Tuesday, September 13, 2011

Алтан загас - Нематантус

Хуучин нэр: Гипоцирта (Hypocyrta)
Шинээр бүртгэсэн нэр Нематантус (Nematanthus)
Цэцэгний хэлбэрээс нь болоод польшууд "Бөгтөр цэцэг", германууд "Үнсэлцэж буй уруул", америк болон манайхан "Алтан загас" гэж нэрлэдэг юм байна.
Гипоцирта - олон наст өвслөг эпифит болон хагас эпифит ургамал. (Эпифит нь өөр ургамалыг тулгуур болгож ашигладаг, түүнийгээ ороож, бүрж ургадаг, гэхдээ ус, тэжээлээ өөрөө орчин тойрноосоо олж авдаг.)
Нематантус нь Геснерийн (Gesneriaceae) овогт ордог ба Өмнөд Америкийн халуун чийглэг ойд ургадаг байна. 
Гипоцирта гэх нэрийг Бразилийн Амазонка орчмын ургамал судлаач, эмч, ботаникч, антропологч Карл Фридрих Филипп фон Мартиус (1794-1868) анх өгч байжээ. Грек үгнээс гаралтай: «hypo» - доорх, «kyrtos» - сунасан гэсэн утгатай ба энэ нь цэцэгний хэлбэрээс үүдэлтэй гэнэ.
Нематантус нь грекээр νημα«нема» — үс, утас,  άνθος «антос» — цэцэг. Нарийхан утсан иштэй цэцэг гэсэн утгатай. Зарим төрөл нь ийм цэцэгтэй юм байна. Германы анагаах ухааны доктор, ботаникийн профессор Генрих Адольф фон Шредер (1767-1836) энэ нэрийг өгсөн байна.
1846 оноос тасалгаанд тарьж байгаа ургамал. Геснерийн овгийн колумнея-тай төстэй ч Европд сайн тархаагүй.
Мөлхөж ургадаг төрлүүдийн өндөр нь 10-15 см байдаг бол тэгш иштэй нь 40-60 см хүрдэг байна. 
ТӨРӨЛ
Hypocyrta nummularia - мөчир салаалахдаа муу эпифит ургамал. Махлаг зузаан навчтай. Навч, иш, мөчир нь үл ялиг үсэрхэг. Цэцэглэлтийн дараа амралт үе эхэлдэг. Амралт үеэрээ навчаа гөвдөг.

Hypocyrta glabra – мөнхийн ногоон эпифит ургамал. Өндөр нь 20-25 см, тэгш, эсвэл дээш тэмүүлсэн, бараг мөчирлөж салаалдаггүй иштэй. Навч 3 см урт, 1,5 см өргөн, махлаг, зузаан, гялгар. Цэцэг 1-3-аар гардаг. Цэцэглэлт ихэнхидээ зунаас намрын эхэн сар хүртэл үргэлжилдэг. Ерөнхий ургалт удаан.
АРЧИЛГАА
Байршил
Гэрэлд дуртай, гэхдээ нарны шууд тусгалаас хамгаалах хэрэгтэй. Нарны гэрэлд навч шарлаж, гялгар нь алга болно, өнгө гандаж, түлэгдэлтийн толбо үүснэ. Сүүдэрт цэцэглэхгүй. 
Аль болох гэрэлтэй цонхны тавцан дээр тавьна. Агаарын чийгшил ихэсгэж өгвөл сайн. Өвөл халаах төхөөрөмжийн хажууд байрлуулж болохгүй. Зун шилэн тагт, нөмөр газар гаргаж болно.
Гэрэл
Хамгийн сайн гэрэлтэй цонхон дээр тавьна. Хавар-зун нарнаас хамгаална. Өвөл нарны илч суларсан байдаг тул урд зүгрүү харсан цонхон дээр байрлуулж болно. Хиймэл гэрэлтүүлэг доор сайн ургадаг. 
Гэрэл дутсан үед (ялангуяа өвөл) ургамал шингэрээд, мөчир нарийсаад, огт цэцэглэхгүй, эсвэл муу цэцэглэнэ, шинэ навч бүдэг, цайрсан өнгөтэй, жижиг хэмжээтэй гардаг. Хойд зүгрүү харсан цонхон дээр огт цэцэглэдэггүй.
Агаарын дулаан
Ердийн тасалгааны хэмд сайн ургадаг. Тохирох тасалгааны дулаан +23-25 С. Өвөл +18 С доош хэмтэй газар ургалт удаашраад, цэцэглэхгүй, навч унаж эхэлдэг.
Нэвт салхинаас сайн хамгаална. Агаарын хэм огцом хэлбэлзэх, өөрчлөгдөхөөс болгоомжлох хэрэгтэй. Иймээс өвөл агаар оруулахдаа цонхноосоо хол байрлуулаарай. 
Амралт үе
Тасалгаанд ургуулахад өвөл "амралт үед ордог. Энэ үед агаарын хэм +16-18°C, усалгаа маш бага байна. 
Өвөл нематантус +7+10°C хэмийг дааж чаддаг. Гэхдээ ийм сэрүүн газар байлгах бол бараг усладаггүй. Учир нь навчис нь зузаан, суккулентэрхүү тул хангалттай чийг өөртөө агуулж байдаг. Өвөл сэрүүнд байлгаж байгаа бол ус жоохон хэтрүүлж хийвэл дорхноо үхдэг.
Агаарын чийгшил 
Хуурай агаар дааж чаддаг. Ургамлыг шүршээд байх шаардлага байдаггүй. Гэхдээ сайхан ургуулахын тулд агаарын чийгшил өндөр байвал сайн. Ургамлын орчин тойрны агаарыг манантуулж шүршиж байна. Мөн хажууд нь устай задгай сав, таваг байрлуулах хэрэгтэй. Навч шүршихдээ бүлээн, зөөлөн ус хэрэглэнэ.
Геснерийн овгийн бусад бүх ургамлын адил нематантусын цэцэг, навчинд ус хүргэж болдоггүй. Иймээс орчны агаарыг нарийн ус шүршигчээр манантуулж чийглэнэ.
Зун тагтруу гаргаж болно. Бороо салхинаас хамгаалж нөмөрт тавьна.
Усалгаа
Зун сайн услаж байна. Намар усалгааг багасгана. Өвөл - маш цөөн, хөрс хатаахгүй төдий бага услана. Жаваргүй, тасалгааны хэмээс бага зэрэг бүлээн, зөөлрүүлсэн ус хэрэглэнэ. 
Зун хөрс байнга чийглэгдүү байх ёстой, гэхдээ нойтон биш. Хэт их усархаг хөрстэй байлгаад байвал иш илжирдэг. Богино хугацааны хөрс хаталтыг дааж чаддаг. 
Идэвхитэй ургалт үедээ агаарын чийгшил өндөр, тааруулсан усалгаа, шүршилт нэхдэг. Хөрс хэт чийгтэй байхаар үндэс хөрсөнд жиндээд даардаг, нөгөөтэйгүүр хөрс хатахад мөн эмзэг хүлээн авдаг.
Зузаан хатуу навчтай тул тэсвэртэй ургамал гэж тооцдог. Гэхдээ крантны хатуу усаар услаад байхаар давс хужир нь ихэдсэн шинж тэмдэгүүд илэрдэг. 
Бордоо
Идэвхитэй ургалт үед (хавраас намар хүртэл) сард 2-3 удаа цэцгээр гоёдог ургамлын минерал бордооны уусмалаар услаж байна. Бордооны уутан дээр бичсэн заавараас 2 дахин бага тунгаар найруулж/шингэрүүлж хэрэглэнэ. Үүний оронд цахирмаа цэцгийн бэлэн бордоо хэрэглэж болно.
10 сараас 2 сар хүртэл огт бордохгүй. Энэ үед тайван, зөнгөөр нь байлгаж амраасан нь дээр. Хэрэв амралт үеийг сайн гаргаж өгөхийг хүсвэл өвөл цэцгээ +14-16С хэмтэй газар байрлуулна.

Тайралт
Ойролцоогоор 3 сараас цэцэглэлт эхэлдэг. 9 сар хүртэл үргэлжилнэ. Цэцэглэлт дуусангуут мөчирнүүдийг 1/3 богиносгодог. Ийм тайралт нь илүү бутархаг болоход тус болдог ба олон цэцэг гаргахад нөлөөлдөг. 
Нематантус урт настай ургамал. Гэхдээ хуучин, навч нь унасан мөчирнүүд яваандаа үзэмж муутай харагддаг ба жил ирэх тусам нүцгэн мөчир олширдог тул бүүр богино тайрч залуужуулж болдог. Эсвэл мөчирний үзүүрээр шинээр үрслүүлж ургуулж болно.

Хөрс
Хөрс хөнгөхөн, сэвсгэр, агаар нэвтрүүлдэг байх ёстой. Ялзмаг, навчин хөрс, хүлэрт хөрс, элс зэрэгийг адил хэмжээтэй авч болно. Мөн нил цэцэгний бэлэн хөрс тохирдог.
Хөрсөнд жижигрүүлсэн модны холтос, түрүү жилийн хатсан навчис болон модны нүүрсний үртэс хийж болно. Савны өндөрийн 1/4 дүүртэл дренаж хийж өгнө.

Шилжүүлэн суулгалт
Ургалт удаан тул 2-3 жилд нэг удаа шинэ хөрсөнд шилжүүлж суулгадаг. Үүнийг хавар эсвэл намар хийдэг. Хэт их ус чийг үндэс үхүүлдэг тул савны ёроолд заавал зузаан дренаж дэвсэж өгнө.
Үндэс бага, гүехэн ургадаг тул цэцгийн савыг хэт том хэмжээтэй авах хэрэггүй. Үндэс маш удаан хөгждөг, иймээс 2-3 жилд нэг удаа шилжүүлж суулгахад таардаг. Шинэ сав нь өргөн, өндөр биш, хуучин савнаасаа үл ялиг том байна. Хэрэв гүнзгий саванд суулгаж байгаа бол дренажийг илүү их хийж өгнө. 
Үрслүүлэх аргууд
Гипоцирта мөчрөөр үрждэг. Мөчрийг хавар эсвэл зун тайрч авах нь дээр байдаг. Үзүүртээ 4-5 навчны зангилаатай мөчир тайрч, доод навчнуудыг тасдана. Бэлдсэн мөчрийг усанд, эсвэл 1/3 элс-перлит + 2/3 хүлэрт хөрс гэсэн холимогт хийж үндэслүүлнэ. Хөрсөнд суулгахдаа хэт гүн суулгах хэрэггүй. Эхний навчны зангилаа далд ортол зоогоод, дээгүүр нь гялгар уут, шилэн стаканаар дарна. Үүнийгээ дулаан + 22-24°C хэмтэй, гэрэл ихтэй газар байрлуулаад, өдөр бүр агаар оруулж, шүрсэж байна.
Навчаар үржүүлж болдог байна
Мөчрөөр
Мөчир үндэслэнгүүт жирийн хөрстэй саванд шилжүүлж суулгадаг. Эхний удаад жижгэвтэр саванд суулгана. Үндэс маш удаан ургадаг ба, жижигхэн байдаг тул нэг саванд 3-4 үрсэлгээ зэрэг суулгаж болно. Энэ нь илүү үзэмжтэй харагдуулдаг. Ургах явцад нь чимхэж өгч байна.

Үрээр мөн үржүүлж болно
 
Гарч болох хүндрэлүүд
Навч, бундуу унаад байна - хэт их усалснаас болж хүйтэн хөрсөнд үндэс даарах, эсвэл хэт чийгтэй хөрснөөс болдог. Усалгааг багасгаад, сайн өндөр дренаж хийсэн саванд шилжүүлж суулгаад дулаахан газар байрлуулна.
Навч ороогдож, хумигдаж шарлах – хэт тод гэрэлтэй.
Навчны үзүүр хатах, гадагшаа эргэлдэх - хэт тод гэрэл, эсвэл нарны гэрэлд тавьсан, эсвэл хуурай агаараас.

Навчны өнгө бүдгэрэх, шарлах – нарны гэрэлд хэт удаан байлгасан, эсвэл агаар хэт хуурай байна. Бордоо хэтрүүлснээс бас ийм болно. 
Навчин дээр бор толбо үүссэн –  хүйтэн усаар усласан, эсвэл жигд бус усалдагаас болдог.
Навчин дээр бор толбо үүссэн - нарны гэрэлд түлэгдсэн. Усалсны дараа болон шүршсэний дараа наранд тавьж огт болохгүй.
Цэцэглэлт муу, эсвэл огт цэцэглэхгүй байна – гэрэл дутсан, хөрс тэжээл муутай, хэт шаварлаг хөрсөнд суулгасан, хэт хуурай агаартай, эсвэл хэт хүйтэн газар байгаа, өвөлжилт хэт дулаахан харанхуй өрөөнд өнгөрсөн, эсвэл урдах цэцэглэлтээс үлдсэн хуучин хөгшин мөчирнүүдийг тайраагүйгээс болдог байна.

Ургамал ямар нэгэн шалтгаангүй сулраад байна - хөрсийг хэт их бордсон. Үндэс маш эмзэг, жижигхэн, ургалт муутай байдаг тул жижигхэн юмнаас үхэх нь амархан. Хэт их бордоход үндэс түлэгдэж үхдэг.
Иш зөөлөрч, илжрэх - хэт их услаад байвал, мөн илүүдэл усыг суурь тавагнаас асгахгүй хүйтэн усанд байлгаад байвал үндэс үхдэг. 
Хорхой шавьж 
Хорхой шавьжнаас ширх, цагаан эрвээхэй-ялаа, аалзан хачиг, "щитовка" илүү их тааралддаг. Хорхой шавьж үүрлэсэн бол системтэй хор цацаж устгана. 
Өвчлөлийн хувьд: гурил цацсан мэт цагаан өнгөр, саарал хөгц ургах, илжрэх зэрэг зүйлүүд илэрдэг. Эдгээр нь ихэнхидээ буруу арчилгаанаас үүдэлтэй. Усалгааг багасгаж, гэмтсэн хэсгүүдийг тайрч мөөгний эсрэг фунгицид бодис цацна.
Аалзан хачиг: Навч шарлаад, аалзны тор үүсдэг. Хор цацна, угаана, хэт их гэмтсэн ургамлыг устгана. 
Цагаан ялаа-эрвээхэй: Ургамалд гар хүрэнгүүт цагаан эрвээхэй шиг зүйлүүд ниснэ. Хуурай агаараас гарч ирж болдог тул сайн бүлээн усаар шүршиж байх хэрэгтэй. Үүрлэсэн бол хор хэрэглэнэ.

http://www.liveinternet.ru/users/nina-1963pr/post190017429/
http://www.lepestok.kharkov.ua/inroom/s20110702.htm
http://greenhome.org.ua/gipocirta-vidy-osobennosti-uxoda-i-razmnozheniya,
http://dv-cvet.ru/publ/4-1-0-272,

No comments:

Post a Comment