Tuesday, February 3, 2015

Ялдам цэцэг ургуулах нууц

Францын ботаникч, ламтан Шарль Плюмье Людовик XIV хааны албат байжээ. Тэрээр 1696 онд Карибын арлын Санто-Доминго ууланд хийсэн экcпедицээс ирэхдээ нэгэн цэцэгний зургийг зурж иржээ.
Энэ нь ирээдүйн хойч үеийнхэндээ хийсэн маш онцгой бэлэг байсан байна. Тэр цэцэг нь зэрлэг ялдам буюу Fuchsia triphylla flore cocconeo - 3-навчит улаан цэцэгтэй ялдам байжээ.
Шинэ нээлтээ Плюмье өөрийн шүтэж ирсэн германы эмч, ботаникч Леонард Фуксын (Leonard Fuchs, 1501-1566) нэрээр нэрлэжээ. 1703 онд хамгийн анх ялдамын тухай Шарль Плюмье өөрийн Nova Planetarium Americanum Genera нэртэй номонд бичсэн байна. Харин 1753 онд Карл Линней өөрийн ботаникийн каталогт Фуксия нэрээр уг ургамлыг бүртгэжээ. Албан ёсоор Линней энэ нэрийг өгсөн гэж явдаг байна.
Леонард Фукс нь Германы филологч, философч, анагаах ухааны доктор цолтой эрдэмтэн ба нэрт ургамал судлаач-ботаникч. 1542 онд доктор Фукс 500 гаруй зэрлэг болон таримал ургамлын түүх, тайлбар, зураг, эмчилгээний увидас, хэрэглэх заавар гээд бүрэн дүүрэн мэдээлэлтэй ном гаргажээ. 
 
Ялдамын хамгийн ойрын хамаатан нь бидний сайн мэдэх "Хөвөн Оройт", "Хөвөн Толгой" (орос нэр: Иван чай, Кипрей, латин нэр: Chamérion angustifólium, мөн Epilobium) гэдэг балт ургамал юм.
Ялдам - Фу́ксия (лат. Fúchsia) 
Onagraceae овгийн ургамал. 
Зэрлэг ялдам нь Төв болон Өмнөд Америкт (Аргентин, Бразили, Чили, Мексик, Панам, Коста-Рика, Боливи, Венесуэл), болон Таити, Шинэ Зеландад одоо хүртэл ургадаг байна.
Цэцэглэж байгаа ялдам бэлэглэх сайн - цэцгийн хэлээр бол энэ нь "би танд сайн санаж байна, танд сайн хандаж байна" гэсэн утга илэрхийлдэг гэнэ. 
Ургуулахад хялбар энэ үзэмжтэй цэцгэнд нэг л дутагдал байдаг - цэцэг нь үнэртдэггүй юм байна. Харшил газар авсан өнөөгийн амьдралд магадгүй энэ нь давуу тал ч байж болох.
Ялдамын бүх хэсгийг идэж болдог. Уугуул нутагт нь жимсээр нь чанамал хийдэг, даршилдаг, шинэхэн салат хийж иддэг. Цэцгээр нь торт, жигнэмэг чимэглэдэг байна. Иймд хүүхэд аваад амандаа хийчихвэл айхтар сандрах хэрэггүй юм байна.
АРЧИЛГАА
Усалгаа
Ургуулахад нарийн арчилгаа шаарддаггүй. Хавар-зун-намар сайн усалдаг. Хөрсний дээд хэсэг хатаж эхлэнгүүт дараагийн усалгааг хийдэг.
Өвөл багасгадаг. Ус заавал том амсартай саванд задгай  2-3 өдөр байлгаж хлоргүйжүүлсэн, зөөлрүүлсэн, жаваргүй, орчны агаараас 2-3 хэм бүлээн байна.
Намар идэвхтэй ургалт үе дуусахад усалгааг багасгаж эхэлнэ. 10 сараас 11 сарын хооронд услахаа бүүр зогсоож болно. Амраахдаа сэрүүн газар байлгана. Ер нь сэрүүн газар байгаа ялдамыг сард 1-2 удаа услахад хангалттай.
Буруу усалгаа нь ялдамын өвчлөх, үхэх гол шалтгаан болдог. Хөрс усархаг байж болохгүй, мөн хатааж болохгүй. Усалгааг хэтрүүлсэн ургамал хэдэн өдөр эрүүл мэт харагдаж байгаад гэнэт бүх навч нь унжийгаад, үхдэг. Энэ нь зуны халуунд, усалгаа их шаарддаг үед үндэс язрахад хүргэдэг. Сэрүүн орчинд дээрх ногоон масс нь ууршуулж чадахааргүй их усаар услахад мөн өвчилнө.
Fuchsia procumbens “Creeping Fuchsia”
Олон цэцэг тарьж ургуулдаг бол савтай ургамал тус бүрийг сайн ажиглаарай. Аль савтай цэцэгний хөрс түрүүчийн усалгаанаас хойш чийглэг хэвээр байна, аль нь хатсан байна, гээд цэцэг бүрийнхээ ус шингээх чадварыг мэдээд авах чухал. Дараагийн удаа услахдаа тус бүрт нь тохируулж их-бага ус хийнэ.
Ер нь бол хэт их ус хийж байхын оронд тал усаар нь навчийг нь шүршиж байх нь хамаагүй дээр. Ялангуя зуны халуунд, мөн тасалгаанд халаалт ирсэн хэт хуурай халуун агаартай байхад. Харин дөнгөж үндэслүүлсэн үрсэлгээ, саяхан шилжүүлж суулгасан ургамлыг маш болгоомжтой услана.
Гэрэл
Ялдамын бүх төрөл, сорт нь сарнисан тод гэрэлд сайхан ургадаг. Баруун болон зүүн зүгрүү харсан цонхон дээр сайхан ургана. Өдрийн халуун шарсан нарыг тэвчихдээ муу. Харин өглөө 11 цаг хүртэл, мөн орой 4 цагаас хойш зөөлөн нарны гэрэлд заавал байлгах хэрэгтэй.
Цэцэглэж байгаа үед нь байршил өөрчлөх, савтай цэцгээ эргүүлж тойруулах, тусах гэрэлийн өнцөгийг солих хэрэггүй. Зарим тохиолдолд бундуу, цэцэг унадаг. Цэцэглэлт үед аль болох тайван, оролдохгүй, өөрийнх нь тааваар байлгах хэрэгтэй. Нэвт салхи, онгорхой цонхноос мөн халхалж байх хэрэгтэй.
Зун
Хавар-зун-намар ургалт үед хамгийн тохирох агаарын хэм +18-25°С байна. Зуны цагт (ялангуяа 8 сард) гадаа задгай хөрсөнд ургуулах сайн. Гэхдээ хэрэв агаарын хэм +30°С-ээс дээш халвал ялдам навчаа гөвөөд цэцэглэхээ больж, хатаж болно.
Хэт халуун зун тагт, сүүдрэвч гээд нарнаас халхалсан газар байлгаарай. Хурц халуун нарыг даахдаа муу.
Наранд хөрс халаад мэдрэмтгий үндэсийг ялзруулж болдог. Иймээс гялгар будаг, эмаль түрхээгүй шавар саванд суулгасан нь дээр байдаг. Хуванцарыг бодвол ийм сав наранд халах нь бага. Мөн савны өнгө цайвар байх тусам наранд бага мөн удаан хална.
Зун гадаа гаргахдаа хурц нарнаас гадна салхи борооноос нөмөр газар байрлуулахаа мартав. Усаар шүршихдээ оройдоо, нар жаргасны дараа хийнэ. Манатуулж шүршдэг нарийн шүршигч шилж аваарай.
Хэт халуунд цэцэгний хэмжээ жижигрээд ирнэ. Дэлгэрсэн цэцэг халуунд дорхноо гандаж хатдаг. Орой өглөөний нар үздэг, сэрүүн бөгөөд гэрэлтэй, агаарын солилцоо сайн явагддаг газар зун байрлуулахад гарах цэцэгний хэмжээ жирийн тасалгаанд ургуулж байгаагаас 3 дахин том байдаг. Чийглэг агаартай, +20С дулаантай, зөөлөн тод гэрэлтэй байхад "Балерина" сорт гэхэд "мантуун бууз" шиг том, маш тод, гүн өнгөтэй цэцэглэдэг. Дэлгэрсэн цэцэг удаан байдаг. Хуучраад гандсан ч өнгөө өөрчилдөггүй. Заримдаа цэцэг дэлгэрээд удахлээрэй цагаан дэлбээ нь ягаан болох, нил ягаан өнгийн дэлбээ улаарах гэх мэт өөрчлөлтүүд гардаг. +20С хэмд чийглэг агаартай гэрэлсэг өрөөнд ургуулахад ийм өөрчлөлт гардаггүй. Гол нь өдрийн нарнаас халхлах.
Савны доор заавал дренаж хийгээрэй. Үндэс эрүүл ургах, хөрсний ус чийг тохируулах хамгийн хэрэгтэй зүйл.
Агаарын чийгшил
Хавар зуны улиралд манантуулж цацдаг нарийн шүршигчээр навчнуудыг өглөө, оройдоо шүршиж байна.
Өвөл сэрүүн газар амрааж байгаа бол шүрших хэрэггүй. Цонхон дээрээ ургуулаад, цэцэглүүлээд байгаа бол хаяа шүршээд байж болно. Мөн агаар чийгшүүлэгч ажиллуулах, цэцэгнийхээ хажууд устай сав тавих гэх мэт арга хэмжээ авч болно. 
Бордоо
3 сарын дундаас эхлээд 9 сарын дунд хүртэл 2 долоо хоног бүр бордож байна. Өвөл бордох хэрэггүй. Бордоо авахдаа найрлаганд нь юу юу байгааг сайн харах хэрэгтэй. Цэцгээр гоёдог ургамлын бордоо нь фосфор, калий илүү агуулсан байна. Гадны бордоонд N-P-K гэсэн тэмдэглэгээг харах хэрэгтэй. Жишээ нь доорх цэцэглүүлдэг бордооны N - азот, P - фосфор, K - калий нь 10-52-10 гэсэн байна: 
Цэцэглүүлдэг бордоо 
Хэрэв ургалт зогссон, гацсан, бундуу огт гаргахгүй байвал тэжээл дутсанаас болж болно. Арай том хэмжээтэй саванд тэжээллэг, био гумус, ялзмагтай хөрс хийгээд суулгана.
Зуны турш ялдам маш их ногоон навч гаргаж, зогсоо зайгүй цэцэглэдэг. Иймээс хөрсөнд байгаа тэжээлээ дорхноо дуусгадаг. Хавар эртхэн азот илүү агуулсан комплекс минерал бордоо хийж эхэлдэг. Дараа нь бордоогоо сольж цэцэглүүлдэг бордоо хийж эхэлнэ. Заримдаа тэр бүр зориулалтын бордоо олддоггүй. Энэ тохиолдолд улаан лоолийн бордоо хэрэглэж болно.
Шилжүүлэн суулгалт
Үүнийг жил бүр хавар хийнэ. Тэжээллэг, гумустай, элстэй, ялзмагтай, хөвсгөр, агаар сайн нэвтрүүлдэг хөрс байна. Доор нь заавал дренаж хийнэ.
Шилжүүлж суулгахдаа савыг томруулж болно. Сав сонгохдоо үндэсний хэмжээнээс хамаарч сонгодог. Хэт том саванд шууд суулгаж болохгүй. Үндэсээр энэ их хөрсийг бүрэх гэж дээш ургалгүй гацчихдаг. Мөн хэт их хөрсний хэмээгээр услаад байдаг тул үндэс илжирдэг. 
Мөчирнүүдийн уртаас 1/3-ийг богиносгож тайрна.
Шилжүүлж суулгаад шууд нарны гэрэл дор тавьж болохгүй, эхний хэдэн өдөр гэрэлсэг, нарнаас хамгаалсан газар байрлуулна. Тайралтаас гарсан мөчирнүүдийг үрсэгээнд хэрэглэдэг.

Шилжүүлж суулгах цаг болсон гэдгийг яаж мэдэх вэ? 
1. Хэт томроод ургасан дээд хэсэг 
2. Хөрс хэт амархан хатаад байвал, 
3. Навч шарлаад байвал, 
4. Цэцгийн бундуу жижигрээд ирвэл - цэцгээ том саванд шилжүүлж суулгаарай.
Үүнийг хавар-зуны улиралд хэзээ ч хийж болно. Харин амралт үе эхлэх дөхөх, эсвэл амралт үеээр цэцгийг тайван амрааж өгнө. Хавар ургалт үе эхлэхэд шилжүүлээрэй.
ҮРСЛҮҮЛЭХ АРГА
- Мөчрөөр
- Үрээр
- Навчаар

Мөчрөөр үрслүүлэх арга:
Модорхог болж хатуураагүй, ногоон мөчирнөөс үрслүүлдэг. Модорхог болсон мөчир үндэслэхдээ удаан. 2-3 навчны зангилаатай 5-10 см урт мөчир байхад хангалттай.
    
Үрсэлгээг 2-5 саруудад, заримдаа 8-9 саруудад хийхэд тохиромжтой. Мөчирний үзүүрээс 5-7 см урт тайрч авахад хангалттай байдаг. Хэрэв богино санагдвал 10 см. Үүнээс урт хэрэггүй. Тайрсан мөчирний доод навчнуудыг тасдаад авна, навчны зангилааны доогуур 5 мм зайтай тайрна. Дээр үлдсэн начнуудын талыг нь хайчлаад багасгасан нь дээр. Хэт их том том, олон навчны ус ууршуулах талбай их тул үндэслэх хугацаа удааширна. Мөчирний үзүүрт бундуу, цэцэг зэрэг байал бүгдийг тайрна.
 
Усанд үрслүүлэх:
Эрүүл, чанга, модорч амжаагүй, залуу мөчирнөөс 2-5 зангилаатай 10-15 см урттай үзүүрийг тайрч авна. Хэт урт мөчир нь уурших талбай ихтэй учир удаан үндэслэдэг ба усанд зөөлөрч унжийгаад байдаг. Мөчир авахдаа навчны зангилааны доогуур тайрдаг. Ихэвчлэн энэ зангилаанаас үндэс гарч ирдэг юм. 
Гэрэл нэвтэрдэггүй бор шилэнд илүү хурдан үндэслэдэг гэж үздэг.
Дээд үзүүр хэсгийг үлдээж болно, тайрсан ч болно. Үлдээх тохиолдолд дээр нь цэцгийн бундуй гарсан байвал авч хаях хэрэгтэй. Доод талын хэсэг навчийг мөн тайрна, усанд илжрэх гээд байдаг юм. Орой дээр нь үлдэж байгаа хэдэн навч том хэмжээтэй бол хэт их ууршилтаас зайлсхийж дундуур нь таллаж тайрдаг. Тэгээд ч том навчтай мөчир удаан үндэслэдэг юм. 
 
Стаканд буцалсан хүйтэн ус хийж мөчрөө байрлуулна. Илжрэхээс сэргийлж усандаа нэг ширхэг "Активированный уголь" эмнээс хийгээрэй. Эмийн сангуудад байдаг гэдэсний эм.
 
Усандаа нэг ширхэг нүүрстэй эм хийвэл ус муудахгүй, үрсэлгээ илжрэхгүй.
Хэрэв усанд хийхээс өмнө мөчир унжийсан байвал өрөөний дулаантай усанд бүхлээр нь хийж 10-15 минут байлгаарай. Дараа нь стакантай усандаа хийгээд гэрэлтэй газар тавьна, гэхдээ наранд тавьж болохгүй. Ялдамын сорт, агаарын дулаан, усны дулаанаас хамаарч үндэслэх хугацаа 7-15 хоног байдаг. Стакантай ус ууршиж багасвал ус нэмэж хийж байгаарай. Үндэс гараад 2-3 см болхоор авч хөрсөнд суулгана. Хамгийн жижиг, диаметр нь 5 см саванд эхэлж суулгана, ургах явцад нь савыг нь томсгож солиод байна. 
Усанд үндэслүүлсэн байдал
Эхний удаад хүлэрт хөрс, том ширхэгтэй элстэй хольж суулгахад болно. Эхний 2 долоо хоног 1-2 өдөр байлгасан усаар усална, дараа нь усандаа маш бага тунгаар бордоо нэмэж өгнө. Хэрэв мөчир хэт урт болсон бол чимхэж өгнө. Үрсэлгээний үндэс нь савыг дүүртэл ургасан бол саваа томруулангаа тэжээллэг хөрсөнд суулгана.
Зарим цэцэгчдийн хэлж байгаагаар ялдамын мөчир эмний бор шилэнд илүү хурдан үндэслэдэг гэнэ.
Үр бойжуулагч Jiff7 шахмалд үрслүүлэх:
  

Энэ арга нь маш амархан. Үр бойжуулагч шахмалыг усанд дэвтээгээд, дунд нь нүхлээд, мөчрөө хийгээд, хүлэмжинд байрлуулаад, 7-10 хоноод үндэс гарахлээр нь хүлэрт хөрсний гаднах даавууг болгоомжтой хайчилж салгаад, хүлэрт хөрсийг гөвөлгүй шууд тэжээллэг хөрстэй саванд суулгана.
  
Стакантай хөрсөнд үрслүүлэх:
Стаканы доор нүх хийнэ, дренаж ёроолд нь байрлуулна. Үр бойжуулагч шахмал дэвтэйгээд, уутнаас нь салгаад, вермикулит, перлит байвал нэмээд мөчирөө суулгаж болно. Эсвэл перлит, вермикулитэнд үрслүүлж болно, дээр нь хүлэрт хөрс нэмээд суулгаж (1:1:2) болно. Ийм хольцонд маш хурдан үндэслэдэг. Ийм хөвсгөр, тэжээл багатай хольцонд чимхэж авсан 2 навчтай үзүүр хүртэл үндэслэдэг.
Хөрсөнд суулгаж байгаа үрсэлгээний доод үзүүрийг үндэслүүлэгч бодисонд ("Корневин") дүрж болно. Эсвэл зууннастын шүүсэнд дүрээд суулгаж болно. 
   
Чийгтэй хөрснөөс тал стакан аваад, мөчирөө суулгана. Үрсэлгээг суулгасны дараа бүдэг марганцын уусмалаар стаканы захаар услаж өгнө. Вакумдаад гэрэлтэй газар тавьдаг. Өдөр бүр нээж 10 минут агаар оруулж байна. 
Хэт усархаг хөрстэй байлгах хэрэггүй. 1-2 хоноод хөрс хатаж байвал ус шүршигчээр хөрсөө чийглээд байж болно.
7-10 хоногийн дараа зөвхөн шөнөдөө л вакумдаад, өдөрт нь задгай байлгаарай. Ингэж ердийн агаарт дасгана. 7 хоногийн дараа тэжээллэг хөрстэй саванд суулгаж болно.
 
20-25 хоноод үндэслэдэг. Зуны улиралд 7-10 хоногийн дотор үндэс гардаг.Үндэслээд ирвэл вакумдсан уут/таглааг авч болно. Ингэснээр илүү хурдан ургадаг.

Нэг мөр хүлэмжинд хэд хэдэн үрсэлгээ хийвэл амар байдаг.
Хүлэмжинд байсан үрсэлгээг жирийн агаарт дасгах хэрэгтэй. Хэрэв хүлэмж нээлттэй байлгахад навч унжийж эхэлвэл үндэслээгүй байна гэсэн үг. Хүлэмжээ хаагаад, долоо хоногийн дараа дахин тагийг нээлттэй байлгаж шалгаарай.
Дээд үзүүрийг чимхэж өгвөл хажуугийн мөчирнүүд гарч ирнэ, ирээдүйн цэцэгний хэлбэржүүлэлтийг эхэлж байгаа нь энэ.
Штамбан мод ургуулахаар бол чимхэж хэрэггүй.
 
Шууд хөвсгөр, хөнгөхөн сийрэг хөрсөнд суулгавал усанд байлгаснаас илүү хурдан үндэслэдэг.
Үндэс гарангуут 7-9 см саванд суулгана. Хөрс ялзмаг, элс, навчин хөрс, ширгэн хөрс (1;1;1;1) агуулсан байх ёстой. 
Сагалгар, өтгөн, зөв хэлбэртэй бут гаргахын тулд нэг саванд хэд хэдэн үрсэлгээ суулгаж болно. Мөчрөөр үрслүүлсэн ялдам тэр жилдээ цэцэглэдэг.
Том саванд шилжүүлсэн үрсэлгээнүүд илүү хурдан ургаж эхэлдэг.
Ялдамыг мөчирний хэсгээр үрслүүлэхэд эх цэцэгний бүх шинж чанарыг хадгалж үлддэг давуу талтай. Үрээр үрслүүлэхэд хэзээ ч эх цэцгээ 100% дууриадаггүй. Мөчрөөр хавар-зуны улиралд үрслүүлэх сайн байдаг. Намар-өвөл үрслүүлж болдог ч нэмэлт гэрэл гаргаж өгөх хэрэгтэй болдог. Үрсэлгээний дээр 20-30 см зайтай өдрийн гэрэл асааж тавьна.
Хавар үрслүүлэхэд хамгийн их хүчтэй, тэсвэр сайтай цэцэг гардаг. Өвөл амралт үед ордог тул үрсэлгээ хийхэд хүч муу, тохиромжгүй байдаг.
Үрээр үржүүлэх:
  
Үйлдвэрийн үр 
Үрээр үржүүлэх нь ажиллагаа ихтэй, хэцүү гэж ярьдаг. Үрээр ургуулахад ямар цэцэг гарч ирэхийг төсөөлөхөд хэцүү. Уутан дээрх шиг гоёмсог цэцэг гарч ирэх нь ховор гэнэ. Гибрид сортудын үрнээс ихэвчлэн жирийн цэцэг ургадаг. Дэлгүүрийн үр суулгаж болно, эсвэл өөрөө цэцэгнээсээ үр цуглуулаад тарьж болно.
 
Өөрөө хурааж авсан үр
Боловсорч гүйцсэн жимсийг нь цэлмэг, нартай өдөр тайрч авдаг. Дулаахан газар болгоомжтой задлаж үрээ гаргаж авна. Дэлгэж сайтар хатаана. Дутуу хатаасан бол маш амархан хөгц ургадаг. Чийглэг орчин соёолох чадварыг муудуулдаг. 1-2 хоногийн дараа бүрэн хатаагаад шууд суулгахад бэлэн.
Хүлэрт хөрс дэвтээж норгоод саванд дэвсэж тараана. Дээрээс нь дарж нягтруулаад үрээ цацна. Үрнүүдээ шороогоор хучих хэрэггүй. Ялдамны үр гэрэлд соёолдог. Үрсэлгээтэй саваа дулаан (+20-25°С) , гэрэл ихтэй газар байрлуулна. Гэхдээ нарны шууд тусгал дор байрлуулж болохгүй. Дээгүүр нь вакумдна. Өдөр бүр нээж агаар оруулж байна. Усалгааг доогуур хийх нь илүү тохирдог.
Сайн үр ойролцоогоор 2 долоо хоноод соёолдог. 1,5-2 сарын дараа эсвэл 2 дахь хос навч гарч ирэнгүүт бие биенээс нь зайтай суулгаж ургах талбайг ихэсгэдэг. Үрсэлгээ 6 хос навчтай болоод ирэхлээр 5 см диаметртэй саванд тусгаарлаж суулгана. Тусгаарлангуут ургалт мэдэгдэхүйц хурдан явагддаг.
Усалгааг ус шүршигчээр хийж болно. Усандаа азот агуулсан минерал бордоо дусааж 2 долоо хоногт нэг удаа шүршиж байх сайн. Тусгаарлахдаа тэжээллэг хөрс авна. Үндэс савыг дүүргэвэл 9 см саванд шилжүүлж суулгана. Үрсэгээг вакумнаас нь шууд гаргаж авч болохгүй. Аажмаар жирийн агаарт дасгадаг. Ердийн агаарт дасгалгүй шууд хүлэмжнээс гаргаж тавьбал үхэх аюултай.
Зарим хэт удсан үр 3-5 долоо хонож байж соёолдог. Ер нь 11 сараас 4 сарын хооронд үрийг суулгаж болдог. Өвлийн улиралд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх хэрэгтэй - өдөрт 14-16 цаг гэрэлтэй байхаар. Эрт суулгасан үр тэр жилдээ цэцэглэдэг. Зөв сайн арчилсан бол соёолсноосоо хойш 16 – 18 долоо хоноод цэцэглэдэг.
Навчаар үрслүүлэх:
Нэг сортоос маш их олон тооны үрсэлгээ гаргаж авах хэрэгтэй бол энэ аргыг хэрэглэж болно. Том цэцэглэсэн ургамал болтлоо удаан байж болно. 
 
Цэцгийн хөөсөнд үрслүүлж болно:
Мөн бас нэг арга нь цэцгийн зохиомж хийхэд ашигладаг "Оазис" гэдэг цэцгийн поролонд үндэслүүлж болдог. 
 
Жижиг хэсгүүдэд хуваагаад, дунд нь нүх гаргаад, үрсэлгээнүүдээ нүхнүүдэд зоогоод,
 
 доор нь буцалсан жаваргүй хөргөсөн ус хийгээд вакумдна.
 
 Үндэслэсний дараа хөөстэй нь хамт тэжээллэг хөрсөнд суулгана.
 
Энэ поролон цэцгийн баглаа зардаг дэлгүүрүүдэд 1000-2000 төгрөг гээд байдаг.
Өвөлжилт
Хавар 4 сараас эхлээд 9 сарыг дуустал цэцэглүүлмээр байвал авал заавал сэрүүн амраана. Халаалт ирсэн хуурай халуун гэрт өвөлжүүлэхэд цэцэглэлт гоё болдоггүй. Өвөл ургамал амралт үед ордог. Зарим нь навчаа хагас гөвдөг. 
Энэ үед нь усалгааг багасгаад гаралтэй, сэрүүн газар байлгадаг. Хэрэв дулаалсан тагт, сүүдрэвч зэрэг байдаг бол тохирно. +5-10С хэмтэй амраах хэрэгтэй. Үүнээс доош бууруулж болохгүй.
Сэрүүн газар өвөлжүүлэхийн өмнө сайн тайралт хийдэг. Жишээ нь, зунжингаа гадаа задгай талбайд ургасан ийм ялдамыг амраахаар хэрхэн бэлдэх вэ?
 Тайралтаас гарсан мөчирний үзүүрүүдийг үрсэлгээнд хэрэглэнэ.
 Ийм болтол нь тайраад, хөрснөөс ухаж аваад, үндэсээ мөн жижиглэнэ.
Ингэж тайрсан бутны үлдсэн бүх ногоон навчийг түүж авна. Сулхан, нарийхан мөчирнүүдийг мөн тайрна. Үлдээхлээр эдгээр нь хөгц ургах болох орчин бий болгодог юм.
 Цаасан хайрцаганд чийглэгдүү хөвд, сфагнум хийгээд, бэлдсэн ялдамаа байрлуулаад
Үндэсийг нь модны нүүрсний нунтагаар бүрсэн байгааг хараарай. Үндэс угааж цэвэрлэх хэрэггүй.
Үндэс хэсэгийг чийглэг хөвдөөр хучаад тавьна. нэг ийм хайрцаганд дүүртэл олон ялдам хийж болно. Том ялдамнуудын завсараар жижиг хэмжээтэйг нь чигжиж хийгээд, дээгүүр нь хөвдөөр хучсаар байгаад хайрцагаа дүүргэнэ.  
Хөрстэй нь хамт өвөлжүүлсэн ялдамууд. Мөчирнүүдийг нь сайн 1/3-2/3 богиносгоод, навчнуудыг нь зулгаагаад, сэрүүн газар хадгална.  
 
Мөн л хүйтэн зооринд хадгалж байгаа ялдамууд.
Өвөл усалгаа бараг хийгдэхгүй. хөрсөнд өвөлжиж байгаа бол хөрс хатаахгүйн үүднээс чийг өгөх төдий бага ус хийнэ. 
Хавар болохоор ургаад эхэлнэ.2 сарын сүүл - 3 сарын эхээр өдөр уртсаад ирэхлээр өөрөө сэрнэ. Энэ үед нь дахин сайт тайралт хийнэ. Түрүү жилийн мөчирнүүд дээр 2-3 нахиа гарах зангилаа үлдээгээд тайрна.
 
 Зооринд хучаад амраасан ялдам
 
Халаалтгүй өрөөнд өвөлжүүлсэн ялдамууд. Хавар өөрсдөө ургаад эхэлж байгаа нь. 
Хэрэв ийм сэрүүн газар амраах нөхцөл байхгүй бол өвөлжингөө цонхон дээрээ ургуулах болно. Аль болох цонхондоо наалдуулж, өрөөний халуун хуурай агаараас хол байлгана. Ялангуяа халуун "паар"-наас хол тавьна. Усалгаа цөөн бөгөөд бага хийнэ. Ийм ургамал хожуу цэцэглэдэг.
Чимхэлт
Ялдамын тайралт, чимхэлтийн талаар маш тодорхой энэ бичлэгт оруусан байгаа тул эндээс харна уу. 
Цэцэглүүлэхээс 60 хоногийн өмнө чимхэлтийг зогсооно. Бүүр нарийн хэлэхэд: дан дэлбээтэй ялдамыг 7 долоо хоногийн өмнө чимхэхээ зогсооно. Давхар дэлбээтэй ялдамыг 8-10 долоо хоногийн өмнө чимхэхээ больно.
Хэлбэржүүлэлт
Хүссэн хэлбэрээрээ ургуулж болно. Ургалт хурдан тул хэлбэр оруулах амархан. Штамб хэлбэрээр ургуулах арга нь ерөнхийдөө нэг тул энэ бичлэгээс үзэж санаа авна уу.
.
Бонсай ялдам
Унждаг ялдамыг Бенниалын аргаар ургуулж болдог:
 
Үүний тулд 6 үрсэлгээ аваад голд нь хамгийн чанга, хүчтэйг нь, тойруулаад бусад тавыг суулгана.
  
 Чимхэлт хийсээр байна. Эхний жил бараг цэцэг харахгүй байж болно.
 
 Бенниалын аргаар нэг саванд олон сорт ургуулсан байгаа нь:


Ялдам ганцхан тохиолдолд ааш гаргадаг - цэцэглэж байх үед нь эргүүлж, зөөж, байршлыг өөрчлөхөд дургуй. Цэцгийн бундуу, навчаа гөвөж мэднэ.

Яагаад цэцэглэхгүй байна вэ?
Цэцэгний бундуу бүрэлдэдгүй байх шалтгаан:
1. Гэрэл дутсанаас. Ялдам нь гэрэлсэг цэцэг. Үдийн халуун нарны хурц гэрэлд дургуй. Гэхдээ 11 цаг хүртэлх өглөөний мөн оройн зөөлөн нар ялдамд маш хэрэгтэй байдаг. Олон цэцэгтэй болгохын тулд өглөө, оройны наранд тавьж байх хэрэгтэй.
2. Чимхэлт хийгээд байвал. Бутлаг болгож хэлбэржүүлж байна гээд ялдамыг байнга чимхэж, таналт хийгээд байвал цэцэглэхгүй. Цэцэгний бундуу мөчирний үзүүрт гарч ирдэг тул бут болгох, хэлбэржүүлэх гээд үзүүрийг нь тайраад байвал цэцэг мэдээж гарахгүй. Та юуны түрүүнд сонгох хэрэгтэй - хурдан цэцэглэж байхыг нь хармаар байна уу, эсвэл эхлээд сайхан хөгжсөн, зөв хэлбэртэй өтгөн бут гаргаж аваад, дараа нь бүтэн улирал тансаг цэцэглэсэн ялдамтай болмоор байна уу.
3. Тэжээл дутсанаас. Цэцэглүүлэхийн тулд зөв бордох хэрэгтэй. 3 сараас эхлээд 8 сарыг дуустал фосфор, калий агуулсан бордоогоор долоо хоног тутамд тогтмол бордож байна. Мөн цэцэглүүлдэг тусгай идэвхижүүлэгч бодисууд байдаг байна. Азот ихээр агуулагдсан бордоогоор бордсон бол мөд цэцэг гарахгүй.
4. Өвөл хэт дулаахан газар өвөлжүүлсэн бол цэцэглэхгүй, эсвэл цөөн тооны жижигхэн цэцгүүд гарна.
5. Хэт халуун агаартай газар цэцэглэдэггүй.
6. Хэт том саванд суулгасан бол үндэсээр савыг дүүргэх гэж гацдаг.
7. Хөрс тохироогүй. Хэт хөнгөн хөрс таарахгүй. Хэт хүнд хөрс мөн тохирохгүй. Хөвсгөр хөнгөн хөрс нь дорхноо хатдаг, тэжээл гэж байдаггүй. Ойр ойрхон усласаар байтал нягтраад, хатуураад ирнэ. Ийм хөрсөнд байнга ус, тэжээлийн дутагдалд байдаг. Хүнд хөрс нь үндэс хөгжүүлдэггүй. Ус агаар муу нэвтрүүлдэг.
8. Буруу усалгаа. нэг хатаагаад, нэг шалбааг болтол услаад байж болохгүй. Усалгааг жигд, нэг хэмнэлээр хийнэ.
9. Үндэс өвчилсөн. Буруу хөрс, буруу усалгаа, хэт халуун, эсвэл хэт хүйтэн газар байлгаснаас үндэс өвчилдөг.
10. Хожуу цэцэглэдэг онцлогтой сорт байж болно.
Цэцэглэлт үе яагаад богинсоод байна вэ?
-өвөл халуун газар хэт их услаад байсан 
-бага бордсон 
-идэвхтэй ургалт үед гэрэл дутсан 
-идэвхтэй ургалт үед бага усалсан
Цэцгийн бундуу яагаад унаад байна?
Цэцгийн бундуу гарч ирээд, томроод, дэлбээлж амжилгүй унаад байдаг. Цэцэглэж байхад нь цэцгийг оролдож болохгүй, байршлыг нь сольж болохгүй, цэцэг болон бундуу нь унадаг гэдэг. Хамаагүй ширүүн хөдөлгөөд байвал мэдээж унана. Үүнээс гадна бас өөр шалтгаанууд байдаг:
- ямарваа нэгэн бодис хөрсөнд дутагдсанаас. Минерал, органик бордоог сэлбэж долоо хоног бүр тогтмол бордож өгч байх хэрэгтэй. Бордохын өмнө хөрсөө урьдчилж 30 минутын өмнө чийглэсэн байх ёстой.
- хөрсний хүчлийг шалгаж үзээрэй. Хүчил ихтэй хөрс цэцгийн бундуу унах шалтгаан болдог
- мөн хэт дулаан агаарт, зуны халуунд бундуу унана
- нэвт салхинд байлгавал унадаг
- усалгааг тохируулаагүй. Хөрс хатсан бол бундуу унана. Хавар, зундаа сайн услана гэдэг ч услалт хооронд хөрс бага зэрэг хатасхийсэн байх ёстой. Ингэснээр үндсэнд агаар очдог. Байнга устай хөрс үндэс илжрэх шалтгаан болдог.
- цэцгийг ямарваа нэгэн өвчинд тэсвэртэй, эсэргүүцэл сайтай болгох үүднээс өсөлтийг идэвхижүүлдэг био стимулятор хэрэглэж байж болно. Жишээ нь, Эпин Экстра.
Навч яагаад унаад байна?
- хэт хуурай, халуун агаараас
- зуны халуунд хэт их чийгтэй хөрсөнд үндэс байлгаад байвал үхдэг. Үүний үр дагавар болж навчаа гөвж, цаг хугацаа алдвал цэцэг үхдэг.
- усалгаа дутсанаас. Зөв, тогтмол, жигд усалгааг тохируулж хийж өгч байх маш чухал.
- заримдаа навч гөвөх шалтгаан хортон шавьж байдаг, жишээ нь ширх. Ялдамын навчны арыг шалгаж байгаарай.
- хэт их бордсоноос болж навч унадаг.
- намрын улиралд бага зэргийн навч унах бол ердийн үзэгдэл.
- өвөлжингөө навчаа хаяаад байвал өрөөний агаар хэт дулаан байна. Өвөлдөө ялдам нь +15°С-аас дээшгүй өрөөнд байх ёстой.
- сайн шүршиж байх хэрэгтэй, хэт хуурай халуун агаарт навч унаж эхэлдэг. Өвөл агаарын дулаан +8-10°C байх ёстой, зун нь +18-20°С.
Доод талын навч унаад байвал - услалт багадсан, эсвэл гэрэл дутсан.
байршил өөрчилсөн, эсвэл усалгааг тохируулаагүйгээс.
Навчин дээр бор толбо үүсээд байвал хүйтэн сэрүүнд хэт их услаад байснаас. Арга хэмжээ авахгүй бол үндэс илжрээд үхдэг.
Ялдамын үрсэлгээг шууд том саванд суулгаж болох уу? 
Ямар ч тасалгааны цэцгийг томдсон саванд шууд суулгаж болохгүй. Үндэс нь хэт том хөрстэй савыг дүүргэж дийлэхгүй тул үхдэг юм. Томрох тусам бага багаар савыг ахиулж томруулах нь дээр. Ингэнхдээ хөрсийг гэмтээлгүй шууд том саванд хийж завсарыг нь шинэ хөрсөөр чигжээрэй. Сав томруулах тухай эндээс үзнэ үү.
Цэцэгний өнгө гандуу, бүдэг болоод байна?
Хэрэв таны ургуулж байгаа сорт байгаа өнгөнөөсөө тод байх ёстой гэж итгэлтэй байвал өнгө бүдгэрсний шалтгаан нь тэжээл дутагдсанаас, эсвэл хөрс хэт их шүлттэй байвал болдог байна. Хэт сул цэцэг, эсвэл залуу цэцэг шилжүүлж суулгасны дараа эхний цэцэглэлтээс нь том хэмжээтэй, тод өнгийн цэцэг хүлээх хэрэггүй. Учир нь энэ цэцэг хамаг хүч, шим тэжээлээ том саванд үндэс ургуулж дүүргэхэд зориулдаг юм.
Навчны үзүүр яагаад хатаад байна вэ? 
Шалтгаан нь:
- хэт хуурай агаар (цэцгээ халаах, үлээх төхөөрөмж, "паар"-ны дэргэд тавьсан)
- үндэс өвчлөх гээд байна. Магадгүй байнга усалгааг хэтрүүлдэг
- хортон шавьж. Ялдамын навчийг сайн ажиглаж шалгаарай
- ургаж байсан орчинг эрс өөрчилсөн, жишээ нь хүлэмжинд ургаж байхад нь аажмаар дасгалгүй шууд гаргаад тасалгаанд байрлуулсан
Навч яагаад гадагш эргэлдэж хумигдаад байна вэ?
Хэт их бордсоноос, мөн хэт бага бордсоноос, хэт хүйтэн агаараас.
Гэрэл муутай өрөөнд яаж цэцэглүүлэх вэ?
Нарны гэрэлгүй ургуулж болно. Үүний тулд өдрийн гэрэлтэй чийдэнгээр өдөрт 16 цаг тусгаж гэрэлтүүлэх хэрэгтэй болно. Гэрэл дутсан ялдамын иш сунаж, навч хоорон;ын зай уртасч, цэцэг гардаггүй.
Ялдамын навчин дээр цагаан ялаа-эрвээхэй үржээд байна. Яах вэ? 
Цагаан ялаа цөөн байвал механик аргаар арилгаж болно. Үүний тулд нэг литр усанд 20 г калийн шингэн саван (бүүр олдохгүй бол барааны саван) уусгаж найруулаад, цэцэгний хөрсийг гялгар уутаар бүтээнэ. Энэ уусмалаар навч болгоныг зөөлөн үрж угаагаад бүлээвтэр усаар савангаа арилгана.
Хэрэв хэт их үржсэн бол хор авч цацна. Хор цацахдаа цэцгээ гялгар уутанд хийгээд амсарыг нь хумиад, дээр нь багахан зай гаргаж хороо цацаж өгнө. Навчны доод талруу цацахыг хичээгээрэй. Цацсаны дараа амсарыг боож 10-15 минут болгоод гаргаж авч савыг болон навч, ишийг сайтар угаана. Угаахдаа дээрх савангийн уусмалаар угааж өгвөл бүүр их үр дүнтэй болно.
Цагаан ялаа нь дулаанд дуртай, харин ялдам бол хэр баргийн сэрүүнийг дааж чаддаг цэцэг. Иймээс цэцгээ сэрүүн газар байрлуулвал цагаан ялаа нь үхдэг байна.
Дараагийн нэг арга - цэцгийг чихэртэй халуун усаар шүрших (нэг стакан +50С градусын халуун усанд хоёр цайны халбага элсэн чихэр найруулна).
Орчин үеийн химйин цацдаг хор нь цэцгэндээ нэг их хор хөнөөл үлдээгээд байдаггүй.
Ялдам цэцэг сайхан ургуулах нууц юунд байдаг вэ?
Гол нууц нь бол - зөв усалгаа. 90% нь зөв усалгаанаас, 10% нь цэцэгчний мэдлэг, туршлагаас шалтгаалдаг гэдэг.
Ялдам нь яг л хүн шиг удаан хугацаагаар хоолгүй байгаад байж чаддаг ч усгуй удаан байж чаддаггүй. Ус нь ялдамын бүхий л хэсэгт байгаа. Залуу шинэхэн мөчир/үндэсд 90%, гол иш/ мөчрүүдэд 50% агуулагддаг байна. 
Фотосинтез гэдэг нь амьд организм нарны энергийг химийн энерги болгон хувиргах процесс юм. Уг урвалд нүүрстөрөгчийн давхар исэл болон ус оролцдог ба эцсийн бүтээгдэхүүнүүдийн нэг нь хүчилтөрөгч байна. Зөв услагаанд фотосинтез идэвхиждэг. Энэ нь цэцэгний өсөлтөд сайнаар нөлөөлнө.
Онолоор бол 100г ногоон масс ургуулахын тулд ялдамд 55г ус хэрэгтэй болно гэнэ. Гэхдээ навчин дээрх нүхнүүдээр ууршилт явагддаг тул 100г ногоон навч ургуулахын тулд ялдам нь 10л ус өөрөөрөө дамжуулах болдог байна. 
Ялдамын усан хангамжийн систем нь хэрэгтэй үед навчны нүхнүүдийг хэт их ус алдахаас сэргийлэн хаадаг. Гэхдээ эдгээр нүх нь нээлттэй байж фотосинтезийн урвал явагдах тул усаа алдах уу, нүүрстөрөгч сорж авах уу гэсэн асуудалтай тулгардаг байна. Нүх нь өглөө эрт нээгдээд, өдөр 12 цагийн үеээс эхлээд дараа өдрийн өглөө хүртэл хаагддаг байна. Халуун зун +28С дээш халуунтай байвал бүүр эрт хаагддаг гэнэ.
Яг ийм явдал бас хөрс хатахад болдог байна. Навчны нүх хэсэгхэн хугацаанд нээгдэж усаа хадгалах үүднээс дорхноо хаагддаг. Ингэхэд фотосинтез зогсоно, ууршилт зогсоно, үүнээс болж ургалт зогсоно.
Хөрс хатвал хамгийн түрүүнд бид юу хийдэг вэ? Хэтэртэл нь усалдаг. Хөрс хэт их устай байхаар үндэс илжирч болдог. Яагаад гэвэл нөгөө яриад байгаа нүхнүүд маань хаагдсан байгаа, тиймээс ууршилт явагдахгүй дэмий их ус байна гэсэн үг. 
Халуунд юу хийж болох вэ гэхээр навчийг байнга шүршиж байна. Энэ нь бага зэрэг ч гэсэн сэрүүцүүлж өгч байгаа, навчны товгор хээ алдагддаггүй, навч гундайж унжихгүй, мөн навчны нүхнүүд хаагдах нь удааширч хойшлогддог байна.
За одоо та ялдам цэцгийг өглөө услах ямар чухал гэдгийг ойлгосон байх. Хэрэв өдөр, эсвэл орой усалвал ууршилт явагдахгүй тул таны хийсэн ус чинь цэцгэнд гай авчирна уу гэхээс тус болохгүй байна.
Цэцэгний ойр орчинд чийглэг агаар бүрдүүлэх үүднээс ялдамыг том тосгуур саванд тавьдаг. Тосгуур савандаа чийгтэй элс хийнэ. Энэ нь цэцгэнд бага ч гэсэн чийг өгдөг. Мөн усалсан усны илүүдэл доош элсрүү орж элсийг чийгтэй байлгана, навчны нүх хаагдах нь хойшлогдно. Нүх хаагдахгүй байна аа гэдэг нь цэцэг ургаж байна гэсэн үг. 
Доод суурь таваганд устай удаан байлгаад байж болохгүй! Үндэс илжирдэг. Ялангуяа залуу цэцгэнд энэ нь бүүр их аюултай. Үндэс илжрэх тохиолдолд цэцгийг аварч болдоггүйг санаарай. Үндэс ялзраад эхэлсэн байхад дээд эрүүл мөчирнөөс нь үрсэлгээ хийхээр тайрч авсан ч үндэслэдэггүй.
http://dv-cvet.ru/publ/34-1-0-82
http://www.jflorist.ru/komnatnye-rasteniya/fuksiya/fuksiya-uxod-v-domashnix-usloviyax.html
http://real-7.ucoz.com/publ/sadovye_cvety/fukcii/razmnozhenie_fuksij/82-1-0-350
http://www.forum.kwetki.ru/index.php?showtopic=4344&st=20
http://www.salfordboltonfuchsiasociety.co.uk/index2.htm?
http://www.salfordboltonfuchsiasociety.co.uk/fabulous/g_basketa.htm&2
http://fuchsia.at.ua/index/obrezka/0-6
http://darca.ucoz.ru/publ/2-1-0-5


Бусад бичлэг:

No comments:

Post a Comment