Sunday, January 15, 2017

Плюмерия

Плюмерия (латин нэр Plumeria)
Овог: Apocynaceae 
Эх нутаг: Төв болон Өмнөд Америк, Номхон далайн арлууд, Тайланд.
XVII-р зуунд амьдарч байсан Францын нэрт ботаникч Шарль Плюмьерын нэрээр нэрлэгдсэн.
Бүдүүн иш, мөчиртэй шүүслэг бут/мод. Навч зузаан, хатуу, өндөгөн хэлбэртэй, тод судалтай, урт иштэй. Плюмерия маш зөөлөн, анхилуун үнэртэй цэцэгтэй. Цэцэг төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй. Өглөө үүрээр илүү хүчтэй үнэр ялгаруулдаг.
Цэцэглэлт үе дөнгөж эхлэхэд цэцэгний хэмжээ хамгийн том, илүү тод үнэртэй байдаг байна. Цаашаа жижигрээд, сулраад ирдэг гэнэ. Цэцэглэлт удаан үргэлжилдэг. Олон цэцэг гаргадаг.
Цэцэгний өнгө олон янз байдаг. Шар, улаан өнгийн туяа тодорч бүдгэрэх нь ургуулж байгаа нөхцөлөөс шалтгаалдаг байна. Агаарын хэм их байх тусам цэцэгний өнгө илүү гүн байдаг. Сэрүүвтэр өрөөнд цэцэгний өнгө тайван, бүдгэвтэр гардаг. Мөн ургамал хөгшрөх тусам өнгө бүдгэрдэг байна.
Плюмерия нь Бали болон Лаосын үндэсний цэцэг. Эртний майячууд үүнийг хайр дурлалын цэцэг гэдэг байсан байна. Зарим Азийн орнуудад буддын хийдийг тойруулж ургуулдаг. Үхэшгүй мөнхийн бэлэг тэмдэг гэж үздэг байна. Сүм хийд дотор чимэглэдэг тул "сүмийн цэцэг" гэсэн ч нэртэй гэнэ.
Гоо сайхны үйлдвэрлэлд плюмериягаар шөнийн тос хийдэг юм байна.
ТӨРӨЛ
Плюмерия цагаан
Плюмерия цагаан (Plumeria alba) — 10 м өндөр хүрдэг навчаа гөвдөг мод. Навч 30 см урт, 2-7 см өргөн. Цэцэг 2-2.5 см диаметртай, цагаан, шаргал нүдтэй, анхилуун үнэртэй.
Плюмерия улаан
Плюмерия улаан (Plumeria rubra) — мөнхийн ногоон бут, шүүслэг бүдүүн мөчиртэй. Навч 45 см урт, 15 см өргөн, зузаан, хатуу, тод судастай,  урт иштэй, . Цэцэг зөвхөн залуу мөчир дээр гардаг. Иймээс тайралтыг цэцэглэлт үе дууссаны дараа л хийж байна. Цэцэг 15-20 ширхэгээр багцалж ургадаг. Цэцэгний өнгө ягаан, улаан, маш хүчтэй үнэртэй. Улаан плюмерия олон төрөл, сорт, өнгө зүстэй.
Плюмерия улаан 3 өнгөт - tricolor
Плюмерия улаан lutea хэлбэр
АРЧИЛГАА
Гэрэл
Плюмерияд маш тод гэрэл хэрэгтэй. Нарны хурц гэрлийг дааж чаддаг. Урд зүгийн цонхон дээр сайн ургадаг.
Зун гадаа гаргана. Салхи, борооноос хамгаалж нөмөрт байрлуулна. 
Намар болон өвөл нэмэлт гэрэл гаргана, эсвэл маш тод гэрэлтэй газар тавьна.
Тогтмол цэцэглүүлэхийн тулд өдөрт 6 цаг нарны шууд тусгал доор байлгана. Сүүдэр газарт, эсвэл нарны гэрэл дутагдсан бол цэцэглэхгүй, мөчир нарийсч, сунадаг. 
Агаарын хэм
Зун плюмерияг дулаан газар +24-30°C байлгана. Намар - өвөл температурыг +17-18°C. Анхаарах зүйл: +16°С хэмээс буулгаж болохгүй.
Агаарын чийгшил
Агаарын чийгшил онцгой ач холбогдолгүй. Гэхдээ ургалт үед нь агаар чийглэг болгож өгвөл илүү ургадаг. Навч шүршиж болно. Ус зөөлөн, шүүсэн, жаваргүй бүлээн ус байна. Чийгтэй хайрга, керамзит, хөвдтөй саван дээр тавьбал орчны агаар арай чийглэг байна. Гэхдээ савны ёроол усанд хүрч болохгүйг анхаараарай. Цэцэглэж байгаа ургамлыг шүршихдээ цэцгэнд ус хүргэж болохгүй.
Усалгаа
Хавар-зун усалгааг элбэг, сайн хийнэ. Хөрсний дээд хэсэг хатсан үед дараагийн усалгааг хийнэ.
Намар, өвөл навчаа гөвдөг тул усалгааг багасгана. Гэхдээ хөрсийг бүүр хатааж болохгүй. Өлөн чийглэг байдалд байлгана.
Бороотой, бүрэнхий өдөр болон хүйтэн сэрүүнд маш болгоомжтой услаж байна. Хэт их усалснаас болж хөрс эсэх, ялзрах аюул байдаг тул илүүдэл усыг доод суурь тавагнаас заавал юүлж асгаж байна.
Бордоо
Хавар сэрж шинэ навч ургаж эхэлнэ. Энэ үед азот, фосфор, калий тэнцүү агуулсан бордоо хийнэ. Дараа нь фосфор болон микроэлементууд давамгаалсан бордоо хэрэглэнэ. Энэ нь цэцэглэлтийг ихэсгэдэг. Азот ихээр агуулсан бордоо плюмерияд таарахгүй. Мөчир хэт ургаад, навч хоорондын зай сунаж уртасаад, цэцэглэлт эхлэхгүй удна.
Бордоог үндэсээр болон навчаар ээлжилж хийвэл илүү үр дүнтэй. Үндэсээр гэдэг нь услах усандаа найруулж услаж байна. Эхлээд зүгээр усаар услаад, 20 минутын дараа бордоотой усаар услана. Дахин 20 минут хүлээгээд зүгээр усаар дахин услана. Навчаар бордох гэдэг нь шүрших усандаа 2-3 дахин сулавтар найруулж навчийг ар өвөргүй шүршихийг хэлнэ. Энэ нь гадаа болон шилэлсэн тагтан дээр байлгаж байгаа ургамалд илүү тохирдог. Дандаа үндэсээр бордоод байвал ихэнхи бордоо тэжээл нь доош дренажны нүхээр урсаад алга болдог. Навчаар бордохдоо шингэн бордоог 50:50 харьцаатай найруулна.
Шүршихдээ орой үдшийн сэрүүнд, навчны дээд доод талыг сайтар норгож бордно. 10 хоногт нэг удаа бордох ба намар тийш багасгасаар зогсооно.
Хөрс
Тэжээллэг, хөвсгөр, агаар ус сайн нэвтрүүлдэг, яваандаа нягтаршаад хатуураад байхааргүй хөрс байна. Жишээ нь: ширгэн — 2 хэсэг, ялзмаг — 1 хэсэг, хүлэрт хөрс — 1 хэсэг, элс — 1 хэсэг.
Шилжүүлэн суулгалт
Залуу плюмерияг жил бүр, харин том савтай хөгшин ургамлуудыг 2 жилд нэг удаа хавар эрт шилжүүлж суулгадаг. Плюмерия маш хүчтэй үндэстэй. Иймээс том, багтаамжтай сав сонгодог. Ургамлын хэмжээ нь савны хэмжээнээс шууд шалтгаална. Том сав байх тусам плюмерия өндөр ургадаг. (Сав томруулах тухай эндээс)
Хэрэв савыг томруулах боломж байхгүй бол үндэс тайрч болдог. Үүний тулд савнаас гаргасан үндэстэй хэсгийг хажуу талуудаас нь тойруулаад болон доороос нь 5-7 см багасгаж тайрдаг. Чөлөөтэй болсон савны зайнд шинэ хөрс хийж дүүргэнэ.
Хэт том, хөгшин ургамлыг шилжүүлж суулгаж болохгүй бол жил бүр хөрсний дээд хэсгийг хусаж аваад шинэ хөрсөөр сольж болно.
Заавал дренаж дэвсэж өгнө. (Дренажны тухай эндээс)
Амралт үе
Намар өдөр богиносож ирэнгүүт ургалт удааширна. Амралт үедээ орно. Навчаа хэсэгчилж эсвэл бүрэн гөвдөг. Ихэвчлэн хөгшин, хуучин навчнуудаа гөвдөг. Навч унахад сандрах хэрэггүй. Энэ бол хэвийн үзэгдэл. Энэ үед плюмерияг сэрүүн байлгаж, усалгааг багасгана. 
Амралт үе богинохон (3 долоо хоногоос 1,5 сар). Үүний дараа төрөл, сортоос хамаараад навч, эсвэл цэцэг гарч ирнэ.
Тайралт
Амралт дуусангуут тайралт хийх хамгийн тохирох үе. Цэвэрхэн ариутгасан хутгаар хэт урт, хэт сул, туниа муутай, эсвэл мурий, эвгүй хэлбэртэй ургасан гэх мэт мөчрүүдийг тайрна. Үүнээс гадна халдвараас болгоомжилж мөчирний харалсан үзүүрүүдийг тайрдаг. Зүсэлт цэвэрхэн, бор толбогүй байх ёстой. Шүүс нь хортой гэдэгийг санаж байх хэрэгтэй.
Плюмерия дээшээ ургадаг. Тайралтаар салаалж мөчирлүүлэх хэцүү. Цэцэг ургаж гарсан цэгээс өөрөө салаалж мөчирлөдөг. Энэ газар "сэрээ" үүсдэг. Салаалж ургасан мөчирний өргөн нь үндсэн мөчирний өргөнтэй адил байдаг. Энэхүү "сэрээгээр" цэцэглэж байсан үгүйг нь мэдэж болдог. V хэлбэртэй үрсэлгээ байвал энэ нь цэцэглэсэн ургамлаас тасдаж авсан байна гэсэн үг.
Заримдаа хэт өндөр болгохгүйн тулд дээд үзүүрийг тайрдаг. Гэхдээ энэ нь цэцэглэлтэнд муугаар нөлөөлнө. Нарны гэрэлд хангалттай байдаг плюмерия тайралтын дараа хажуугийн мөчир гаргаж болдог.
Цэцэгний үнэр лимон, жасмин, гардения, амтлагч ногооны үнэртэй төстэй.
Тогтмол услахгүй, мөн жигд услахгүй байвал, гэрэл дутсан бол навч шарлаад, ургалт зогсдог.
Үр - идэж болохгүй. Цэцэглэлтийн дараа нарийхан, урт шовх ногоон, эсвэл улаан өнгийн үртэй уут гарч ирдэг. Үрийг хуурай сэрүүн газар хадгална. Удах тусам ургах чадвар алдагдна.
ҮРСЛҮҮЛЭХ АРГА
Плюмерия үрээр болон хагас модорхог болсон мөчрөөр үрждэг.
Үрээр: Үрээр тарихад эх цэцгийн шинж чанар 100 хувь хадгалагдахгүй. Гэхдээ өөр өнгө, зүстэй шинэ цэцэг гаргаж авах боломжтой тул үрээр ургуулах бол сонирхолтой ажил. Үрээр суулгасан плюмерия 2-3 жилийн дараа цэцэглэдэг.
 
Үрийг суулгахын өмнө усанд дэвтээж бүлээн газар хонуулна. Усандаа нэг дусал "Эпин", "Циркон", эсвэл "Super Thrive" хийнэ. Халаалт ирсэн үед ингээд "паар"-ан дээр хонуулж болно. Мэдээж халуун байж болохгүй. +35-40С тогтмол хэмтэй байвал сайн. "Паар" хэт халуун бол зузаан юм ивээд тавьж болно.
 
Дэвтээсэн үрээ уснаас гаргаад сайтар шалгаарай. Хэрэв үр дэвтэж "памбаагаагүй" бол шууд хаяж болно. Ийм үр ургахгүй.
  
-Хөрсөө бэлдээд услаж чийглэнэ. 
-Үр суулгахдаа далавчийг нь харагдахаар булна. Хөрсөө зөөлөн дарж нягтаршуулна. Вакумдна.
-Нартай газар байрлуулна. Хөрс үл ялиг чийгтэй байна. Усархаг байж болохгүй. Нахиа 7-30 хоноод гарна.
 
 
 
Анхны жинхэнэ навч цухуйж байгаа нь:
 
Эхний хоёр жил маш их арчилгаа шаарддаг. Энэ хугацаанд хоёр ч удаа савыг томруулж шилжүүлэн суулгасан байх ёстой. Азотын бордоо заавал өгч байна.
Залуу плюмерияд өдөрт 6 цагийн нар хэрэгтэй байдаг. Хавар 5 сараас эхлээд гадаа тагтан дээрээ гаргаж дасгана. Тод гэрэлд бага багаар аажмаар дасагана. 
Зун хэт халуун бол өдөр өнжөөд услаж байна. 
 
Гурав дахь жилдээ 1 м өндөр ургадаг. Илүү том саванд суулгана. Гурван настай үрсэлгээ цэцэглэж эхэлдэг. Гэхдээ зарим төрөл, сортууд нь эхний жилдээ ч цэцэглэсэн байдаг.
Өөр нэг үр суулгаж болох арга нь: Үрний далавчийг аваад 6 см саванд хэвтээ суулгана. Долоо хоноод ургаж эхэлдэг. Дулаахан нартай газар байлгахад хурдан ургадаг. Эхний жил 30 см өндөр ургадаг, 3 жилийн дараа 1 метр ба түүнээс дээш болно. Нахиа гараад, үндэс ургангуут 8—9 см диаметртэй саванд шилжүүлж суулгана. Хөрс: ширгэн — 2 хэсэг, ялзмаг — 1 хэсэг, хүлэрт хөрс — 1 хэсэг, элс — 1 хэсэг; үндэслэсэн үрсэлгээнд энэ хөрсийг мөн хэрэглэнэ.
Дараагийн нэг арга: Баглаа боодолд хамгаалалтын ийм цагаан хөөсөнцөр байдаг. Үүнийг Plumeria-гийн үр соёолуулахад ашиглаж болох юм байна.

Усандаа нэг дусал "Эпин", эсвэл "Циркон", эсвэл "Super Thrive" хийнэ. Хутга/хайчаар нүхлээд, үрээ тогтооно. Хөөсөнцөр бүр дээр сортын нэр, огноо бичиж тэмдэглэнэ. Ийм аргаар үрслүүлэхэд 4 хоногийн дотор соёолно гэнэ.
Мөчрөөр:
Эрүүл чанга мөчирнөөс үрсэлгээнд тайрч авна. Үрсэлгээнд авах хэсэг нь доод үзүүртэй модорхог болсон байх ёстой. Ногоон мөчир үндэслэхдээ муу. Үрсэлгээний мөчир 25-40 см урт. Үүнээс богино байж болно. Гэхдээ богино мөчир үндэслэхдээ муу. Том болж ургатал илүү хугацаа шаардагддаг.
Плюмериягийн мөчир бүдүүн, махлаг 2 - 5 см өргөн, Үрслүүлэх мөчирний урт 20 см-ээс дээш байна. Үндэслүүлэхдээ хөрс доороос халаах аргыг хэрэглэх нь дээр байдаг. Мөчирний давуу тал нь - хэдэн сараар хадгалж болдог, ургах чадвараа алддаггүй. Хэрэв та халуун оронд жуулчилж байгаа бол плюмериягийн мөчирнөөс аваад боогоод ирэхэд санаа зоволтгүй. Тайрсан мөчирт хөрс хэрэггүй, усалгаа шаардахгүй. Амархан үндэслэдэг.
Мөчир хэзээ тасдаж авах вэ?
Плюмерияг хэзээ ч үрслүүлж болно. Хамгийн тохиромжтой үе бол намар, эсвэл өвөл амралт үед байхад нь. Мөчрийг хэдэн сар хадгалж болдог. Амжилттай үндэслүүлэхийн тулд дулаахан газар хэрэгтэй. Доороос нь халаавал илүү хурдан.
Мөчир ямар байх ёстой вэ?
Мөчирний үзүүр хэсгийг тайрч авах хэрэгтэй. Гэхдээ хагас модорхог, сааралдуу өнгийн болсон байна. Ногоон мөчир тайрч болохгүй. Тохиромжтой урт - 25-35 см. Хэт урт мөчир суулгах бас буруу. Цэцэглэтлээ 30 см нэмэж ургана. Иймээс урт нарийхан савх тогтвор муутай байхаас гадна үзэмжгүй харагдна.
Мөчрийг яаж тасдах вэ?
45 хэмийн ташуу тайрна. Ийм зүсэлт нь талбай томтой байх тул үндэс ихээр гарна гэсэн үг. Хэрэв навчтай мөчир бол бүх навчийг тасдаж авах хэрэгтэй. Цэцэг байгаа бол цэцэгнүүдийг нь үлдээж болно.
Зүссэн мөчрөө 2 долоо хоног ил байлгана. Дулаахан хуурай, агаарын солилцоо сайтай газар хатаадаг. Хэрэв зүсэлтийг өвөл хийсэн бол хавар хүртэл байлгаж болно. Мөчир зүгээр хадгалагдна. Гэхдээ заавал хавар хүртэл хүлээх хэрэггүй. Тасалгааны дулаан нөхцөлд хэзээ ч үндэслүүлж болно.
Яаж суулгах вэ?
Суулгахын өмнө зүсэлт хийсэн газрыг үндэслүүлэгч бодисонд дүрнэ. Мөн мөөгний халдвараас сэргийлж фунгусын эсрэг бодист дүрнэ. Мөчирний доод талын 2 см хэсгийг л дүрнэ. Учир нь үндэс зөвхөн зүсэлт хийсэн хэсгийг тойроод ургадаг.
Үндэслүүлэхийн тулд мөчирний хэмжээнээс шалтгаалж 2-3 л багтаамжтай сав авна. 
Хөрс 3 үе байна:
Доод үе - сайн дренажтай, оганикаар баян хөрс. Хүлэр хөрс, перлит, модны холтосны үүрмэг зэргийг хольсон цэцгийн жирийн хар шороотой хөрс байж болно. Заавал тавигдах шаардлага - халуун орны ургамалд заавал зузаан дренаж хийж өгнө.
Дунд үе - перлит эсвэл элс.
Дээд үе - доод үетэй адилхан.
Доод үеийг саванд хийнэ. Дээрээс нь дунд үе болох перлит эсвэл элс хийнэ. Энэ дунд үед мөчрөө тогтооно. Дээрээс нь дээд үеийн хөрсөө хийнэ. Мөчир сайн бат бөх тогтсон байх ёстой. Усалгаа арчилгааны явцад мөчир хөдлөх, нүүх ёсгүй. Дөнгөж ургасан үндэс маж эмзэг туяхан байдаг тул бага зэргийн хөдөлгөөнд хугардаг. Хэрэгтэй гэж үзвэл тулгуурт боож болно. Мөн дээрээс нь жижиг ширхэгтэй хайрга хийж тогтвортой болгож болно. 
АНХААР: Хортой шүүстэй тул хүүхэд, гэрийн тэжээвэр амьтадаас хол байлгаарай.
Үндэсний ургалт
Үндэслэх явцад усны хэрэглээ маш бага. Гэхдээ хөрсийг хатааж болохгүй. Долоо хоногт ойролцоогоор 350 мл ус хийж байна. Гэрэл - маш тод, Нарны гэрэл тохирно. Хөрсийг доороос нь халаавал илүү хурдан үр дүнтэй. Дээрээс (нарнаас) авч байгаа энерги болон доороос (савтай үрсэлгээ тавьсан гадаргуйгаас) авч буй дулаан нь үндэслэлтийг түргэсгэнэ. Шинэ навч ургавал - үндэслэсэн гэсэн дохио. Цэцэглэлт бол үндэслэсэн гэсэн дохио биш шүү! Мөчир бундуулж болно. Гэхдээ үндэс гарсан гэдэгийг зөвхөн шинэ навчаар баримжаа авна. Ойролцоогоор 45 - 75 хонож байж үндэслэнэ. Ургасан үндэс маш мэдрэмтгий, эмзэг тул ишнээс битгий татаарай. 
Хэзээ цэцэглэх вэ?
Плюмерия өвөл навч гарахаас өмнө цэцэглэж болно. Дээр хэлсэнчлэн, энэ бол үндэс ургасан гэсэн тэмдэг биш. Зарим нь гарсан цэцгүүдийг тайрч авдаг. Үрсэлгээний хүчийг зөвхөн үндэс ургахад зарцуулахын тулд. Ер нь цэцэглэлт дараа жил нь болно.
Мөчрийг хэдэн сараар хадгалж болдог. Гэхдээ үндэслэхэд хамгийн сайн үр дүнтэй нь 1-2 долоо хоносон мөчир байдаг. Буруу хадгалсан бол, мөн ариутгаагүй, хурц биш хутга хэрэглэсэн бол халдвар орсон байдаг. Энэ нь эхэндээ огт мэдэгдэхгүй. Суулгасан ийм мөчир хэдхэн өдрийн дотор илжирдэг. Үүнээс сэргийлэхийн тулд тайрч авсан мөчрийг шинээр зүсдэг. Дараа нь хэдэн өдөр хатааж байгаад суулгана.
Доод үзүүрийг усанд дүрээд түргэн үндэслүүлэгч (Корневин, Циркон, Гетероауксин) бодисонд дүрнэ. Мөн мөөгний халдвараас хамгаалж фунгицидаар шүршиж болно. Үрсэлгээгээ шууд перлит, эсвэл перлитийг сайн шороотой хөрстэй холиод суулгаж болно. 3-үе аргыг хэрэглэж болно: саванд 1/3 хөвсгөр хөрс хийнэ, дээр нь перлит 1/3 хийнэ. Үүндээ үрсэлгээний мөчрөө зооно. Доод зүсэлт перлитэнд бүтэн байхаар тогтооно. Дээрээс нь хөвсгөр хөрс хийнэ. Ингэхэд доод зүсэлттэй хэсэг 10 см орчим булагдсан байна.
Дараа нь дулаахан гэрэлтэй газар байлгана. Дулаан газар, бүлээвтэр хөрс, мөн нарны гэрэл нь хурдан үндэслэхэд нөлөөлдөг. Намар, өвөл, хавар үрслүүлж байгаа бол нэмэлт гэрэл гаргаж өгнө. Усалгааг маш цөөн, шаардлагатай үед л хийнэ. Хэт услаж болохгүй. Хөрс өлөн чийглэгдүү байна.
Мөчир 2-3 сар болж байж үндэслэдэг. Шинээр навч ургаж эхэлвэл үндэслэсэн гэсэн дохио болдог. Бага багаар усалгааг ихэсгэнэ. Сайн үндэслүүлж байгаад том саванд шилжүүлж суулгана. Цаашид том цэцэг шиг арчилна. Мөчир тасдаж авч байх үед эх цэцэг бундуулж эхлэсэн байсан бол ийм үрсэлгээ эхний жилдээ цэцэглэнэ. Бусад тохиолдолд - дараа жил нь цэцэглэнэ.
Хэрэг болох зүйлс: мөчир, үндэслүүүлэгч гормон, нэг аяга ус, шугам, хөрс, сав, перлит, голын жижиг хайрга/чулуу.
Мөчирний доод үзүүрээс 4 инч буюу ойролцоогоор 11 см урт тэмдэглэнэ.
2/3 хэмжээтэй хөрсийг 1/3 хэмжээтэй перлиттэй хольно.
Савандаа бэлдсэн хөрсөө хийнэ. Дээд ирмэгээс 3 см зайтай дүүргэнэ.
Мөчирний доод үзүүрийг усанд дүрээд, дараа нь үндэслүүлэгч бодисгормонд дүрнэ.
Тэмдэглэсэн зураас савны ирмэгтэй тэнцтэл хөрсөнд зооно. Хөрсөө дарж нягтруулна. Голын хайрга дээрээс нь хийхээр 3 см зай дээр нь үлдээнэ.
Дүүртэл нь хайрга хийнэ. Дахин дээрээс нь дарж нягтруулна. Хайрга чулууны хэмжээ яг л вандуй шиг хэмжээтэй байна. Том байж болохгүйг анхаарна уу.
Дараа нь доорх дренажны нүхээр ус гартал сайн услана. Яг зураг дээрх шиг хэт услахгүй. Сайн зураг авахын тулд хэтрүүлж усласан болно.
Хамгийн сүүлд нартай дулаан газар байрлуулна. Хөрс хаттал дахиж ойр ойр услах хэрэггүй. Хэрэв услах үгүйгээ мэдэхгүй бол нэг долоо хоног хүлээж байж дараагийн усалгааг хийгээрэй. Доош уртсал хэтрүүлж усласан боловч суулгасан мөчир огт хөдлөөгүй, мөн хөрс шороо урсаж гараагүй байгааг анхаарна уу.
Хэрэв хавар эрт үндэслүүлсэн бол 90 хонож байж үндэс савыг бүтэн дүүргэдэг.
Мөн агаарт үндэслүүлж болно. Дээр тавьсан гар зургийг харна уу. Хальсыг нь цэвэрхэн хуулаад, хөвдөөр ороож боох, эсвэл хөрстэй стакан ч тогтоож болно. 
Өөр нэг арга нь гялгар уутанд үндэсүүлэх.
  
Үүнийг энэ бичлэгээс үзнэ үү:
Залгалт хийж болно: Нэг модноос олон өнгийн, төрөл бүрийн сортын цэцэг зэрэг дэлгэрэх гоё байдаг. Олон цэцэгтэй бол зай хэмнээд мөн сайн талтай. 
Анхаарах зүйл
Тайрсан зүссэн газраас цагаан сүүн шүүс ялгардаг. Энэ нь хортой. Арьс болон зөөлөн салстуудад хүргэж болохгүй. Хүрсэн бол тэр дор нь хүйтэн усаар угаах хэрэгтэй. 
Өвчлөлт, хорхой шавьж
Плюмерия хортой тул хорхой шавьж түүнээс хол байдаг гэнэ. Гэхдээ л аалзан хачиг хуурай халуун агаарт бол гарч ирдэг. Гарч ирсэн бол «Фитоверм» болон бусад хор цацах хэрэгтэй. 
Өвчлөлтүүдээс бол хэт усласнаас болж гардаг үндэсний болон ишний ялзралт.
Эпин буруу найруулж шүршээд навч түлэгдсэн байгаа нь. 
Зэв - Rust Diseases - Rust Fungus (Coleosporium domingense)
Заримдаа навч нь фунгус гэх мөөгний өвчнөөр өвчилдөг. Хар бараан өнгийн жижигхэн цэг, толбо үүсдэг. Үүнийг фунгицид бодисоор шүршинэ. Бүүр идэгдсэн бол навчийг тасдна.
Ашигласан материал:
http://www.socalplumeriasociety.com/resources/articles/bagrooting.html
http://www.plumeria101.com/seeds101.html
http://adenium-doma.ru/index/pljumerija_plumeria/0-64
http://kwetki.ru/exot/plum1.htmhttp://www.plumeria101.com/seeds101.html
http://toptropicals.com/html/tropics/articles/tropics/plumeria.htm
http://ladyspecial.ru/dom-i-xobbi/czvetovodstvo/katalog-komnatnyix-rastenij/plyumeriya-franzhipani-v-domashnikh-usloviyakh
http://floristics.info/ru/p-rus/plyumeriya.html
http://fb.ru/article/135013/plyumeriya-v-domashnih-usloviyah-plyumeriya-vyiraschivanie-iz-semyan

No comments:

Post a Comment