Sunday, June 21, 2015

Юүлүүргэнэ

"Prada" сорт
Стрептока́рпус (лат. Streptocarpus) —Геснерийн овогт ордог өвслөг олон наст цэцгээр гоёдог ургамал.
Нэг бутнаас хэдэн зуун цэцэг зэрэг цэцэглэж гардаг ганган ургамал. Үрний хайрцаг нь боловсрох явцдаа мушигралдаж эргэдэг тул "стрептокарпус" гэж нэрлэсэн гэдэг (грек хэлнээ streptos — «мушгирсан», karpos — «хайрцаг, жимс»). Цэцэг нь 5 дэлбээтэй, урт юүлүүрэн хэлбэрийн хоолойтой. Үүнээс үүдээд монгол нэршил Юүлүүргэнэ нэршил гарч ирсэн.
 
Эх нутаг нь Мадагаскар, мөн Төв, Өмнөд Африк. Халуун тропикийн ойд болон далайн түвшинөөс нилээн дээгүүр өндөрт, хэт халдаггүй газар уулын энгэрээр ургадаг байна. 
Стрептокарпус нь ихэнхдээ - литофит, өөрөөр хэлбэл асгархуу газар чулуу хадтай газар ургадаг. Маш цөөн төрөл нь эпифит - модны иш, мөчир дээр наалдаж ургадаг, ус тэжээлээ гаднах орчноосоо өөрөө олоод авдаг ургамал.
Стрептокарпусыг ерөнхийд нь хоёр хэсэгт хувааж болно - ксерофит буюу хуурай газар ургаж дассан болон ойн гэж. Ксерофит нь хуурай нөхцөлд тэсвэртэй, задгай газар ургаж чаддаг, усалгаагүй удаан амьд байж чаддаг. Харин ойн гэдэг нь халуун тропикийн чийгтэй ойн ёроолоор, шууд нар тусдаггүй газар ургадаг байна.
Байгальд ургахдаа ийм онцлогтой байдаг тул юүлүүргэнийг кактус суккулент мэт төсөөлж бага услаж байгаарай. Хэтрүүлж услахаас болгоомжлох хэрэгтэй. Дорхноо унжийгаад үхдэг.
ҮРЖҮҮЛЭХ АРГУУД
Үрээр үржүүлэх:
Юүлүүргэний үрийг ууг нь өвлийн сүүл сар, хавар үрслүүлдэг гэдэг ч жилийн аль ч улиралд хийж болно. Намар-өвлийн улиралд үрслүүлж байгаа бол харин нэмэлт гэрэлтүүлэг хийж өгөх хэрэгтэй байдаг. Үрсэлгээ өдөрт 12-14 цагийн турш гэрэлтэй байх хэрэгтэй байдаг. LED гэх өдрийн гэрэлтэй адил өнгөтэй ширээний чийдэнгээр нэмэлт гэрэл гаргаж өгч болно. 
Доороо илүүдэл ус урсах нүхтэй навтгар, гүнзгий биш сав бэлдэх хэрэгтэй (яг л нил цэцгийн сав шиг өндөр биш). Савны ёроолд дренаж хийгээд, дээр нь шороогүй, хүлэрт хөрс хийдэг.
 
Юүлүүргэний үртэй уутыг задлаж үзэхэд дотор нь шар өнгийн өчүүхэн жижиг үрэл гарч ирдэг. Юүлүүргэнэ, баримгана, хайтан гэх олон цэцгийн үр маш жижигхэн тул гадуур нь ийм шар зүйлээр бүрж өгч үрэл болгодог. Энэ нь үрийг хатахаас, мөн ямар нэгэн физик гэмтлээс хамгаалдаг ба цэцэгчинд суулгахад хялбар болгох үүднээс бас бүрж өгч байгаа юм. Усанд амархан уусдаг тул үүнийг зүлгүүрддэг цаасанд үрэх хэрэггүй. Бэлдсэн хөрсөө урьдчилаад чийглэж өгнө. Хэт их устай, нойтон хөрс байж болохгүй. Үрнүүдээ жигд цацаад, дээрээс нь шороогоор булах хэрэггүй, ил байлга. Мөн хүлэрт хөрс буюу үр бойжуулагчинд шууд хийж болно.
  
Хөнгхөн үр доош урсаж шигдэхээс сэргийлж усалгааг ус шүршигчээр хийдэг. Шүрших усандаа маш бага хэмжээний марганц найруулж болно. Үүний дараа гялгар уутанд хийж боогоод дулаахан, байнгын +21-23С градустай газар тавьна.
Юүлүүргэний үр гэрэлд соёолдог тул гэрэлтэй газар тавих хэрэгтэй, гэхдээ нарны шууд тусгал дор юм уу хэт тод гэрэл дор тавьж болохгүй.
Өдөрт 2-3 удаа нээж агаар оруулж байхгүй бол үр болон соёолсон үрсэлгээ үхдэг юм шүү. 2-3 дахь навч гартал нь цэвэр агаар оруулж байгаарай. Энэ үед хамгийн их цэвэр агаар дутагддаг үе юм. Үрнүүдэд хүчил төрөгч маш ихээр хэрэг болдог юм. Мөн гялгар уутны хананд тогтсон конденсаци усыг заавал арчиж байх хэрэгтэй. Хэт их чийгнээс болж үр болон соёолсон үрсэлгээ алга болдог шүү. 
Соёолсон үрсэлгээ нь нүдэнд үзэгдэхгүй шахуу жижигхэн. Нэг дусал ус дээрээс нь дусаахад л үхэж болохоор эмзэг. Хэт их уснаас илжирч болдог, хэт хуурай хөрснөөс хатаад үхдэг. Эхний хэдэн долоо хоног маш удаан хөгждөг.
Үрсэлгээ нь шинэ орчинд дасаад ургаад томрох тусам хүлэмжийг бага багаар нээж өгч ердийн агаарт дасгадаг. Хөрс хатах үед нь шүрсэгчээр услаад байна. Эсвэл доод усалгааг хэрэглэж болно. Худалдаж авсан үр хэр шинэ вэ гэдэгээс хамаарч соёолно. Зарим тохиолдолд 1-1,5 сар ч болдог. Шинэ үр бол 5-7 хоноод соёолдог. Шинэ соёолсон үрсэлгээ нь 1,5 см болход, эсвэл эхний 1-2 навч гарахлээр салгаж суулгах хэрэгтэй. Яг л үр суулгахдаа юу хийсэн адилхан бэлдэнэ. Харин суулгах хөрс нь арай тэжээллэг байна, мөн дээр нь нүдсэн нүүрс, эсвэл үнс нэмэж өгдөг. Салгаж суулгахдаа 4*4 см гэсэн бүдүүвчээр суулгана. Хөрсийг чийглээд дахин хүлэмжинд хийнэ. Өдөр бүр агаар оруулж, тогтсон усны дусал, конденсатыг арчиж өгнө. Нилээн том болоод ирэхээр нь тусгаарлаж нэг нэгээр саванд суулгана. Савны хэмжээ 5 см диаметртэй байхад болно. Зулзаган цэцэгнүүд эхэндээ ургахдаа удаан байдаг. Намар-өвлийн улиралд бол бүүр ч зогсчихдог.
Үрээр ургуулсан юүлүүргэнэ нь 8-10 сарын дараа цэцэглэдэг. Бүтэн жил цэцэгтэй байхыг хүсвэл янз янзын зайтай үрээ суулгадаг. 1 дүгээр сарын сүүлээр суулгасан үр 7-10 дугаар сарын хооронд цэцэглэдэг бол харин 6 дугаар сарын сүүлээр суулгасан үр дараа жилийн 4-7 дугаар сарын хооронд цэцэгтэйгээ байна. Тогтмол бордож өгвөл үрсэлгээ дуртай байдаг ба урамтай ургадаг. Хэтрүүлж бордож болохгүй.
Бут хуваах хуваах арга
Хэт ургасан цэцэг нь хажуу бөөрөндөө хэд хэдэн дайвар бутнуудтай болсон байдаг. Эдгээрийн үндэс бол нэг юм. 
Юуны түрүүнд цэцгээ бэлдэх хэрэгтэй: хичнээн гоё цэцэглэж байсан ч бүх цэцгийг тайрч хаядаг. Учир нь цэцэг бутнуудад тэжээл өгдөггүй, сул болгодог ба шинэ үндэс гаргахад саад болж удаашруулдаг юм.
Хуваахаас өмнө хөрсийг сайн услаж өгөх хэрэгтэй. Дараа нь савнаас гаргаж аваад, үндэс хамаагүй гэмтээлгүйгээр хөрсийг нь гөвөөд, ариутгасан хутгаар бутнуудыг зүсэж салгана. Эсвэл гараараа хувааж өгсөн ч болно. Зарим эх үүсвэрт нил цэцэг, юүлүүргэнэ зэргийг хуучин хөрсийг үндэснээс гөвөлгүй шинэ саванд суулга гэсэн байдаг бол буруу. Энэ хуучин хөрс нь цэцгэнд илүү хөнөөлтэй байдаг тул заавал шинээр солих ёстой. Мэдээж ингэж салгахад үндэс гэмтдэг, гэхдээ нил цэцэг, юүлүүргэнэ зэргийн үндэс дорхноо нөхөгддөг тул санаа зовох хэрэггүй.
Иймээс бутыг салгаж суулгасан цэцэгний үндэс бүрэн шинэчлэгддэг. Сул болсон, илжирсэн, бүүр хуучирсан үндэсийг шууд тайрч хаях хэрэгтэй. Харин эрүүл боловч хэт урт ургасан үндэсийг богинсгодог.
Бут бүр дээрээ хэд хэдэн навчтай байх ёстой. Хуучин үндэсийг тайрч хаяж болно. Зүссэн, тайрсан хэсгүүдэд нунтагласан нүүрс түрхэж өгдөг. (Модны нүүрсны тухай эндээс)
Том навчны үлдэгдэл ишийг цэвэрлэж авна. Яваандаа бут цэвэрхэн ургахад саад болно. Мөн доор нь цухуйж байгаа шинэ нахиа нь нилээн хүч муутай сул харагдах тул бүгдийг хурц хутгаар тасдаж цэвэрлэнэ. Навчны үлдэгдэл суурь, нахиа болон доор нь хамаарах үндэстэй нь хамт салгана. Зөвхөн навчны ишийг тасдаад, түүнээс ургасан үндэсийг үлдээх хэрэггүй.
Ийм аргаар бут бутаар нь салгана. Зөвхөн тухайн бутад хамаарах үндэсийг л үлдээнэ.
 Цэвэрэгээ хийсээр салгасан нэг хэсэгээс ийм бут үлдэв.
Үүний цэцэг, бундууг тасдалгүй үлдээсний учир нь доороо хангалттай их үндэстэй, дорхноо хүчээ авчихна. Мөн цөөн тооны хэдэн бундуу тул хүч нь хүрнэ гэж бодож үлдээв. Өөр нэг хүчин зүйл нь - тухайн сортын онцлогоос мөн хамаарна. Эмзэг ааштай сорт бол дийлэхгүй унжийгаад үхдэг. Энэ сорт нь Fleischle Targa гээд нилээн гүргэр сорт юм. Энэ хуваасан бутыг цонхон дээр, нарны шууд тусгалаас хамгаалж ердийн байгалийн гэрэлд тавьна.
Хэр зэрэг томорсон цэцэг байснаас хамаарч нэг бутнаас 1-10 хүртэл жижиг бут салгадаг байна. Дараагийн хэсэгийг нь салгах тухай авч үзъе. Доорх зурагнаас харахад хоёр тийш харж ургасан, бие биенийхээ ургалтад саад болоод байхааргүй тул хамтад нь нэг саванд суулгаж болохоор. Гэхдээ нэг бут нь арай дээш өргөгдөж ургасан, нөгөөх нь хөрсөнд гүн шигдсэн байна. Үүнийг засах хэрэгтэй.
 
Үүний тулд саванд суулгахдаа далийлгаж хазгай суулгана. Аль аль бут нэг түвшинд байхаар хазаалгаж суулгана гэсэн үг. Яваандаа шинэ навч ургаад хэлбэр нь засагдна. Өндөрт байсан бут нь өөрийн үндэс муу, доор хөрсөнд ойр бутныхаа үндэсээр ихэнхи тэжээлээ авдаг байсан бол тэгш суулгаснаар өөрийн үндэсийг ургуулж эхэлнэ.
Дараагийн алхам бол хэт шигүү ургаад байгаа бутыг шингэлж өгөх. Ургалт муутай жижиг хоёр болон нэг хөгшин навчийг тасдаж авах.
Мөн бутны голд байгаа хүч муутай ургах цэгийг тасдаж болно.
Нэг удаагийн стаканд суулгаад, болж өгвөл хиймэл гэрэлтүүлэгтэй тавиур байдаг бол тэндээ тавьна. Байхгүй бол шууд нарнаас хамгаалж байрлуулна.
 
Салгасан томоохон бутнуудыг суулгах савнууд нь өндөр биш, өргөнөөрөө 7 см орчим байхад таарна. Ёроолд нь дренаж хийж өгнө. Хөрс хөнгөхөн, сэгсгэр, агаар сайн нэвтрүүлдэг, тэжээллэг байх хэрэгтэй. Хөрсийг урьдчилж услаж чийгэлсэн байх ёстой, гэхдээ усархаг нойтон биш. Ариутгах үүднээс марганцын бүдэг уусмалаар услаарай. Хөрсөнд суулгахдаа хэт гүн суулгавал "ургах цэг" буюу шинээр навч гарах цэгийг хэт доор байрлуулснаас болж ургалт гацдаг, зогсдог. Иймээс хэт гүн, хэт дээр суулгахгүйгээр хөрсөндөө байрлуулна.
Дөнгөж суулгасан цэцгийг улсах хэрэггүй. Шинэ үндэс гартал цэцэгний хүчийг хэмнэх үүднээс том том навчны талыг тайрах хэрэгтэй. Энэ тайрсан хэсгүүдийг үрслүүлж шинэ цэцэг гаргаж авч болно шүү. Салгаж суулгасан цэцгүүдээ гялгар уутаар бүтээж өдөрт хэд хэдэн удаа нээж агаар оруулна. 2-3 долоо хоногийн дараа үндэслэж эхэлнэ. 
Эхний үед (1-4 долоо хоног) шинэ цэцэгнүүд сульдаа, навч нь унжийсан байж болно. Гэхдээ шинэ үндэс ургангуут эрүүл болоод цоглог дүр төрхтэй болно. Cуулгаснаас 3-6 сарын дараа таны юүлүүргэнэ эхний цэцгээрээ таныг баярлуулах болно.
Elephant болон Maja сортын юүлүүргэнүүд 

Навчны хэсгээр үрслүүлэх
Навч болон навчны хэсгээр үрслүүлэх нь юүлүүрэгний хувьд хамгийн түгээмэл арга юм. Цэцгийн үзэсгэлэн худалдаанаас юүлүүргэний навч авч үрслүүлдэг цэцэгчид олон байдаг. Навчийг сонгохдоо эрүүл, толбогүй, жигд ногоон өнгийн, үзүүр нь хатаж шарлаагүйг сонгох хэрэгтэй. Навч нь хэт хөгшин мөн хэт залуу байж болохгүй.
 
Суулгахын өмнө навчийг крантны бүлээн усаар угааж өгнө. Хэрэв навч нь бага зэрэг сулбайсан бол нэг цаг бүлээн усанд бүтнээр нь хийнэ. Үүнээс хэтрүүлж байлгаж болохгүйг анхаарна уу. Эсвэл нойтон салфетканд боогоод гялгар уутанд нэг цаг байлгаж болно. Энэ хугацаанд навчны бэрзгэр хээ сэргэдэг. 
Зураг 1. «Босоо» аргаар үрслүүлэхэд навчийг ингэж хуваана 
«Босоо» аргаар үрслүүлэхэд навчийг хөндлөн хэсэгчилдэг. Хэрэглэж буй хутаг нь ариутгасан хурц хутга байх ёстой. Хэсэглэсэн навчны урт нь 5-7 см байна. «Босоо» аргаар суулгахад гарах цэцгийн тоо цөөн байдаг. Гэхдээ гол судасны дагуу гарах зулзаган цэцгүүд нь бусад хэсгээс гарах зулзагнуудаас 7-10 хоногийн өмнө гардаг ба илүү хүчлэг, өвчинд автдаггүй цэцэг гардаг. «Босоо» аргын навчны зүсэлт хэсэг бага тул навч илжрэх аюул бага байдаг. Ийм аргыг мөн хэт жижиг навчаар үрслүүлэх тохиолдолд хэрэглэдэг. Мөн хэрэв үндэслэх нөхцөл тааламжгүй, хэт хүйтэн, эсвэл хэт халуун г.м. байх юм бол энэ арга нь илүү найдвартай байх бөгөөд навч үхэх магадал бага байна.
"Босоо аргаар" суулгасан навчнаас иүү том, амархан ургаж хүч авдаг үрсэлгээ гардаг

Хэрэв олон тооны үрсэлгээ гаргаж авах бол «тостер» аргаар үрслүүлнэ. "Тостер" аргаар гаргаж авсан юүлүүргэнэ жижиг хэмжээтэй, ургахдаа удаандуу байдаг. Гэхдээ нэг зэрэг маш олон тооны үрсэлгээ гаргаж авч болдог давуу талтай.
Навчийг доош харуулж тавиад, голын судас нурууг авч хаяад, үлдсэн хоёр хэсгийг хөрсөнд суулгана.
Зураг 2. «Тостер» аргаар үрслүүлэхэд навчийг ингэж хуваана
Зулзаган үрсэлгээний хөрс хөвсгөр, агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой. Суулгахдаа гүнзгий биш сав сонгоорой. Суулгахын өмнө хөрсөнд булах гэж буй зүсэлттэй талыг бага зэрэг хатааж өгөх хэрэгтэй (ойролцоогоор 5 мин), үүний дараа хөрсөнд 6-10мм гүн суулгаарай.
Усалгааг бага хийдэг. Хөрс нь чийглэг байх ёстой, нойтон байх ёсгүй гэдгийг санаж байгаарай. Ер нь бол хөрсийг бүхэлд нь услах биш, зөвхөн навчны ёроолоор хоёр талаас нь услаж өгвөл болдог. Ингэхдээ навчийг гараараа тогтвортой барьж байж услаарай, хөрс доош урсвал шинэ хөрс нэмнэ.
Зураг 3. Баруун гар талд «босоо» аргаар суулгасан навч, зүүн гар талд - «тостер»
Суулгацтай савыг гялгар уутанд хийж бооно. Агааржуулалтын нүх гэж хийх хэрэггүй. Гялгар уут навчтай наалдаад байхгүйн тулд тулгуур багана зоож өгөх хэрэгтэй. Ийм аргаар бий болсон хүлэмжийг дулаахан, гэрэлтэй газар тавиарай. Долоо хоногт нэг удаа навчийг шалгаж хэрэгтэй гэж үзвэл услаж өгөөрэй. Хамгийн чухал зүйл бол гялгар уутны хананд, эсвэл тагласан шилэн дээр усны дусал үйсэхгүй байх хэрэгтэй. Үүнийг байн байн арчиж өгч байгаарай. Навч илжрэх нь амархан байдаг юм.
Зураг 4. Навчийг услаад, тулгуур хийж тогтооно
Зураг 5. Хүлэмжийг дулаахан, гэрэлтэй газар тавьдаг. Зулзага гартал хүлээнэ. 
Навч ойролцоогоор хоёр долоо хоногийн дотор үндэслэдэг. Харин зулзаган цэцгүүд нь навчны судас хэсгээр 1,5 - 2 сарын дараа л гардаг тул тэвчээртэй байгаарай. Судас болгоны харалдаа 1-2 зулзага үүсдэг. Гарч ирсэн цэцгийг эх навчнаас нь салгах гэж бүү яараарай. Ядахдаа 2 см хүртэл том болохыг нь хүлээгээрэй. Ер нь өөртөө итгэлтэй байх үүднээс 4-5 см урт болтол нь хүлээсэн нь дээр байдаг.
 
Эхлээд хамгийн том ургасан, хүчтэй зулзагнуудыг салгадаг. Дараа нь дунд зэргийн зулзагнууд гээд багасаад явна. Зулзаган цэцэг суулгахад 100 грамын нэг удаагийн аяга хамгийн их тохирдог.
Юүлүүргэний зарим сорт нь илүү эсэргүүцэл сайтай, хүчтэй байдаг тул дорхноо хоёр дахь навчаа гаргадаг. Гэтэл зарим нь үндэстэй ганц урт навч гозойлгоод маш их уддаг. Ихэнхдээ энэ нь цагаан өнгийн юүлүүргэнэ байдаг.
Салгаж суулгасан шинэ цэцгүүдийг хүлэмжинд хийсэн нь хамаагүй хурдан ургуулдаг. яваандаа хүлэмжийг бага багаар нээж тасалгааны жирийн нөхцөлд дасгадаг.
Юүлүүргэнэ шилжүүлж суулгах
Юуны түрүүнд зөв хөрс бэлдэх хэрэгтэй. Хөрс сийрэг, агаар сайн нэвтрүүлдэг, хэт тэжээллэг биш байх ёстой. Модны үнс нэг чимхийг хөрсөнд нэмж хийгээрэй. Хөрсний чийг багавтар байх ёстой. Гарандаа аваад атгахад нялцгай, наалдаад байхааргүй, барьцтай, атгасан гараа тавьхад хэлбэрээ алдахгүй байхаар. Гарандаа атгахад ус ялгарч байвал уг хөрс хэт их чийгтэй байна.
Шилжүүлж суулгахад бэлэн болсон, сайн хөгжсөн, эрүүл үндэстэй юүлүүргэний үрсэлгээ байна. Суулгахдаа хуурайгаар нь хийсэн дээр, услах хэрэггүй. 100 грамын стаканд ургаж байсан үрсэлгээг савнаас нь гаргаад 8 см диаметрийн саванд суулгана.
 
 Шилжүүлж суулгах болсон бут
Юуны түрүүнд хуучин, хөгшин навчнаас нь салгана, мөн сул, хүч муутай ургах цэгүүдийг авч хаяна. Зөвхөн чанга, хүчирхэг бут л үлдээнэ.
Сул, хүчгүй ургах цэг авч хаях - сайн харагдуулах гэж томоор оруулав
Шинэ навч олон гарсан бол бүх хуучин навчийг авч хаяна. Хөгшин навчны уганд цэцэгний иш ургаж байсан ч энэ хуучин навчийг тасдна. Сулгасны дараа шинэ савандаа дасаж, үндэсээ хөгжүүлэх хэрэгтэй тул цэцэглүүлэх арай болоогүй.
Хэтрүүлж усалснаас болоод навчин дээр "зэв" үүсдэг. Энэ нь үндэс өвчлөх гэж байгаагийн дохио. Энэ тохиолдолд мөн шилжүүлж суулгана.
Залуу навчнаас цэцэг гараагүй ч том хэмжээтэй болсон байвал талыг нь, хэт томорсон бол 2/3-ыг нь тайрна. Ингэснээр тэжээл шаардагдах нь багасна, мөн уурших талбай багасна.
Хэрэв үндэс сайн хөгжсөн бол хуучин хөрсний дээд хэсгийг авч хаядаг. Хөрсний дээд хэсэгт илүүдэл давс хуримтлагддаг юм. Аль болох их хөрс гөвөж авна, гэхдээ үндэс гэмтээлгүй авна. Дараа нь саванд хийхдээ шинэ хөрсөөр нөхөж дүүргэнэ. 
Хэрэв үндэс муу хөгжсөн, эсвэл хэт усалснаас, муу хөрснөөс, буруу арчилгаанаас болж илжирсэн байвал хуучин хөрснөөс аль болох бүгдийг салгадаг. Болж өгвөл хөрсийг бүтэн солино. Шинэ сав нь хуучнаасаа диаметрээр 3 см том байх ёстой.
Эхний нэг сар бордож болохгүй, зөвхөн үндэслүүлэгч/идэвхижүүлэгч нэг удаа хийж өгдөг, байхгүй бол зүгээр л услаад байна. 
"Хототогисю" сорт
Том бутыг амралт үе дуусаагүй, идэвхитэй ургалт үе эхлээгүй байхад шилжүүлэн суулгадаг. Хамгийн сайн тохирох хугацаа - 2-р сар.
1) Хуучин бүх навчийг тайрч хаях. Бутыг аль болох сийрэгжүүлэх. Бүх юм хөрснөөс эхэлдэг. Хөрс хөвсгөр, агаар сайн нэвтрүүлдэг, хэт тэжээллэг биш байх ёстой. Нэг саванд чимх модны үртэс хийж өгнө. 
2) Бүх сул, хүч дороо ургах цэгүүдийг түүж авах. Сул дорой "ургах цэг" нь хэзээ ч цэцэглэдэггүй, бутыг шигүү, шавааралдсан болгохоос биш ямар нэгэн сайн зүйл цэцгэнд өгдөггүй.  
3) Нэг бутанд 5-аас дээшгүй ургах цэг үлдээх. Үлдэж байгаа ургах цэгүүд нь бие биендээ саад болхооргүй хэдэн тийш ургасан байх ёстой.
4) Хуучин хөрсийг аль болох сайн гөвөх
5) Сайн, чанартай хөрсөнд суулгах
Хэрэв хангалттай гэрэлтэй, сайн хөрстэй бол цэцэг цааш дажгүй ургаад байна.
Нэг онцлог нь: сайн цэцэглээд эхэлвэл ногоон навч ургах нь багасдаг. Иймд навч түлхүү ургуулъя гэвэл хүчтэй гэрэл дор тавьж болохгүй. Цэцэгний бундуу олноор гаргах бол гэрэл нэмнэ.
"Кика" сорт
Гэрэл
Ердийн хөгжилтөнд өдрийн гэрэл 14 цаг байхаар зохицуулна. Цонхон дээр ч, хиймэл гэрэлтэй тавиур дээр ч сайхан ургадаг. Гэхдээ дан чийдэнгийн дор тавиад байх онцгүй. Байгалийн гэрэл, чийдэн хоёрыг хослуулсан нь дээр байдаг. Нарны гэрлийг ямар ч LED, эсвэл зориулалтын фито-чийдэн орлуулж чадахгүй.
"Goose Egg" сорт
Агаарын дулаан
+24-26ºС хэм хамгийн тохирсон агаарын дулаан. Үүнээс дээш халуунд юүлүүргэнэ унжийгаад, навч хатаад ирдэг.
Хурц нарнаас заава хамгаалж сарнисан тод гэрэлд тавьдаг. Өвөл юүлүүргэнэ амралт үедээ ордог. Харьангуй тайван, ургалт удаан болоод ирнэ. Энэ үед нь +15ºС хэмд байлгавал дараа нь цэцэглэлт удаан, тансаг олон цэцэгтэй болж өнгөрдөг.
Хичнээн том бут байсан ч амралт үе гаргаж өгөх нь дээр. Амраахын тулд бордоо өгөхөө зогсооно. Усалгааг цөөн бөгөөд бага хийдэг болно. Өдрийн гэрэлийг 14 цаг урт биш 8 цаг гэрэлтэй байхаар тавьна.
"Elephant" ба "Bristol's Spectacular"
Хөрс
Цэцэгчин бүр өөр өөрийн туршлагатай. Хөрсөө бэлдэх өөрийн нууцтай. Юүлүүргэнэд хөнгөхөн, агаар, ус сайн нэвтрүүлдэг, тэжээллэг, гэхдээ хэт их тэжээлтэй биш хөрс хэрэгтэй байдаг.
Хэрэв нягт, хүнд хөрстэй бол түүндээ хөвд, сфагнум, перлит, вермикулит, навчин хөрс нэмнэ. Үндэс ургахдаа хурдан. Хэрэв урд нь авч байгаагүй хөрс авсан, ямар гэдэгийг нь сайн мэдэхгүй бол үнэтэй, ховор сортуудаа суулгах гэж бүү яараарай.
Эхлээд жирийн, түгээмэл сортууд суулгаад үз. Ер нь бол хүлэрт хөрс перлиттэй 1:1 харьцаатай холиод суулгахад яг тохирдог.
Дан хүлэрт хөрсөнд суулгахад амархан хатдаг, тэжээл байхгүй. Ойр ойрхон услах хэрэг гардаг. Услахгүй хатаачихвал зангирсан хатуу юм болдог. Тэр бүр ус дотогш оруулахгүй, норгоход төвөгтэй болдог.
"Bristol's Spectacular"
Усалгаа
Стрептокарпусыг суккулент шиг услахад тохирдог. Хөрс хатахыг хамаагүй дээр даадаг. Харин бага зэрэг хэтрүүлээд услахад шууд унжийгаад, аварч амжилгүй үхдэг.
Нил цэцэгнээс цөөн усална. Тогтмол, жигд, бага багаар услах нь үндэс зөв хөгжиж ургахад тустай.
Услаагүйгээс навч доош сул унжаад байвал санаа зовох зүйлгүй. Бага хэмжээний усаар услаад тавьчих. 1-2 цагийн дараа дахин усална.
Гол санах зүйл - хэтрүүлж болохгүй. Нэг удаа хэтрүүлснийг даагаад гарч чадна. Байнга давтаад байвал үхдэг. Илүүдэл ус нь үндэсэнд маш муу. Навч унжаад, гялалзахаа болиод амьгүй мэт болоод ирнэ. Заримдаа бор өнгийн толботой болно. Хэрэв цаг алдалгүй хуурай хөрсөнд шилжүүлж суулгаад, хэсэг хугацаанд вакумдаад  тавьсан бол аварч болно. Ихэнхидээ цэцэгчид дэндүү хожуу аврах гэж оролддог.
Усалгаа хооронд хөрсний дээд өнгөн үе хатсан байхад яг тохирно. хөрсний чийгэнд дургуй ч агаарын чийгшил өндөр байхад илүү ургадаг.
"Wow" сорт "DS-Lena" -гийн хамт
Бордоо
Зулзаган юүлүүрэгнийг азот (N) нь фосфороосоо (P) илүү агуулагдсан бордоогоор борддог. Хэт бордохоос сэргийлж заавар дээрх тунг хоёр дахин шингэрүүлж хэрэглэдэг.
Харин том бутыг сайн ургуулж, олон цэцгийн бундуу гаргахын тулд фосфор (Р) болон калий (К) нь азотоос (N) илүү хэмжээтэй бордоог хэрэглэнэ.
Юүлүүрэгэн нь ховдог цэцэг. Маш бага тунгаар ойр ойрхон (7 хоног бүр) өгч байх нь илүү дээр. Бордоо хэрэглэснээр олон навч гаргаад байна. Навч болгоны доор цэцгийн иш ургаж гардаг тул олон навч гарна гэдэг нь олон цэцэг гарна гэсэн үг.
"Москвичка" сорт
http://mirsovetov.ru/a/housing/plants/streptocarpus.html
http://dimetris.com.ua/
http://www.nkj.ru/archive/articles/2525/
http://dimetris.com.ua/catalog/streptocarpus
http://frauflora.ru/viewtopic.php?f=305&t=9957
http://www.senpolia.info/stat_senpolia/selection
http://www.flora2010.ru/streptokarpus_statja.html

No comments:

Post a Comment