Sunday, January 11, 2015

Аспарагус - Хэрээ нүд / Үүлэн цэцэг


Аспарагусмөн Спаржа нь монголоор "Хэрээ нүд" мөн "Үүлэн цэцэг". Ихэнхи нь үүнийг ойм (папоротник)-той андуурдаг.
Аспарагус (Asparagus) нь Asparagaceae овогт багтдаг, олон наст үндсэрхэг ургамал. Ургах хэлбэр - өвс, мөлхөө унждаг, хагас бут. Уугуул нутаг - Өмнөд Америк, Африк, Ази.
Ихэнхи аспарагус навчгүй. Навчны оронд зүү шиг мөчир байдаг. Үндэс хавтгай байрлалтай. Аспарагус нь тодорхой хэмнэлээр ургадаг. Эхний үе - хөрсөн доор ургамлын бүх хэсгүүд бүрэлдэж бий болдог. Дараагийн үе - дээшээ урт иш, мөчир ургана. Гэхдээ шинээр салаалсан мөчир, навч гардаггүй. Хэрэв бусад ургамлыг чимхэж, тайрахад тоохгүй цааш ургаад байдаг бол аспарагусын төрлийнхний ургалт зогсдог. Үндэс дахиад ургалт үед бэлдэж эхэлдэг тул хөрсөн дээрх хэсэг мөддөө ургахгүй. Энэ онцлогийг нь мэдэх хэрэгтэй. 
ТӨРӨЛ:
Asparagus plumosus

Asparagus Densiflorus Meyers

Asparagus sprengeri

Asparagus medeoloides

Asparagus racemosus

Asparagus falcatus

Asparagus horridus L. (Asparagus stipularis Forssk.)
АРЧИЛГАА:
Гэрэл
Аспарагусыг тод сарнисан гэрэлтэй (Шпренгерийн аспарагусаас бусад нь) газар байрлуулна. Зүүн болон баруун зүгийн цонхон дээр тохирдог.
Зун тагтан дээр, эсвэл задгай агаарт гаргаж тавих хэрэгтэй. Гадаа байрлуулахдаа хагас сүүдэрхэг газар тавьна. Намар-өвлийн дараа тод гэрэлд аажмаар дасгаж байж гаргана. 
Аспарагус 'Meyeri'
Агаарын дулаан
Аспарагус + 20-25°С хэмтэй өрөөнд ургадаг. Хэт халуун газар удаан байлгавал үхнэ. Өвөл сэрүүн + 12-15°С хэмд байлгана. Энэ үед усалгааг багасгана, гэхдээ хөрсөө бүр хатааж болохгүй. 2 сараас шинэ нахиа гарч, яваандаа буцаад ногоон бүрхүүлтэй болдог. Энэ үеээс эхэлж усалгааг ихэсгэдэг. Өвөл халуун дулаан газар байлгавал халзарсаар байгаад хатдаг.
Анхаар: Нэвт салхи, хүйтэн салхинд тавьж болохгүй. Онгорхой цонхны доор мөн байрлуулах хэрэггүй.
Агаарын чийгшил
Аспарагус усаар шүршүүлэх дуртай. Бүтэн жил бүх улиралд шүршдэг. Өвөл дулаан газар байлгаж байгаа бол үе үе шүршүүрт оруулж угааж байна.
Усалгаа
Зун сайн усална, гэхдээ илүүдэл ус гархааргүй тохируулж. Усалгаа хооронд хөрсөө бүүр хатааж болохгүй. Өвөл аспарагус сэрүүн газар байгаа бол усалгааг багасгана, гэхдээ хөрсийг нь хатааж болохгүй.
Бордоо
Аспарагусыг хавар, зуны улиралд долоо хоног бүр, харин өвөл сард нэг удаа органик эсвэл минерал бордоогоор борддог. 
Хөрс
Тохирох хөрс — ялзмаг, навчин хөрс, том ширхэгтэй элс (1:1:0,5 харьцаатай). Эсвэл ширгэн хөрс, ялзмаг, навчин хөрс, элс (2:2:2:1) гэж авч болно. Хөрс бага зэрэг хүчилтэй (pH5,5-7,0) байна.
Шилжүүлэн суулгалт
Аспарагус амархан ургадаг, иймээс жил бүр том саванд шилжүүлж суулгана. Шилжүүлж суулгахдаа үндэсийг тайрч багасгана, мөн халзарсан хуучин мөчирнүүдээс салгана. Энэ нь шинэ эрүүл мөчир ургахад нөлөөлдөг.
 
Хөгшин цэцгийг 2-3 жилд нэг удаа шилжүүлж суулгаж болно. Үндэс хүчтэй. Маш амархан томорч ургадаг. Багадсан хуванцар савыг хаглаад үндэс цухуйгаад ирдэг. 
Үрслүүлэх арга
Аспарагусыг үрээр болон мөчрөөр, үндэс хувааж гэсэн аргуудаар үрслүүлдэг.
Үрийг 1-3 сарын хооронд элс, хүлэртэй чийглэг хөрсөнд суулгадаг. +21°С хэмтэй газар байрлуулж, гялгар уутаар бүтээнэ, байнга усаар шүршиж, агаар оруулж байна. Нэг сарын дараа соёолдог. 7-10 см өндөр ургаад ирэнгүүт тусгаарлаж салгана. Зуны эхээр тус тусад нь 10 см жижиг саванд суулгана.
Дараагийн арга - шилжүүлж суулгах явцад хөгширсөн бут/үндэс хуваах.
 
Мөчрөөр үрслүүлэхдээ 3 сард тайрч чийгтэй элсэнд суулгана. Дээгүүр нь бүтээж вакумдна, байнга шүршиж, агаар оруулж байна.
 
Мөчир 4-6 долоо хоноод үндэслэнэ. Үндэс гарсны дараа салгаж тус тусад нь тохирох хэмжээтэй саванд суулгана.
Хорхой шавьж, өвчлөлт
Хамгийн их үрждэг нь ширх, аалзан хачиг, "щитовка".
   
Аспарагус хатаж, шарлаж, навч нь унадаг – усалгаа багадсан, агаар хэт хуурай, эсвэл ургамлыг наранд ил тавьснаас болдог.
Доод усалгаа хийх нь илүү тохиромжтой. Агаар чийглэг болгох арга хэмжээ авна.
АНХААР! Аспарагусын жимс хортой! Бага насны хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтадаас хол байлгаарай.
 

4 comments:

  1. би энэ цэцгээ хөлдөөгөөд өнгийг нь гандаачихсаан эргээд өнгө нь сайхан сэргэх болов уу зөюөлгөө өгнө үү

    ReplyDelete
    Replies
    1. Gandsan navchnuud ergeed nogoorno gej baihgui, gehdee shineer urgah navchaa zuv archlaad baival shine nogoon ungulug urgana.

      Delete
  2. Minii Ene tsetsegnees heden muchir ih urt urgaj bna tendees n nawch yu ch garahgui yum yaj nawchtai bolgoj urguulah we? Bordoonii huwid Modnii nuursnii orond emiin sand zardag har nuurs avaad hursund n suulgaj boloh uu?

    ReplyDelete
    Replies
    1. Modnii nuurs tsetsegiin delguuruudeer bgaa. Gehdee oldohgui bol emiin sangiin nuursen em bolnoo.
      Havar tiishee urgamal ugaas sereed urgaad ehelne. Tiimees joohon huleegeed uzdee. Undes eruul baihad shineer navch urgaad l irne.

      Delete