Sunday, January 4, 2015

Халагнай

Латин хуучин нэр: COLEUS - КОЛЕУС
Латин шинэ нэр: SOLENOSTEMON - СОЛЕНОСТЕМОН
Латин нэр (синоним): PLECTRANTHUS SCUTELLARIOIDES (L.) R.Br.
Монгол нэр: ХАЛАГНАЙ
Орос түгээмэл нэр: Крапивка
Англи түгээмэл нэр: Painted nettle (Будагтай халгай)
Эх нутаг: Африк, Австрали, Азийн халуун тропик бүс.
Навчны хэлбэр нь халгай өвсний навчтай төстэй тул Халагнай гэж нэрлэх болжээ. Урд нь халагнайг Колеус гэдэг байсан, харин барууны шинэ номенклатурын дагуу Соленостемон Solenostemon scutellarioides гэсэн нэртэй болжээ. Мөн өөр нэг хүчин төгөлдөр нэр нь Plectranthus scutellarioides.
Европд XIX-р зууны дундуур Индонезээс оруулж ирсэн байна. XIX-р зууны 60-аад онд хоёр төрөл зүйл байсан бол хэдхэн жилийн дотор олон шинэ гибридууд гаргаж авч. Британийн цэцгийн дуудлага худалдаан дээр анхны гаргаж авсан 18 гибридыг тухайн үедээ маш өндөр үнээр зарсан байна.
Одоо халагнайн нийт 150 гаруй төрөл зүйл байдаг. Тасалгаанд хамгийн их тархсан нь:
Xуучин нэрээр Колеус Блюме (Coleus blumei) – олон наст жижгэвтэр хэмжээтэй хагас бутархаг ургамал. Өндөр 80 см хүрдэг. Колеус Блюмегийн 200 гаруй гибрид хэлбэр байдаг.

Хуучин нэрээр Колеус Ренельт (Coleus rehneltianus) – ампель хэлбэрийн унждаг хагас бутархаг ургамал.
Гадаадад ихэнхдээ нэг наст гэж ургуулдаг. Хөгширсөн халагнайн доод навч унасаар халзан урт, урт иштэй, үзэмж муутай болж харагдах тул жил бүр шинэчилж, залуужуулж ургуулсан нь дээр байдаг.
Хот тохижилтод өргөнөөр хэрэглэдэг. Үнэ өртөг бага, тэсвэртэй, арчилгаа шаардаад байдаггүй гээд олон сайн талтай. 2-3 жилийн өмнө хуучнаар "Ард" кинотеатрын өмнөх талбайг хайтан, халагнайгаар чимсэн байсан нь гоё харагдаж байсан.
Сэтгэцэд нөлөөлж болно
Plectranthus scutellarioides буюу Coleus blumei-ийг идэх, хандалж уух, тамхи ороож татах зэрэгээр хэрэглэсэн үед бага зэрэгийн сэтгэцэд нөлөөлөх, хөнгөн мансууруулах, хий юм харах г.м. зүйл ажиглагддаг гэж бичсэн байдаг.
Энэ талаар тууштай судалсан зүйл байдаггүй ч өмнөд Мексикийн Mazatec индианчууд ийм зорилгоор халагнайг ашиглаж ирсэн гэсэн мэдээлэл байдаг байна.
Өөр нэг анхаарах зүйл бол гэрийн тэжээвэр амьтадтай бол халагнайгаас хол байлгаарай. Бөөлжих, огиулах, туулгах, толгой эргэх,  г.м.-ээр хордуулдаг байна.
АРЧИЛГАА
Агаарын дулаан
Зун +16-22°С байх нь тохиромжтой, үүнээс халуун нөхцөлд сайн шүршиж, чийглэг агаартай болгоно. 
Өвөл гэрэл муу байдаг тул сэрүүн өвөлжүүлэх хэрэгтэй +15-18°С. Агаарын хэм +12°С-ээс доош бууж болохгүй. Навчаа гөвдөг юм.
Агаарын чийгшил
Агаарын чийгшил өндөр байхад дуртай. Эх нутаг нь халуун тропикийн ширэнгэн ой тул чийгтэй орчинд дуртай. Хавар-зун навчийг зөөлөн, жаваргүй усаар шүршиж байна. Өвөл сэрүүн газар байлгаж байгаа бол шүршдэггүй. Халаалттай өрөөнд өвөлжиж байгаа бол шүрших хэрэгтэй.
Гэрэл
Гэрийн нөхцөлд хамгийн гэрэлтэй газар байрлуулна, харин гадаа ил талбайд ургуулах бол сүүдэрхэг газар тарьна. Хэт тод наранд навч цайраад, хээ нь бүдэгрээд үзэмж нь мууддаг. Сүүдэрт гэрэл дутагдвал навчны алаг эрээн өнгө алга болно, мөн иш, мөчир сунаж урт урт ургана.
Нарны хурц гэрэлд тэсвэртэй сортууд байдаг. Үр худалдаж авахдаа сайтар уншиж аваарай. Хаана тарих гэж байгаагаас шалтгаалж сортоо сонгож авсан нь дээр.
Усалгаа
Хавар, зун маш сайн болон ойр ойрхон усална. Саванд ургуулж байгаа бол хөрс байнгын өлөн чийгтэй байна. Услахдаа заавал жаваргүй, бүлээн, зөөлрүүлсэн ус хэрэглэнэ. 
Тохируулж услана, хэтрүүлж болохгүй. Өвөл цэцэг амарч байгаа тул усалгааг цөөрүүлээд, багавтар хийнэ. Гэхдээ хөрсийг бүр хатааж болохгүй.
Бордоо
Идэвхитэй ургалт үед (хавар-зун) органик болон минерал бордоогоор (азот илүү агуулсан) долоо хоногт нэг удаа борддог. Навчаар гоёдог тасалгааны цэцэгний бордоо гээд сонгож аваарай. 
Өвөл сард нэг удаа 2 дахин сул шингэрүүлж найруулсан бордоо хэрэглэнэ. Эсвэл огт бордохгүй байж болно.
Цэцэглэлт
Хэрэв хөрс тэжээлгүй болсон, эсвэл усалгаа дутсан, таарч тохирохгүй хөрсөнд суулгасан зэрэг тохиолдолд өнгөгүй жижигхэн цэцэг гардаг. Цэцэглэлт нь ургамлын бүх хүчийг авдаг. 
Хэрэв та үр хурааж авах зорилго тавиагүй бол цэцэгний бундүүг цухуйнгуут тасдаад байсан нь дээр. Ингэснээр навч илүү сайн ургаж, том далбагар хэмжээтэй болно. 
Шилжүүлэн суулгалт
Олон наст болгож ургуулж байгаа бол хавар бүр шилжүүлж суулгана. Шилжүүлж суулгахын өмнө тайралт хийж болно. Тайралтаас гарсан мөчирнүүдийг үрсэлгээнд хэрэглэнэ. Шилжүүлж суулгахдаа үндэснээс тайрч багасгаж болно.
Ургах явцад мөчирний үзүүрийг чимхэх, цэцгийн бундуу тасдах зэрэг арчилгаа хийж байна. Ингэснээр том том навч олноор ургаж өтгөн, саглагар бут бий болдог.
Хөрс
Ширгэн хөрс, навчин хөрс, элс байхад болно. Хөрсөнд айхтар шаардлага тавьдаггүй.
Цэцгийн савны хэмжээ ургамлаас шалтгаална. Хэт ургаад томроод байвал жилдээ хэд хэд савыг томосгож шилжүүлж суулгадаг.
Үрслүүлэх арга
Үрээр болон мөчирний хэсгээр үржүүлж болдог.
Үрээр:
   
1. Үр тарих тохиромжтой хугацаа: 2 сард хийсэн нь дээр. Хөвсгөр хөрс, элстэй хамт саванд хийж бэлдэнэ. Үрнүүдээ дээр нь байрлуулаад.
  
2. Ямар нэгэн хавтгай зүйлээр дээрээс нь дарж үрнүүдээ хөрсөнд шигтгэж, хөрсөө нягтруулж өгнө. Үрээ булах хэрэггүй. Ус шүршигчээр сайн чийглээд услана. Дээгүүр нь гэрэл сайн нэвтэрдэг зүйлээр бүтээж вакумдна. 
 
3. Дараа нь дулаахан, нар шууд тусдаггүй тод гэрэлтэй газар тавьна. Өдөр бүр нээж агаар оруулж байна. Хэрэгтэй гэж үзвэл ус шүршигчээр услаж байна.
4. Өдөр шөнө тогтмол нэг жигд +20-22°С хэмтэй дулаахан газар байлгавал 2-3 долоо хоногийн дотор соёолдог. Соёолонгуут нартай газар байрлуулна. Томроод 2-3 дахь хос жинхэнэ навч ургаад ирэнгүүт нэг нэгээр нь тусгаарлаж жижиг 100 гр саванд суулгана. Эсвэл нэг мөр 2 сарын дараа 200 гр саванд тусгаарлаж болно.
 
5. 15 см өндөр ургангуут дээрх ургах цэгийг чимхэдэг. Чимхэлт хийх тухай эндээс үзнэ үү. Цэцэглэлтэнд бүх шим тэжээл, хүч энерги нь явдаг тул цэцэг, бундууг тайрч байна.
Үр нь шинэ, ургах нөхцөл, хөрс, агаарын дулаан гэх мэт нь тохирсон бол долоо хоногийн дотор соёолдог. Үр суулгахаас өмнө "Эпин Экстра"-д 3-6 цаг дэвтээж байгаад суулгавал илүү үр дүнтэй байдаг.
Соёолонгуут хөрсний дээгүүр модны нүүрсний нунтаг, эсвэл модны үнс нунтаглаж цацаж өгч болно. Энэ нь элдэв бактери, мөөг үржихээс сэргийлж байгаа юм.
Соёолсон үрсэлгээ 3-4 см өндөр ургангуут вакумаа авч агаар оруулах хугацааг өдөр бүр уртасгаж, аажмаар тасалгааны агаарт дасгаж эхлэнэ. Соёолсноос хойш 3-4 дэх долоо хоног болгоод вакумаа бүрэн авна. 
Хэрэв нарны гэрэл дутаад байвал нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгнө. Хөрс хатсан тохиолдолд шүршигчээр услана. 
Тусгаарлаж нэг нэгээр нь саванд суулгахад ургалт хамаагүй хурдан явагддаг. Тусгаарласны дараах 3-4 хоног дулаахан газар байлгана. Зөөлөн нялх үндэс өвчилж болно. Үүний дараа хуурай бордоогоор бордож эхэлдэг. 
Зун гадаа ургуулах бол хавар эрт шилэлсэн тагтан дээрээ гаргаж дасгана. Өдөр нь гаргаад, орой нь оруулж байхаар. Дасаад ирэнгүүт орой нь оруулж ирэхээргүй тагтан дээр байнга байлгана. Хэрэв зун задгай газар ургуулах бол шилэлсэн тагнаасаа гаргаад өдөр нь задгай агаарт байлгана. Шууд нар, салхинд гаргаж болохгүй. 6 сарын дундуур, хөрсний цочир хүйтрэл бүрэн арилсан тохиолдолд халагнайг ил талбайд суулгаж болно.
Мөчрөөр
Үрээр үржүүлэх амархан. Хурдан ч ургадаг. Гэхдээ тэр бүр эх цэцэгийг 100% дууриадаггүй. Тиймээс ганган эрлийз сортуудыг авч үлдэхийн тулд мөчрөөр үрсүүлэх болдог.

Хавар, зуны турш залуу мөчирнөөс тайрч усанд үндэслүүлнэ, эсвэл шууд хөрсөнд суулгана. Мөчирний хэсэг 10 см урт байхад хангалттай. Навчны зангилааны дээгүүр тайрна. Мөчирний хэсгийн доод талын бүх навчийг тасдаж авна. Мөчирний дээд үзүүрт 1-2 хос навч байхад болдог. 
Хөрсөнд шууд суулгах бол: навчин хөрс, элс 1:1 харьцаатай авна. Усанд үндэслүүлэх бол тасалгааны температуртай усанд хийнэ. Мөчирний доод үзүүр усанд 1-2 см дүрэгдэх ёстой. Хэт урт мөчир усанд хийх хэрэггүй. Доод үзүүрийг савны ёроолд хүргэхгүй "усанд чөлөөтэй унжиж" байхаар байрлуулна.
Үрсэлгээг +18-20С хэмтэй, дунд зэргийн чийгшилтэй, агаарын солилцоо сайн явагддаг, сарнисан нарны гэрэлтэй газар байрлуулна. Долоо хоногт нэг удаа шилэн саваа угаагаад усаа сольж байна.
Ойролцоогоор 7-10 хоногийн дотор үндэслэдэг. Үндэс хурдан хөгжиж ургадаг. Үндэслэсэн үрсэлгээг 7-9 см диаметртэй саванд суулгана. Шинэ нахиаг чимхэнэ, ингэснээр хажуугийн мөчирнүүд сайн салаалж ургана. Эндээс уншина уу: "Чимхэлт, тайралт". Зарим цэцэгчид өвөлжингөө усанд байлгасаар хавар нэг мөр хөрсөнд суулгадаг.
Үржүүлэх, тайрах тухай:
 
Гарч болох хүндрэлүүд
Халагнай нарийн арчилгаа шаардаад байдаггүй амар ургамал. Дулаан агаар, тод сарнисан нарны гэрэл, тохируулсан усалгаа - өөр юм хэрэггүй.
Халуун зун хурц нарнаас хамгаалж байна. Навч гандаж үзэмжээ алддаг. 
Хүйтэн сэрүүнд, эсвэл нар дутсан тохиолдолд навчнуудаа бүгдийг гөвж болно.
Саванд ургуулж байгаа тохиолдолд сайн услаж байна. 
Бордоо хэтрүүлж болохгүй. Азот хэтрүүлсэн бол сулхан, хүч муутай мөчир, навч олноор гаргаад байна. Иймээс 15-20 хоногт нэг удаа бордож байхад болно.
Сэрүүн, хүйтэн газар агаарын чийгшил өндөр бол, эсвэл хөрсийг хэт усласан бол мөөгний гаралтай өвчинд баригддаг. Эсэргүйцэлгүй болсон, сульдсан ургамал дээр цагаан эрвээхэй, аалзан хачиг, "гурилан өт", щитовка зэрэг дорхноо гарч ирдэг. Системтэй, зааварын дагуу хэд хэдэн давтамжтай хор цацаж устгана. Гэмтсэн хэсгүүдийг тайрна.
Халагнайгаар штамб хийх
Дасал болсон, дандаа таардаг цэцэгнүүдийг штамбан мод шиг ургуулвал сонин харагдна.  6 сараас нэг жилийн дотор том штамб модтой болохын тулд хурдан ургадаг ургамал шилж авах нь дээр. Үүнд халагнайн бараг бүх төрөл тохирно. Ирээдүйн модоо навчны хээ, өнгөөр нь шилж авч болно. Мөн ургах хэмжээгээр нь сонгож болно. Зарим халагнай 50-90 см л өндөр ургадаг бол зарим нь 1-1,5 метр хүрдэг.
1. Суулгах
Анх суулгахад цэцэгний том жижиг нь хамаагүй. Гол шалгуур - иш эгц, тэгш байх ёстой. 12 см диаметртэй саванд суулгасан жижигхэн ургамал байхад болно. Ургаад ирэнгүүт савыг нь томруулж шилжүүлуж суулгаад байна. Үндэс ургах зай талбай хангалттай гаргаж өгвөл хурдан өндөр болно.
80-90 см өндөр болоод ирэнгүүт 35 см диаметртэй шавар жин ихтэй хүнд саванд суулгасан нь дээр. Ингэснээр ургах явцад мөчирний титэм, навч ихтэй халагнай далий хазааж ургахгүй. Жижиг 60 см өндөртэй штамбан халагнай 20 см диаметртэй саванд байхад хангалттай. 
Хөрс: ердийн тасалгааны цэцгийн универсал хөрс байхад болно. Усалгааг жигд тогтмол хийж байна. 
Бордоог сард нэг удаа (азот-фосфор-калий N-P-K 15-30-15 гэсэн харьцаатай) хэрэглэхэд болно.
2. Тулгуур хийх
Эгц ургуулахын тулд тулгуур модонд ишийг нь уях хэрэгтэй. 30 см өндөр ургангуут ямар нэгэн урт тулгуур тогтоож гол ишийг уядаг.
Үүнийг сав томруулж шилжүүлж суулгах үед хийх хамгийн тохиромжтой. Том саванд цэцгээ суулгаж байхдаа тулгуур модоо хамт хийж тогтооно. Ингэснээр үндэс гэмтээхгүй сайн талтай. Учир нь хөрсөнд тулгуур мод шигтгэх явцад үндэс тасарч гэмтдэг.
Зөөлөн уяагаар иш, мод хоёрыг 8 хэлбэрээр ороож холбодог. Үүнийг дараа нь хайчилж салгахад хялбар байдаг.
3. Чимхэх, танах, тайрах
Штамбан модонд анхаарах гол зүйл бол - ишийг тэгш ургуулах. Энэ бол хэцүү зүйл биш. Тулгуур модондоо дээш ургасан хэсгүүдийг уясаар байна. Мөн цонхруу тэмүүлж далий бөөртэй ургуулахгүйн тулд байнга модоо эргүүлж байна. 
Гол ишнээс ургасан навчнуудыг тасдах хэрэггүй. Эдгээр нь модондоо тэжээл болсоор яваандаа шарлаад хатаад унана. Унаагүй нэгийг нь тасдаад авч болно. 
Харин гол ишнээс ургасан навчны ёроолоос гарсан мөчрийг шууд тайрч байх хэрэгтэй. Зураг дээрх шиг дөнгөж ургаж байгаа жижиг нахиаг чимхээд авч болно.
4. Ургах цэг тайрах
Халагнай томорсоор хүссэн өндөрт хүрэнгүүт ишний дээрх үзүүрийг буюу ургах цэгийг тайрна. Ингэснээр цаашид дээшээ өсөхгүй, салаа мөчрүүд олноор хажуу бөөрөөс нь гарч ирнэ. Одооноос мөчирөн титэмийг бөөрөнхий, зөв хэлбэртэй болгох дээр анхаарна. 
Цонх, ширээн дээр тавих штамбан мод 30-60 см өндөртэй байхад болно. Хэрэв шалан дээр тавихаар бол илүү өндөр — 90-150 см нь дээр. 
Ургах цэгийг тасдсанаар яг ийм өндөртэй мод байна гэж бодож болохгүй. Сагсааж ургасан мөчир, навчнууд нь 10-20 см нэмнэ.
5. Тайралт
Үзэмжтэй харагдуулахын тулд халзан иш нь нийт өндрийн 2/3, навчин титэм нь 1/3 байх аар ургуулна. Жишээ нь, 120 см өндөртэй мод байхад 80 см урт иштэй, дээрээ 40 см бөөрөнхий навчин бүрхүүлтэй байна гэсэн үг.
Мөчир бүрт 2-3 навч үлдээгээд тайрна. Навч бүрийн доороос ургасан мөчир бүрт мөн л 2-3 навч үлдээгээд тайраад байна. Халагнайн мөчир жингээ даахгүй хугарч болно. Иймд тайралт, чимхэлт тогтмол хийж байгаарай.
Мөчир бүрт 2-3 ургах цэг үлдээгээд тайраад байна гэж ойлгож болно. Ингэснээр мөчирний титэм сагсаасан, шигүү болно. Хэрэв цэцэг гарч эхэлвэл цэцэг, бундуйг шууд тасдаж байна. Бидний гол зорилго үзэмжтэй, гоё навчин малгай бий болгох. Хий дэмий цэцэглэлтэнд хамаг хүч үрэх хэрэггүй.
Эхэн үед таны халагнай үнэхээр үзэмжгүй, халзан, шингэн харагдаж болно. Гол ишний ургах цэгийг тайртал үүнд санаа зовох хэрэггүй. Тэр болтол гол зорилго эгц тэгш иш гаргаж авах.
Ургах цэг тайрснаар мөчирнүүдийн чимхэлтрүү орно.
Арчилгаа
- Навчин бүрхүүлийн хэлбэрийг зөв хадгалахын тулд тогтмол чимхэлт хийж байна. 
- 7 хоногт нэг удаа азот-фосфор-калийн 10-10-10 харьцаатай бордоог 4 дахин сул шингэрүүлж найруулаад хэрэглэж байна. 
- Хэрэв зуны улиралд гадаа гаргаж байгаа бол нөмөр газар бороо салхинаас хамгаалж байрлуулна. Хүчтэй салхинд мөчир хугарна, хурц наранд навч толботно, цоорно, гандана.
- Хөрсийг жил бүр сольно. Хэрэгтэй гэж үзвэл шилжүүлж суулгахдаа үндэснээс бага зэрэг тайрч багасгана.
- Өвөлжилт — штамб халаагнайг хамгийн их нартай, урд зүгрүү харсан цонхон дээр байрлуулна. Нэмэлт гэрэлтүүлэг гаргаж болно. Хүйтэн салхи, нэвт салхи, мөн хүйтэн тавцангаас хамгаалахгүй бол навч бүгд унадаг. Усалгааг тогтмол хийж байна. Гэхдээ 2 сар хүртэл бордохоо зогсооно.
- Зарим навч унах, навч гандах өнгөө алдахаас айх хэрэггүй. Хавар гэрэл ихсээд, өдөр уртсаад ирэхлээр эргээд сэргэнэ.
http://lediveka.ru/dom/rasteniya/sadovye/koleus-vyrashhivanie-iz-semyan-v-domashnix-usloviyax.html
http://plantcaretoday.com/how-to-grow-coleus-as-a-tree.html
http://www.ehow.com/how_8643890_turn-coleus-tree.html
http://www.gardengatemagazine.com/extras/51coleusstandard.php
http://www.thisoldhouse.com/toh/photos/0,,20682436_21300669,00.html
http://greendom.net/catalog/k/306-coleus.html
http://www.gardengatemagazine.com/51coleusstandard/
http://ped-kopilka.ru/raznoe/poleznye-sovety-i-podskazki/kakie-komnatnye-rastenija-javljayutsja-jadovitymi.html

No comments:

Post a Comment