 хоногийн дараа маш бага усаар чийглэнэ. Нахиа гарангуут гэрэлтэй газар байрлуулна. 
Хөрсөө доороос нь халааж тогтмол +21°С хэмтэй байлгана. Агаарын хэм болон хөрсний хэм +20°C-ээс буурч болохгүй, тохиромжтой дулаан нь +22—24°С.
Усалгааг нахиа гарангуут хийж эхэлдэг. Эхнээс нь тулгуурт боож ургуулна. Сав багадаад ирвэл томруулж шилжүүлж суулгаж болно.
2. Үрээр
    

Глориозаг үрээр тарьж бас болно. Гэхдээ ургалт маш удаан байдаг. Гэрийн нөхцөлд зохиомлоор тоос хүртээж үр гаргаж авч болдог. Боловсорсон үрийг шууд суулгаж болно. Үр дулаахан (+20-25°С) орчинд ургадаг. Үрээр тарихад 3 дахь жилээсээ цэцэглэж эхлэнэ.



Гарч болох хүндрэлүүд: 
Глориозагийн ургалт удаан, огт цэцэглэхгүй бол гэрэл дутсан, булцуу сул, эсвэл гэмтсэн, буруу хадгалсан.
Навч үзүүрээсээ шарлаад, борлоод байвал хэт хуурай агаараас, эсвэл дутуу усалснаас.

Шинэ нахиа ургахаа болиод, навч унжаад, борлоод байвал агаарын хэм эрс өөрчлөгдөөд байгаатай холбоотой. 
Иш зөөлөн, сул, навч унжсан, угнаасаа шарласан бол - хэт их услаад байна. Булцуу илжрэх аюултай. Иймээс суулгахдаа сайн дренаж хийх, мөн усалгааг хөрсний өнгөн үе хатсан тохиолдолд хийж байх.


Амралт үе: 
Өвлийн улиралд амардаг. Намар цэцэглэлт дуусангуут усалгааг багасгасаар яваандаа бүүр зогсооно. Хөрснөөс дээш ургасан бүх хэсэг хатаж үхдэг (ойролцоогоор 9-10 сард). Булцууг ухаж гаргаад, элсэнд булаад, +8—10°С хэмтэй, хуурай газар хадгална. Булцууг мөн саванд нь амрааж болдог. +10-12°С хэмд хөргөгчинд хадгалж болно. Хавар нахиа гарангуут агаарын хэмийг бага багаар дээшлүүлж ердийн өрөөний дулаанд дасгадаг. Шууд хөргөгчнөөс гаргаад тавьж болохгүй. Агаарын хэмийн эрс өөрчлөлт үхүүлж болдог.
Шилжүүлэн суулгалт:
өвлийн сүүл сард - хавар эрт, ургалт эхлэхээс өмнө хийх хэрэгтэй. Учир нь глориозагийн үндэс нь нарийхан, эмзэг, мэдрэмтгий, амархан хугардаг тул ургахаас нь өмнө шилжүүлж суулгах хэрэгтэй.

No comments:

Post a Comment