Saturday, December 18, 2010

Кливия (Clivia)

Кливия 
Amaryllidaceae Амариллисын овогт багтдаг.
Эх нутаг - Өмнөд Африк. 
Зөв арчилж, амралт үе гаргаж өгөж, сэрүүнд өвөлжүүлвэл жил бүр цэцэглэнэ. Өвөл нь сэрүүн газар, маш бага усалгаатай байлгана. 
Кливияд том талбай хэрэгтэй байдаг. Кливия өөрийг нь тайван байлгахыг хүсдэг цэцэг. Нэг газраас нөгөөрүү байрыг нь өөрчлөх, ойр ойр шилжүүлж суулгах зэрэгт их дургуй. Ялангуяа цэцэгний иш гарч эхэлсэн үеээс эхлээд оролдож болохгүй.

Кливия нь маш урт настай цэцэг. Зөв арчилвал 40 жил насладаг. Хөгшин, том саванд ургадаг цэцгийг шилжүүлж суулгадаггүй. Үүний оронд бордоогоор тэжээл өгдөг. Зөв арчилхад насанд хүрсэн хүчээ авсан кливия 40-50 цэцэгний иш гаргадаг. Жилдээ 2 удаа цэцэглэнэ.

Clivia Miniata Yellow

Хавар-зуны улиралд ч мөн усалгааг хэт ихээр хийдэггүй. Доороо махлаг үндэстэй тул үндэс илжрэх аюултай. Амралт үе дуусангуут бордож эхэлдэг. Минерал эрдэс бодис, микроэлементуудаар 1-2 долоо хоногт нэг удаа борддог. Азотоор бордож болохгүй - навч олноор ургаад цэцэглэлтийг зогсоодог юм. Азотын хэмжээ органик бордоонд хүртэл хамгийн бага байх ёстой.
Civia Mirabilis
Дулаан
Дунд зэргийн. Өвөл амралт үе эхэлсэн тохиолдолд 15°С дээш байж болохгүй. Хавар-зуны улиралд 20-25°C, 10 сараас эхэлж сэрүүсгээд 12-14°C газар тавьдаг. Цэцэгний иш гарч ирэнгүүүт 18-20°C газар байрлуулна. Амралт үеээр халуун дулаан газар байлгаж болдог ч цэцэгний ерөнхий байдалд болон цаашдын цэцэглэлтэд муугаар нөлөөлдөг юм. 
Гэрэл
Гэрэл ихтэй газар, зундаа нарны шууд тусгалаас хамгаалж тавьдаг. Баруун болон зүүн зүгийн цонх таардаг. Хойд зүгрүү харсан цонхон дээр гэрэл дутагдсанаас болж ургалт удаан ба цэцэглэхгүй байж болно.
Усалгаа
Зөвхөн бүлээн усаар. Хавар-зундаа сайн услана, гэхдээ их биш. Намраас эхэлж бага. Гарч ирэх цэцэгний иш 15-20 см өндөр болтол усалгааг маш бага хийдэг. Өвөл усалгааг ус шүршигчээр хийгээд байж болдог. Гэхдээ үүнийг сэрүүн өрөөнд байлгахдаа дагаж мөрднө. Хэрэв өрөөний дулаан 20°С орчим бол илүү их усаар услана.
Тэжээл
Цэцгээр гоёдог ургамлын бордоогоор бордож өгөх хэрэгтэй. Эсвэл өргөст хэмх, улаан лоолийн бордоогоор бордоход таардаг. Ургаж байгаа үед болон цэцэглэж байх үед 7-10 хоног бүр бордно. Амралт үед бордохгүй. 
Агаарын чийгшил
Үе үе навчны тоосыг арчиж байна. Өдөр бүр усаар шүршиж байна. Бусдаар бол онцын шаардлага байхгүй. 
variegated peach
Шилжүүлэн суулгах
Амарилисын төрлийн ургамал гэхдээ доороо булцуугуй. Их том бүдүүн, шүүслэг үндэстэй.
Хөрс:
1 навчин хөрс, 
1 ширгэн хөрс, 
1 ялзмаг, 
1 хүлэрт хөрс
1 элс гэж аваад хольдог.
Савнаас үндэс гарч ирэх тохиолдолд л шилжүүлж суулгадаг. Ер нь шилжүүлж суулгах гэсэний хэрэг байдаггүй. Хэрэв зайлшгүй хийх хэрэгтэй бол маш болгоомжтой шилжүүлээрэй. Үндэс гэмтэхдээ амархан.
 
Савнаас гаргаад, үндэсээ сулруулна
Хөгшин, том цэцгийг 2-3 жилд нэг удаа савыг нь томруулж шилжүүлж суулгадаг. Одоо байгаагаас нь арай том саванд хуучин хөрсийг гөвөлгүйгээр, үндэс оролдолгүйгээр шууд шилжүүлж суулгадаг. Зай завсарыг нь шинэ хөрсөөр чигжиж тавьна. Сав томруулах тухай эндээс харна уу. 
Залуу цэцгийг жил бүр шилжүүлж суулгадаг. 
Кливиягийн үндэс шилжүүлэн суулгалтыг даахдаа муу. Үндэс нь махлагдуу, шүүсэрхэг, усны нөөц болж өгдөг. Үндэс маш амархан хугардаг. Гэмтэл авсан бол дорхноо илжирдэг. Тиймээс хугалсан үндэс байгаа бол нунтаг модны нүүрсэнд, эсвэл үнсэнд дүр.
Хэрэв шилжүүлэн суулгалт хийгдээгүй бол тэр жилдээ цэцэгний хөрсний дээд хэсгийг хуулж авч шинээр солих хэрэгтэй. Кливияд багавтар сав таардаг. Үндэс багтахгүй шахуу байх хэрэгтэй. Энэ тохиолдолд амархан цэцэглэдэг, цэцэг олон гардаг ба цэцэглэлт удаан үргэлжилдэг. Сав нь томдсон бол мөд цэцэглэхгүй.
Кливиягийн жимс хортой тул хүүхдээсээ хол байлгаарай.
 
 Жимс боловсорч байгаа байдал
Үрслүүлэх арга
Шилжүүлж суулгахдаа хажууд ургасан жижиг цэцгүүдийг салгаж үрслүүлэх, эсвэл үрээр үржүүлдэг. 
 
Үрээ эхлээд дэвтээнэ
1. Үрээр 
Нэг жимсэнд маш олон үр байдаг. Цэцэглэлт эхэлснээс хойш 2-3 сарын дараа үрийг хурааж авдаг ба шинээр нь шууд хөрсөнд суулгадаг.
 
  4-6 долоо хоногийн дараа соёолж эхлэнэ. Гэхдээ үрээр ургуулсан кливия зөвхөн 4-5 жилийн дараа л цэцэглэнэ. 
Эхний навчнууд гараад томроод ирэхээр 7 см диаметртэй саванд суулгана. 
 
 Хоёр дахь жилд нь савыг томруулж 9-10 см голчтой саванд, гурав дахь жилд нь — 12-13 см саванд тус тус суулгаж ургуулдаг. 
  

2. Бут хуваах/Үндэс хуваах
Савандаа багтахаа байсан том цэцгийг хувааж салгадаг

Эх цэцэгний хажуугаар ургасан жижиг зулзаган бутнуудыг салгаж суулгадаг

Шилжүүлж суулгах үед салгаж авсан шинэ зулзага, эсвэл хуваасан бут үрслүүлсэн нь амар байдаг. Цэцэглэлт дуусангуут эх цэцгээс зулзага, бут зэрэгийг хувааж салгадаг.
Үндэс маш амархан гэмтдэг. Гэмтсэн үндэс дорхноо илжирдэг. Тиймээс модны нүүрсний нунтаг түрхээрэй. 
 
 
Үндэс сайтай бутнуудыг шууд саванд нэг нэгээр нь тусгаарлаад суулгана.
 
Үндэс байхгүй бол үндэслүүлэх арга хэмжээ авна. Үндэс гаргах үүднээс элстэй жижиг (7-см диаметрийн) саванд суулгана, дараа нь 16—18°C дулаан газар тавьна. 
Эх цэцэгний хажуугаар ургасан жижиг зулзагнуудыг салгахдаа анхаарах нэг зүйл бол - зулзага дор хаяж 4 навчтай байх ёстой. Үндэс хөгжөөгүй бол дээр бичсэнээр элсэнд суулгана. Хөгжсөн бол шууд хөрсөнд суулгаж болно.
Усалгаа их биш, тааруулж хийж байна. Залуу цэцэг хэт их ус чийгнээс илжирч болно. Үндэс ургасны дараа жинхэнэ хөрсөнд суулгана. Ийм цэцэг нь 2-3 жилийн дараа цэцэглэдэг. 
Амралт үе
Тогтмол цэцэглүүлж байхын тулд амралт үе хийж өгөх хэрэгтэй. Залуу цэцгэнд энэ нь 2 сар байх ёстой. Цэцэг томрох тусам амралт үе нь уртасдаг. Үүний тулд намраас усалгааг багасгана, хатаахгүй гэж л үл ялиг услаж байна. Хэрэв навч шарлаад, навчаа гөвөөд эхэлвэл усалгааг маш багаар ихэсгэж өгнө. Сүүдэрxэг газар, нарнаас хол, сэрүүн, 7-12С-тай газар өвөлжүүлнэ. Бордоо огт хийхгүй. 8-12 долоо хоногийн дараа цэцгийн иш гарч эхэлдэг. Цэцэгний иш 15-20 см урт болохоор усалгааг ихэсгэж өгдөг. Гэрэл, ус, бордоог нэмэж өгнө. 
Цэцэглэлт
Хэрэв кливия хавар цэцэглээгүй бол — сэрүүн, хуурай газар амраагаагүй гэсэн үг. Хэрэв цэцэгний сум навчин дунд гацчихсан бол амралт үеийн төгсгөлийг дэндүү удаасан байна. Энэ тохиолдолд 40°С бүлээвтэр усаар услаж өгөөрэй.
Clivia robusta
Цэцэгний сум гарч ирээд 10-15 см урт болохлээр дулаан газар тавиад усалгааг ихэсгэж, бордоо хийж өгдөг. Үүнээс эрт болохгүй шүү. Цэцэгний булдуу нь дэлгэрэхгүй гацдаг. 
Цэцэгний иш гарснаас хойш байршлыг сольж болохгүй. Навчаа гөвөх аюултай. Ямар нэгэн өөрчлөлтөд дургүй, өөрийг нь оролдоод байхад дургүй. Ургалт үедээ цэцэгнээс шинээр 5-10 навч гардаг.
Orange/cream miniata x caulescens
Цэцэглэлт 2 дугаар сараас эхэлдэг. Жирийн үед цэцэглэлт 3-4 долоо хоног үргэлжилдэг, Яагаад гэвэл цэцэгнүүд нь нэг нэгээр дэлбээлж задардаг тул. Нэг цэцэгний ишэн дээр 30 цэцэг байж болдог. Хэрэв хөвөнгөөр, бийрээр тосонцорыг нь сайн тарааж өгвөл том том жимс гаргаж болдог. 
Жимс нь эхлээд ногоон өнгөтэй байдаг, харин бараг бүтэн жилийн дараа өнгө нь тод улбар шар болж хувирдаг. Жимс нь цэцгийг бас хөөрхөн чимэж өгдөг. 
  
  
Гэхдээ жимслэлт цэцгийг их ядрааж, хамаг хүчийг нь авдаг тул цэцэглэлт дуусангуут цэцэгний ишийг тайрч хаясан нь дээр байдаг.
Хэрэв та жимс хураах сонирхолтой бол улбар шар болтол, жимс бүрэн гүйцэт боловсрохыг хүлээх хэрэгтэй. Жимс зөөлөрсөн тохиолдолд хурааж авна. 
Анхаарах зүйлс 
- Иш, навчин дээр бор өнгийн дугуй тав үүсэж байвал щитовка гэсэн шавьжинд өртсөн байдаг. Цэцэгний шүүсийг сордог тул навч өнгөө алдаж, хатаж унадаг байна. Навчийг савантай порлоноор арчиж угаадаг. Дараа нь тохирсон хор цацна.
   
- Мучнистый червец гэсэн хортон шавьж нь навч, иш, цэцэг гээд бүгдийг устгадаг аюултай. Навч мушгираад хатаж унадаг. Яваандаа цэцэг бүхэлдээ үхдэг. Мөн л савантай поролоноор сайтар угааж, шүршүүрт оруулдаг. Хэт газар авсан бол хор цацдаг. 
- Навчны үзүүр улаавтар бор болоод байвал - хөрс хэт устай байна. Хүйтэн усаар услаад байна.
- Цэцэгний иш богинохон - хэт сэрүүн газар байрлуулсан байна. Мөн эрчимтэй ургаж байх үед усалгааг багадуулаад байснаас болдог.
- Навчин дээр цагаан толбонууд гарч ирвэл - нарны гэрэлд түлэгдсэн байна.
- Цэцэгний иш гарч ирэхгүй, навчны өнгө гандсан бол тэжээл дутсанаас болно.
- Цэцэглэхгүй байна - амралт үе хэт богинохон байсан, тасалгаанд хэт дулаахан байсан, эсвэл гэрэл дутсан байна.
Улаан зэв, улаан түлэгдэлт гэх мөөгний гаралтай өвчин. Булцуу, навч, цэцэг гээд бүх хэсгийг өвчлүүлдэг. Эмчлэх тун хэцүү, удаан.  

Хлороз. Бордоо хэтрүүлсэн бол энавчны өнгө цайрна.

 
Усалгаа хэтрүүлсэн

Доод навч шарлаж унах жирийн хөгшрөлт явагдаж байна. Навч дуустлаа шарлаад хатахыг хүлээсэн нь дээр. Өөрт байгаа шим тэжээлээ булцуундаа шилжүүлж дуусахлээр тайрна. Харин бутны дунд болон дээрх шинэ навч шарлаад байвал усалгаа жигд биш байна. Хэт услаад, хэт хатаагаад байдаг байна. Мөн тэжээл дутсанаас болно.
Шингэн бордоо хэтрүүлж хэрэглэсний маргааш ийм болсон байна.

1 comment:

  1. Klivie zezeglesen uedee masch saihan denduu goemsog setgel tatsan
    zezeg bg,zezeg ni ih udaan baij bayr az jargal medruuldeg.bi 7 jiliin omno Hoh hotod bhdaa haraad schuud horhoi hurch hudaldaj absan.Tend jijig urgasnaas abahuulaad ih tom bolj urgasan bsn.Bas unetei bsn.Bi gertee Mongold abchirsan.Yaj asarch urguulahaa german zezegiin nomnoos unschij urguulsan.Minii zezeg 1 jild 3 udaa zezeglej namaig bayrluuldag.Odoogoor 3 bolj urjsen bga. Zaragdaad 1 uldsen bga.minii facebook buyana flower-t orj haraarai.

    ReplyDelete