Monday, December 8, 2014

Шимтэглээ - ангилал

Пеларгония буюу энэдбэлийг ХV-р зуунд Өмнөд Африкд ургуулдаг байжээ. 1600 оны үед Англируу усан онгоцоор авчирсан байна. 1631 онд Английн нэгэн цэцэгчин энэдбэлийн үр худалдаанд гаргаж энэ ургамал тархах суурь тавигдаж гэнэ.
Энэдбэлийг бид "шимтэглэй" гэж нэрлээд заншсан тул цааш дассан нэрээр нь явъя. Шимтэглэйг үндсэн 6 төрөлд хуваадаг байна:
- Бүслүүрт
- Унждаг
- Хаан
- Ангел
- Юник (буюу "онцгой", "содон")
- Үнэртэй буюу Анхилуун
I. Бүслүүрт (Zonal) шимтэглэйн төрөл хамгийн их олон сорттой. Ойролцоогоор 75 мянган бүртгэгдсэн сорт байдаг байна. Навчыг тойрсон дугуй хээтэй тул "бүслүүрт" гэж нэрлэжээ. Бүслүүрт шимтэглэйг Европд 1710 оноос эхэлж тарьдаг болсон байна. Эхэндээ урт урт мөчиртэй өндөр бут байсан бол яваандаа селекци хийж аль болох намхан, авсаархан болгохыг хичээж иржээ. Анхны селекцийн бүтээл нь 1844 онд бий бослон байна.
Дэлбээний тоогоор бүслүүрт шимтэглэйг дан, хагас давхар, давхар гэж ангилдаг байна:
1. Single Zonal - 5 дэлбээтэй дан цэцэгтэй бүслүүрт шимтэглэй.
Дан дэлбээтэй "Mr. Wren"

2. Semi-Double - Хагас давхар буюу 6-9 дэлбээтэй шимтэглэй.
"Pac Quality"

3. Double Zonal - давхар буюу 9-с дээш дэлбээтэй шимтэглэй.
Odensjo Rodluvan ("Улаан малгайт") 
Odensjo нь Шведийн цэцэг үржүүлдэг компани

Бүслүүрт шимтэглэйг бут, цэцэг, навч, дэлбээ зэргээр мөн дотор нь олон ангилдаг:
1. Stellar - Навч, цэцэгний хэлбэрээс болоод "од хэлбэртэй" гэж нэрлэсэн. Анхны одон шимтэглэйнүүд 1950-аад оны эхээр Австралид гарсан байна.
"Mike West" давжаа шимтэглэй Их Британид 2007 онд бүртгэгдсэн


"Gwen Lewington" - Их Британий селекционер Brian West-ийн бүтээл


"Kelly Brougham" сорт - алтан навчтай од
Мөн л Brian West-ийн бүтээл. "Mini Diane" болон "Arctic Glitter" хоёрыг эрлийзжүүлж гаргасан. The Pelargonium Geranium Society

2. Rosebud буюу сарнайн дэлбээтэй шимтэглэйнүүд 1850 онд бий болсон. Сарнайн дэлбээтүүд цөөн тооны сорттой. Үр ер нь өгдөггүй, шигүү байрлах цэцэгнүүд нь гибридизаци хийхэд хүндрэл учруулдаг. Ихэнхи шинэ сортууд нь мутаци буюу спортлосны үр дүн.
Хамгийн анхны сарнайн дэлбээт "Appleblossom Rosebud" мөн л жирийн бүслүүрт шимтэглэй спортлосноос бий болжээ.
"Appleblossom Rosebud"
"Appleblossom Rosebud" 1870 онд бүртгэгдсэн сорт. Задгай талбайд илүү тохирно. Урт урт мөчиртэй, гэрт ургуулахын тулд үрсэлгээ байхад нь чимхэж эхлэх хэрэгтэй.
"Appleblossom Rosebud"
Сонирхуулж нэгэн цэцэгчний туршлагаас хуваалцъя: улаан лоолийн бордоогоор ойр ойрхон услаад нар дагуулж байлгаад байсан "Аppleblossom Rosebud"-ийн өнгө ингэж хурц тодорсон байна. Хэрэв улаан лоолийн биш өргөст хэмхийн бордоо хэрэглэсэн бол цэцэгний өнгө ногоон туяатай болох байсан гэнэ.
Нарны гэрэл цэцэгний хэмжээ, өнгө, туяа гээд бүх зүйлд маш их чухал нөлөөтэй. Жишээ нь доор өвөл цэцэглэсэн "Appleblossom Rosebud" байна.
"Appleblossom Rosebud"

Өөр нэг жишээ - "Swanland Pink/Australian Pink Rosebud". Сарнайн дэлбээт дундаас тасалгаанд ургуулахад хамгийн тохирсон сорт гэж хэлж болно. Хэлбэржихдээ амархан, авсаархан зөв бут болдог.
"Swanland Pink/Australian Pink Rosebud"


"Westdale Appleblossom" - 2-өнгийн алаг навчтай
"Appleblossom Rosebud"-ын спорт байсныг тусгай сорт богож бүртгэсэн.
 The Pelargonium & Geranium Society

3. Carnation буюу Лиш цэцэгтэй шимтэглэй: "Diana Palmer" сорт - том дэлбээтэй давхар цэцэгтэй, цэцэглэх дуртай, хүчтэй чанга бут. Навч амархан шарлаад унаад байдаггүй. Цэцэг зөөлөн шүрэн өнгөтэй. Цэцэгний дэлбээ доош унадаггүй. Ганган сорт.
"Diana Palmer"

Бүслүүрт дотроо мөн од хэлбэртэй лиш цэцэгт шимтэглэй гэж байдаг.
"Don Chiverton" сорт Brian West -ийн бүтээл  -  Од хэлбэртэй лиш цэцэгтэй шимтэглэй


Брайан Вэст (Mr. Brian West) 1932 - 2006 
Aнглийн алдартай селекционер, шимтэглэй цуглууллагч. Мэргэжлийн цэцэрлэгчин энэ хүн өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөн тэтгэвэрт гарахын өмнөхөн 1985 оноос селекци хийж эхэлсэн байна. Нийтдээ 160 шинэ сорт бүтээсэн. Шинэ сортууддаа өөрийн амьдарч байсан газар нутгийн нэр, мөн гэр бүлийнхнийхээ нэрсийг хайрласан байна.

4. Tulip буюу Алтанзул цэцэгтэй шимтэглэй нь 6-9 дэлбээтэй, гүйцэд нээгдээгүй алтанзул цэцгийг санагдуулсан.
Хамгийн анхны алтанзулан цэцэгтэй сорт "Patricia Andrea"
Алтанзулан шимтэглэйг анх 1966 онд АНУ-ын Бостон хотод Андреа гэх гэр бүл селекционерууд гаргаж авсан байна. "Фиат" сортын шимтэглэй спортлосноор анх алтанзулан цэцэгтэй төрөл бий болжээ.
"Victoria Andrea"
Хамгийн үзэсгэлэнтэй нь доорх 2 сорт болов уу:
"Emma fran Bengtsbo"                                               "Marie Louise"
5. Cactus буюу Кактусан шимтэглэйн тухай анх 1907 онд английн нэгэн цэцэгчний каталогт дурдсан байдаг. Жинхэндээ ХIX-р зууны сүүлээр бий болсон гэж үздэг. Харамсалтай нь гаргаж авсан маш олон сортууд өнөөг хүртэл хадгалагдаагүй байна. Цэцэгний өвөрмөц хэлбэр нь Кактусан шимтэглэй гэсэн нэртэй болгожээ. Одоогоор 30 гаруй кактусан сортууд бүртгэгдсэн байна.
"Swiss Star (Mallorca)" сорт


Кактусан шимтэглэйн цорын ганц ягаан сорт - "Mrs. Salter Bevis"


Анх 1991 онд Англид бүртгэгдсэн "Mini Czech" давжаа шимтэглэй.

Кактусан шимтэглэй дундаас цорын ганц цагаан дэлбээтэй сорт - "Noel"

6. Hybrid-Ivy-leaf - унждаг болон бүслүүрт шимтэглэйг эрлийзжүүлж гаргаж авсан. Хамгийн их тархсан, хүмүүсийн дуртай сорт бол "Millfield Rose" (1894 онд бүртгэгдсэн)
"Millfield Rose"
"Lady Gertrude"
8. Deacon - Дикон
Английн Окколд (Occold, England) гэх тосгоны сүмийн ламтан Стэнли Стрингер мөн л 50 нас хүрээд селекци хийж эхэлжээ. Хамгийн анхны миниатюр шимтэглэй "Аlde"-ээг 1964 онд 53 насандаа гаргасан байна. Энэ сорт одоо хүртэл шимтэглэй цуглуулагчдын ургуулах дуртай цэцгийн нэг.
"Alde" анхны миниатюр сорт
Миниатюраас гадна цэцэрлэгийн шимтэглэйн шинэ сортууд олноор бүтээжээ.
"Орион" миниатюр бүслүүрт шимтэглэйг унждаг "Blue Peter"-тэй эрлийзжүүлснээр хамгийн анх "Deacon - Дикон" гэх дэд бүлэгийн эхлэл тавигдаж гэнэ. Нийт 12 жил ажиллахдаа "Дикон" төрлийн 27 сорт гаргаж авчээ.
"Deacon Birthday" 1978 онд гарсан сорт.
"Дикон"-ууд бүгд давжаа шимтэглэйд тооцогддог, авсаархан намхан, зөв хэлбэртэй бут, маш сайн цэцэглэдэг.
"Deacon Moonlight"

Үүнээс гадна алаг навчтай шинэ сортууд олныг гаргажээ:

9. Bird’s-Egg – дэлбээтэйгээ адилхан өнгийн, гэхдээ үндсэн суурь өнгөнөөс гүн, тод толбо, цэг, сэвхтэй. Шувууны өндөг алаг цоохор сэвхтэй байдагтай адил.
"Double Pink Bird's Egg"
10. Speckled Flowered – дэлбээн дээрээ өөр өнгийн зураас, сэвх, толбон хээтэй.
"Richard Hodgson"
11. New life – хоёр өнгийн өргөн нарийн олон зураастай цэцэгтэй. 1877 онд анх гарч шуугиан дэгдээж байсан гэнэ:
12. Fancy-leaf (Variegated) - Алаг навчтай шимтэглэй нь дотроо навчны өнгө, хэлбэрээр бас ангилагдах нь:
Эрвээхэй хээтэй: "Pink Happy Thought"


Хоёр өнгөт


Алтан 3-өнгөт "EXCALIBUR" сорт (навч нь 3 болон дээш өнгөтэй байж болно)


Мөнгөн 3-өнгөт "Silver Splash"


Хүрэл навчит "Vancouver Centennial" сорт

Алтан навчит "Samantha Stamp"


Хар навчит:
"Burns Country"                                                        "Black Velvet"

Бутны өндөр намаас хамаараад:
- Ердийн (насанд хүрсэн бутны өндөр 180 мм-ээс өндөр)
- Давжаа (насанд хүрсэн бутны өндөр 120 мм-ээс өндөр, 180 мм-ээс нам)
- Мини (насанд хүрсэн бутны өндөр 125 мм-ээс нам)
- Микро-мини (насанд хүрсэн бутны өндөр 100 мм-ээс бага)
"Golden Chalice" ердийн хэмжээтэй шимтэглэйний навчны хажууд. Заримдаа энэ сортыг "Sussex Chalice" мөн "Sussex Chance" гэдэг. Стрингер ламтаны хамгийн сүүлийн бүтээл.

II. "Авиргана навчит" (Ivy-leaf) буюу унждаг шимтэглэйг Pelargonium peltatum-аас анх гаргаж авчээ. Түүнийг Голландад 1700 онд авчирч ургуулж эхэлсэн ч XIX-р зуунд л илүү тархаж дэлгэрсэн байна. Энэ үед анхны селекцийн туршилтууд хийгдэж 1877 онд давхар дэлбээтэй унждаг "Konig Albert" шимтгэлэйг гаргаж авчээ.
"Konig Albert" сорт

Орчин үеийн унждаг шимтэглэйн төрлийг "PAC" компаний хоёр сортоор танилцуулъя.
"PAC White Pearl" сорт


"PAC Viva Carolina" сорт
РАС нь Германы цэцэг үржүүлдэг компани. РАС-ийн гаргасан шимтэглэйнүүд ихэвчлэн гудамжны чимэглэлд зориулсан байдаг тул хүчтэй, чанга, халуун хүйтэнд тэсвэртэй, цэцэглэлт удаан үргэлжилдэг чадалтай сортууд байдаг.
Унждаг шимтэглэй нь дотроо мөн л дан, давхар дэлбээтэй, алаг навчтай гэх мэтээр ангилагддаг. Жишээ нь унждаг лиш цэцэгтэй сортууд байдаг байна.


"Cerise Carnation" унждаг лиш цэцэгтэй шимтэглэй

III. Хаан (Regal) шимтэглэй нь 50 см орчим өндөр бут. Ихэнхи сортууд сүүлийн 50 жилд бий болсон. Шимтэглэй дундаас хамгийн ааштай гэж тооцогддог. Учир нь бусад шимтэглэй гэрэлтүүлэг гаргаж өгвөл бүтэн жил ч цэцэгтэйгээ байдаг бол хааны төрлүүд жилийн 3-4 сар цэцэглэдэг. Цэцгийн бундуй үүсгэхийн тулд өвөл сэрүүн орчинд +10-12С хэмд 2 сар байлгах хэрэг гардаг.
Хаан шимтэглэй "AZTEC" сорт
1962 онд Wm. E. Schmidt гаргасан
IV. Ангел (Angel) шимтэглэйг хүмүүс "Хаан"-тай нэг төрөл гэж андуурдаг. Энэ нь ташаа ойлголт юм. 1930-аад оны үеэр английн цэцэгчин Лэнгли Смит буржгар шимтэглэйг "Хаан"-тай эрлийзжүүлж байж анхны "Ангел"-ыг гаргаж авчээ.
Түүнээс хойш бий болсон сортууд нь бүлэг дотроо хийсэн гибридууд гэнэ. 
"Charmay Marjorie" Aвстралийн селекционер Ken Attfield бүтээл
"Хаан"-аас ялгарах нь "Ангел"-ын цэцэг, навч жижигхэн (диаметр нь 1-2 см). "Хаан" ургахдаа дээшээ босоо ургадаг бол "Ангел"-ууд жижигхэн унждаг бут болж ургадаг.
"Eskay Verglo"
"Ангел" илүү тэсвэртэй, тусгай арчилгаа, анхаарал шаардаад байдаггүй. Ургалт хурдан, маш их гэрэл шаарддаг, хуурай агаарт тэсвэртэй, бага зэргийн хөрс хаталтыг даахдаа сайн.

V. Юник (Unique) буюу "Онцгой" гэх энэ бүлгийн шимтэглэйг XVIII-р зууны 60-аад оноос эхэлж тарьж байгаа. "Хаан"-ыг гялгар (P. fulgidum) шимтэглэйтэй эрлийзжүүлж гаргаж авсан анхны сортыг "Old Unique" гэж нэрлэжээ. Үүнээс үүдээд энэ бүлгийн нэр бий болсон байна. XVIII-XIX-р зуунд "Юник" шимтэглэй маш их эрэлт хэрэгцээтэй цэцэрлэгийн ургамал байсан байна.
Цэцэг нь "Хаан"-тай төстэй, гэхдээ хэмжээ нь бага. Навч салбархай, зарим нь үнэртдэг. Нилээн том, өндөр болдог, салаалж мөчирлөхдөө муу тул тайралт, чимхэлт хийж байх хэрэгтэй. 40-50 см өндөр ургаж байж цэцэглэдэг.

VI. Анхилуун (Scented-leaved) шимтэглэй гэсэн бүлэгт үнэртэй навчтай бүх сорт багтдаг байна. Сортоосоо хамаараад навчнаас нь нимбэг, хаан борогцой, тоор, алим, гаа, сарнай, шилмүүс, гээд төрөл бүрийн үнэр ялгардаг байна.
Тасалгааны үнэр дарагч, байгалийн гаралтай агаар цэвэршүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг тул XVIII-р зуунд анхилуун шимтэглэйг чинээлэг айлууд гэртээ ургуулдаг байжээ.
Ашигласан материал:
http://www.fibrex.co.uk/pelargoniums/miniature-zonal/mini-czech/
http://greenboom.ru/plant_info/26099/pelargonii_zonalnye/pelargonium_zonale_pelargoniya_zonalnaya_white_birds_egg
http://www.geraniumsonline.com/
http://plantoholic.co.uk/tag/pelargonium/
http://pelargonium-club.ru/articles.php?page=3&id=3
http://cvetok-v-dome.ru/cvetushhie/kakuyu-geran-zavesti-na-podokonnike-klassifikaciya-vidov-grupp-sortov-pelargonij/



Бусад бичлэгүүд:
"Шимтэглээг тайрах цаг боллоо. Залгалт хийх"
"Шимтэглээнээс хураасан үрнээс эх цэцэг ургах уу? Шимтэглээ спортлох уу?"
"Шимтэглээг навчаар үрслүүлж болно"
"Хуруун навчит "Формосум"
"Хаан шимтэглээ"
"Унждаг шимтэглээ"
"Шимтэглээ - герань, энэдбэл - пеларгония"
"Штамб шимтэглээ"
"Стеллар шимтэглээний сортуудаас"

No comments:

Post a Comment