Saturday, January 3, 2015

Бортголжгоно

Kohleria 'Manchu' flowers
Латин нэр: Kohleria (Колерия)
Монгол нэр: Бортголжгоно 
Эх нутаг: Төв болон Өмнөд Америк, Тринидадын арлууд
Олон наст өвслөг ургамал. Геснерийн овогт багтдаг. Анхан "изолома", "тидея" гэдэг байж. XIX зуунд Швейцарийн байгалийн түүхийн багш Мишель Колерын нэрээр нэрлэсэн байна.
Нийт 50 гаруй төрөл зүйл байдаг ч бүгдийг тасалгаанд ургуулдаггүй. Нил, баримгана, юүлүүргэнэтэй маш ойрын төрөл. Гэхдээ арчилгаа нь өөр.
Rhizoma буюу Ризома гэж нарс модны борогцоо шиг хальсархаг бүдүүн үндэстэй. Ампель ургамал биш ч өлгөдөг саванд ургуулсан нь илүү зохидог.
Kohleria bogotoensis
АРЧИЛГАА
Колерия тусгай арчилгаа шаарддаггүй. Тасалгааны нөхцөлд тааламжтай ургадаг. Бусад геснерийн ургамлуудыг бодвол ургуулахад хялбар. Туршлага багатай цэцэгчдэд тохирсон цэцэг. Тасалгаанд тарьдаг төрөлүүдийг стандарт, компакт, болон мини гэж ангилдаг. Цэцэглэлт удаан үргэлжилдэг, олон цэцэг гаргадаг.
Усалгаа
Услахдаа навчинд ус хүргэхгүй, савны хана дагуулж услана. Утсан усалгаа хэрэглэж болно. Заавал зөөлрүүлсэн, 3 өдөр том амсартай задгай саванд хонуулж хлоргүй болгосон, эсвэл шүүсэн ус хэрэглэнэ. Хатуу ус хэрэглэснээс болж ишний доогур цайвар өнгөр бий болдог. Энэ нь давс хужир юм. Ургамалд хор хөнөөлтэй байдаг. Удаан хуримтлагдвал ургамлыг үхүүлж болдог.
Хөрс нойтон усархаг, эсвэл хатсан хуурай байж болохгүй. Дээд өнгөн үе хатсан ч гэсэн доороо хөрс чийгтэй хэвээр байдаг. Иймд дээрх хөрс хатсаны дараа нэг хонуулаад услахад болно. Хавар-зун-намар тохируулж услана, өвөл - цөөрүүлээд, маш багаар, хөрс чийглэх төдий.
Гэрэл
Колерия гэрэлсэг цэцэг. Гэрэл дутагдвал шинээр гарах нахиа сулхан, сунасан урт урт нарийхан байдаг. Гэрэл дутсан бут хажуу тийш налж унаад, мөчир нь унжаад, навч хоорондын зай уртсаад, навчны хэмжээ багасаад байна. Дээр нь цэцэглэдэггүй.
Сунасан мөчир. Гэрэлгүй газар үе хоорондын зай ихэсдэг.
Колерия тод гэрэлд дуртай ч хурц нарны тусгалд зөөлөн цэцэг навч нь түлэгддэг. Толбо үүснэ. Сарнисан тод гэрэл гаргаж өгнө. Зүүн бөгөөд баруун талын цонх илүү тохирдог. Урд зүгрүү харсан цонх өвлийн улиралд таардаг. Хавар зуны улиралд өөр газар байрлуулсан нь дээр. Харин хойд зүгрүү харсан цонхон дээр гэрэл дутна, цэцэглэхгүй.
Kohleria digitaliflora
Бордоо
Хавар, зуны улиралд тогтмол хэрэглэнэ. Хавар шилжүүлэн суулгалт хийх үеээр хөрс бүрэн, эсвэл хагас шинэчлэгддэг. Шинэ хөрс ойролцоогоор 1-2 сар тэжээл өгөх нөөцтэй байгаа. Шинэ нахиа ургаад ирэнгүүт бордож эхлэнэ. Сард хоёр удаа комплекс эрдэс бодис болон органик бордоог ээлжилж хэрэглэнэ. Цэцэглэлт дуустал борддог. Цэцэгт ургамлын бордоо хэрэглэнэ. Навчаар гоёдог ургамлын бордоо хэрэглэвэл тэр нь N-азот түлхүү агуулсан байдаг. Навч иш гээд ногоон масс ургуулаад байна. Цэцэглүүлэхгүй. Эсвэл гарах цэцэг бага байна. К-калий, Р-фосфор нь цэцэглэлтэнд сайнаар нөлөөлнө. Мөн үндэс ургахад хэрэгтэй. Бордоо авахдаа найрлага, N-Р-К гэсэн үзүүлэлтийг нь анхаарах хэрэгтэй.
"Kohleria tigridia"
Агаарын дулаан
Хамгийн тохирсон агаарын температур +18-24С. Үүнээс халуун орчинд агаар хуурайшиж хөрс амархан хатаад байна. Усалгаа ойр ойрхон хийх болно. Усархаг орчинд үндэс өвчилж болно.
Зун битүү халуун өрөөнд байлгаж болохгүй. Бүтнэ. Үүний оронд сүүдэрт ч байсан хамаагүй, гол нь сэрүүн, агаарын солилцоо байнга явагддаг, нэвт салхинаас хамгаалсан нөмөр газар олж тавих нь дээр. 
Өвөл +15-18С хэмд байлгана. Бууруулж болохгүй. Тропикийн ургамал гэдэгийг санах хэрэгтэй. 

Амралт үе
Колериягийн амралт үе нь баримганатай адил. Гэхдээ унтахгүй ч байж болно. Навч, мөчир нь хатахгүй байгаад байна. Хэрэв амралт үеээр дээд хэсэг хатаагүй, ургаад байвал сайн гэрэлтэй газар байрлуулна. Хавар шинэ хөрсөнд суулгахын өмнө ишийг богино тайраад ургамлыг залуужуулна.
Kohleria Queen Victoria (Idipidi)
Ургаж байгаа дээрх хэсгийг тайраад хүчээр амрааж болно. Тэгвэл доорх үндэс илүү хөгжиж ургадаг. Усалгааг маш бага хийнэ - үндэс хатаахгүйн тулд чийглэх төдий.
Өвөлжүүлэхдээ цонхны тавцан дээр байлгаж болно. Хамгийн тохирсон нөхцөл бол +12-15С хэмтэй сэрүүн газар. Өвлийн сүүлээр шинэ нахиа гарч ирдэг.
Kohleria 'SRG's Persian Carpet'
Шилжүүлэн суулгалт
Үндэс хөрсийг бүрэн бүрхсэн тохиолдолд хавар шинэ хөрсөнд шилжүүлж суулгадаг.
Савны доор заавал дренаж хийнэ. Том ургамлыг 10-12см диаметртэй саванд суулгахад хангалттай. Өндөр биш, намхан өргөн саванд суулгасан нь дээр байдаг. Үндэс хажуу тийш тэлж ургадаг.
Шилжүүлэх явцад үндэс болон бут хувааж болно. Шилжүүлж суулгах нь ургалтанд эерэгээр нөлөөлдөг.
Kohleria Jester
Хөрс
Тэжээл сайтай, бага зэрэг хүчиллэг, хөнгөхөн хөвсгөр хөрс байна.
Сонголт 1. Навчин хөрс, хүлэрт хөрс, ширгэн хөрс, элс (2-1-1-1) (эсвэл 1-1-1-1).
Сонголт 2. Навчин, ширгэн, шилмүүст, хүлэрт хөрсийг (2:3:1:1) голын элстэй хольж хэрэглэнэ. Шилмүүст хөрс нь хүчиллэг болгож өгнө.
Санах зүйл — залуу цэцэг, зулзага суулгаж байгаа тохиолдолд ширгэн хөрс хэрэглэж болохгүй.
Хөрсний чийгийг зохицуулах үүднээс модны нүүрс хийх сайн. Перлит, эсвэл вермикулит байвал нэмээрэй.
Үрслүүлэх арга
Үрслүүлэх аргууд: үрээр, мөчирний үзүүрээр, ризома үндэс хуваах.
Үрээр:
1-2 сард үрээр тарьна. Хөрс: элс, хүлэрт хөрс. Үрийг хөрсөн дээр ил тараагаад, булахгүй. Услаад, вакумдна. Услахдаа шүршигч хэрэглэнэ. Ургаад томронгуут тусгаарлаж салгаж суулгана.  
Навчаар:
Навчаар үрслүүлэх нь яг л нил, баримганы навч шиг. Усанд үндэслүүлж болно. Шууд хөрсөнд суулгаж болно. Доор үзүүлсэн нь усанд үндэслээд, зулзаган навч гарагсан байгаа байдал. Үүнийг хөвсгөр хөрсөнд суулгана.
 
Мөчирний үзүүрээр:
Мөчирний хэсгээр хэзээ ч үрслүүлж болно. Усанд, эсвэл шууд хөрсөнд үндэслүүлдэг. 
 
3 үеэтэй хэсэг байхад болно. Дээрээ 3-4 навчтай. Доод навчнуудыг тасдаад цэвэрлэнэ. 20-30 минут ил тавьж хатаана. Хэрэв байвал үндэслүүлэгч бодис, эсвэл модны нүүрсний нунтагт дүрээд суулгана. 
Шинэ 2-3 навч ургангуут чимхэлт хийнэ. (Чимхэлтийн тухайн эндээс). Тэгвэл хажуугийн салаа мөчирнүүд гарч ирж, бут болно. Бут томрохдоо налж унаад байдаг. Иймд колерияг өлгөдөг саванд суулгаад унжуулж болно.
Ризом буюу үндэс хуваах:
Үүнийг хавар шижүүлэн суулгалт хийх үеээр салгадаг.
Жижиг саванд 1-2 см гүн суулгана. Услахдаа болгоомжтой. Хэтрүүлвэл илжрэх аюултай.
 
Ризомыг "цоожтой" уутанд бага зэрэг хөрстэй хадгалж болдог. Гэрэлтэй, гэхдээ наранд байлгахгүй, сэрүүн газар хадгална. Уутандаа ургаад эхлэдэг. Ургасан нахиа бүрээр нь салгаад нэг нэгээр нь суулгаж болно. 
   

Шуудангаар ирсэн ургасан ризомууд: 
 Хөрсөнд суулгаад 2 долоо хоногийн дараа:
 Нэг сарын дараа:

Нэг саванд хэд хэдэн ризом суулгасан нь: Зарим нь ургаад, зарим нь дөнгөж цухуйж байгаа.

Цэцэглэлт амрааснаас шууд хамаардаг:
Цэцэглэлт 4 сараас эхлээд тасралтгүй 10 сарыг дуустал үргэлжилдэг. 11 сар ч хүргэдэг. Нэг цэцэг ойролцоогоор 20 хоноод хагдардаг. Том бутан дээр зэрэг 100 гаруй цэцэг дэлгэрч байдаг. Цэцэглүүлэхэд:
1. Сарнисан тод гэрэл 
2. Амралт үе заавал гаргаж өгөх. Намар цэцэглээд дуусангуут ишнээс 2,5 см өндөр үлдээгээд тайрна. Сэрүүн газар хавар хүртэл байлгана.
3. Зөв бордоог тааруулж хийх.
Гарч болох хүндрэлүүд:
- Хүйтэн усаар услаад байвал навч бор хүрэн толбонуудтай болдог. Иймд зөвхөн жаваргүй бүлээвтэр ус хэрэглэдэг.
- Бордоо хэтрүүлсэн бол навч цайгаад, шаргалдуу толботой болдог.
- Шаргалдуу толбо нь мөн хурц наранд тавьсанаас болж түлэгдээд гардаг.
- Навч шарлаад байвал - бордоо хэтрүүлсэн, хэт хуурай, эсвэл хэт чийгтэй агаар, хэт хурц нар. 
- Навчин дээр цагаан толбо үүссэн - ус хүрсэн байна.
- Навч болон цэцгэн дээр саарал өнгөр үүссэн - саарал хөгц эсвэл мөөгөнцрийн гаралтай өвчлөлүүд байж болно. Арчилгаа буруу хийснээс ихэвчлэн гардаг. Шүршихээ зогсоох, өвчилсөн хэсгүүдийг тайрах, мөөгөнцрийн эсрэг бодисоор услах, шүрших. 
- Навч мушгирсан, хумигдсан, эсвэл унаад байвал - хэт хуурай агаар. 
- Хэт сунасан мөчир, навч унасаар халзарсан бол - гэрэл дутсанаас. Халзарсан мөчирнүүдийг тайрах.
- Таарч тохирохгүй хөрс, буруу усалгаа, буруу арчилгаанаас болоод ургамлын бөөс, щитовка, трипс, нематод хялгасан өт, цагаан эрвээхэй, гурилан өт гэх мэт дорхноо үрждэг. Хөрс бүрэн солих, тохирсон хор зааврын дагуу хэрэглэж устгана. 
- Хэт их нар, тод гэрэлд навч бүдэг, цайрсан, өнгөгүй болдог.
- Өвөл хүйтэн цонхны шилэнд наалдуулж тавьхад бор толбо үүсдэг.
- Навч мушгирсан, эргэлдсэн бол усалгаа дутсанаас мөн болдог.
- Навчин дээр саарал өнгөр байвал мөөгний гаралтай өвчин. Фунгицид бодисоор эмчилнэ. Үндэс болон хөрсийг шалгаж үзээрэй. Хөрс хэт их чийгтэй байснаас болно. Хэтрүүлж услаж болохгүй.
Kohleria hypertrichosa
http://www.violetbarn.com/lessons/propagating_kohleria.htm
http://www.medmoon.ru/wiki/
http://www.violets4you.com/kohleria%20culture1.html
http://sovetu.com/sad-i-ogorod/cvetok-koleriya-uxod-i-razmnozhenie.html
http://onwomen.ru/koleriya.html
http://sovetu.com/sad-i-ogorod/cvetok-koleriya-uxod-i-razmnozhenie.html
http://www.floralworld.ru/forum/index.php?topic=1162.0

No comments:

Post a Comment