Wednesday, December 17, 2014

Саваргана - Шеффлера

Саваргана буюу Шеффлера 
Ботаник нэр: Schefflera J. R. Forst.
Эх нутаг: Азийн тропик халуун бүс.
XVIII зуунд амьдарч байсан Германы ботаникч И. Х. Шеффлерын нэрээр нэрлэсэн. Нийт 200 гаруй төрөл байдаг. Тасалгаанд 3 төрлийг ургуулдаг. Тасалгаанд 2 м өндөр ургадаг байна. Тасалгааны нөхцөлд цэцэглэх нь маш ховор. Хөгширсөн том мод хүлэмжинд цэцэглэсэн цөөн хэдэн тохиолдол байдаг.
Гол үзэмж нь гялгар зузаан навчинд байдаг. Шеффлера нь том өрөө тасалгаанд илүү зохимжтой харагдана. Навчийг нь гялалзуулах гэж шингэн лакаар шүршиж болно. Хэт өндөр ургуулмааргүй байвал ургах явцад нь тайраад байна.

АРЧИЛГАА
Гэрэл 
Тод сарнисан гэрэл. Шууд тусах нарнаас хамгаалах хэрэгтэй. Ногоон навчтай сортууд хагас сүүдэрхэг газар сайн ургадаг. Зүүн болон баруун зүгийн цонхны тавцан илүү тохирно. Хойд зүгрүү харсан цонхтой бол ногоон навчтай сортуудыг ургуулж болно.
Харин алаг навчтай сортуудад илүү их гэрэл хэрэгтэй болно. Сүүдэрхэг газар тавьбал алаг хээ арилж жигд ногоон болж хувирна.
Өвөл +18°C дээшгүй хэмтэй өрөөнд ургуулдаг. Гэхдээ нэмэлт гэрэл гаргаж өгөх хэрэгтэй. Зун гадаа цэвэр агаарт гаргаж тавих нь дээр байдаг. Нарнаас халхална.
Агаарын дулаан
Зун + 20°C, дийлж чадах хамгийн доод хэм +12°C. Өвлийн цагт байх ёстой агаарын хэм +14-16°C. Халаадаг төхөөрөмж, паар, мөн халуун хүйтнээр үлээх кондиционерын дэргэд байрлуулж болохгүй.
Усалгаа
Хавар - зун зөөлөн, хлоргүй, жаваргүй усаар тогтмол, тохируулж услана. Хөрс хатааж огт болохгүй. Өвөл усалгааг багасгана. Ямар ч улиралд усалгааг хэтрүүлж болохгүй. Хөрс ялзрах нь амархан.
Хөрсийг дааруулж, жиндүүлж болохгүй, иймээс өрөөний хэмтэй усаар услаж байна.
Агаарын чийгшил 
Саваргана чийглэг агаарт дуртай. Тогтмол бүлээн усаар шүршиж байна. Шүрших ус хлоргүй, зөөлрүүлсэн, жаваргүй байна. Доор нь, эсвэл тойруулаад устай савнууд байрлуулж болно.
Бордоо
Идэвхитэй ургалт үед (хавраас намар хүртэл) сард 2 удаа тасалгааны ургамлын иж бүрдэл бордоогоор борддог.
 
Тайралт
Тайралт нь цэцэгний үзэмжинд муугаар нөлөөлдөг. Иймээс бут шиг өтгөн, саглагар харагдуулах бол нэг саванд хэд хэдэн саваргана суулгадаг.
Шилжүүлэн суулгалт 
Жилд нэг удаа, хавар хийнэ. Шинэ сав хуучнаасаа нилээн том байна. Хөрс хөнгөхөн, бага зэргийн хүчилтэй (pH ойролцоогоор 6 байхаар). Ширгэн хөрс, ялзмаг, элс хольж авч болно (2:1:1). Савны ёроолд маш сайн зузаан дренаж дэвсэнэ. ("Дренаж")
Үрслүүлэх арга 
1. Үрээр үржүүлж болдог.
2. Хагас модожсон мөчирийг усанд эсвэл элсэнд үндэслүүлнэ. Үндэслэхдээ удаан. Фитогормон буюу түргэн үндэслүүлдэг идэвхижүүлэгч бодисууд хэрэглэдэг ба хөрсөө доороос нь халаадаг
3. Үүнээс гадна агаарт үндэслүүлж болдог.
    
Үрийг 1-2 сард тарьдаг. Хүлэрт хөрс элстэй ижил хэмжээгээр хольж үрнүүдээ суулгана. Хөрсийг заавал ариутгадаг. Саварганы үрийг эхлээд ургамлын гормонд, олдохгүй бол марганцтай бүлээн усанд дэвтээдэг. Үрийг 0,5-1 см гүн суулгана.
Хөрсөө болгоомжтой услаад, эсвэл усаар шүршээд дулаан газар тавьна. Агаарын дулаан +20-24°C байна. Чийглэг, хүлэмжний орчин бүрдүүлж өгнө. Тогтмол агаар оруулж байна. Мөн усаар шүршиж байна. Доороос нь хөрсийг халаавал үр соёолох процесс түргэснэ. Соёолоод 2-3 навч гарч ирэхэд 4-5 см диаметртэй саванд тусгаарлаж суулгана.
Эхний 3 сар + 18-20°C хэмд байлгана. Залуу үрсэлгээ томроод, үндэс нь савыг бүтэн эзэлсэн бол том саванд (7-9 см диаметртай) шилжүүлж суулгана. Үүний дараа гэрэл ихтэй, +14-16°C дулаантай газар байрлуулна. Тусгаарласны дараа сайн ургаж эхэлдэг ба намар гэхэд үүнийг 10-12 см саванд суулгана. 
Навчаар үрслүүлэх бол заавал ийм тавтай навч тасдаж авна. Зүгээр навч ургахгүй.
Мөчирний хэсгээр үрслүүлэх бол:
  
Хагас модорхог болсон мөчир үрслүүлэх бол эх модноос тайрч аваад гетероауксины уусмалд дүрнэ. (Гетероауксин нь дотороо 2 ширхэг шахмалтай үндэслүүлэгч бодис юм. Нэг шахмалыг 10 литр усанд найруулж хэрэглэдэг).
 
Үүний дараа хүлэрт хөрс, элс (1:1) хольсон хөрсөнд суулгана. Доороос нь хөрсийг халааж өгөх хэрэгтэй. Хөрс тогтмол +35-37С хэмтэй байхаар халаана. Төвийн халаалттай айлууд пааран дээр тавьсан байдаг. Гэхдээ энэ нь тэр бүр оночтой санаа бас биш юм.
 
Агаарын хэм + 20-22°C байх ёстой. Тогтмол усаар шүрсэж өгч байна. Мөн хүлэмжиндээ агаар оруулж байна. Гялгар уут угравал чийглэг орчин бүрдэхээс гадна хурц гэрлийг сарниулж өгнө. Мөчир үндэслэнгүүт +18-20°C хэмтэй газар байрлуулна. Дээр бичсэнтэй адил - үндэс ургаж хөгжих тусам савны хэмжээг томруулж байна. 
Вермикулитанд үндэслүүлсэн байгаа нь
Хөрсөнд үрслүүлсэн байгаа нь
Том модыг агаарт үндэслүүлж болдог. Үүний тулд мөчир дээр гүнзгий биш зүсэлт хийнэ, зүсэлт хийсэн газраа чийгтэй хөвдөөр орооно.
Хөвдөө үндэслүүлэгч шингэнээр чийглэж өгөх хэрэгтэй. Үндэслүүлэгч бодис олдохгүй бол шингэн бордоог устай найруулж хөвдөө норгоод орооно. Ороосон хөвдтэй хэсгээ гадуур нь гялгар уутаар боож өгнө. Хөвд байнга чийгтэй байх ёстой. Хатангуут нь норгоод байна. Хэдэн сарын дараа энэ хэсэгт үндэс гарсан байна.
Агаарт үндэслүүлэх өөр нэгэн арга
Үндэс цухуйснаас хойш 2 сарын дараа үндэслэсэн мөчрийг эх модноосоо тасдаж авна. Тусгаарлаж саванд суулгана.
Эх цэцэг нь огт навчгүй байсан ч гэсэн бүү хаяарай. Огт навчгүй эх цэцэгийг ёроолоор нь мөчирнүүдийг нь тайраад, үлдсэн тайрдасуудыг услаад байна. Чийгтэй хөвдөөр энэ тайрдасуудыг хучиж болно. Урт удаан хугацааны дараа энэ нь нахиалж ургаад ирж магад шүү.
Өвчлөлт, хорхой шавьж
Зун хэт халуунд, эсвэл өвөл хүйтэн сэрүүнд хэтрүүлж услаад байвал саварганы навч унадаг. 
Гэрэл дутвал навч өнгөгүй, гандсан мэт болдог. Харин гэрэл ихэдвэл навчин дээр цайвар толбонууд үүсдэг. 
Чийг байнга ихдүүлээд байвал үндэс амархан илжирнэ.
Хуурай агаарт, эсвэл дутуу усалгаанд навчны үзүүр борлож хатна. 
Хорхой шавьжнаас ширх, аалзан хачигт илүү өртдөг.
Навч борлоод, унаад байвал - хүйтэн агаарт байлгасан, нэвт салхинд тавьсан байна. Саваргана агаарын температурын өөрчлөлт, хэлбэлзэлд маш мэдрэмтгий.

No comments:

Post a Comment