Saturday, January 10, 2015

ФАЛЕНОПСИС

ФАЛЕНОПСИС
Phalaenopsis   Эрвээхий - цахирмаа
Эпифит ургамал
Цахирмаа овгийн ургамал. Зарим сорт нь бүтэн жил цэцэглэдэг. Бусад цахирмаан төрлийг бодвол хоосон бундуу үйсгэдэггүй. Үндэс нь сайн хөгжсөн. Байгальд эпифит хэлбэрээр ургадаг. Мод, чулуун дээр тогтож гаднах орчноос өөрөө ус, тэжээлээ олдог. Тийм ч учир цахирмааг жирийн тасалгааны цэцэгний хөрсөнд ургуулдаггүй. 
Фаленопсисын том, дагжаа, гээд хэмжээ, өнгөөрөө төрөл бүр байдаг байна. Цахирмааг ургуулах хэцүү, ааштай, арчилгаа шаарддаг гэдэг. Гол нь агротехникийн хэдэн зарчмыг баримтлах л хэрэгтэй гэнэ.
Том, жижиг фаленопсис
САВ - Фаленопсисын үндэс фотосинтезд оролцдог тул нэвт харагддаг тунгалаг саванд суулгадаг. Хажуугаар нь олон нүх хийж өгнө. Жимсний чанамалын нэг литрийн хуванцар ийм савыг улаастал халаасан хадаасаар цоолж хэрэглэнэ. Битүү, нэвт харагддаггүй саванд цахирмаа ургахдаа муу, яваандаа өвчлөөд үхдэг.
ХӨРС - Нарс модны холтос жижиглэж бэлдэнэ.
1. Модны холтос гол хэсэг нь болно.
2. Модны нүүрс заавал байна. Нийт хөрсний 10% -ийг эзэлнэ. Ус чийг зохицуулна, антисептик, элдэв хөгц, илжрэлт зэрэгийг гаргадаггүй.
3. Хөвд сфагнум, ус чийг хадгалахаас гадна бактерицидын үүрэг гүйцэтгэдэг.
Цахирмааны бэлэн хөрс
УСАЛГАА - Эпифит ургамал байгальд ус чийгээ агаарт байгаа ил үндэсүүдээрээ олж авдаг. Тасалгаанд саванд суулгасан байгаа тул тэр чадвар нь хязгаарлагдмал болсон байгаа.
1. Хамгийн энгийн арга - дээрээс нь услах. Ургамалд ус хүргэж болохгүй. Хөрсийг сайн услаад, илүүдэл ус урсаж гарахыг хүлээнэ. Доод суурь таваганд хуриамтлагдсан усыг заавал асгана. Цэцэглэж байхад цэцэгний дэлбээ, бундуунд ус хүргэж болохгүй. Цэцэг амархан үхдэг. Санамсаргүй ус хүрсэн бол хурдан салфеткаар шингээж авна.

2. Дараагийн нэг услах арга нь шүршүүрт оруулах. Сард нэг удаа зөөлөн усаар шүршиж угаана. Хэрэв крантны ус зэвтэй, элдэв бодис ихтэй гэж үзвэл доорх хөрстэй хэсэгийг гялгар уутаар бүтээж байгаад зөвхөн навч, ишийг угаана. 
Илүүдэл ус доош сайн урсгаад, үлдсэн усны дусалыг салфеткаар шингээж авна. 2-3 цаг ванны өрөөндөө байгаж хатаагаарай. Шууд гаргаад цонхон дээр тавьбал агаарын хэлбэлзэл, салхи зэрэгээс өвчилж болно.
3. Зарим цахирмаачид усанд дүрж усалдаг. Гүнзгий саванд ус хийгээд, савтай цэцгээ хөрс бүрэн далд ортол байлгадаг. 25-30 секунд дүрээд авна. Илүүдэл усаа сайн урсгаад, хөрс сайн хаттал дахиж услахгүй. Энэ арга нь усанд дүрэхэд дээш хөвөөд байхгүй хөрстэй бол тохирдог. 
Зуны улиралд үндэсний өнгөөр услах болсон үгүйг мэдээд байж болдог бол өвөл арай хэцүү. Туршлагатай цэцэгчид хүйтний улиралд услахын оронд шүршдэг.
Хэрэв модны холтосонд суулгасан бол устай саванд 7-10 минут хийж тавьдаг. Учир нь холтос усаар дүүрэх, дэвтэх ёстой байдаг. Шингээсэн усаа дараа нь үндсэнд аажмаар дамжуулдаг байна. Туршлагатай цахимраачид савтай цэцэгний жингээр услах болсон үгүйг мэддэг байна.
Цэцэгнүүдээ сайн ажиглаж байгаарай. Хэрэв аль нэг цахирмаа өвдсөн шинж тэмдэг илэрвэл усалгааг тус тусад нь өөр өөр устай саванд хийнэ. Эрүүл цэцэгнүүддээ халдвар дамжуулахаас сэргийлж байгаа нь энэ.

УС - ямар ус тохирох вэ:
1. Зөөлрүүлсэн (буцалсан, эсвэл крантны 10 литр усанд ¼ цайны халбага щавелийн (хурган чихний) хүчил хийж найруулсан).
2. Хүчил төрөгчөөр баян. Усаа нэг савнаас нөгөөрүү хэд хэдэн удаа нарийхан цоргоор удаан гоожуулж юүлэхэд ус хүчил төрөгчөөр цэнэглэгддэг.
3. Хэдэн өдөр задгай саванд байлгасан, хлоргүйжүүлсэн ус.
4. Өрөөний агаарын дулаанаас 1-2 хэмээр дээгүүр бүлээн усаар услах хэрэгтэй. Хүйтэн усаар усалж огт болохгүй, цахирмааг стресст оруулдаг. 
УСЛАХ БОЛСОН УУ, ХҮЛЭЭХ ҮҮ? - Үндэсний өнгөөр бас услах болсон үгүйг мэдэж болдог. Хэрэв мөнгөлөг саарал өнгөтэй болсон байвал услах цаг болсон. Хэрэв үндэс гоё ногоон өнгөтэй бол - цэцэг цатгалан, услах болоогүй гэж байна. Хөрс ойролцоогоор 7-10 хонож байж хатдаг. Хэрэв хатахгүй бол шалтгааныг хайж олох хэрэгтэй. Ихэнхидээ үндэс ямар нэгэн асуудалтай болсоноос ус чийгээ сайн шингээж чадахгүй болдог.
Үндэс цагаан саарал өнгөтэй ч савны хана хөлөрсөн, усны конденсат харагдаж байвал услах хрэгэгүй. Хангалттай ус чийг байна.
Ихэнхи өвчлөлүүд буруу усалгаанаас болдог. Хэрэв та услах уу, үгүй юу гэдэгээ шийдэж мэдэхгүй бол маргааш усалсан нь дээр. Бага зэргийн хөрс хаталт нь хэт усалснаас дээр байдаг. Ус цэцэгний голд үлдэж болохгүй. Голоосоо ялзарч эхэлдэг. Ургах цэг энэ тохиолдолд үхдэг. 
БОРДОО - Бордоог услах усандаа нэмэж өгнө. Бордоог хэтрүүлж болохгүй! Бордооны заавар дээр бичсэнээс хоёр дахин сул найруулж услаарай.
АГААРЫН ЧИЙГШИЛ - Тасалгааны агаар хуурай байдаг. Ялангуяа өвлийн улиралд халаах төхөөрөмжүүд ажиллаж байхад бүүр хуурай, мөн халуун байдаг. Өглөө оройдоо усаар шүрших хэрэгтэй.
АГААРЫН ДУЛААН - 20-23°С хэм байхад болно. Богино хугацаанд температур дээш доош хэлбэлзэхийг тэсэж чаддаг. Цэвэр агаарт дуртай, агаарын солилцоогүй, мөн дээр нь чийг ихтэй газар мөөгний төрлийн өвчлөлүүд дэлгэрдэг. Хүйтэн салхи болон нэвт салхийг үзэж чаддаггүй - цэцэг унаж, навч шарлаад үхдэг. 
ГЭРЭЛ - Гэрэл бол фаленопсисын ургалтанд шууд нөлөөлдөг зүйл. Гэхдээ нарны шууд гэрлээс хол байлгах хэрэгтэй. Зүүн талын цонхны өглөөний нар харин цахирмаад ач тустай. Нэмэлт гэрэлтүүлэг тавьж өгч болно. 
ЦЭЦГИЙН БУНДУУ УНААД БАЙНА - Тээвэрлэх, зөөх явцад стрессд орсон. Байршил өөрчилсөн, эсвэл хүйтэн салхитай газар тавьсан. Гэрэл дутсан, ус дутсан, хэт хуурай агаартай байна гээд олон шалтгаан байдаг байна. 
ФАЛЕНОПСИС ХЭДЭН ЖИЛ АМЬДАРДАГ ВЭ? - Зөв арчлах юм бол - маш удаан. 10 жил гаруй болно.
ХЭР УДААН ЦЭЦЭГЛЭДЭГ ВЭ? - 1 дүгээр сард цэцэглээд, сайн арчилбал бүтэн жил үргэлжилдэг. 
ЯАГААД ЦЭЦЭГНИЙ ӨНГӨ БҮДГЭРДЭГ ВЭ? - Хүлэмжинд хүчтэй бордоо, гормоноор бөмбөгдөж байсан цэцэг авч гэртэй жирийн нөхцөлд ургуулахад заавал стресст орно. Цэцэг шинэ нөхцөлд дасах гэж цаад тал нь нэг жил болдог. Иймд анх авсан шиг тод өнгөтэй, том хэмжээтэй үзэмжтэй цэцэг гарахгуй байж болно.
Савнаасаа хальсан цэцэг шилжүүлэх цаг болжээ
ХЭЗЭЭ ШИЛЖҮҮЛЖ СУУЛГАХ ВЭ? - Үндэс савыг бүтэн дүүргэсэн бол, модны холтос үүрмэг болсон бол. Фаленопсис ойр ойрхон шилжүүлж суулгахыг тэвчдэггүй. Ойролцоогоор 2 жилд нэг удаа. Шилжүүлж суулгахдаа мэдээтэй байгаарай - үндэс маш амархан хугардаг. Шилжүүлж суулгаад хэдэн өдөр услаж болохгүй. Шинэ шарх, гэмтэл эдгэх хэрэгтэй байдаг. 
ЦЭЦЭГНИЙ ИШИЙГ ТАЙРАХ УУ, ҮЛДЭЭХ ҮҮ - Ажиглалтаас харахад цэцэг өөрөө хэрэггүй болсон цэцэгний ишээ унагаадаг. Цэцэг өөрөө үлдээх үгүйгээ шийддэг. Хатсан хэсгийг тайрч хаясан ч доош хаталт нь явсаар тэр чигээрээ бүтэн хатаж дуусдаг. Цэцэгний ишийг бүүр тайрч хаяж болохгүй. Унтаж байгаа цэгээс 1-1.5 см дээгүүр богиносгож тайрдаг. Заримдаа нойрсож байгаа нахианаас шинэ цэцэгний мөчир, эсвэл зулзаган цахирмаа ургадаг.
"АМРАЛТ ҮЕ" ГЭЖ ЮУ ВЭ - Цэцэглэлтийн дараа амралт үе болдог. Ойролцоогоор 8-9 сард. Энэ үед бага услаж, бордоо огт хэрэглэхгүй. 10 сараас навчийг угаагаад, услана. 12 сард эхний цэцэг гарч ирдэг.
Орос хэл дээр зулзага салгах, суулгах тухай
ҮРСЛҮҮЛЭХ АРГА 
Ихэнхи тохиолдолд зулзага салгаж. Зулзаган цэцэг навчны дундаас, эсвэл цэцэгний иш дээр ургадаг.
 
Цахирмаан зарим төрөл - дендробитум, фаленопсис нь зулзаган цэцгээр үрждэг. Зулзагатай болонгуут бүлээн усаар сайн шүршиж байх хэрэгтэй. Ингэж үндэс хурдан ургадаг. Эх цэцэгнээс нь сайн үндэстэй, дээрээ хэдэн навчтай болсон үед нь салгаад, зүсэлт хийсэн газруудыг модны нүүрс, модны үнс, шархны ногоон шингэнээр түрхээд, суулгадаг.
Үрээр үржүүлэх нь тийм ч их үр дүнтэй ажил биш. Ихэнхидээ селекци хийдэг мэргэжлийн хүмүүсийн ажил. 
Үндэс хувааж үржүүлж болно. Хамгийн амархан арга. Том, насанд хүрсэн ургамлыг хавар эрт ухаж гаргаад, үндэсийг нь хурц хутгаар зүсэж хуваана. Зүсэлт хийсэн газруудаа модны үнсээр, эсвэл модны нүүрсээр түрхэнэ. Хатаасхийгээд хөрсөнд суулгана. Үндэс хуваах аргаар Каттлея, Цимбидиум, Пафиопедилум гэх цахирмааны төрөлүүд үрждэг.
Цэцэгний ишнээс ургасан зулзага


ЗУЛЗАГА ХЭЗЭЭ ЦЭЦЭГЛЭХ ВЭ - Хэлэхэд хэцүү. Заримдаа жилийн дотор. Заримдаа эх цэцэгнээс салгаж амжаагүй байхад эхтэйгээ хамт цэцэглэдэг. 
ЗУЛЗАГА ХЭЗЭЭ САЛГАХ ВЭ
Зулзаган цэцэг дээр 3-4 навч, мөн хэд хэдэн 5-6 см урттай үндэс ургахыг хүлээх хэрэгтэй. Хурц хутгаар эхээс нь салгаад тусад нь саванд суулгана. 
  
Шарханд түрхэх антисептикууд
Зулзага болгоныг салгахдаа хутгаа ариутгадаг (спиртээр арчих). Шинэ шархтай хэсгийг антисептик түрхэдэг.
НАВЧ ЯАГААД ШАРЛААД БАЙНА
Доод талын хуучин навч шарлах - ердийн хөгшрөлт.
Шарласан навчийг тасдах гэж бүү яараарай шинэхэн шарханд маш амархан халдвар ордог юм. Шар навч өөрөө хатаад унахыг хүлээсэн нь дээр.
Навч шарлаад, ялзраад эхлэх нь хүйтэн агаарын урсгалд тавьснаас болдог. Жишээ нь өвөл онгорхой цонхны доор тавьсан ч юм уу. Ийм тохиолдолд буцаад ногоорно гэж байхгүйгээс хойш шаралсан хэсгийг тайрч хаяна. Эрүүл ногоон хэсгийг хүртэл хайчилна, дараа нь тайрсан зүсэлтийг нөгөө ногоон шингэнээр түрхэж өгнө.
Шалтгаан нь мэдэгдэхгүй шарлалт, хаталт илүү хэцүү байдаг. Навч унжийгаад, товгор хээ нь алга болоод ирвэл үндэс болохоо байж гэж ойлгож болно - хэт усалснаас, эсвэл хүйтэн цонхны тавцан дээр тавьж дааруулсан г.м. Савнаас нь гаргаад үндэсийг сэгсэрч үзнэ.
Үндэс илжирсэн цэцэг
УРГАХ ЦЭГ АЛГА БОЛЛОО - заримдаа цэцэгний иш яг ургах цэгийн голоос ургасан байдаг. Цэцэглэж дуусаад цэцэгний иш унахад ургах цэг хамт алга болдог. Гэхдээ үндэс болон бусад хэсэг эрүүл ургаж байхад заавал зулзаган цэцэг гарна. Зулзаган цэцэгний ургах цэг нийт цэцэгний ургах цэг болж өгнө.
Заримдаа цэцэгний голруу ус оруулсан бол ургах цэг ялзардаг. Харласан бүх хэсгийг цэвэрлээд, мөөгний эсрэг бодис цацаж өгнө. Удалгүй хажууд нь зулзаган цэцэг ургаж цэцэглэдэг. Ус шүрсэхдээ мэдээтэй байх хэрэгтэй. Голд ус тогтсон бол заавал шүүж авна.
ХЭДЭН ЦЭЦЭГНИЙ ИШ ГАРАХ ВЭ - Заримдаа нэг цахирмаанаас 4-5 цэцэгний иш гарсан байдаг, заримдаа цэцэгний иш салаалж мөчирлөсөн байдаг. Үүнд нөлөөлөх арга байхгүй байх.
АСУУЛТ - ХАРИУЛТ: 
bi tsahirmaagaa shiljuuleh belen budaa ideh geed tany blogoos haigaad oldogguiee aimaar buduun undesnuud ni baritsaldaad modshood hachin yum bnaa usand hiigeed tavichihsan.
Цахримааг ойр ойрхон шилжүүлж суулгаад байдаггүй. 2-3 жилд нэг удаа, цэцэглэлт үе дууссан байхад хийнэ. Хэт том ургасан, хөрс бүрэн задарч ашиглагдсан, үндэс гэмтсэн, өвчилсөн зэрэг шалтгаануудаас болж сав, хөрсийг солих шаардлага гардаг. Хөрсөн дээр ургадагууд нь амралт үед орохдоо бүх үндэсээ алддаг тул жил бүр шилжүүлж суулгана. 3 нас хүрээгүй фаленопсис цахирмааг 6-8 сар болоод хөрс солиод байхад дуртай байдаг.
Цахримааны үндэс идэвхитэй ургалт үе болон амралт үед ордог. Шилжүүлэн суулгалтыг ер нь бол жилийн аль ч улиралд хийж болно гэдэг, гэхдээ илүү тохиромжтой үе нь хавар, зуны эхэн сар. Үндэс ургалт үедээ орохын өмнө шилжүүлсэн нь дээр.
Цахирмааны үндсийг шинжээд үзээрэй: хэрэв таны цахирмааны үндэс жигд өнгөтэй байвал - амарч байна гэсэн үг. Хэрэв үндэсний үзүүрүүд тод ногоон өнгийн байвал - ургалт үе эхэлжээ гэсэн үг. Энэ үед шилжүүлэн суулгалтыг хийх хэрэггүй. Учир нь залуухан ургаж байгаа үндэс маш эмзэг, амархан гэмтдэг. Үүнээс болоод үндэс ургахаа больдог.
Хэрэв үндэсний ургалт үе эхэлсэн, гэхдээ шилжүүлэн суулгалт зайлшгүй хэрэгтэй бол шинэхэн ногоон үндэс ядахдаа 5 см, мөн түүнээс урт ургахыг хүлээж байгаад шилжүүлээрэй. Энэ тохиолдолд шинэ үндэс гэмтсан ч салаалж ургах чадалтай болсон байна.
ШИЛЖҮҮЛЖ СУУЛГАХ
Шилжүүлж суулгахдаа санаж байх гол зүйл - цахирмаа нь бусад ургамлаас хамаагүй гэмтэмтгий үндэстэй.
Шилжүүлж суулгахын өмнө сайн чийглэж норгоно, тэгвэл үндэс дэвтээд, уян болж амархан савны хананаас сална. Хэрэв сав нь хуванцар байсан бол салахдаа амархан. Харин шавар саванд ургаж байсан бол үндэс салгахад хэцүү байдаг. Үндэс савны хананд барьцалдаад наалдсан байдаг. Салгахын тулд модон савх хэрэг болно. Модон савхаар бага багаар нь хананаас салгах хэрэгтэй болно. Хэрэв шавар сав нь дараа нь ашиглагдахгүй бол зөөлөн тоншиж байгаад хаглаж болно.
Гаргаж авсан ургамлаа зөөлрүүлсэн, хлоргүй бүлээн усанд байлгана. Үндэс бүрэн дэвтэх ёстой. Тэгвэл хуучин хөрснөөсөө амархан сална, мөн илүү уян хатан болдог. Хэрэв модны холтосны зарим хэсгийг үндэснээс салгах хэцүү бол зулгаах тасдах хэрэггүй, үлдээчих. Цахирмаа дэвтэж байх хугацаанд хөрсөө бэлдэнэ.
Хуучин хөрсийг гөвсний дараа үндсээ сайн шалгаарай. Зөөлөрсөн, илжирсэн хэсгүүдийг цэвэрхэн хурц хутгаар салгана. Гараараа зулгаах хэрэггүй. Хүсвэл зарим цахирмааг хувааж (симподиал цахирмааг) болдог.
Хэт урт урт үндэсийг урүүл байсан ч гэсэн тайраад богиносгодог. Учир нь агаарт ил байх явцдаа агаараас ус чийг сорж авч байх тусгай гадаргуйтай болсон байдаг. Энэ гадаргуй нь хөрснөөс ус сорж авахад саад болж болно. Мөн гадаргуй нь чийгтэй хөрсөнд дасахгүй өвчилнө.
Зүссэн бүх газруудыг сайн хатаагаад, модны нүүрс түрхэнэ. Ариутгах үүднээс хүхэр, эсвэл фунгицид өөр бодис түрхэж болно.
Хуучин хөрснөөс бүрэн салгасан, гэмтсэн, өвчилсөн үндэснүүдйиг тайрна. Модны нүүрс түрхэнэ. Шинэ саванд суулгана. Шилжүүлж суулгасны дараа дээгүүр нь хөвдөөр бүтээх нь дээр байдаг.
Шинэ савны ёроолд заавал дренаж хийнэ. Хөрснийхээ талыг дүүргээд, ургамлаа байрлуулна. Дээрээс нь хөрс нэмээд, жигд дүүргэхийн тулд савныхаа ханыг тоншиж байна. Бүх үндэсийг нь саванд чихэх гэж бүү хичээгээрэй. Зарим үндэс хөрсний дээр байх, эсвэл ил гарсан байх зүгээр.
Хөрсөө дээрээс нь дарж, хүчилж хэрэггүй. Зай завсарыг хөрсөөр дүүргэж өгнө. Сав хөрсөөр дүүрсэн, ихэнхи үндэс саванд орж хөрсний доор байгаа бол зарим багтахгуй цухуйж байгаа хэсэгт санаа зовох хэрэггүй. 
Ургамал савандаа сайн байралсан, тогтвортой байх ёстой. Бага зэрэг ганхсан байхад цахирмаа үхэж болно. Учир нь шинээр ургаж байгаа үндэсний үзүүрүүд маш мэдрэмтгий, иймээс хөдөлгөөнгүй тогтвортой суулгах чухал.
Үндэс хоорондын сул зай завсарыг ингээд нэг нэг ширхэгээр хийж дүүргэж болно.
Шилжүүлж суулгаад услахгүй! Усаар шүршээд, 2-3 долоо хоног сүүдэрхэг, чийглэг агаартай газар байрлуулна. Шинэ савандаа дасан зохицох үе амжилттай давсан бол байнгын байранд нь тавьна.
Зөв шилжүүлэн суулгасан бол тэр жилдээ цэцэглэдэг. Буруу хийсэн бол хэдэн жил эмчлэх, зууралдах болно шүү. Иймд асуултанд хариулахад тэр "аймаар бүдүүн, модширсон" үндэснүүдээ оролдолгүй шууд л шинэ саванд шилжүүлээрэй. Илжрээд, зөөлрөөд өвчлөөгүй, хорхой, мөөг ургаагүй, эрүүл бол санаа зоволтгүй ээ. Зарим үндэс ил гарсан ч болно.
Щитовка
"Гурилан өт"
Асуулт: Сайн байна уу? Миний цахирмааны хөрсөнд сүүлийн нэг сар бордуу өнгөтэй цэлцгэр, жижигхэн, жижигхэн маш олон тооны бөөс шиг шавьж гүйгээд байх боллоо. Зун бас ийм шавьж дүүрчхээр нь хөрсийг нь сольсон одоо дахиал үржээд эхэллээ яавал дээр вэ? Тэр шавьж нь хөрс хатсан үед чийглэг, гүнрүү нь орчхоод услахлээр арзайгаад гараад ирдэг. Соёолжоос хөвдөн хөрс авч сольсон юм.
Хариулт: Цахирмаагийн хөрсийг тохируулах хэрэгтэй. Цахирмааны тусгай хөрс гэж гадуур зардаг. Хэрэв бэлэн хөрс байхгүй бол өөрөө олж авах маш амархан. Цахирмаад их хөрс хэрэг болохгүй. Модны холтос үүрүүлээд л болоо. Модны холтос дангаар нь, эсвэл бага зэрэг хөвд нэмэж болно.
Шинэ хөрсөө буцалсан усаар шалзлаад ариутгана
Эхлээд хорхойноос салах хэрэгтэй. Цахирмаа дотор их тааралддаг бор цэлцгэр хорхой гэвэл дун хорхой, улаан аалзан хачиг, ширх, за тэгээд нэрийг нь монголоор мэдэхгүй щитовка, трипс гэдэгүүд мөн л бор, бор улаан өнгөтэй. Аль нь ч байсан бүгдийг устгана. Үүний тулд Фитоверма эсвэл Актеллик гэсэн хороор усална.
Дараа нь хөрсөө сольно. Гаргаж аваад бүлээн усанд угааж хөвд, болон бусад хөрсний үлдэгдлээс цэвэрлэнэ. Суулгах сав, хөрсөө ариутгахаа мартав. Дахиад хорхой үүрлэнэ.
Цаашид усалгааг зөв хийж байгаарай. Усалгаа хооронд хөрс ёроолоо хүртэл хатах ёстой. Услах цаг болжээ гэдэгийг үндэсний өнгөөр мэдэж болно: мөнгөлөг саарал байвал – услах цаг болсон байна, хэрэв ногоон байвал – услах эрт байна. Цахирмаагийн тусгай саванд ургуулвал илүү дээр. Үндэс хатаад, төрөл бүрийн хорхой шавьж бий болох орчингүй байна гэсэн үг.
http://jul-shar.narod.ru/1FAL_FOTO_UROK.html

3 comments:

  1. sain bn uu? hors gdg n dan modnii holtsos bn gsn uguu?

    ReplyDelete
    Replies
    1. Sain bn uu. Tsahirmaanii hurs geed gaduur belen hurs zunduu zarj bsn. Soyooljid Japan hurs haragdsan. Yer n bol modnii holtos, perlit, huvd geed bhad boldog.

      Delete
  2. Үнэхээр гоё мэлээлэл бн, баярлалаа, тэхдээ би л лав шилжүүлж суулгаж чадахгүйм шиг бн, минийх уг нь зулзагалаж байгаам бн, манайд 6 жил болсон, 8 удаа цэцэглэж байжээ, би ингэж айхтар арчилж байгаагүйээ, зүгээр л услаад л нэг л удаа савыг нь шилжүүлж суулгасан, ерөнхийдөө мундаг цэцэгчин хүний цэцэг юм бншд, яаж манайд цэцэглээд байсан юм ккк

    ReplyDelete