Saturday, July 28, 2012

Адениум - Цөлийн сарнай

Адениум - Adenium - Цөлийн сарнай
Овог: Apocynaceae
Эх нутаг: Африкий тропик бүс
Иш доороо бүдүүрсэн (каудекс) хэсэгтэй, 2 метр өндөр, маш удаан ургадаг бут/мод. 5 төрөл зүйл байдагаас тасалгаанд ургуулахад хамгийн их тохирсон нь - Adenium obesum (Бүдүүн, зузаан, махлаг гэсэн утгатай).
Эрт цэцэглэдэг. Adenium obesum-ын цэцэгний хэмжээ — 6-7 см диаметр. Цэцэглэлт 1,5-2 настайгаас эхэлдэг. Ойролцоогоор 2-3-р сараас эхлээд бүтэн жил ч үргэлжилж болдог. Цэцэглэлтийн хугацаа сорт, арчилгаа, ургуулж байгаа орчноос хамаарна. Алаг навчтай адениум нь илүү их нарны гэрэл шаарддаг. Ийм төрлийн адениумын ургалт удаан, цэцэглэхдээ муу байдаг. 

АНХААР! Адениум нь хортой ургамалд ордог. Энэ ургамлын бүх хэсэг хортой шүүстэй. Иймээс адениумтай ажилласан бол дараа нь гараа сайтар угаах хэрэгтэй. Хэрэв шархалсан, зүссэн гартай бол заавал бээлий өсөх хэрэгтэй.
Цүдгэр адениум — тасалгааны ургамал дотроос хамгийн хортой нь. Аборигенууд үүний шүүсэнд сумныхаа үзүүрийг дүрдэг байсан байна. Иймээс бага насны хүүхэдтэй болон тэжээвэр амьтантай айл болгоомжлох хэрэгтэй. 
Гэрэл
Адениум нарны шууд гэрэлд ургадаг. Нарнаас халхлах хэрэггүй. Урд зүгийн цонхны тавцан тохирно. Өвөл гэрэл бага байдаг тул хавар хурц наранд бага бгааар дасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол навч түлэгдэж толботой болно. Ургамлын иш нь нарны гэрэлд илүү эмзэг мэдрэмтгий. Хэрэв 3-5 цагаас илүү хугацаагаар хурц нар шардаг бол түлэгдэхээс болгоомжилж өөр ургамлын сүүдэрт тавих гэх мэт халхалсан нь дээр.
Агаарын дулаан
Адениум дулаан орны ургамал. Зун + 25-30°С. Зундаа гадаа агаарт гаргах хэрэгтэй (гэхдээ бороо, салхинаас хмагаална, хөрс хэт их чийгтэй байхаас сэргийлнэ). Өдрийн гэрэл багасаад ирэхлээр ургалт нь удааширч, амралт үедээ ордог. Энэ үед навч шарлаад унана. Өвөл амралт үед нь агаарын дулаан +12-15°C байхад таарна, +10°C -аас бууж болохгүй. Адениумын үндэсийг дааруулж огт болохгүй.
Усалгаа
Зун тогтмол услаж байна. Ус хэтрүүлж болохгүй. Адениум ус хэтрүүлэхэд маш эмзэг, усалгаа хооронд хөрс хатаж амжих хэрэгтэй. Өвөл маша бага, тохируулж услана. Ямар хэмд ургуулж байгаагаас шалтгаална. Хэрэв дулаан өрөөнд + 16-20°C бол хөрс бүрэн хатахад дараагийн усалгааг багавтар хийнэ. Сэрүүн өрөөнд бол маш цөөн, эсвэл огт улсахгүй. Гэхдээ хэрэв хэт залуу ургамал бол бага услана. Амралт үеээс гарахад нь эхний усалгааг маш бага, болгоомжтой хийнэ. Хэрэв огт улсаж байгаагүй бол шууд услах эхлэхгүй. Эхний нахиа гарахыг хүлээх хэрэгтэй. Нахиа гараад 2-3 долоо хоноод, ургамал сэрж эхлэхэд услана.
Услахдаа хөрсийг бүрэн норгоно. Хөрс хаттал дахиж услахгүй. Зун идэвхтэй ургаж байгаа үед арай илүү услана. Хөрс бүүр хатааж болохгүй. Хөрс хэт хатаавал ургалт зогсдог. Хэрэв хөрс байнга нойтон байвал адениум илжирдэг. Агаарын хэм +20°хэмээс буураад, гэрэл бага байвал усалгааг багасгаж цөөрүүлнэ!
Том ургамлыг бага багаар услана, усалгааг зөвхөн нартай өдөр хийнэ; 
Хэтрүүлж байснаас, багадуулсан нь дээр гэдэг дүрэм баримталж услаж байна. Хамаг навчаа гөвсөн адениумыг сард нэг удаа услахад болдог. 
Хэрэв +10-15°С хэмд огт услаагүй өвөлжүүлсэн бол амралт үе дуусах цагийг тодорхойлох чухал. Үүний тулд хавар гэрэлтэй газар тавиад нахиа гарахыг хүлээнэ. Нахиа гаргаснаас хойш 2-3 долоо хоногийн дараа л анхны усалгааг хийнэ. Ус маш бага хийж чийглэнэ. Аажмаар ихэсгэнэ. 
Хамгийн гол аюул - үндэс, ишний илжрэлт байдаг. Доод суурь таваганд илүүдэл ус удаан байлгаж болохгүй. Заавал зузаан дренаж саванд хийнэ. Өөрөө хортой ч хорхой шавьжинд баригдахдаа амархан. Хор цацаж болно.
Агаарын чийгшил
Идэвхтэй ургалт үед нь адениумыг усаар шүршиж болно. Харин цэцэглэлт үед ус хүргэж болохгүй. Цэцэг дорхноо мууддаг.
Бордоо
Хавар - зун - намар тасалгааны ургамлын бордоогоор сард нэг удаа 1-2% шингэрүүлж байж бордно.
Бордохдоо фосфор, азот, калий адил агуулсан бордоо хэрэглэнэ. Ургалт үеээр, мөн цэцэглэж байхад сардаа 1-2 удаа бордоход хангалттай. Азот илүү агуулсан бордоо нь мөчир навч ургуулахад тус болдог. Иймээс үүнийг хавар эрт хэрэглэсэн нь дээр. Фосфор-калийтай бордоо нь цэцэглэхэд чухал ач холбогдолтой. Мөн фосфор, калий нь ургамлын ерөнхий байдал, эсэргүйцэлд хэрэгтэй. Микро бодисыг хавар, мөн намар хэрэглэсэн нь дээр.
Тайралт
Хавар шаардлагатай гэж үзвэл тайралт хийж болно. Шилжүүлж суулгасны дараа 1-2 долоо хоноод, ургалт үе эхлэхээс өмнө тайралтаа хийнэ.
Нэг иштэй адениумтай баймаар байна уу, олон салаалсан модтой байх уу гээд сайн бодож тайраарай.
  
Зүсэлт хийсэн газрыг хайлуулсан лааны тосоор бүрж болно. Модны нүүрс энэ тохиолдолд жоохон тохирдоггүй. Модны нүүрсээр үндэс тайрсан бол бүрэхэд болно.
  
Нэг иштэй бол - ургасан бүх салаа мөчирнүүдийг тайрна, гол ишийг 1/3 богиносгоно. Олон салаа мөчирлөсөн болгох бол - аль болох доогуур богиносгоорой. Залуу нахиануудын дээрх үзүүрийг чимхэх хэрэгтэй.
 
Хөрс
Хөрс агаар сайн нэвтрүүлдэг, хөвсгөр, саармаг байх ёстой. Ширгэн, навчин хөрсийг элстэй холиод (1:1:1) хэрэглэж болно. Мөн модны нүүрс хийвэл илжрэхгүй.
Ер нь бол хамгийн тохирсон хөрс ийм байна:
- коко хөрс — 50%; 
- навчин хөрс ялзмагтай — 20-30%; 
- перлит — 10-20%; 
- жижиг 3 мм керамзит-10-20%; 
- модны нүүрс.
Коко хөрс олдохгүй бол хүлэрт хөрс хийж болно. Дэлгүүрүүдэд төрөл бүрийн зориулалттай хөрс зардаг болсон тул суккулент/кактусын бэлэн хөрс ч тохирно. Ус тогтохоос хамгаалж туупуйны үүрмэг, эсвэл жижиглэсэн цаасан хөөсний бөмбөлөг-ширхэг (пенополистирол үүрмэг) нэмнэ. Хөгшин, том адениумд ширгэн хөрсийг нь арай их авдаг, мөн дээр нь тоосгоны үүрмэг хийнэ. Савны ёроолд зузаан дренаж заавал хийнэ. Эхний 5-6 өдөр услахгүй.
Сав
Адениумын үндэс маш хурдан ургадаг. Том талбайд дуртай. Хэрэв ургамал залуу бол ойр ойрхон шилжүүлж суулгана. Заримдаа жилдээ 2 удаа шилжүүлэх хэрэг гардаг. Савны материал чухал биш. Мэдээж наранд бага халдаг бол сайн. Хамгийн чухал зүйл бол савны хэмжээ хэлбэр байдаг. Өндөр биш, өргөн далбагар, дугуй сав тохирдог. Доороо маш олон дренажны нүхтэй байх ёстой. Жижигхэн ургамалд бол арай гүнзгий сав авч болно.
Дундах ногоон дугуй дүрс адениум гэж бодоход цэцэгний хамгийн бүдүүн хэсэгтэй каудекс, савны хана хоёрын хоорондын зай үрсэлгээнд 2-3 см, залуу ургамалд 3-4 см, хөгшин ургамалд 4-7 см тус тус байхад болно.
Савны өнгө түрүүн хэслнээр бас чухал байдаг. Өдөржин наранд байх тул бараан, хар өнгийн сав нь илүү халдаг. Энэ нь үндэс, хөрсөнд муугаар нөлөөлнө. 
Шилжүүлэн суулгалт
Адениумыг хавар шилжүүлж суулгадаг: залуу ургамлыг жил бүр, насанд хүрсэнийг- шаардлагатай үед нь. Хөгшин цэцгэнд өргөн, гүнзгий биш сав авна. Болж өгвөл цагаан, цайвар сав нь дээр. Наранд удаан байхад бараан өнгийн сав хөрс, үндэс хэт халаана. Шилжүүлж суулгасны дараа шууд услаж болохгүй. Гэмтсэн үндэсний үзүүрүүд хатах хэрэгтэй.
Ургалт үе эхлэхээс өмнө (өөрөөр хэлвэл хавар) ээлжит шилжүүлэн суулгалтаа хийнэ. Намар гэхэд хөрс савыг дүүргэсэн байдаг. Илжрүүлэхээс сэргийлж шилжүүлж суулгасны дараа хэдэн өдөр огт ус хүргэж болохгүй. 
Шилжүүлж суулгахын өмнө хөрсөө ариутгана, болж өгвөл фунгицидаар (марганцын уусмалаар). Хөрсөнд модны нүүрсний үүрмэг хийх маш сайн.
Нар их байх тусам сайн! гэсэн уриатай ургадаг. Хэрэв дэлгүүрээс авахад харанхуй буланд байсан бол гэртээ авчраад шууд наранд тавьж болохгүй. Аажмаар тод гэрэлд дасгана. 
Зөвхөн тод наранд цэцэглэх хүчээ хуримталж цуглуулдаг. Мэргэжилтнүүд ургах явцад нь байрлал солихыг зөвшөөрдөггүй.
7-8 см хүрээгүй бүдүүн ургамлын ишийг нарнаас хамгаалах хэрэгтэй.
Амралт үе
Өвөл — хамгийн хэцүү үе. Энэ үед амралт үе эхлээд, навч бүтэн эсвэл хагас унана. Бүүр том ургасан мод, бутыг өвөл + 4°С хүртэл хэмд богино хугацаанд байлгаж болно. Огт услахгүй. Гэхдээ эрсдэлтэй тул хэт тэгэж зовоох хэрэггүй болов уу.
Зарим хүмүүс амралт үед нь ухаж гаргаад, цэвэрлээд, хуурай сэрүүн газар 2 сар байлгадаг. Дараа нь хөрсөнд суулгаад ургуулдаг байна.
Түрүүн хэлснээр - амралт үеийн дараа хамгийн анхны усалгааг болгоомжтой хийнэ. Бүх хэсэг нь унтаж байгаа. Маш бага ус ч гэсэн үхүүлж мэдэхээр байдаг.
Өнгө өнгийн цэцгүүдтэй залгалт хийсэн адениум
Үрслүүлэх арга
Адениумыг олон аргаар үрслүүлж болдог. Арга бүр өөрийн сайн муу талуудтай. Хамгийн түгээмэл нь - агаарт үндэслүүлэх
Үүнийг 2 см -ээс зузаан мөчирт хийнэ. Идэвхтэй ургалт үед хурц ариутгасан хутгаар тойргон зүсэлт хийнэ. Зүсэлтээ хатаагаад, үндэслүүлэгч бодис түрхэж өгөөд чийгтэй хөвдөөр ороогоод, гэрэл нэвтрүүлдэггүй гялгар уутаар бооно. Хөвдөө тогтмол чийглэж байна. Зөв хийсэн/арчилсан бол сарын дараа үндэс гарсан байдаг. Тасдаж аваад, модны нүүрсэнд дүрээд хөрсөнд суулгана.
Мөчрөөр үрслүүлэх 
Заримдаа ургаж байгаа адениумын мөчир зөөлрөөд ирдэг, үүнийг тайраад эрүүл хэсэг хүртэл нь тайраад үрслүүлж болно. Үржүүлэх зорилгоор эрүүл ургамлаас мөчирнүүд үрсэлгээнд авч болно. Үүний тулд:1. Мөчирнөөс 10-15 см урттай, 1 см өргөнтэй хэсэг тайрч авна. 
2. Идэвхтэй ургалт үед хийнэ. Амралт үед мөчир үндэслүүлдэггүй. 
3. Мөчир тасдаж авахаас 2-3 өдрийн өмнө услана. Тайрах өдөр навчны товгор хээ тод байх ёстой. 
4. Мөчирний доод үзүүрт ийм + зүсэлт хийнэ Энэ нь үндэс ургаж гарч ирэх талбайг ихэсгэж байгаа юм. 
5. Мөөгнөөс хамгаалж фунгицидад, дараа нь үндэслэгч хуурай нунтагт дүрнэ. Үрслүүлэх явцад доогуур халаалт хэрэглэнэ. Дараах аргуудаас сонгож болно:
- 2 цаг фунгицид бодисд байлгана («Фитоспорин»), дараа нь зүсэлттэй хэсгийг болон мөчирний доод 1-2 см үзүүрийг хуурай нунтаг үндэслүүлэгчинд дүрнэ («Корневин»). Үүнийхээ дараа 7 хоног ил хатаана.
- Үрслүүлэх мөчирөө 2 цаг үндэслүүлэгчинд дүрнэ («Гетероауксин»), дараа нь зүсэлт хийсэн газар, мөн мөчирний доод 1-2 см -ийг нунтаг фунгицид бодисонд («Тиовит джет», «Фитоспорин») дүрээд, 7 хоног ил тавьж хатаана.
6. Мөчрийг заавал 7 хоног хатаах ёстой.
7. Ихэнх нь адениумыг хөрсөнд шууд суулгадаг. Жишээ нь, цэвэр перлит-нд 2-3 см гүн суулгана. Перлитийг хатаахгүй. Мөн хэт ус чийгтэй байлгаж болохгүй. 
Үүнээс гадна перлит + вермикулит, эсвэл цэвэр вермикулитанд суулгаж болно. Гэхдээ энэ тохиолдолд илжрэх нь амархан байдаг. Заримдаа хүлэрт хөрс + перлит (50:50) авч суулгаж болно. Дээгүүр нь вакумдаж болно.
Зарим хүмүүс усанд үндэслүүлж чаддаг. Усандаа фунгицид дусааж үндэслүүлнэ. 
8. Ойролцоогоор нэг сар болж байж үндэс гарна.
Мөчрөөр үндэслүүлсэн бол бүдүүрдэггүй. Гозгор урт иш болдог.
Иймд үндэс бүдүүрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Гол үндэсээ тайрна. Үндэс засахыг доор тусад нь бичсэн байгаа.
Үрслүүлэх өөр нэг арга бол залгалт хийх. Ховор, эсвэл ургахдаа муу сортыг залгалтаар авч үлдэж болдог:
 Үр дүнд нь олон өнгийн цэцэгтэй ургамалтай болно:
 
Үрээр үрслүүлэх арга
Бүлээн марганцтай усанд 2-6 цаг дэвтээгээд, ус байнга бүлээн байна. Дараа нь Эпин-д дүрээд хөрсөнд суулгана. Хөрс хөвсгөр, агаар сайн нэвтрүүлдэг. Хөрсний дулаан +36С тогтмол байх ёстой. Иймээс заримдаа бүлээвтэр пааран дээр тавьж болдог. Хэт халуун бол үр үхнэ. Вакумаа нээж өдөр бүр агаар оруулж байна. Мөн үрнүүдээ шалгаж байна. Хөгц ургаж байж болно.
 
1-4 долоо хоногийн дотор соёолдог. Үрний шинэ хуучин, хатсан хатаагүй гээд бас олон зүйлээс шалтгаална. 
  
Нартай газар ургуулна.
 
Хэлбэр оруулах
Адениумын үндэс сонин хэлбэртэй ургуулах бас чухал байдаг. Бүдүүрсэн, содон үндэс өөрөө ургаад ирдэггүй. Үүнийг бий болгодог.
Адениумын ишний бүдүүрсэн хэсгийг КАУДЕКС гэдэг. Каудекс өргөн, зузаан байх тусам үзэмжтэй харагддаг. Тэр бүр каудекс бүдүүрч өгдөггүй байна. Үүнийг хийхийн тулд гол үндэс тайрах, иш богиносгох гээд олон арга хэмжээ авдаг байна.
Каудекс, үндэс хоёр нь бага уславал илүү бүдүүрдэг. Иймд хөрс ус агаар сайн нэвтрүүлдэг байх маш чухал.
Мөчрөөр үрслүүлсэн адениум каудекс үүсгэхдээ муу байдаг. Иймээс үндэс бүдүүрүүлж байж содон харагдуулах болдог. Хэдэн жилийн турш үргэлжлэх ажил болно.
Эхний ээлжинд бүх хүчийг үндэс хөгжүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй тул эхлээд үндэсээ танах хэрэгтэй, хэсэг хугацааны дараа дээд навчин титэмийг чимхэх ёстой. Угаасаа дээд үзүүрийг чимхэж байгаа гол шалтгаан нь салаа мөчир гаргахын тулд биш, үндэс хэлбэржүүлэх үүднээс хийж байгаа алхам. Иймээс чимхсэн үрсэлгээ дээшээ навч нэмэж ургахгүй зогсонги байдалд орсон мэт байвал энэ нь хөрсөн доор үндэс томорч байна гэсэн үг.
Гол үндэс сайн гарч ирсэн, хажуугаараа олон жижиг сахал шиг үндэстэй үрсэлгээг танах хэрэгтэй. Гол үндэсийг тайраад, харин сахал шиг жижиг салаалсан хэсгийг оролдохгүй. Хэрэв 2-3 сартай үрсэлгээний үндэс өөрөө олон салаалсан, эсвэл сонин хэлбэртэй ургахаар харагдаж байвал танах хэрэггүй, тэр чигээр нь шилжүүлж суулгана.
Чимхэлт хийгээд, зүсэлттэй хэсэгт лааны халуун тос дусааж шархыг хаав
Заримдаа адениум хэт жижиг байхдаа салаалж мөчирлөдөг. Ихэнхдээ энэ нь цэцэглэлтийн дараа, эсвэл каудекс нилээн том, бүдүүн бол болдог. Сайн мөчирлөсөн модтой болох бол идэвхтэй ургалт үе эхлэхээс өмнө чимхэж өгнө. Гол нь — хэтрүүлж болохгүй. Хэрэв гол ишийг хэт доогуур тайрвал олон нарийхан мөчир гарна. Энэ нь үзэмжгүй болгодог. Харин томорсон ургамлыг бол өөрийн дураар тайрч, богиносгож болно.
Гол бүдүүн үндэсийг засаад, 
шархан дээр нь лааны халуун тос асгаж хумьсан байгаа байдал.

Үлдсэн жижиг үндэснүүдийг жигд тарааж хөрсөнд суулгана. Маш болгоомжтой услана. Хөрс хуурай шахуу байхаар дусал дусалаар усласан нь дээр.
4 сарын дараа хажуугийн сахал шиг үндэснүүд ингэж сайн хөгжөөд ургаад ирнэ. 
Иймээс том саванд шилжүүлж суулгана.
10 сарын дараа үндэснүүд ийм болсон байна.
Гурвалсан залгалт
Нэгэн өвөрмөц аргыг «Trinity» - гурвалсан холболт гэдэг. Адениумын 3 үрсэлгээг угаар нь наалдуулж ургуулах арга. Үүнийг залгалт хийхийн оронд хэрэглэж болно. Адениумын нэг суурь дээр хэд хэдэн өөр өөр цэцэгтэй мөчирнүүд залгаж сонин содон мод гаргаж авдаг. Үүний оронд өөр өөр үрсэлгээг холбож ургуулж болно.
Давуу талууд:
- Залгалтыг бүүр эхэнд, 2-3 сартай үрсэлгээнд хийдэг.
- Том ургамалд залгалт хийсэн зүсэлтүүд харагдаад үзэмжгүй байдаг. Харин энэ холболтод тийм зүйл байхгүй.
- Каудекс нь яваандаа маш хүчирхэг, бүдүүн, өргөн болж ургадаг.
Хэрэг болох зүйлс:
• Адениумын үрээр тарьсан 3 үрсэлгээ. Үрсэлгээнүүдийг 1,5-2 сартайд нь холбож болно. Гэхдээ 3 сартайд нь холбох илүү тохирно. Учир нь 3 сартай үрсэлгээнүүдийн цаашдын ургах явц мэдэгдэж эхэлдэг, ижил хэлбэр хэмжээтэй таарсан зулзагууд шилж авахад амар байдаг. Үрсэлгээнүүд адилхан хурдтай ургаж байх хэрэгтэй. Иймээс нэг өдөр суулгасан үрсэлгээнүүдээс шилж авсан нь дээр.
Илүү үзэмжтэй болгох үүднээс өөр өөр өнгийн цэцэгтэй үрсэлгээнүүд холбож болно. Энэ тохиолдолд гарах цэцэгний хэмжээ, хэлбэр адилхан байвал цэвэрхэн харагдна. Мөн навчны өнгө бүгд жигд ногоон байх уу, алаг навчтай байх уу гэдэгээ сонгоно.
• Хурц нарийхан хутга, эсвэл цаас зүсэгч.
• Хутга ариутгах спирт
• Хүнсний зөөлөн гялгар уутнаас нарийхан зүсэж боолтонд хэрэглэнэ. Эсвэл өөр ямар нэгэн зөөлөн, сунадаг, 1 см өргөнтэй материал байж болно. Хатуу мөчирний залгалтанд хэрэглээд байдаг сантехникийн лент адениумд тохирохгүй. Ийм лентээр ороож ургуулсан каудексын хэлбэр буруу хөгждөг.
Зураг А: сантехникийн хатуу лентээр татаж ороосон каудексын доод тал нарийхан, бүдүүрч чаддаггүй.
Зураг Б: "Мөнгөний" гэж нэрлэдэг резинээр татвал мөр үлдээдэг. Иймээс зөөлөн, өргөн зүйлээр ороох хэрэгтэй.
Хийх ажил:
1-р хэсэг - урьдчилсан хэлбэржүүлэлт:
• Шилж авсан үрсэлгээнүүдээ хөрснөөс нь салгана
• Хооронд нь нийлүүлж бооно. Эхний үе шатанд хүнсний гялгар ороодог уутаар боосон нь илүү дээр. Доорх зураг дээр сантехнийкийн хатуу лентээр ороосон байна. Энэ тохирохгүй байсан тул хэрэглэж болохгүй. Дараагийн үе шатанд харин энүүгээр ороож болно.
• Холбож ороосны дараа чийгтэй хөрсөнд суулгана. 2-3 өдөр услахгүй. Хэрэгтэй бол хөрсний өнгөн хэсгийг шүршигчээр чийглэж байж болно. Ийм байдлаар 1-2 сар ургуулна. Энэ хугацаанд үрсэлгээ ургаад, бүдүүрч эхэлдэг тул боолтыг 1-2 удаа шинэчлэх хэрэгтэй. Ялангуяа анх хатуу лентээр ороосон бол.
2-р хэсэг - каудексын тайралт:
• 1-2 сарын дараа боолтоо авна. Энэ хугацаанд 3 үрсэлгээний хоорондоо наалдаж байсан бөөрүүд нь хавтгай, гурвалжин хэлбэртэй, 120 градусын өнцөгтэй болсон байдаг (Доорх зураг)
• Хутга ариутгана
• Үрсэлгээнүүдийн хооронд болгоомжтой зай гаргана. Бүүр салгахгүй. Бөөрөөрөө нийлж байсан хэсгүүдэд зүсэлт хийнэ. 
 
 Хэр нимгэн хальс хуулахыг та өөрөө шийд. Жишээ нь, дээрх зураг дээр 1-2 мм нимгэн хальс авсан байна. Үүний каудексийн хөндлөн зүсэлт нь Зураг 1 дээрх шиг харагдна. Арай зузаан хальс хуулах бол каудекс Зураг 2 шиг харагдна. 
• Зүсэлттэй хэсгүүдийг нийлүүлээд, чанга ороож бооно. Энэ удаа хүнсний гялгар уут, эсвэл сантехникийн лент алийг ч хэрэглэж болно. Удаан боолттой байхгүй тул энэ шатанд лент хамаагүй байдаг

• Боолтыг доод тал нь 2 долоо хоног, дээд тал нь 4 долоо хоног байлгана. Наалдаж залгагдахад хангалттай хугацаа. Нэг сараас илүү удаан байлгаж болохгүй. Каудекс буруу хөгжиж эхэлнэ. Эхний 1-р хэсэггүй шууд зүсэлт хийж болох уу? Ер нь бол болдог, гэхдээ наалдаж ургах талбай нь бага байна, 120 градустай өнцөг байхгүйгээс хоорондоо залгагдахгүй гээд хүндрэлүүд гарна. 
1, 2-р үе шаттай ч бай, шууд 2-р шатнаас эхэлсэн ч бай аль аль нь 2-3 сарын хугацаа эзэлнэ.
Заримдаа өвчилсөн ургамлуудыг илжирсэн, зөөлөрсөн хэсгүүдээс нь салгаад, хооронд нь холбож ургуулахад гоё үзэмжтэй, ганган адениумтай болдог. Жишээ нь, зөөлөрсөн үндэсний хэсгээс нь салгасан нэгэн адениумыг өөр сорттой хамт нийлүүлээд  ургуулж байгаа байдал: 

Өөр нэг хэлбэржүүлэх арга нь - иш сүлжих:
Ижил өргөнтэй, өндөртэй, адилхан хурдтай ургадаг үрсэлгээнүүдийг хооронд нь сүлжиж ургуулна. Энэ нь 2, 3, 4 гээд хэдэн ч үрсэлгээ байж болно. 
  
 Зураг хараад санаа аваад дагаад хийгээрэй.
  
 Гурваар сүлжсэн мод.
  
 Дөрвөөр сүлжсэн мод:
  
  
http://www.botanichka.ru/
http://adenium-doma.ru/index/forma_kaudeksa_trinity/0-102 
http://adenium-doma.ru/index/obrezka_centralnogo_kornja_adeniuma/0-202
http://adenium-doma.ru/, 
http://adeniummania.ru/
http://forums.gardenweb.com/forums/load/adenium/msg101141143870.html?11

No comments:

Post a Comment