Sunday, December 14, 2014

Пуансеттия

Пуансеттия
Латин нэр: Euphorbia pulcherrima, Poinsettia pulcherrima
Орос нэр: Молочай красивейший, Пуансеттия прекрасная
Эх нутаг: Мексик, Төв Америкийн халуун бүс.
Хэвшсэн нэршил: Зул сарын од, Зул сарын цэцэг
Цэцэглэлт: 12 сараас 2 сарыг дуустал. Нөхцөлийг нь бүрдүүлж чадвал 6 сар үзэмжээ алдалгүй хадгалдаг.
Пуансеттия дэлгүүрээс худалдаж авч байгаа бол орой дээр нь байгаа жижиг шар цэцэгнүүд нь дэлгэрээгүй, бундуу хэлбэрээр байхад авсан нь дээр. Танайд ирээд удаан цэцэгтэйгээ байна. Нэг жилийн ургах явцыг 3 хэсэгт хувааж болно: өвлийн цэцэглэлт, амралт үе, ургалт үе.
АРЧИЛГАА
Агаарын чийгшил
Өндөр байх шаардлагатай. Цэцэглэж байх үед байнга бүлээн, зөөлөн усаар орчны агаарыг манантуулж шүршиж байна.
"Gingle Bells"
Гэрэл
Тод сарнисан гэрэлд байлгана. Нарны шууд тусгалаас хамгаална. Зун пуансеттияг гадаа агаарт, эсвэл тагтан дээр гаргасан нь дээр байдаг. Нар, бороо, салхинаас хамгаалж тавьна.
Нэвт салхинаас мөн хамгаална. Хэрэв зун гадаа гаргах боломж үгүй бол өрөөндөө тогтмол цэвэр агаар оруулж, агаарын солилцоо сайн хийж байна.
Цэцэглэлт
Шинэ жил гэхэд цэцэглүүлэхийн тулд 9 сарын сүүлээс эхлэж "Урт шөнө, богино өдөр" гэсэн горимд оруулна. Өдөрт 14-16 цаг тас харанхуйд байх ёстой. Гудамжны гэрэлтүүлэг, хажуу байрны айлуудын цонхноос туссан гэрэл, рекламны самбар, эсвэл танай өөр өрөөний чийдэн гээд юу ч сатааруулах ёсгүй.
Иймээс орой 17 цагаас эхлээд гэрэл, чийдэн асаадаггүй, орж гардаггүй тас харанхуй өрөөнд тавьж байх, эсхүл дээгүүр нь зузаан цаасан хайрцаг/гэрэл нэвтэрдэггүй уутаар бүтээж, өглөө нь 9 цагаас буцааж гэрэлтэй газар байрлуулж байхаар зохицуулна.
Хэрэв өдөр нь бүрхэг, гэрэл муутай байвал 9-17 цагийн хооронд цэцэгнийхээ дээр нэмэлт гэрэлтүүлэг тавьж болно.
Цэцэгний өмнөх навчнууд улаарч эхэлтэл үүнийг хийнэ. Улаан туяатай болж эхлэнгүүт жирийн горимд оруулна. Энэ үед микроэлементуудтай бордоогоор 7-10 хоногт нэг удаа бордож байна (1,3 г/л).
Эсвэл 8-10 долоо хоног ингэж бүтээсний дараа жирийн тасалгааны горимд нь оруулж ургуулна. "Богино өдрийн горим" сахиад 2-3 долоо хоногийн дараа цэцэгний бундуу бүрэлдэж эхэлдэг.
Яг ийм аргаар угсаргана, зузаахайг цэцэглүүлдэг тул бүх "богино өдрийн" цэцгүүдээ нэг мөр харанхуйд тавьж цэцэглэлтэнд бэлдэж болно.
Харанхуйд байлгахгүй жирийн нөхцөлд ургуулвал бундуу үүсэх процесс удааширдаг. Навч л ургаад байдаг.
Усалгаа
Хөрс хатсаны дараа сайн улсаж байна. Навч унжиигаад, сулраад ирвэл шууд услана. Зун усалгааг ихэсгэнэ.
Бордоо
Хавраас намар хүртэл хоёр долоо хоногт нэг удаа минерал бүрэн комплекс бордоог зааварын дагуу хэрэглэнэ.
Агаарын дулаан 
Цэцэглэлт үед агаарын дулаан (өвөл) — +14-16°С хэмээс буурах ёсгүй. +18-20°С хэмээс дээш хэтрүүлэхгүй байвал сайн. Үүнээс дулаан өрөөнд байлгавал цэцэглэлт хурдан болж өнгөрнө.
Амралт үед хамгийн тохиромжтой агаарын хэм +12-14°С.
Бусад үед жирийн тасалгааны дулаанд (+18-25°С) байлгана.
Тайралт
Хавар хөрснөөс 10 см өндөр иш үлдээгээд тайрдаг. Цаашдаа ургах явцад бутны зөв хэлбэрийг хадгалах үүднээс бага багаар тайрч танаж байна.
Амралт үе
Цэцэглэлт дуусангуут богино хугацааны амралт үед ордог. Ойролцоогоор 2 сар амардаг. Энэ үед усалгааг бараг зогсооно. Хөрс хатаахгүй байх төдий л чийглэж байна. Өрөөний хэм сэрүүвтэр +12-14°С байна.
Шилжүүлэн суулгалт
Жил бүр хавар 4-5 сард шижүүлж суулгадаг. 3 сард ишний 1/3-ыг тайрдаг. Дээр нь 3-5 сайн хүчтэй нахиа үлдээгээд тайрна.
Нартай дулаан газар байрлуулна. Бага зэрэг бүлээсгэсэн усаар усладаг. Навч ургаад ирэхлээр одоо байгаагаас нь арай том саванд шилжүүлж суулгана.
Хөрс
Хөрс бага зэрэг хүчиллэг (рН=6). Ширгэн, навчин, хүлэрт хөрсүүдийг элстэй хольно 3:2:1:1. Доор нь зузаан дренаж хийнэ.
Шилжүүлж суулгаад дулаахан газар (+20°С) байрлуулаад сайн услаж, шүршиж байна. Удалгүй шинэ нахиа гарна. Шинээр гарсан нахиануудаас бүгдийг үлдээхгүй. 5-6 хамгийн том, хүчтэй, чадалтай гэснийг үлдээнэ. Бусадыг нь тасдна. Тайрсан мөчир, нахиаг үрсэлгээнд хэрэглэж болно.
Үрслүүлэх арга
Хавар, эсвэл зуны эхээр (3-аас 8 сарын хооронд) залуу мөчирний үзүүрээр үрслүүдэг. Мөчирний үзүүр нь 5 навчтай байхад болно. Хөгшин мөчир үндэслэхдээ муу. Учир нь хөгшин мөчир соруул шиг бүтэцтэй байдаг. 
Мөчир тайрах үед сүүн шингэн "латекс" урсаж гардаг. Мөчирний үзүүрийг +40-45С хэмтэй бүлээн усанд 15 минут дүрж тавьна. Эсвэл урсгал усанд барьж угаана. 
  
 
Уснаас гаргаад, салфеткаар арчаад, модны нүүрсний нунтаг түрхээд хатаана. Ингэх нь илжрүүлдэггүй юм. Сүүн шингэнийг заавал угааж, урсгаж, арчиж байж суулгана. Тэгэхгүй бол судаснуудыг бөглөж шарх эдгээхгүй, халдвар оруулж илжрүүлээд байдаг.
Үндэслүүлэхийн тулд усанд хийж, эсвэл хөрсөнд суулгаж болно. Усанд илүү удаан үндэслэдэг. Шууд хөрсөнд суулгасан нь амар байдаг. Хөрс хөвсгөр, хөнгөхөн, агаар сайн нэвтрүүлдэг — хүлэрт хөрс, элс тэнцүү хэмжээтэй авч болно. Хөрсөнд 2 см гүн суулгана. Түүнээс илүү гүн суулгах хэрэггүй.
Сайн үндэслүүлэхийн тулд төрөл бүрийн үндэслүүлэгч бодис (корневин, гетероауксин) хэрэглэж болно. Агаарын дулааныг тогтмол +24-28°С байлгана. Өдөр нь халуун наранд шараад, шөнө нь хүйтэн цонхон дээр жиндүүлээд байж болохгүй.
Байнга шүршиж байна. Гадуур нь вакумдна. Өдөр бүр нээж агаар оруулж байна. Сарын дараа үндэслэдэг. Шинэ навч ургаж эхлэвэл үндэс гарсаны дохио. Үндэслэнгүүт жижиг саванд суулгана. 
Пуансеттиягийн үндэс хэт ургаж томордоггүй, авсаархан тул нэг саванд хэд хэдэн үрсэлгээ суулгаж болно. Хэдэн өөр сортын үрсэлгээ суулгавал илүү ганган харагдна. Тэгээд ч зай хэмнэж болно.
Мөчрөөр үрслүүлсэн пуансеттия жилийн дараа цэцэглэдэг.
Гарч болох хүндрэлүүд
Буруу усалгаанаас болж ихэнхи өвчлөл үүсдэг. Мөөг, бактери үржиж эхлэнэ.
Хэт усласнаас, эсвэл хөрс хатааснаас  навч олноор унадаг.


Хүйтэн агаарт байлгаснаас, нэвт салхинд өртсөнөөс болоод навч нь бүгд унаж халзан болдог.
Гэрэл хангалтгүй байвал навчаа мөн гөвдөг.
Хэт халуун хуурай агаарт навчны үзүүр шарлаж, борлоод, бундуу унадаг.


Навч шарлаад, хатаад, ургамал бүхэлдээ үхэж байвал — аалзан хачиганд баригдсаны шинж тэмдэг.

Пуансеттия төрөл бүрийн хорхой шавьж, мөөг, бактери, вирусын гаралтай өвчинд өртөж болдог. Энд дарж тэдгээрийн тухай үзнэ үү.

Фэнг-шуй
- Пуансеттия шинийг эрж хайж олохыг өдөөдөг, зоригжуулдаг. 
- Лидер болох гэсэн олон чадалтай, эр зоригтой хүмүүс цугларсан газар байрлуулахад тохирсон цэцэг. Хүмүүс бие биедээ саад учруулахаа больж, бие биенийгээ дарангуйлж, дээр нь гарах гэсэн эрмэлзлэл нь дарагддаг байна. 
- Амьдралын утга учираа олохоо байсан нэгэнд түүнийгээ олоход туслана.
- Пуансеттия хүмүүстэй уулзаж, харьцсанаас баяр баясал авч чаддаг болгодог.
- Залуучуудад өөрийн ирээдүйн мэргэжлийг тодорхойлоход тусалдаг. 
- Өөрийн нуугдмал тод авъяасыг гаргаж илрүүлэхэд тусалдаг гэнэ.
http://www.greencorner-al.ru/poinsettia.html
http://www.sports.ru/tribuna/blogs/pirouette/540867.html
http://www.botanichka.ru/blog/2009/11/15/euphorbia_pulcherrima/
http://www.supersadovnik.ru/plant.aspx?id=1257
http://ctstv.ru/puansetiya-rozhdestvenskij-cvetok/
http://www.bugchecker.ru/euhorbija.html

No comments:

Post a Comment