Thursday, January 22, 2015

Замиокyлькас - Zamioculcas

Латин нэр: Замиокулькас замиофолия (Zamioculcas zamiifolia)
Замия гэх ургамалтай төстэй тул ийм нэртэй болжээ. Замиокулькас нь Ароидын овогт багтдаг, монстера, нөмөргөнө, аглаонема, диффенбахия, калла зэргийн ойрын төрөл гэнэ. Анх 1830 онд Зүүн Африкт олж нээсэн юм байна. Мадагаскар аралд бас тааралддаг байна. Цэцгийн дэлгүүрүүдэд 20-иод жилийн өмнөөс зарагдаж эхэлсэн, ховор бөгөөд үнэтэй ургамал гэж тооцогддог байжээ.
Түгээмэл нэр: Доллар мод
Тасалгаанд ургуулахад тохирсон цэцэг:
Тод гэрэл, нэмэлт гэрэлтүүлэг шаарддаггүй. Сүүдэрхэг газар ч ургаж чаддаг
Усалгаа бага. Суккулент навчтай ба доороо булцуутай тул бага усалдаг. 
Хуурай агаарт тэсвэртэй
Хорхой шавьжинд өртдөггүй гэж хэлж болно.
Услахгүй, арчлахгүй удаан хугацаагаар хаяаад явахад дажгүй удаан тэсдэг. Хоёр сард нэг удаа усалдаг цэцэгчид байдаг. 
Zamia furfuracea буюу Сardboard palm
Замия гэх энэ ургамалтай төстэй тул Замиокулькас нэртэй болсон байна. Зузаан навчийг нь гялалзуулдаг лак зэрэгээр шүрших хэрэггүй. Тасалгаанд ургуулахад маш сайн тохирсон цэцэг гэж тооцогддог ч нэг сул талтай - маш удаан ургадаг. Үржүүлж үрслүүлэхэд амархан боловч удаан ургаж томордог.
Том хөгшин ургамал 90 см - 120 см хүрдэг байна. Сүүдэр газар сайн ургадаг гэдэг ч гэрэлсэг газар байрлуулсан нь дээр. Илүү хурдан, таатай ургадаг.
Иш нь булцуу хэлбэрээр хөрсөн доор байдаг. Булцуундаа ус их хэмжээгээр нөөцөлдөг. Навчны бариулыг цэцэгний иш гэж андуурдаг. Навчны бариул доод хэсэгтээ сайн хөгжсөн, бүдүүрсэн байдаг. Ойр ойрхон байрласан жижиг навчнууд өд шиг харагддаг. Африкийн халуун хуурай агаар энэ ургамлыг суккулент болгосон байна.
Навчны тосорхог гадаргуй нь хурц наранд түлэгдүүлдэггүй, ус чийг алдуулдаггүй байна. Замиокулькас маш удаан ургадаг. Шинэ навч их удаж байж гардаг. 
Замиокулькасын навч урт иштэй, олон жижиг навчнаас бүрддэг 
Ароидын төрлийн бусад ургамлуудын адил годонтой, нөмрөгтэй цэцэгтэй. Цэцэг нь навчны угнаас гардаг. Олон жил болсон хөгшин ургамал тасалгаанд цэцэглэдэг. 
 
АРЧИЛГАА
Замиокулькас ямар ч нөхцөлд ургадаг: хуурай агаар, хөрс хатах, муу гэрэл гээд бүгдийг тоохгүй ургаад байдаг. Тасалгаанд ургуулахад хамгийн амар цэцэг. Аль ч зүгийн цонхон дээр ургана. Сүүдэрхэг газар ургаж чаддаг ч гэрэл ихтэй газар байрлуулсан нь дээр.
Алаг навчтай сорт
Шууд тусах нарнаас хамгаалж саринулсан гэрэлд байлгах хэрэгтэй.
Буруу арчилсан тохиолдолд бүх навчаа гөвдөг. Хөгшин ургамлын доод навч яаж ч арчилсан унадаг. Энэ бол зүгээр л ердийн хөгшрөлт.
Анхаар! Бусад ароидын төрлийн ургамлуудын адил замиокулькасын бүх хэсэг хортой шүүстэй. Харьцангуй арай сул хортой шүүстэй. Гэхдээ л болгоомжтой байгаараа.
Агаарын дулаан
Дулаанд дуртай. Өвөл 16-18°C хэмд өвөлжүүлэх хэрэгтэй. Сэрүүн, халуун гээд ямар ч нөхцөлд ургадаг, бага зэргийн хөрс хаталтыг дааж чаддаг. Бага зэргийн хэт усалгааг ч даагаад байдаг. Гэрэл муутай газар, хэт хуурай агаарт гээд ямар ч нөхцөлд ургах чадвартай, гарын ая даадаг цэцэг. Анхан шатны цэцэгчинд нэн тохирох ургамал. 
Хичнээн тэсвэр сайтай ч дулаан, сарниулсан тод гэрэлтэй газар байрлуулсан нь дээр. Усалгааг багавтар, тохируулж хийнэ. Усаар шүршиж байна.

Гэрэл
Нарны шууд тусгалгүй, тод гэрэлд илүү ургадаг. Гэхдээ сүүдэрт мөн ургаж чаддаг.
Агаарын чийгшил
Ойр ойрхон усаар шүршүүлэх дуртай байдаг. Тасалгааны хуурай агаар даахдаа сайн.
Усалгаа
Бусад бүх суккулентуудын адил хөрс хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийнэ. Хавар зун сайн услаж байна. Өвөл усалгааг эрс багасгана. Өвөл усаар шүрших хэрэггүй. Харин навчны тоосыг нойтон зөөлөн алчуураар арчиж байна. Навч хэврэг тул болгоомжтой арчиж байгаарай.
Усалгааг ихдүүлж болохгүй. Доороо ус нөөцлөх булцуутай тул усалгааг хэтрүүлж байснаас багадуулсан нь дээр. Доод суурь таваганд тунасан илүүдэл усыг шууд асгаж байна.
Зарим цэцэгчид 2 сард нэг удаа усалдаг гэдэг. Тиймээс бага услахад муу юм огт байхгүй.
Бордоо
Бордоонд дуртай. Хавар-зун тогтмол борддог. 4 сараас 8 сар дуустал 2-3 долоо хоногт нэг удаа минерал болон органик бордоог ээлжилж өгдөг. Кактус болон суккулент ургамлуудын бордоогоор бордож болно. Энэ нь хурдан том болгодог.
Замиокулькас нь маш удаан ургадаг. Шинэ навч удаж байж нэг гарна, хуучин навч хөгшрөөд унаад байна. Харин навч олноор унаад эхэлвэл - арчилгаа буруу хийсэнтэй холбоотой. 
Шилжүүлэн суулгалт
Залуу ургамлыг жил бүрийн хавар шилжүүлж суулгана. 4-с дээш настайг 2-5 жилд нэг удаа. Жижиг саванд илүү сайн ургадаг. Үндэсний үзүүр савны хананд хүрэхлээр ургалт илүү хурдан явагддаг. Савны ёроолд заавал дренаж хийнэ. (Дренаж)
Үндэс бага ургадаг, удаан ургадаг. Иймээс залуу ургамлыг жилд нэгээс илүү шилжүүлж суулгаж болохгүй.
Үрслүүлэх арга
Навчаар, бариултай навчтай хэсгээр, булцуу хувааж гэсэн аргуудаар үржүүлж болдог. Үрслүүлэх хэсэг том байх тусам хурдан үндэслэдэг. Навч болон навчтай шилбэ нь элс, хүлэрт хөрсөнд үндэслэдэг. Дулаан газар гялгар уутанд хийж тавьна. Ийм нөхцөлд булцуу ургаж эхэлдэг байна. Булцуунаас шинэ нахиа дээш гарна, доошоо үндэс ургаж эхэлдэг байна.
 
Усанд үндэслэхдээ муу, гэхдээ үндэслүүлж болно.
 
Үндэслүүлэгч бодис байвал дүрж болно. Мөн модны нүүрсний нунтагт дүрээд суулгавал илжирч муудах нь бага. 
 
Үндэслэхдээ төвөггүй. Нахиа дорхноо гарч ургадаг.
 
Доороо булцуу ургадаг.
 
Мөн булцуу хувааж үржүүлж болно.
 
Үрслүүлэх арга:
Хөрс
Навчин болон ширгэн хөрс, хүлэрт хөрс, элс (1:1:1:1) бага зэрэг жижиглээд хэрчсэн хөвдтэй. Өөр ус сайн шингээдэг хөрс авч болно.
Гарч болох хүндрэлүүд
Хэт их устай байлгавал - булцуу илжирдэг.
Хэт хуурай агаарт навчны үзүүр хатдаг.
Буруу арчилвал бүх навчаа огцом гөвдөг.
Хэт усласнаас навч шарлана
Навч шарлах
Удаан ургадаг ч гэсэн шинэ навч гаргаад байна. Хөгшин навчнууд нь шарлаад унаад байна. Энэ нь хэвийн үзэгдэл. Айх хэрэггүй. хөгшин навч бүрэн шарлаж хатахыг хүлээгээд тасдаарай. Хэрэв хөгшин навч шарлаад хатаад, шинэ навч гарч ирэхгүй бол анхаарал татсан асуудал болно. Навч шарлаад байна гэдэг нь арчилгаа буруу явагдаад байна гэсэн үг.
 
- хэт нойтон чийгтэй хөрсөнд дургуй. Гол усалгааны дүрэм: "Хэт усласнаас дутуу усласан нь дээр". Хэт их чийгнээс үндэс илжирнэ. Үүнээс болоод навч шарлана.
 
- дутуу усалснаас навч шарладаг. Гэхдээ энэ үзэгдэл нь маш ховор болдог. Хөрсөө бүүр хатаасан бол навч шарлаж унадаг. Үндэс ус чийг хадгалах чадвартай. Иймээс маш удаан хугацаагаар усалгаагүй байж чаддаг.
- Хэт хуурай агаараас болж навч шарлаж болно.
Навч шарлах шалтгаан олон. Гол нь яг шалтгаанаа олох. Иймээс юуны түрүүнд зөв услаж байх, хөрсний чийглэг байдалд анхаарал тавих. Хөрс үл мэдэгдэхүйц чийглэгдүү байвал услах хэрэггүй.
Ер нь бол дунджаар 2 долоо хоногт нэг удаа услахад болдог. Гэхдээ мэдээж ургаж байгаа өрөөний агаарын хэм, чийгшил зэрэгээс шалтгаална.
Хөрс бүүр хатаад хагарахыг хүлээх хэрэггүй.
Халаалт ирсэн үед аль болох халдаг төхөөрөмжүүдээс холдуулж, сэрүүн газар тавьна. Зөөлрүүлсэн, хлоргүйжүүлсэн бүлээн усаар шүршиж байхаа мартав. Буцалсан усаар шүршиж болно. Навчин дээр толбо, усны мөр үлдээдэггүй юм.
Навч шарлаад байвал хорхой шавьжинд баригдсан үгүйг шалгана. Элдэв юманд тэсвэртэй гэдэг ч улаан хачиганд баригдахдаа бас амархан. Хэрэв навч хумигдаж, соруул мэт ороогдоод байвал ургамлын ширх үүрлэсэн байж болно. Ийм тохиолдолд тохирсон хор зааварын дагуу цацаж устгана.
Хар толбо
 
- Хүйтэн газар байлгасан. 
- Нэвт салхинд тавьсан. 
- Хөрс хэт чийгтэй байсан бол дорхноо харлаад илжирнэ.
 
Эрээн хээ ишэн дээр байх нь ердийн зүйл
Хар судал, толбо ишэн дээр бий болох нь (хэрэв зөөлөрсөн, нойтон, илжирсэн хэсэг байхгүй бол) ургамлын биологийн онцлог байж болно.
Иш, навчин дээр хар бараан толбо үүсэх нь мөн "щитовка" гэх шавьжнаас үүсдэг байна.
Илжрэлт
- Хүйтэн газар хэт усласнаас ишнээс гадна үндэс илжирдэг.
- Хөрс хүнд, шаварлаг, агаар ус нэвтрүүлдэггүй. 
Ургамлыг аврах үүднээс ухаж гаргаад, илжирсэн зөөлөрсөн булцууны хэсгүүдийг тайрна, зүсэлт хийсэн газруудад нүүрсний нунтаг түрхээд ургамлын навч иш, болон хөрсөн доорх бүх хэсгийг мөөгний эсрэг фунгуцид бодисоор услана. Шинэ хөрсөнд, шинэ саванд суулгана.
Хэрэв хэт газар авсан, аврах боломж үгүй бол гэмтсэн булцууг хаяаад навчнуудыг нь үрсэлгээнд ашиглаж болно.
Хүйтэнд хайруулсан, наранд түлэгдсэн:
Хүйтэн агаарт байж чаддаггүй. Навчны захаар олон тооны жижиг цагаан цэгүүд гарч ирдэг. Наранд  мөн дасгалгүй шууд тавьж болохгүй.  Наранд шууд тавьбал боронзон гадаргуйтай болдог. Харин хайрагдсан, даарсан хэсгүүд нь бор өнгөтэй болдог.
Механик гэмтэл
 
Тээвэрлэлтийн явцад ийм толбонууд үүсэж болно.
Шилжүүлж суулгасны дараа ургамалд ийм өөрчлөлтүүд гараад байвал хөрс таарахгүй байж болно. 
Хаталт
Навчны доод хэсэгүүд хатаж унах нь хэвийн үзэгдэл. Хөгшрөөд унадаг. Хэрэв бүх хэсэг хатаж эхэлвэл арчилгаа буруу хийснийх.
Ургамлын бүх ногоон масс хатаад үхсэн ч гэсэн хаях гэж бүү яараарай. Хөрснөөс булцууг гаргаад шалга. Эрүүл байвал марганцын уусмалаар угаагаад, хатаагаад шинэ хөрсөнд суулгана.
Хорхой шавьж
Ширх, аалзан хачигт баригддаг. Савантай усанд дүрсэн зөөлөн даавуугаар угааж хорхойг шүүрднэ. Эсвэл спирттэй хөвөнгөөр арчиж авна. Хэт их үржсэн бол хор цацна.
 
Ашигласан материал:
http://www.keepflowers.ru/zamioculcas/ 
http://communitygardeners.ru/pub/zamiokulkas-ukhod-i-razmnozhenie-4 
http://greenhome.org.ua/
http://www.greeninfo.ru/indoor_plants/zamioculcas_zamiifolia.html/Forum/-/tID/3377/?p=1

No comments:

Post a Comment