Thursday, January 29, 2015

Чимэглэлийн сонгино

АЛЛИУМ (Allium) — хоёр наст, олон наст Alliaceae овгийн ургамал. Нийт 400 гаруй төрөл байдаг. Ихэнхи нь хүнсэнд хэрэглэгддэг. Мөн үзэмжтэй тул чимэглэлийн цэцгэнд хэрэглэдэг.
Цэцэглэx хугацаа — 5 сар - 6 сар, зарим төрөл нь намар цэцэглэдэг. 
Төрөл бүрийн өнгөтэй - нимбэгэн шараас эхлээд нил ягаан хүртэл. Зарим төрлийн цэцэгний иш 30 см диаметртай байдаг. Цэцэглэнгүүт навч шарлаж унадаг. 
Үрслүүлэх аргууд
Томорсон сонгино хуваах, үрээр болон жижиг үрсэлгээний сонгиноор гэж үржүүлдэг. Үрсэлгээг 5 сарын 1-10-ны хооронд тарина. Үрээр ургуулсан жижигхэн сонгинуудыг 10–15 см зайтай суулгадаг. Том сонгиныг нийт өндрийн 1,5-2 той тэнцэх гүнд суулгадаг. Гадаа талбайд ургуулахдаа сонгино хоорондын зайг аль болох их авна. Дулаан өвөлтэй орнуудад 4-5 жил болж байж шилжүүлж суулгадаг.

Үр сонгохдоо өнгө сайтай үр авах хэрэгтэй. Үрний гаднах хальс бүдэг, цайвар бол гарах цэцэгний өнгө ч мөн адил өнгө муутай гардаг гэнэ. Үрээр суулгасан сонгино 2 дахь жилдээ л цэцэглэдэг. Нэг метрт 40–60 ширхэг үр суулгана, эгнээ хоорондын зай 15–20 см.
Хорхой шавьжнаас хамгаалах
Энэ төрлийн цэцгүүдийн хамгийн том аюул нь - сонгины ялаа. Энэ ялааг үргээж холдуулахын тулд эгнээ хоорондын зайнд тамхины нунтаг цацдаг. Тамхины нунтагийг дангаар нь эсвэл шохойтой хамт 1:1 цацна. 10 кв. м. талбайд 1–2 кг тамхи хэрэглэдэг байна. 8-10 хоногийн зайтаа 2 удаа давтдаг. 
Сонгины далд хошуут гэж сонгины зөөлөн хэсгийг мэрж иддэг ба нүхэлж дуусдаг хөнөөлтэй хорхой шавьж байдаг байна. Үржсэн тохиолдолд эгнээ хоорондын хөрсийг сийрэгжүүлж, гэмтсэн навчийг түүж шатаах хэрэгтэй.
Шилбэний нематод гэх хялгасан нялцгай биет нь сонгины шүүсээр хоололдог. Эдгээр зүйлүүдээс хамгаалахын тулд сонгины эсэргүүцлийг сайжруулах хэрэгтэй. Үүний тулд сонгиныг 16–18°С дулаан газар 3 хоног усанд хонуулдаг. Жижиг үрсэлгээний сонгиныг 45°С усанд 10–15 мин., 50–52 °С хэмтэй усанд — 5–10 мин., 55–57 °С — 3–5 мин. гэж дүрдэг.
Сонгины хачиг гэж бас байдаг ба үүнээс хамгаалахын тулд сонгиныг суулгахынхаа өмнө мөн л 10 минут бүлээн усанд (45°С) байлгадаг. Үүнээс гадна сонгиныг төмс, улаан лооль, шар сонгины ханд/уусмалаар шүршдэг. 
Чимэглэлд хэрэглэх
Цэцэглэдэг сонгиноор гаднах талбайг чимэхэд тохиромжтой байдаг. Сонгино арчилгаа шаардаад байхгүй, мод, бутны доор суулгахад сайн ургадаг, мөн наранд ил ургаад байж чаддаг. Тод өнгийн цэцгүүдийн дунд нүдэнд тусахгүй бүдэг, даруухан. Харин альпын уул, ландшафтын цэцэрлэгжилтэнд элс, хайрга, үүрсэн туупуй зэргийн дунд их үзэмжтэй харагдна.
Сонгиныг суулгахдаа арал маягаар энд тэнд бөөн ургуулах нь илүү үзэмжтэй. Ургуулахад хялбар, цэцэгний хэлбэр өвөрмөц гээд цэцэрлэгчид тарих дуртай байдаг. Үүнээс гадна сонгино фитонцид гэх бодис ялгаруулдаг ба энэ нь хөрсийг ариутгадаг юм байна. Чимэглэлийн сонгино нь жирийн хүнсний сонгинотой хамт оршин тогтнохдоо сайн.
Тод, том цэцэгийг тайраад өндөр вааз, хуучирсан шилэн сав, доторыг нь хусаж авсан хулуунд хийхэд маш гоё харагддаг байна. Икебана хийхэд дөнгөж тасдсан цэцэг ч хэрэглэж болдог, мөн хатаасан цэцэг ч хэрэглэдэг. 
Гол зүйл
Сонгино нарийн арчилгаа шаарддаггүй, ямар ч хөрсөнд ургадаг. Нартай газар илүү дуртай. Агаарын солилцоо сайн явагддаг, зэрлэг өвс ногоогүй, тэжээллэг хөрстэй газар ургуулдаг. Сонгино тарих талбайд намраас (1 кв. метр талбайд 5–6 кг ялзмаг, 50–60 г фосфор - калийн) бордоо хийж бэлддэг. 
Харамсалтай нь навч амархан шарлаад байдаг. Иймд үүнийг бага харагдуулахын тулд олон наст ургамлуудын дунд суулгасан нь дээр. 
Сонгино нь олон наст ургамал. Иймд хөрсийг ухаж, сийрэг хөвсгөр болгож, зэрлэг ургамлуудыг түүж байх хэрэгтэй. 5–6 жилийн дараа шинэ газар шилжүүлж суулгадаг.
Ургуулах нууцаас
Хурдан соёолуулахын тулд сонгины үрийг тасалгааны хэмтэй усанд дэвтээдэг. 1–2 см өндөр нахиа ургахад чийгтэй хөрсөнд шилжүүлж суулгадаг. 
Сонгиныг янз янзын гүнд суулгавал цэцэглэлт янз янз байх ба үүгээр цэцэглэлтийг удаашруулж болно. 
Хэт боловсортол нь хүлээлгүй цэцгийг залууд нь тайраад байх нь чухал. Тэгвэл усанд хийхэд үүрээд унаад байхгүй.
Усанд хийсэн цэцгийг удаан байлгахын тулд ваазтай усанд чимх давс эсвэл үрэсвэл дарагч эм хийж болдог. 
Хатаасан цэцгийн зохиомжийг шууд хийх хэрэгтэй. Хэт хатсан цэцэг үүрээд байдаг. Цэцгийг шүршдэг будагаар будаж бас болно. 
Сайн хөршийн дүрэм
Сонгины хажууд цахилтаг, цэцэрлэгийн шимтэглэй, сүүт өвс, намуу цэцэг, сальвия, хаваршил - примула, цээнэ цэцэг - пион суулгахад тохирдог. Мөн эгнээ хоорондын зайнд өргөст хэмх суулгаж болно. 
Хажууд нь байж болохгүй цэцгүүд - сармис, вандуй.
Лууван хамт суулгахад маш тохиромжтой. Сонгино нь лууванг "луувангийн ялаанаас" хамгаалдаг байна. Харин лууван нь сонгиныг бас зарим хорхой, бактериээс хамгаалдаг гэнэ. 
Гаргадаг алдаа 
Хүнд, шаварлаг хөрсөнд суулгаж болохгүй 
Урт иштэй, өндөр сонгиныг хүчтэй салхинаас хамгаалах хэрэгтэй
Хэт их органик бордоо сонгинод хор болно. Ялангуяа малын шинэ бууц, шувууны сангас зэрэг.

No comments:

Post a Comment