Wednesday, December 10, 2014

Унждаг шимтэглээ

Ivy-leaf буюу Авиргана-навчит шимтэглэй, мөн унждаг шимтэглэй ч гэдэг.
Байршил
Гэрэлсэг ургамал. Нарнаас айгаад байдаггүй. Гэхдээ зуны хурц хүчтэй наранд дасгаагүй бол сарнисан гэрэлд, эсвэл сүүдэрхэг газар ургуулсан нь дээр.
Сайхан ургахад цэвэр агаар маш их хэрэгтэй. Тасалгаанд цонхоо нээж агаарын солилцоо явуулж байх хэрэгтэй. Нэвт салхин дор тавьж болохгүй. Зун гадаа тагтан дээрээ, эсвэл задгай агаарт гаргана.
Усалгаа
Гадаа хэт халуун байвал өдөр бүр сайн услаж байна. Хөрс нойтон усархаг байж болохгүй. Хөгц ургаж болно. Цэцэгний навчин дээр ургацаг, хаван үүснэ. Бактерийн болон мөөгний гаралтай төрөл бүрийн өвчин бий болно.
Үүнээс сэргийлэхийн тулд савны доор заавал дренаж хийдэг. Сав доороо илүүдэл ус урсаж гарах нүхтэй байх ёстой. Дренажны нүх нь ус гаргахаас гадна агаар оруулж үндэс амьсгаалахад нэмэр болдог.
Зун хөрсний өнгөн үе өлөн чийгтэй байхаар усалдаг. Бүүр хатаах хэрэггүй. Харин өвөл маш цөөн, бага услана. Хэрэв зун услаж байсан шиг өвөл услаад байвал цэцэглэлт сайхан болохгүй. Хүйтний улиралд өрөөний дулаанаас шалтгаалаад усалгааг 1-2 долоо хоногт нэг удаа хийж байна. Хүйтэн сэрүүн байх тусам цөөн услана.
Бусад ургамлаас ялгаатай нь шүршүүлэх дургуй. Навч, иш, мөчирт ус хүргэхэд өвчилдөг тул усалгааг доогуур хийвэл илүү тохирно.
Доод суурь таваганд ус тунаж үлдсэн бол асгаж байгаарай.
Зун цөөхөн хэдэн өдөр байх аргагуй халуунд болдог. Ийм өдрүүдэд шимтэглэйн орчны агаарыг холоос манантуулж шүршиж байж болно. Энэ нь навч шарлахаас сэргийлнэ. Гэхдээ навч, мөчирт ус хүргэвэл амархан өвчилдөг гэдэгийг санах хэрэгтэй.
Гэрэл
Гэрэлсэг ургамал. Урагшаа харсан цонхны тавцан хамгийн их тохирно. Баруун зүгрүү харсан цонх байж болно. Харин хойд болон зүүн зүгийн цонх тохирдоггүй. Гэрэл дутна. Гэрэл хангалттай биш байвал цөөн хэдэн цэцэг гаргана, цэцэгний өнгө бүдэг, сэрүүвтэр агаартай бол хэмжээ нь жижиг болж болно. Гэрэл дутахаар навч олноороо унаад байдаг.
Өвөл гэрэлтэй сэрүүн газар байлгаж амраана. Хэрэв цонхны тавцан дээрээ ургуулна гэвэл урд зүгийн хамгийн их нартай, тод гэрэлтэй цонхон дээр тавьна. Өвөл нарны илч хүч муутай байдаг тул урд зүгийн цонх таарна. Нарнаас хамгаалах, сарниулах хэрэг байдаггүй.
Зун заавал гадаа гаргана. Шилэлсэн тагтан дээр байлгаж болно. 11-15 цагийн хурц халуун нарнаас заавал халхалж, сарнисан гэрэл үүсгэх хэрэгтэй. Өглөө болон оройн нар харуулах сайн. Нарны гэрэл хэсэг зуур ч гэсэн үзүүлж байвал цэцэгний өнгө тод, гүн болно, мөн зөөлөн нарны гэрэл цэцгийн дэлбээг илүү том, далбагар болгоно. Хэт хурц гэрэлд цэцэг тод гүн өнгөтэй ч жижиг хэмжээтэй байна.
Хэрэв зунжингаа ил задгай агаарт байлгах бол мөчирнүүдийг хуглаж болох салхи, борооноос хамгаалж нөмөр газар байрлуулаарай. 
Агаарын дулаан:
Үүсэл гарал нь Өмнөд Африк гэдэгийг мартаж болохгүй. Наранд дуртай, дулаанд дуртай, усгүй удаан байж чаддаг ургамал. Дулаан газар байх дуртай ч +30-35°С хэмийн халуун агаар даахдаа муу.
Хэрэв зунжингаа гадаа байсан бол намар сэрүүн агаар даахдаа сайн, тэсвэртэй болсон байдаг. Гэхдээ +5-8°С хэмээс доош хүйтэнд гадаа байлгах хэрэггүй.
Тохирох агаарын дулаан зуны улиралд +20-25°С. Харин өвөл +15°С хэмээс дээш дулаантай өрөөнд байлгах хэрэггүй. Гэрэл ихтэй сэрүүн газар өвөлжүүлнэ. Байж болох хамгийн доод агаарын хэм тасалгаанд ургуулж байгаа тохиолдолд +12°С. Зоорь, гараж, хөргөгчинд амрааж байгаа бол  +5-8°С хэмээс доош хүйтэнд байлгаж болохгүй.
Хөрс
Унждаг шимтэглээ нь хөрс голдоггүй. Гол нь шим тэжээл сайтай л байхад болно. Том том цэцэг олноор гаргаж удаан цэцэглэдэг тул шим тэжээл ихээр хэрэг болдог. Элс, навчин хөрс, ялзмаг, ширгэн болон хүлэрт хөрс адилхан хэмжээгээр авч болно. Дээр нь перлит, эсвэл вермикулит нэмж болно. Модны нүүрс холих сайн. Нүүрс нь үндэс илжрүүлдэггүй, хөрс баяжуулж, ус чийг зохицууж өгдөг.
Хүлэрт хөрс шимтэглэйнд агаар шиг хэрэгтэй зүйл гэдэг. Үүнийг хөрсөнд заавал хийнэ.
Хөрсөнд азот ихээр агуулагдсан байвал навч том, далбагар болно. Цэцэг муу гарна. Шимтэглэйн хөрсөнд азотын оронд калий илүү байх хэрэгтэй.
Сав
Дунд зэргийн хэмжээтэй байхад болно. Ажиглахад унждаг бүх шимтэглэй багавтар саванд илүү ургадаг, цэцэглэлт илүү удаан болж өнгөрдөг ба олон цэцэг гардаг.
Бага саванд гоё ургадаг гэнэ гээд хэтрүүлээд дэндүү жижигхэн сав авч болохгүй. Савны хана болон цэцэгний үндэс хоорондын зай 1,5-2 см байхаар тооцоолж авна.
Хэт том саванд ургалт гацна, удаан явагдна, муухан цэцэглэнэ.
Бордоо
Унждаг шимтэглэйг цэцэглэж байхад нь (3 сараас 8 сарыг дуустал) долоо хоног бүр сул найруулсан, сайн шингэлсэн комплекс минерал бордоогоор услаж байна. Калий агуулсан бордоо сонгоно.
Хлороз - бордоо хэтрүүлсэн (магний ихэдсэн)
Шимтэглэйд кальци хэрэгтэй. Услах усандаа сүү найруулж услаж байхыг зөвлөдөг. Хавар -зуны улиралд сүүгээ усанд найруулаад услана. Нэг сав цэцгэнд 25 мл сүү хэрэглэнэ. 
Сайхан цэцэглүүлэх өөр нэг нууц бол йодоор услах. Нэг дусал йод нэг литр усанд хийгээд савны ханаар дагуулж услана. Нэгээс илүү дусал хийх хэрэггүй. Үндэс түлэгднэ.
 
Төрөл бүрийн эрдэс бодис дутсан бол навчны өнгө өөрчлөгддөг:
Агаарын чийгшил
Унждаг шимтэглэйний навч ус чийгэнд дургуй. Иймээс бусад тасалгааны ургамлаас ялгаатай нь - огт шүршдэггүй. 
Хэрэв усаар шүршээд байвал навч ялзарч болно, эсвэл өвчилж болно. Жишээ нь:
Odema буюу Эдэма
 
Усан хаван, ургацаг, тав шиг зүйлүүд нь хэтрүүлж услаад байхаар гарч ирдэг. Үүнээс салахын тулд усалгааг жигдрүүлж багасгах хэрэгтэй. Энэ өвчин биш, хорхой шавьж, бактери вирус биш. Энэ буруу арчилгааны үр дүн.
 
Үндэсний уусан тэр их усыг дээрх навчнууд нь ууршуулж, шингээж амжихгүй байхаар ийм зүйлүүд гарч ирдэг. Хэт их ус чийгээс гадна орчны агаар сэрүүн, хүйтэн болоод байвал мөн гарна. Жишээ нь шөнө оройдоо жиндүү байвал.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ: өрөөний агаарын солилцоог сайн явуулж байх, дренажтай саванд суулгаж байх, зөв услаж байх, хөрсний рН=5.5 байлгах.
 
Xanthomonas (Бактерийн түлэгдэл)
Xanthomonas шүршсэн усаар дамждаг. Цааш амархан эрүүл навчруу шилждэг. Заримдаа гэнэтийн цочир хүйтрэлд автагдсан бол ийм адилхан толбо үүсэж болдог.

Botrytis
Анхны шинж тэмдэг: V-хэлбэрийн шар толбожилт үүсдэг. Botrytis гэх мөөгний спор хэт их чийгнээс бий болдог. Бүх гэмтсэн навчийг тасдаж авч устгана. Фунгицидаар 2-4 удаа хооронд нь 7 хоногийн зайтай шүршинэ.

Үндэс илжрэх  
Мөөгний гаралтай хламидоспор үүсгэдэг. Хоёр янзын спор байдаг: Pythium, Fusarium (хламидоспор), хамгийн их түгээмэл тааралддаг нь Fusarium.
Fusarium                      Rhizoctonia
   
Fusarium:
Жигд бус усалгаа, нэг хатаагаад, нэг хэт услаад байдаг, хэт халуун бөгчим агаар, савны дренаж муу, хөрс агаар нэвтрүүлдэггүй, хүнд, шаварлаг гэх мэтийн олон шалтгаанаас гарч болно.
Rhizoctonia:
Жигд бус усалгаа, нэг хатаагаад, нэг хэт услаад байдаг, сэрүүн, хүйтэн газар байлгадаг, сэрүүнд хүйтэн усаар усласан, хөрс нягтаршсан, хүнд, дренаж муу.
   
Үндэс нь илжрээд эхэлсэн ургамлын шинж тэмдэгүүд:
 
Зунжингаа гадаа байсан шимтэглэй намар бас адилхан иймэрхүү дүр төрхтэй болдог. Салгаж мэдэж байх бас чухал.
Цагариган толбо
Ургамал цэцэглэхгүй, ургахгүй. Навч хумигдаж хэлбэр нь өөрчлөгднө. Хэт их чийгтэй агаарт үрждэг. Мөөгний спор салхи, ялаа, хорхой шавьжаар дамжиж ирдэг. Фунгицидаар устгана.
 
Антракноз
Дулаахан чийгтэй орчинд бий болдог. Ихэнхидээ хүлэмжинд илүү тааралддаг. Гэхдээ агаарын солилцоо хийгддэггүй бөгчим халуун газар мөн гардаг.
Навчнуудыг түүж аваад, устгана. Фунгицидаар системтэй эмчилдэг. Хэдэн долоо хоногоор усалгааг багасгана, хажуугийн цэцэг навч шүршиж байсан бол зогсоох хэрэгтэй.
Хар хөлт
Иш доогуураа харлаад, зөөлрөөд, илжрээд үхдэг. Botrytis мөөгнөөс үүсдэг.
- усалгаа хэтрүүлсэн
- хүнд, нягтаршсан хөрс
- үүнээс болоод хөрс мөд хатдаггүй, дренаж муу
- усалгаа хэтрүүсэн цэцгээ хүйтэн цонхон дээр тавьж үндэс дааруулдаг зэрэгээс болно.

Арчилгааны тухай орос хэл дээр:

Өвөлжилт 
Арчилгааны зарим зүйлүүд (бордолт, агаарын чийгшил, усалгаа, өвөлжилт г.м.) нь ганц унждаг шимтэглэйд биш, ер нь бүх төрөлд хамаарна гэж ойлгож болно.
Өвөлжилтийн тухай англи хэл дээр        Цаасан бор уутанд хадгалах арга
 
Унждаг шимтэглэй нь дулаанд дуртай цэцэг. Иймээс намар цаг агаар сэрүүн хүйтэн болоод ирэхлээр дотогш оруулна.
Хэрэв нэмэлт гэрэлтүүлэг гаргаж чадвал тайрах хэрэггүй. Хэрэв гэрэлтүүлэг тавих боломж үгүй бол мөчирнүүдийг богино тайраад хавар хүртэл гэрэлтэй сэрүүн +10-14°С өрөөнд хадгална.
Өвлийн тайралт дулаан өрөөнд өвөлжүүлэх үү, сэрүүн газар уу гэдэгээс шалтгаална.

Намар гадаа хүйтрээд гэрт цонх, тагтны хаалга хаадаг болохоос өмнө, мөн гэрт халаалт ирэхээс өмнө шимтэглэйнүүдээ оруулж тасалгааны нөхцөлд дасгаж авна.
Гадаа жавартай болтол байлгасаар оруулахад халуун гэрт дасах гэж нэг хэсэг стресст орж, хямраад, хэдхэн өдрийн дотор бүх навч нь шарлаж унадаг.
Ийм цэцгийг сайн тайраад, шарласан навчнуудыг тасдаад нэмэлт гэрэлтүүлэгийн дор тавиад сулхан бордоогоор услаж байна. Яваандаа шинэ навч гарч ургана.
Ингэж хямруулахгүйн тулд гадаанаас оруулж ирэхийн өмнө 2-3 удаа хооронд нь 4-5 хоногийн зайтай "Эпин Экстра"-гаар шүршиж тэсвэртэй, эсэргүйцэлтэй болгож бэлддэг.
Унждаг шимтэглэйг өвөл амраахад тохирох нөхцөл:
- гэрэлтэй сэрүүн газар;
- агаарын дулаан +5-10С хэмээс дээш, доош хэтрэхгүй байх;
- хөрсийг цөөн, бага, болгоомжтой чийглэж байх (үл ялиг чийг өгөх төдий).
 
Шарласан навч тасдаж авахдаа навчны ишний доод үзүүрийг үлдээж тасддаг. Хайчаар тайрсан нь дээр. Татаж чангаах хэрэггүй. Энэ нь навчны ишний доор байрлах унтаж байгаа нахиаг гэмтээхээс сэргийлж байгаа алхам юм. Заримдаа хүчтэй татаж байгаад ингэж гэмтээдэг тал бий.

1. Савтай нь өвөлжүүлэх аргууд:
А). Сэрүүн өрөөнд өвөлжүүлэх- Сайн тайраад сэрүүн хуурай газар хадгална. Гэрэлтэй, гэрэлгүй байх нь чухал биш.
 
Сардаа 1-2 удаа шалгаж байна. Хөрс бүүр хатсан байвал бага зэрэг чийглэх, шарласан навч түүх г.м. арчилгаа хийнэ.
 Хавар гэрэлтэй дулаан газар гаргангуут ургаад эхлэдэг.
Сунасан нарийхан навч, мөчирнүүдийг хавар бүгдийг тайраад шинээр ургуулсан нь дээр.

Б). Сэрүүн хуурай өрөөнд цаасан уутаар бүтээж хадгалах
Шимтэглэйгээ эхлээд услалгүй хөрсийг нь хатаана. Дараа нь 1/2-ыг нь тайраад, бор цаасан уут углаад, хуурай, сэрүүн газар хадгална. Гялгар уут, мөн плёнка наасан агаар нэвтрүүлдэггүй цаасан уут углаж болохгүй.
2 долоо хоноод нэг удаа шалгаж байна. Бүүр хатаахгүй. Хэрэв хатаж байвал усаар зөөлөн шүршиж өгнө, эсвэл хөрсийг нь маш бага, үл ялиг чийглэх төдий услана. Үүний дараа шүршсэн цэцэг хатахыг хүлээгээд, дараа нь цаасан уутаа эргүүлж углаж тавьна.

В). Дулаан гэрэлтэй өрөөнд ургуулж өвөлжүүлэх:
Намар оруулахад ийм байсан шимтэглэйг дулаан өрөөнд өвөлжүүлэх бол
Сайн тайралт хийнэ. Дараа нь гэрэлтэй цонхон дээр шилэнд наалдуулж шахуу тавиад ургуулна.
Хавар гэхэд ургаад, цэцэглээд ирнэ. Хавар хөрс солиод дахин сайн тайралт хийж өгч болно.

Г). Өвөл цэцэглүүлж ургуулах
 
Зунжингаа ургасан шимтэглэйг маш сайн тайрна. Хөрснөөс 3-4 см урт иш үлдээгээд, хамгийн эхний навч хүргээд тайрна.
  
Дараа нь савнаас нь гаргаад үндэсийг 1/3-1/2 багасгана. Хурц хутгаар шууд зүсээд авчихна. Тайрсан үндэсний хэмжээ нь тайрсан навчны хэмжээтэй тэнцэж байхаар баримжаалж болно.  
  
Хуучин байсан саванд нь буцаагад суулгах тул савны хана, үндэс хоёрын хооронд 3 см зайтай байхаар үндэсийг хажуу талаас нь тайрна. Савны голд байрлуулах тул аль талаас хэр зэрэг авахаар байна гэдэгээ харж байгаад зүсээрэй.
Дараа нь үлдсэн мөчирнүүдээс амьдрах чадвартай 3-4 иш үлдээгээд бусад нарийхан, сулхан, мөн харласан, элдэв толботой болсон зэрэг ишнүүдийг тайрна.
 
Савны нүхийг хэлтэрхийгээр таглаад, тал хүртэл нь хөрсөөр дүүргэнэ.
 
Цэцгээ голлож байрлуулаад хажуугаар нь хөрсөөр дүүргэнэ. Хэрэв голд нь байрлуулж болохгүй байвал дахин үндэснээс нь тайрч болно. Авсаархан дугуй хэлбэртэй, цэвэрхэн суулгасан цэцэгтэй болох ёстой.
 
Хамгийн сүүлд нь сортын нэр бичиж хаяглаад, услана. Услахад хөрс доош сууна. Хөрс савны дээд ирмэг хоёрын хоорондын зай 2.5-3 см байхаар тааруулна.


2. Цонхон дээрээ үргэлжлүүлэн ургуулах
Дээрх шиг тайрахгүй, шинэ хөрс солихгүйгээр шууд ургаж байсан сав, хөрстэй нь тэр чигээр нь оруулж ирээд цонхон дээрээ өвөлжүүлнэ. Хангалттай гэрэлтэй газар тааруулж услаад бордоод байвал өвөл цэцэглэнэ.

Хэрэв гэрэл муутай газар байлгавал, эсвэл хэтрүүлж услаад байвал нарийхан сунасан мөчирнүүдтэй, жижиг, цайвар навчтай болдог.
3. Намар эх цэцэгнээс үрсэлгээ хийж авч үлдэх.
Сэрүүн гэрэлтэй газар өвөлжүүлэх нөхцөл байхгүй бол зуны сүүлээр эх цэцэгнээс хэдэн үрсэлгээ хийж авна. Үрсэлгээг өвөлжингөө гэрэлтэй цонхон дээр ургуулсаар хавар сав томруулахдаа нэг мөр тагтан дээр гаргах саванд нь суулгадаг.


4. Хөргөгчинд амраах
Шимтэглэйг өвөл хөргөгчний хамгийн дээд тавиур, хаалганы тасалгаа, ногоо хийдэг хэсэгт хадгалаж болдог. Үүний тулд бэлтгэл ажил хийнэ.

9 сарын сүүлээр - 10 сард шимтэглэйнүүдээ ургаж байгаа савнаас нь гаргана. Хэрэв гадаа ил хөрсөнд ургаж байсан бол хуурай цаг агаартай байхад үндэстэй нь хамт ухаж авдаг.
Ихэнхи үндэсийг тайрна. Ойролцоогоор 8-10 см урт үндэс үлдээнэ. Дунд зэрэг алимны хэмжээтэй болгоно. Ус хүргэх, угаах хэрэггүй. Хуурай байх тусам сайн.
Дараа нь дээрх хэсгийг иш тус бүр дээр 3-4 нахиа үлдээгээд тайрна. 1 литрийн тетрапак сүүний саванд хоёр шимтэглэй орохоор баримжаалж тайрна.
 
Үүнийгээ хэд хоног сүүдэрхэг газар ил тавьж хатаана. Дараа нь үндэстэй хэсгийг гялгар уутанд ороогоод, ургамлаа бүхэлд нь олон давхар сонинд боогоод
1 литрийн дөрвөлжин сүүний сав цуглуулаад, цэвэрлэж угаагаад хатаана;
Хоёр шимтэглэйг нэг саванд хийгээд, гадуур нь олон давхар "хүнсний скоч"-оор ороож тавьна.
- 7-10 хоног бүр бүгдийг задлаж шалгаж байна. Шимтэглэйний үндэс, иш зөөлөрсөн, харлаж илжирсэн гэх мэтийг сайн үзэж шалгана. Өвчилсөн үрсэлгээг гаргаж устгана. Бусдыш нь хуурай сонингоор нэг бүрчлэн ороогоод, сүүний саванд хийгээд, хүнсний скочоор ороогоод, хөргөгчинд буцааж хийнэ. Ийм янзаар 3-4 сар байлгана.
2 сард гаргаад хөрстэй саванд суулгаад гэрэлтэй газар тавьж ургуулана. Маш хурдан ногоон масс ургадаг.
Энэ арга нь өртөг зардлын хувьд хэмнэлттэй арга: сайндаа л хэдэн сонин, хэдэн сүүний сав, гялгар уут хэрэг болно. Гэхдээ нилээн ажиллагаатай.

5. Уруу харуулж хадгалах арга
А) Өөр нэг тэр бүр хүмүүсийн мэдээд байдаггүй арга нь - доош харуулж өвөлжүүлэх. Туршлагатай хүмүүсийн хэлж байгаагаар энэ арга нь нилээн үр өгөөжтэй. Дараа жил цэцэглэлт нь хачин гоё болдог гэнэ. Уруу харуулж хадгалахад үндэсний чийг удаан хадгалагддаг юм байна.
Гадаа ургасан шимтэглэй намар иймэрхүү болно. Өвлийн тайралт хийх хэрэгтэй.
 
Цэцэг, бундуу, навч болон мөчирний үзүүрүүдийг тайрна.
 
Дараа бүх навчийг нь тасдаж авна.
 
Савнаас нь гаргаад бут хувааж салгана.
 
Бут салгасны дараа хөрсийг нь гөвөөд, үндэсийг суллана. Хялгасан үндэснүүдийг тайрна. Мөн харласан гэмтсэн үндэс байвал тайрна. Мөөгний гаралтай хөгц, толбо зэрэг харагдвал эрүүл хэсэг хүртэл нь тайрна. Гялгар уутанд үндэстэй хэсгийг хийгээд бооно.     
 
Өвөлжүүлэхэд бэлдсэн шимтэглэйнүүдээ хуурай сэрүүн, гэрэлтэй газар доош харуулж өлгөнө. Сард 1-2 удаа задлаж шалгаж байна.

Б) Мөн л доош харуулж өлгөдөг арга, гэхдээ тайралт хийхгүй. Үндэсийг чийгтэй хөвд сфагнумд ороож олон нүхтэй (агаар орж байх) гялгар уутанд хийгээд агаарын солицоо сайн явагддаг хуурай газар өлгөнө. Хөвд хатсан байвал чийглээд байна. Гэхдээ ус урстал услахгүй. Агаарын хэм +5-17С.

B) Ил өлгөж хадгалах арга: Тайрахгүй, гялгар уутаар ороохгүйгээр шууд ингэж өлгөөд хадгалж бас болдог байна. Үүний тулд:
 
-Шимтэглэйг савнаас нь гаргаад, 1/2-ыг нь тайрч богиносгоно.
-Үндэсийг сайн гөвөж аль болох их шороо унагаана.
-Хүйтэн харанхуй газар доош харуулж өлгөнө. Эсвэл цаасан уутанд хийгээд тавьж болно.

Г) Цаасан уутанд хийхээр бол амсарыг нь битүүлэх хэрэггүй. Агаарын солилцоо явагдах хэрэгтэй байдаг юм.
Хэрэв доош харуулж дүүжлэх бол зай талбай ихтэй, агаарын солилцоо сайн явагддаг тасалгаанд өлгөх хэрэгтэй.
2 долоо хоног бүр шалгаж байна. Хэрэв хатаж байвал бүхэлд нь бага зэрэг усаар шүршиж чийглэнэ. Эсвэл зөвхөн үндэс хэсгийг үл ялиг услана. Дараа нь ус хатахыг хүлээгээд, сайн хатаасны дараа цаасан уутыг эргээгээд углана.


Д). Доош харуулж хадгалах бас нэг арга:
 
Цэцэгнүүдээ савнаас нь гаргаад, үндэсийг нь сулруулж, хөрсийг нь гөвөөд, тайраад хадгалахад бэлдэнэ. Муудсан, харласан зөөлөрсөн үндэс байвал тасдаж цэвэрлэнэ.
 
Цаасан зузаан хайрцаганд, эсвэл цаасан бор уутанд доош харуулж хийнэ. Нэг хайрцаганд олон ургамал хийж болно. Гэхдээ шигүү хийж болохгүй. Чөлөөтэй, хоорондоо зайтай. Агаар хангалттай байхаар хийнэ. Сэрүүн +5С хэмтэй, хуурай харанхуй газар хадгална.
Скочоор наах хэрэггүй. Хаагаад, агаар завсараар нь орж байхаар орхино. Хүйтэн газар, плита, цементэн шал дээр тавьж болохгүй. Доороосоо жиндээд өвчлөөд байна.


Сонинд олон янзаар ороох, ороохгүй, хайрцаганд хийх, хийхгүй, ил тавих, дээш доош харуулж өлгөх гээд хадгалах аргууд маш олон янз байна. Цэцэгчин бүрт өөр өөрийн туршлага яваандаа хуримтлагддаг. Та нар ч гэсэн энэ аргуудаас туршиж үзэж байтал явцын дунд өөрт тохирох өөрчлөлтүүд оруулна, баяжуулна. Хэрэглээд үзэээрэй.
  

Өвлийг ингэж давсан цэцгийг хавар яах вэ?
Хавар нэг иймэрхүү зүйл хайрцагнаас гарч ирнэ. Үүнийг цэвэрлээд, чийгтэй төдий хөрсөнд суулгана. 5-6 долоо хоногийн дараа үндэслээд, ургаад сэргээд ирнэ. 
Хайрцаганд хадгалах, хавар яаж суулгах, сэргээхийг харуулсан бичлэгийг энд дарж үзнэ үү. Хөөрхөн, ойлгомжтой видео байна.

Хаврын тайралт:
Хавар шимтэглэйг сайн тайрдаг. Огт навчгүй үлдээж ч болно. Айх хэрэггүй. Унтаж байгаа нахианууд сэрээд ургана.
Тайралтаас гарсан мөчирнүүдийг үрсэлгээнд хэрэглэж болно.

Тайралт хийсний дараа шинэхэн зүсэлт, шарханд модны нүүрсний нунтаг, эсвэл шарханд хэрэглэдэг ногоон уусмал "зелёнка" түрхэж өгнө. 
 
Модны нүүрсний нунтаг түрхсэн байгаа байдал:
 
Шархны ногоон шингэн түрхсэн үзүүр
Энэ арга нь шинэ шарханд бохир оруулдаггүй. Мөн зүсэлт хийсэн хэсэгээр ургамал гадагш шингэнээ ууршуулаад, иш хорчийтлоо хатаад байдаг. Энэ хаталт нь доош нүүгээд эхний ургаж байгаа нахиа хүртэл явдаг. Үүнээс сэргийлж байгаа юм.


Үрслүүлэх арга:
Унждаг шимтэглэйг 3 аргаар үржүүлж болдог: үрээр, мөчрөөр, үндэс хувааж. Хамгийн түгээмэл арга нь - мөчирний хэсгээр үрслүүлэх.
Мөчрөөр үрслүүлэх:
Мөчрөөр жилийн аль ч улиралд үрслүүлж болно гэж тооцдог. Гэхдээ хавар болон зуны сүүлээр хийсэн үрсэлгээнүүдээс илүү чанга ургамал гардаг.
Үрсэлгээ хийхээр мөчир тайрахын өмнө 3-4 хоног эх цэцгийг услахгүй байх нь дээр гэдэг.
Дээр тавьсан өвөлжилтийн үед үрсэлгээ хийх тухай зургийг харвал мөчирний үзүүрийг яаж бэлдэх тухай илүү ойлгомжтой байх болов уу.
Мөчирний үзүүрээс 8-10 см урт хэсэг тайрч авна. Дээр нь бундуу, эсвэл цэцэг байгаа бол бүгдийг тасдаж авна. Мөчирний хамаг хүч, шим нь үндэслэлтэнд биш цэцэглэлтэнд яваад, сүүлдээ тэнхээгүй болоод амархан илжирдэг.
 
Доод талын навчнуудыг тасдаж авна. Дээрээ 3-4 навч байхад хангалттай.
 
Мөн дагуур навч гэдэг жижигхэн далавч шиг хальсыг тасдаж цэвэрлэнэ. Чийгтэй орчинд энэ нь ялзрах гээд байдаг.
Бэлдсэн мөчрөө сүүдэрт ил тавьж 1-3 цаг хатаана. Зарим шимтэглээчид 24 цаг ч хатаахыг зөвлөдөг.
Гол нь зүсэлт хийсэн газар хатаж, шарх нь аньсны дараа хөрсөнд суулгах/эсвэл усанд хийх арга хэмжээ авна. Ингэснээр мөчирний үзүүр зөөлөрч илжирдэггүй.
     
Доод үзүүрийг үндэслүүлэгч бодис, гормонд, эсвэл С витамины уусмалд дүрж болно. Цэцэгчин бүр өөр өөрийн туршлагатай болсон байдаг. Зарим нь үндэслэгч огт хэрэглэх хэрэггүй гэдэг, зарим нь заавал хэрэглэнэ гэнэ. С витаминд дүрэхийг Английн нэгэн шимтэглэйн клубынхэн зөвлөдөг юм.
Хөрсөнд суулгахдаа модны нүүрсний нунтагт дүрвэл илжрэх, зөөлрөхөөс сэргийлнэ.

Усанд үндэслүүлэх бол
- Бор шил, эсвэл гэрэл нэвтэрдэггүй сав ашиглана. Үндэс гэрэлд гарахдаа муу, удаан байдаг.
- Сав нь жижигдүү, эсвэл савтай ус нь бага байвал арай хурдан үндэс цухуйдаг.
- Мөчирний доод үзүүр савны ёроолд хүрэх ёсгүй. Үндэс доод зүсэлт хийсэн газраас ургах тул түүнд зай хэрэгтэй.
- Мөн мөчирний үзүүрийг 2 см усанд дүрнэ. Хэт урт мөчир усанд дүрвэл амархан илжрээд, зөөлрөөд байдаг.
- Усаа 3 хоноод нэг сольж байхад гэмгүй.
- Усандаа модны нүүрсний хэлтэрхий хийвэл ус муудахгүй, мөчирний үзүүр ч амархан зөөлрөөд илжрээд байхгүй.
    
Модны нүүрс байхгүй бол эмийн сангаас ийм нүүрстэй эм аваад хийж болно.
- Наранд тавихгүй.
- Өдөр нь наранд шарагдаад, эсвэл халуун өрөөнд нозоороод, шөнө нь цонхны тавцан дээр жиндээд даараад байж болохгүй. Өдөр шөнийн температур нэгэн жигд +18-24С хэм байна.
- Шимтэглэйг вакумддаггүй гэдэг. Гэхдээ хэт далбаасан том навчнуудтай бол эхний 3-4 хоног хагас вакумдсан нь дээр байдаг. Гялгар уутандаа 2-3 нүх хийж вакумдвал агаарын солилцоо явагдаад байна. Өдөр бүр үрсэлгээгээ шалгана. Вакумаа нээж агаар оруулж байна. -4 хоногоос орчиндоо дасаад ирэхлээр вакумыг нь авдаг. Гялгар уутаар бүтээх бол навчинд хүргэхгүй байхаар тогтооно.
- Үндэслэх явцад доод навч шарлаж болно. Үүнийг тасдах хэрэггүй. Бүрэн хатаж, өөрөө унахыг хүлээсэн нь дээр. Энэ навчны шим тэжээлийг үрсэлгээ маань ашиглаж байна гэсэн үг.
Бор шилэнд хийсэн үрсэлгээ 2 долоо хоногийн дотор үндэслэсэн байгаа нь. Мэдээж үндэс хурдан гарахад улирал их ач холбогдолтой байдаг. Хавар зун хийсэн үрсэгээ дорхноо үндэслэдэг. Дараагийн нэг хүчин зүйл бол - агаарын температур. Сэрүүхэн, жиндүү өдрүүдэд үндэс гарах нь удаан байна.
 
 Унждаг шимтэглэй усанд үндэслэсэн байгаа байдал:
Шууд хөрсөнд суулгасан нь цаг хожихоос гадна, төвөг багатай. Хөрс хөвсгөр, агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой. Хүлэрт хөрс перлиттэй, эсвэл вермикулиттэй байж болно. Кокосон хөрс мөн сайн тохирдог. Дан вермикулитанд үндэслүүлдэг ч хүн байдаг. Эсвэл зүгээр голын элсэнд суулгаж болно.
Ойролцоогоор 2 долоо хоногоос нэг сарын дотор үндэслэдэг. Хэрэв хавар үрсэлгээ хийсэн бол зундаа цэцэглэнэ. Хэрэв намар хийсэн бол өвөл ургасаар, хавар шинэ хөрс, том саванд шилжүүлсний дараа хүчээ авч цэцэглэдэг.
- Хөрсөө ариутга гэж зөвлөдөг. Хамгийн хялбар арга нь буцлам халуун усаар шалзлах.
Мэдээж хүндрэлтэй талууд бий: хөрсний сайн муу бүх микрофлор устдаг тул 2-3 өдөр нөхөн сэргээгдэхийг хүлээх болно. Энэ их устай нойтон хөрсийг хатааж байж хэрэглэх болно.

Хөрсөнд үндэслүүлэх арга: ямар ч хөрс байж болно - цэвэр вермикулит, хүлэрт хөрс перлиттэй, кокосон хөрс перлиттэй, үр бойжуулагч шахмал гээд. Хийх арга нь бүгд адилхан. Дээр хэлснээр арчилгаа, үрсэлгээ хийх нөхцөлүүд бүх төрлийн шимтэглэйнд ер нь адилхан.
Үрсүүлэх мөчирнөө дээр бичсэнээр бэлдээд
Жижиг саванд чийгтэй хөрсөө хийгээд.
Үндэслүүлэгч бодисонд үзүүрийг нь дүрнэ. (Эсвэл модны нүүрс, С витамин)
Нэг нэгээр нь 100 граммын стаканд суулгана. Хэт том саванд суулгах хэрэггүй. Жишээ нь, 200 граммын стаканд суулгах бол тал стакан хөрс авах хэрэгтэй. Хэт их хөрстэй саванд удаан үндэслэдэг.
Гэрэлтэй, дулаахан, нар тусдаггүй газар байрлуулна. Хавар зуны улиралд 2 долоо хоногийн дотор үндэслэдэг. Харин намар өвөл үрслүүлэхэд 4 долоо хоног болно.
Олноор нэг саванд үрслүүлэх бол хоорондын зай 3-4 см байна. Хөрсөнд элс сайн хийж өгнө. Гадуур нь вакумдах хэрэггүй. 2-4 долоо хоногийн дараа үндэслэнгүүт нэг нэгээр нь салгаж суулгана. Тусгаарлаж суулгахдаа дээрх үзүүрийг чимхэнэ.
Үрсэлгээнд хамгийн чухал зүйл усалгаа байдаг. Хэтрүүлж услаж болохгүй. Хатааж ч болохгүй. Жишээ нь 100 граммын стакантай үрсэлгээг цайны халбагаар 2 хоноод нэг услаж байхад болно. Зун амархан хатаад байгаа бол 2 халбага болгож болно. Хэт нойтон хөрсөнд үндэс гарахдаа удаан байдаг. Хар хөлтөх нь амархан байдаг.
Унждаг шимтэглэйг эх цэцэгнээс нь салгалгүй үндэслүүлж болдог. Мөчир хөрсөнд хүрсэн газар нь шигтгээд тогтооход үндэслэнэ.
Ийм аргыг интернэт багш "нахиа дарах арга", мөн "нугалаадсаар үржүүлэх арга" гэж нэрлэсэн байсан. Мэргэжлийн нэр томъёог мэдэхгүй тул өөрийн үгээр бичээд байгаа шүү.
 Үндэслээд, дээш ургаад ирэхлээр нь эх цэцэгнээс салгана.
 Саванд суулгасан байгаа байдал.

Унждаг шимтэглэйг мөн үндэс хувааж үржүүлж болдог. Хавар гадаа гаргахаас өмнө, эсвэл зуны сүүлээр хийнэ. Унждагаас гадна хаан, анхилуун үнэрт, ангел гээд бусад төрлийн шимтэглэйг мөн ингэж үржүүлж болно.
Унждаг шимтэглэйн үндэс хувааж байгаа зураг олдсонгүй.
Үүний тулд:
-хөрсөө эхлээд сайн услана.
-савнаас нь гаргаад хэдэн хэсэгт хуваана. Хэсэг бүр дээрээ ургах нахиатай, үндэстэй байна.
-Салгасан хэсгүүдийг сүүдэрхэг газар хэдэн өдөр ил тавьж хатаана. 
-Дараа нь салгасан бут бүрийг авч шалгана. Хэрэв чийгтэй, нойтон хэсгүүд таарвал энэ үрсэлгээг хаях хэрэгтэй. Эсвэл чийгтэй хэсгийг нь тайрч аваад, зүсэлт хийсэн газраа хатаана. Зарим шимтэглэйчид эхний өдөр сүүдэрт тавьж хатаагаад, дараа нь модны нүүрсний нунтагт өнхрүүлдэг.
-Хөрстэй саванд суулгаад, хэдэн талаас нь сайн дарж чигжнэ.
Шимтэглэйг ийм олон хэсэгт хуваасан байгаа байдал

Үрээр үржүүлэх арга
 
Шимтэглэйний үр дэлгүүрүүдээр зарагддаг. Гэхдээ сүүлийн үеийн давхар дэлбээтэй ганган цэцэгтэй "сортын шимтэглэйнүүд" ихэвчлэн үр өгдөггүй, зөвхөн вегетатив хэлбэрээр үрждэг.
Үрийг 1 сард суулгасан нь дээр байдаг. Өвөлжингөө ургаад, хавар шилжүүлж суулгаад гадаа гаргахад бэлэн болно. Ер нь бол 12 сараас 4 сар хүртэл хугацаанд үрээр тарьж болно. Өвлийн саруудад нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгнө.
Үрийг хөрсөнд 5 мм гүнд суулгана. Хөрс байнга чийглэгдүү байх ёстой. Мэдээж нойтон усархаг байж болохгүй. Мөн хатааж болохгүй. Гадуур нь вакумдна. Гэрэлтэй, дулаахан газар тавьна. Наранд тавьж болохгүй. Агаарын хэм +20-22°C, соёолоод ирэнгүүт +15°C болгож бууруулна. 10 хоногийн дотор соёолдог. Өдөр бүр вакумаа нээж агаар оруулж байна.
3 долоо хоногийн дараа тус тусад нь саванд суулгана. Хүчээ аваад ургангуут минерал бордоо хэрэглэж эхлэнэ. Бут хэлбэржүүлэхийн тулд унждаг шимтэглэйг 5-6 дахь навчны дараа чимхэдэг. Тусгаарлаж суулгасны дараа ургалт хамаагүй хурдан болдог.

Шимтэглэйг үрээр хархан тарих тухай орос хэл дээр
Шилжүүлж суулгах
Унждаг шимтэглэйг 2 жилд нэг удаа шилжүүлж суулгадаг. Шилжүүлэлтээ хавар хийнэ. Шинэ сав сонгохдоо үндэс саванд нь бараг хүрж байхаар хэмжээтэйг авна. Хөрсөнд заавал хүлэрт хөрс байх ёстой. Хүлэрт хөрс нь шимтэглэйд маш чухал.
Хэрэв одоо байгаа савыг томруулах шаардлага байхгүй гэж үзвэл хөрсний дээд хэсгийг хусаж аваад, шинэ хөрсөөр сольж дүүргэнэ. Унждаг шимтэглэйн сав багадсан талдаа байвал сайн.
Шимтэглэйн үрсэлгээ ч, том цэцэг нь ч шилжүүлэн суулгалтыг даахдаа сайн.
Нарийхан цонхны хайрцаганд суулгах бол үрсэлгээ хоорондын зай 15 см байна. Хэрэв хайрцаг өргөн (25 см-с дээш) бол шатарын хөлөгний зарчмаар хоёр эгнээ суулгаж болно.
Суулгасан шимтэглэйгээ бага багаар гадаа гаргахад бэлтгэдэг. Шууд нарны гэрэлд гаргаад тавьчихаж болохгүй. Эхлээд зөвхөн өдрийн цагаар тагтан дээрээ нарнаас халхалж тавьна. Орой оруулж байна. 7-10 хоногийн дараа гадаа байх хугацааг арай урт болгооно. Дахин долоо хоноод бүрэнхий болтол байлгана гэх мэт. 
Мөн гадаа гаргахаас өмнө 2-3 удаа "Эпин-Экстра" шүршиж эсэргүүцэлтэй болгоно.

Залгаас хийх арга
Шимтэглэйг хооронд нь залгаж, өөр өөр сортуудыг нэг цэцгэн дээр ургуулж болдог байна.
Нахиа шигтгэх арга
 Нэг суурь шимтэглэй дээр хоёр өөр төрлийн мөчир залгасан байгаа нь:
 
 
4 долоо хоногийн дараа боолтоо аваад байгаа нь. Аль аль залгаас нь амжилттай болсон.
 
Өөр нэг жишээ: бүслүүрт шимтэглэй дээр унждаг шимтэглэй залгасан байгаа нь. Нэг суурь модонд нийт 5 янзын мөчир залгасан боловч 2 нь амжилттай болоод, 3 нь бүтээгүй байна. 
 
Алаг навчтай сортыг дан ногоон навчтай дээр залгасан байгаа нь:
Амжилттай залгасан өөр нэг жишээ - Бүслүүрт шимтэглэй дээр анхилуун үнэртэй шимтэглэй залгасан байгаа нь.
 Цэцэглэж байгаа хоёр өөр сорт.
Доорх зурагнууд ОХУ-ын сургуулийн хүүхдүүдийн туршилтууд. Сургуулийнхаа тэмцээнд бэлдэж хийж байсан залгалтууд 5 сарын дараа ингээд цэцэглэсэн байгаа нь. Ийм сонирхолтой нарийн туршилтууд хийдэг байх нь.
 
Залгаадас хийх тухай сонирхож байвал энэ линкээр ороод үзээрэй. Тасалгааны төрөл бүрийн ургамлыг залгаж болдог байна. Өнгө өнгийн цэцэгтэй зузаахайг залгаад алаглуулж болно. Авиргана (плющ)-ийг фатсия дээр залгаж болдог байна. Усан цэцэг (бальзамин)-ыг хүртэл залгах маш хялбар гэнэ. Кактус суккулентуудыг дорхноо хоорондоо наалддаг. Хятад сарнай, хим, нимбэгний мод гээд юу ч байж болно. Сонирхоод туршаад үзээрэй.

Шимтэглэйний ерөнхий арчилгааны талаар  эндээс  мөн  уншаарай. 
Хашаа байшин, орон сууц, зуслангийн байр, хотын хауз, ресторан, кафе, оффис гээд хаана ч алаглуулж сайхан ургуулсан шимтэглэйгээр гоёж болно.
Хялбар бөгөөд өртөг бага, ажиллагаа, арчилгаа бага, цэцэг ч өөрөө юм юманд тэсвэртэй. Дараа жил дахин үр, үрсэлгээнд мөнгө зарахгүй. Нэг насттай зууралдаж байснаас шимтэглэйгээр зун гоёсон нь дээр юм гэж боддог болов.
http://maplegroveplace.blogspot.com/2013/10/over-wintering-geraniums.html
http://www.gardenia.ru/quests/quest_810.htm
http://www.extension.iastate.edu/article/yard-and-garden-properly-overwintering-geraniums
http://www.andersonandgrant.com/2014/09/overwintering-geraniums.html
http://irk-florist.ru/index.php/topic,169.450.html
http://www.vashsad.ua/plants/room_plants/about_flowers/care/show/8947/
http://panna-totta.livejournal.com/1564.html
http://gardening.about.com/od/winterinthegarden/ss/Store_Geraniums_3.htm#step-heading
http://www.tonature.info/pelargoniya-plyushhelistnaya-razmnozhenie.htm
http://gardeningingermany.blogspot.com/2011/01/overwintering-pelargonium-geraniums.html
http://www.agardenforthehouse.com/2013/08/how-i-restore-propagate-geraniums-for-winter-bloom/
http://www.pelargonium.ru/node/4144

No comments:

Post a Comment