Saturday, February 14, 2015

Хим

Абутилон (Abutilon)
Malvaceae Juss овогт ордог.
Нэг болон олон наст өвслөг, бутлаг ургамал, эсвэл намхандуу мод байдаг.
Нийт 150 төрөл зүйлтэй. Америк, Австрали, Ази, Африкийн халуун бусэд ургадаг. Иймээс гэрэл болон дулаанд дуртай.
Хамгийн амар тасалгааны цэцэг. Агаарын чийгшил, хүйтэн дулаан зэрэгт нарийн шаардлага тавьдаггүй. Цэцэглэлт удаан үргэлжилдэг. Жилдээ хэд хэд цэцэглэдэг. Хангалттай их гэрэл, таарсан дулаантай газар бүтэн жил цэцэглэж чаддаг.
Хумхын ордныхны цэцэг
АРЧИЛГАА
Усалгаа
3 сараас 8 сарыг дуустал маш сайн услаж байна. Хөрс хатаах, эсвэл хэт усархаг, нойтон байлгавал навч, бундуу шарлаж, олноор унадаг.
Өвөл усалгааг багасгадаг. 
Заримдаа марганц бүдэг найруулсан буцалсан усаар шүршиж өгөх сайн. Ер нь +20С-оос дээш хэмтэй өрөөнд өвөлжүүлж байгаа бол усаар тогтмол шүршиж байна. Сард нэг удаа шүрших усандаа маш сул, бага тунгаар бордоо найруулж навчаар тэжээл өгч байх сайн. Үндэс тэр бүр түлээд байхгүй, шууд навчиндаа бордоо нь хүрдэг.
Хим маш усархаг цэцэг. Зун бол байнга ус нэхдэг тул хэт халуунд өглөө, оройдоо услаад байж болно. Цагт нь услахгүй бол навчны товгор хээ алдагдаад, унжийдаг. Хим ус нөөцөлдөггүй цэцэг. Навчиндаа ч, мөчирдөө ч нөөцөлдөггүй. Ус дутагдвал цэцэг болон цэцгийн бундуу унадаг.
Нэг бол хатаагаад, нэг бол усархаг нойтон хөрстэй байлгаад байвал навчны зах хатдаг, хэлбэр нь өөрчлөгддөг - навч барзгар болдог, судал хооронд шар шар толбо үүсдэг.
Бордоо
Хэрэв та хим ургуулж эхэлсэн бол танайд ховдог цэцэг бий болж гэж бодож болно. Химийг хавар 3 сард сэрснээс нь эхлээд 10-11 сар хүртэл тэжээх хэрэгтэй байдаг. Хим цэцэглэдэг ургамлын ямар ч бордоонд баярлана.
Ургалт үед 1-2 долоо хоног бүр комплекс минерал бордоо хэрэглэнэ. Ер нь хуурай нунтаг бордоо усанд зааварын дагуу, эсвэл заавраас нь сул найруулж хэрэглэж байх нь дээр. 
Хавар хөрс солих, шилжүүлж суулгахдаа органик бордоо агуулсан био ялзмаг, компост, гумус зэрэгээс хийсэн тэжээллэг хөрс авна. Зуны турш сард нэг удаа органик бордоо хэрэглэхэд хангалттай.
Хим маш амархан ургадаг. Нэг зуны дотор 50-70 см өндөр ургадаг. Ийм хурдацтай ургаж байхад бордоо маш их хэрэгтэй байдаг. Хавар-зун органик, минерал бордоо хослоно.
Хавар эрт "навчаар гоёдог цэцгийн бордоо" хэрэглэнэ - энэ нь азот илүү агуулсан байдаг юм. Шинэ навч, мөчир гаргахад азот маш их үүрэгтэй. Үүнийг үндсээр өгдөг. Ер нь бол 2 удаа үндсээр, нэг удаа навчаар гэж ээлжлээд бордоод байж болно. Цэцгийн бундуу гарч эхлэнгүүт "цэцгээр гоёдог" цэцгийн бордооруу шилжинэ. Энэ нь калий, фосфор ихээр агуулдаг юм.
Өвөл бол зөвхөн минерал бордоо л хэрэглэнэ. Булцуут цэцэг шиг амралт үе нь мэдрэгдэхээр илэрдэггүй. Нэмэлт гэрэл гаргаж өгөвөл өвөл цэцэглэсээр л байдаг.
Бордоо дутахад - навч өөрчлөгдөж эхэлнэ. Навч янз янзаар өөрчлөгдөж болно - хумигдах, өнгө өөрчлөгдөх, үзүүр хатах, татагдах гээд. Цаг алдалгүй бордоорой. Үзэмжгүй навч цэцгийг гоё харагдуулдаггүй. 
Намар нар холдож, хөрсөнд байгаа тэжээллэг бодисууд дуусахад химийн навч шарлаж эхэлнэ. Бордож байсан ч гэсэн хөрснөөс шимэх зүйлээ бүгдийг шимсэн, дээр нь савандаа багтахаа байсан, үндэс нь савыг бүрэн эзэлсэн, ойр ойр бордсоор хөрсний давс хужир ихэдсэн гээд олон шалтгаанаас болж ургамал хэрэгтэй эрдэс бодисоо шүүж авч чадахаа больдог. Ингэсээр хим амралт үедээ орно.
Амралт үед нь 1,5-2 сард нэг удаа маш сул найруулсан минерал бордоогоор услаж болно. Заримдаа навч шарлаад тэжээл дутагдаж байна гэж мэдрэгдвэл бордоотой усаар шүршиж өгдөг. Услах усандаа бордоо тогтмол хийх хэрэггүй. Ургалт зогссон үед үндсэнд бордоо өгөөд байвал цэцэгт очихгүй хөрсөнд хуримтлагдаад, сүүлдээ үндсэнд наалдаж, хатуу бүрхүүлтэй болдог. Яваандаа үндэс усаа ч сорж авах чадваргүй болдог.
Тайралт
Цэцэглэлтийг уртасгахын тулд тайралт хийдэг. Юуны түрүүнд хамгийн их сунасан, урт ургасан мөчирнүүдийг 1/3-1/2 богиносгож тайрна. Үүний зэрэгцээ гэмтсэн, хатсан, нарийхан, туяхан, хөгжил муутай мөчирнүүдийг тайрна.
Зай талбай ихтэй бол том ургуулж болно. Арчилгаа зөв хийгдэж байвал дорхноо 3 метр өндөр мод болдог.
Тайрахаас айх хэрэггүй. Ургалт хурдан тул дорхноо л нөхөөд ургаад ирдэг. Илүү их салаа мөчир гаргана. Мөчир бүрийн үзүүрт бундуу олноор гарах тул цэцэглэлтэнд хэрэгтэй.
Хим хурдан бөгөөд идэвхтэй ургадаг. Ургалтыг барихын тулд тогтмол тайралт хийж өгөх болно. Эхний жил ургалт үе тул энд тэнд чимхээд болдог. Өвөлжсөний дараа мөчирнүүдийн 1/3 -ийг тайрна. 
Залуу цэцэг тайралтыг давахдаа сайн байдаг. Салаа мөчир гаргаад ургаад байна. Нэг санах зүйл бол-бундуу нь гэнэт гарч ирдэг. Иймд цэцэглэх гэж байсан мөчир тайрчихвал харамсалтай. Гэхдээ хэлбэргүй ургасан, эвэр шиг ийш тийш сунасан мөчирнөөс хэдхэн цэцэг бөнжигнүүлж байхаар эхнээс нь зөв хэлбэржүүлсэн нь дээр.
Тайрахдаа гадагш харсан навчны дээгүүр тайрна. Томорсон мод, бутыг харин маш зөв тайрах хэрэгтэй. Модорсон, хатсан иш, мөчир нь шинээр мөчирлөхдөө муу байдаг. Шинээр гарсан мөчир ургахдаа удаан байдаг.
Abutilon pictum Thompsonii Golden Yellow
Гэрэл
Хим гэрэлд дуртай цэцэг. Зуны улиралд өдөр 11-16 цагийн хооронд шууд нарны гэрлээс хамгаалсан нь дээр. Хурц биш нарны нарны тусгал харин сайн байдаг. Зайтай газар чөлөөтэй ургах дуртай. Зүүн, баруун, урд зүгийн цонх таардаг. Хойд зүгрүү харсан цонхон дээр нэмэлт гэрэл гаргаж өгөхгүй бол цэцэглэлтэнд муугаар нөлөөлнө. Гэрэлсэг цэцэг, гэрэл дутвал цэцэглэхгүй. Цэцэглэсэн ч хэмжээ жижиг, цөөн цэцэг гаргана, цэцэгний өнгө бүрэн гарахгүй байж болно.
Зундаа гадаа гаргах сайн, гэхдээ нэвт салхийг үзэж чаддаггүй. Цэцэглүүлэхийн тулд гэрэл л хэрэгтэй.
Мегапотамын хим сарнисан гэрэлд ургадаг
Гэрэлсэг ургамал гэдэг ч хэт хурц шууд нарны гэрэлд түлэгддэг гэдэгийг санах хэрэгтэй. Навч захаараа харлаад, хатаад, хумигдаж гадагш эргэээд, яваандаа унадаг. Үүнээс гадна нарнаас болоод навч, цэцгэн дээр төрөл бүрийн толбо, хээ бий болдог, өнгө нь бүдэгрээд, цайрдаг.
Гибридүүд болон Селло төрлийн химүүд нарны гэрэлд түр зуур байлгахад хэсэг хугацаанд дааж чаддаг бол мегапотамын химийг заавал нарнаас хамгаалдаг.
Агаарын дулаан
Гэрт хамгийн сайн тохирох газар бол шилэлсэн тагт байдаг. Богино хугацааны хүйтэн агаарын тэвчиж чадна гэдэг ч шалгах гээд дааруулах хайруулах хэрэггүй. Навч унана.
Өвөл усалгааг багасгадаг. Гэхдээ хөрсөө бүүр хатааж болохгүй. Хэрэв тасалгааны ердийн хэмд ургаж байгаа бол усалгааг арай их хийнэ. Учир нь дулаан гэрэлтэй орчинд хим ургасаар байна. 
Цонхны хүйтэн тавцан доороос нь жиндүүлж болох тул зөөлөвч дэвсэж өгдөг. Ихэнхи цонхон дээрх цэцэгсийн үндэс байнга даарсан, хайрагдсан байдалтай, хүйтэн хөрсөнд байдаг. Үүн дээр усалгааг ихдүүлдэг бол үндэс үхэх аюултай. Иймд өвөл усалгаа бага хийж, хөрсний дээд хэсгийг сийрэгжүүлж байгаарай.
Олон шинэ мөчир салаалж гаргахын тулд өвлийн сүүлээр ишийг 1/2 богиносгодог. Өвөл +12-15°С дулаантай газар өвөлждөг. Үүнээс сэрүүн газар навч унана. Хавар хүртэл чимхэлт хийж өгч байх хэрэгтэй. Хэрэв сэрүүн газар өвөлжүүлж чадахгүй бол гэрийн нөхцөлд (+18-22°С) нэмэлт гэрэлтэй өвөлжүүлж болдог.
"Java" сортын хим
Халаадаг, үлээдэг төхөөрөмж, паарны хажууд тавьсан цэцэг их хэцүү байдаг. Навч халаад, ус хурдан ууршуулж эхэлдэг, харин доод үндэс зуны улиралд байсан шигээ их ус шүүж сороод байх чадалгүй, хагас амралтын байдалд орсон байдаг.
Хүйтэн тавцан дээр байлгадаг бол үндэс бүүр ч ус сорж авч чаддаггүй. Мөн +28-30°С дээш хэмд навчны фотосинтез удааширдаг, заримдаа бүүр зогсдог. Энэ үед цэцэг өөрийн дотоод нөөцөө ашиглаж эхэлнэ. Үүнээс болж навч шарлаж, унана. Цаашдаа тэжээлийн хомсдолд ордог байна. Энэ байдал нь цаашид үргэлжилвэл цэцэг өвдсөөр байгаад үхдэг.
Амжилттай өвөлжихөд: үндэс дулаанд байх, усалгаа бага байх, нэмэлт гэрэлтүүлэг гаргах, шаардлагатай үед "навчаар" бордох хэрэгтэй.
Хавар химийг тайрна. Бүх мөчирнүүдээ 1/2-г богиносгож тайрна. Тайралт хийхгүй бол нэг улиралын дотор 1.5 метр өндөр гозойсон мод болно. Хавар усалгааг сайн хийж эхэлдэг. Мөн бордоо хийж эхэлнэ.
Зун харин химийг гадаа задгай агаарт гаргасан нь дээр. Агаар маш их чухал. Ядахдаа тагтан дээрээ байлга. Зусланруугаа аваад явж болно. Зун усалгаа сайн хийж байна. Бордоо тогтмол өгч байна. Савтай цэцгээ салхи, бороо, хурц нарнаас хамгаалж тавьна. Гэхдээ хангалттай их гэрэл хүрэхээр байрлуулна.
Зуны халуунд савыг гадуур нь хүнсний тугалган (фольга) цаасаар ороож өгдөг. Энэ нь нарны гэрэлд савыг халаадаггүй. Зуны бөгчим халуунд усаар шүршиж байх хэрэгтэй.
Услах усыг 2-3 өдөр задгай саванд байлгаж байж хэрэглэнэ. Усандаа нэг дусал лимоны хүчил хийж болно. Хим бага зэрэг хүчилтэй хөрсөнд дуртай.
8 сард химийн дээд хөрсийг аль болох үндэс гэмтээлгүй авч хусаад, оронд нь шинэ хөрс хийнэ. Цэцэг, бундуу нь буруу усалгаанаас, нэвт салхинаас, хөрс хатсанаас, хэт халуунд байлгаснаас г.м. унадаг байна. Хагдарч эхэлсэн цэцгийг тасдаж байна. Цэцэглэлт удаан үргэлжлүүлэхийн тулд хийдэг.
Maple, Chinese Bell Flower, Chinese Lantern 'Savitzii'
Намар химийн арчилгаа хавар хийдэгтэй адилхан. Заримдаа намар тайралт хийдэг, гэхдээ энэ нь шинээр мөчир ургахад түлхэц өгдөг ба ургасан мөчирнүүд нь хүч муутай, нарийхан байдаг тул хавар тэднийг мөн тайрах хэрэг гардаг.
Хар хим "Набоб"
Хөрс
Ямар ч цэцгэнд хамгийн чухал зүйл бол зөв хөрс байдаг. Хөрсөнд тавигдах гол шаардлага: хөнгөн, ус болон агаар сайн нэвтрүүлдэг байх. Хим цэцгийн хөрс дараах бүтэцтэй байвал илүү тохирдог. Заавал ийм байх ёстой гэсэн үг бас биш:
Навчин болон шилмүүст ойн хөрс – 2 хэсэг. Зун, намар ойгоос авч болно. 
Ширгэн хөрс – 1-2 хэсэг. Азотоор баялаг, нугын хvчиллэг биш ширгээс авдаг. 
Ялзмаг - 0,5-1 хэсэг
Перлит эсвэл вермикулит – 0,5-1 хэсэг. Заавал шаардлагатай биш, гэхдээ та дэлгүүрээс авсан, бэлэн байгаа бол хөрсөнд хийхэд илүүдэхгүй. Хөрсийг сийрэг, агаар сайн нэвтрүүлдэг болгодог. 
Элс – 0,5 хэсэг. Угааж хэрэглээрэй 
Модны нүүрс – 0,5 хэсэг. 
Хөвд – дренаж хийсний дараа хөвд дэвсээд, дээр нь хөрсөө хийвэл хөрс доош угаагдаж гардаггүй. 
Навчит, шилмүүст, ширгэн хөрс, ялзмаг зэргийг ариутгадаг. Элс, перлит, вермикулитыг угаадаг.
Сав
Савны хэмжээнд нэг л дүрэм үйлчилнэ: цэцэгний үндэс савыг бүрэн дүүргэж эзлээгүй тохиолдолд цэцэглэхгүй. Хэрэв та үндэслэсэн мөчиртэй болсон бол эхлээд түүнийгээ жижиг саванд суулгаарай. Тун удалгүй цэцэглэж эхэлнэ. Харин дренажны нүхээр үндэс цухуйж эхлэнгүүт илүү том саванд шилжүүлнэ. Өөрт нь таалагдсан нөхцөлд цэцэглэсэн хэвээр байна.
Шилжүүлж суулгах
Жил бүрийн хавар урдынхаасаа ялимгүй том саванд суулгадаг. Хэт том саванд суулгавал мөд цэцэглэхгүй. Савыг үндсээрээ бүрэн дүүргэж байж цэцэглэдэг юм. Хөрсөндөө бага зэрэг хүлэрт хөрс хийж болно.
Мөн гидропоникийн аргаар огт хөрсгүй ургуулж болдог.
Химийн үндэс маш сайн хөгжсөн, хүчирхэг байдаг. Гэхдээ үндэсний ургалтаас болж саваа байнга томруулаад байх хэрэггүй. Эхний жил химд нэг литрийн сав хангалттай.
 
Цаашид бол харин та ямар мод ургуулах вэ гэдгээс шалтгаална. Сав том байх тусам – том хим ургана.
Цэцэглэлт
Хим тарих бол - нар, ус, бордоо байхад л болно. Таны ургуулах хим жижиг бут, эсвэл өндөр мод болох нь танаас л шалтгаална. 
Химийг хэлбэржүүлэх маш амархан. Гол санах зүйл - цэцэг нь мөчирний үзүүрт гардаг. 
Хим нялхаараа цэцэглэж эхэлдэг. Хөрснөөс 10-15 см өндөр ургасан хим өөрөөсөө том цэцэг гаргадаг. Мөчирөөр үрслүүлэхэд - үндэслэсэнээс хойш нэг сарын дараа, үрээр тарихад – соёолсноос хойш 3-4 сарын дараа цэцэглэдэг. 
Цэцэглэлтийн гол нөхцөл – сарнисан, тод, хангалттай удаан гэрэл. Гэрийнхээ хамгийн нартай, гэрэлтэй цонхон дээр, агаарын солилцоо явагдахаар, бусад цэцэгнүүдээс зайтай газар байрлуулна.
Битүү цэцэглүүлэх бол гэрэлтэй газар сэрүүн өвөлжүүлнэ. Өвөл +15 С хэмээс дээш гарахгүй өрөөнд байлгавал амралт үедээ ороод нахиа олноор бүрэлдүүлж эхэлдэг. Харин +15С хэмээс дээш дулаантай газар ургалт үргэлжилсээр, өвөл цэцэглэсээр байна.
Сантенс хим
Үрслүүлэх арга
Бүх ногоон навчтай төрлүүд үрээр, мөчирөөр гэж үрждэг бол алаг навчтай төрлүүд нь зөвхөн мөчирөөр.
Тасалгааны нөхцөлд үр гаргаж авахын тулд тоос хүртээдэг. Мөн өөрт байгаа төрөл бүрийн өнгийн химийг хооронд эрлийзжүүлээд шинэ сорт гаргаж болно.
 
Үрээр тарих 
Үрээр 2 сарын сүүл - 3 сарын эхээр тавьдаг. Агаар дулаан +22С хэмээс дээш байх ёстой. Ойролцоогоор 15-20 хоногийн дотор үр соёолдог.
Үр ургах чадараа алдахдаа амархан. Белла сортын хим үрээр ургуулахад цэцэгний хэмжээ 10 см, өнгө гээд бүгдийг хадгалдаг.
Эхлээд үрнүүдээ бэлдэнэ. Угаагаад, идэвхжүүлэгч бодисонд дэвтээнэ, эсвэл хальсыг нь үрж скарификаци хийнэ. Үйлдвэрийн үрийг скарификацид оруулах хэрэггүй. Хэрэв өөрөө үр хурааж авсан бол үрнүүдээ ариутгах хэрэгтэй.
Эпинд дэвтээх бол 2 дусалыг 100 мл усанд найруулаад 16-24 цаг байлгана.
Гумат (калийн, эсвэл натрийн) 0,005 – 0,01 % уусмалд 24 цаг дэвтээнэ.
Алоэ шүүсэнд дэвтээх бол зууннастын навчийг тасдаад, хөргөгчинд 5-6 өдөр байлгана. Зөөлөрсөн навчаа дараа нь жижиглэж хэрчээд, бяцална. Марлинд боож шүүсийг нь шахаад, үрнүүдээ энэ шүүсэнд 24 цаг дэвтээнэ.
Шинэхэн шахсан жүржийн шүүсэнд мөн 72 цаг дэвтээдэг.
Дэвтээсэн үрнүүдээ бүлээн усаар зайлаад, ариутгана. Үүний тулд марганцын уусмал, борын хүчил, устөрөгчийн хэт исэл, зэсийн сульфат гэх мэт бодисонд 15 минут байлгаад, дараа нь заавал цэвэр усаар угаана.

  
Үрнүүдээ дараа нь нойтон салфетканд боогоод гялгар уутаар бүтээнэ. +32-35 С хэмд байлгавал илүү хурдан соёолдог тул бүлээвтэр пааран дээр тавиад, цаашид хэд хоноод задарсан үрнүүдээ хөрсрүү шилжүүлж суулгана. Мөн л хүлэмжний нөхцөл бүрдүүлж вакумдна. 
 
Эсвэл шууд хөрсөнд суулгаад соёолуулна. Нарны шууд гэрэлд тавьж болохгүй. Гэхдээ хангалттай их гэрэлтэй, дулаахан газар тавьна.
Үр суулгаад 10 хоног өнгөрсөн байгаа нь              Нэг сар гаруй хугацаа болоход ингэж ургана
 
Үр бойжуулагч шахмалд нэг нэгээр нь, эсвэл хэд хэдээр нь суулгаж болно. Гадуур нь вакумдаад гэрэлтэй, дулаан газар байрлуулна. Шууд наранд тавьж болохгүй.
  
Нэг нэгээр нь суулгасан бол дараа нь тусгаарлах, салгах хэрэггүй.
Томроод, үндэс уутыг нэвт нэвт цоолоод ургасан бол уутыг болгоомжтой хайчлаад авна. Үндэс гэмтээхээр бол ууттай нь хамт тэжээллэг хөрстэй 7см саванд суулгана.
 
Нэг шахмалд олон үр суулгасан бол 2-3 дахь жинхэнэ навч гарангуут нэг нэгээр нь тусгаарлаж суулгана.
 
Томроход нь нэг нэгээр нь тусгаарлаж суулгана. Үндэсийг хэт урт ургахаас сэргийлж үзүүрээс нь тайрдаг (лимоны үрсэлгээний үндэс шиг).
  
Цагариглаж ургасан гол үндэсийг тайрна. 
Салгаж тусгаарласан үрсэлгээнүүд мэдэгдэхүйц хурдан ургаж эхэлдэг.
Цааш хурдан ургуулж томруулахад гэрэл, дулаан, тэжээл, зөв усалгаа хэрэгтэй.
 
Салфетка, үр бойжуулагч гэж олон дамжлагатай үйлдэл хийж байхаар хөрсөнд шууд тарьж болно. Хөрс хөнгөхөн, тэжээллэг байх ёстой. Агаар, ус нэвтрүүлэх чадвар сайтай, тэжээллэг хөрс байх чухал.
Ариутгасан чийгтэй хөрсөн дээр үрнүүдээ байрлуулаад, хөрсөөр үл ялиг хучина. Гүнзгий суулгах хэрэггүй. Үрсэлгээний нэг саванд 3 үр хамт суулгаж болно. Үүний дараа гялгар уутаар бүтээгээд дулаан газар /+22-25 С/ тавьна. 3-10 хоногийн дотор үр задарч эхэлдэг.
Үр соёолоод, толгойгоо дээш өргөтөл хүлээж байгаад, дараа нь дээрх вакумаа 2-3 өдөр дасгаж байж авна. Уутны зориулалт нь хөрсөн дэх чийгийг ууршуулахгүй, хөрс хатаахгүй, усалгааг хэтрүүлэхгүй байх.
Хэрэв хөрсний чийгийг тааруулаад байж чадахгүй, хэтрүүлж услаад, эсвэл хатаагаад байх вий гэвэл гялгар ууттай нь байлгасан нь дээр. Өдөр бүр агаар оруулж байх аа мартав.
2-3 дах жинхэн навч гарч ирэнгүүт бордож эхэлнэ. Эхний удаад 10 хоногт нэг удаа азот илүү агуулсан бордоо өгч навчнуудыг сайн ургуулж авна. Бундуу үүсэж эхлэнгүүт – цэцгээр гоёдог ургамлын (фосфор-калий илүү агуулсан) бордоо хэрэглэнэ.
Дан азотоор бордоод байвал цэцэглэхгүй, үүссэн бундуу унаад байна. Шаардлага гарвал том саванд шилжүүлж суулгана. Анхны тайралтыг жилийн дараа, хавар хийнэ. Эхний жил 2-3 удаа сав томруулна. Гэхдээ хамгийн том сав нь 1 литрийн багтаамжтай байна. Үүнээс том хэрэггүй.
 
Үрээр тарьсан хим хангалттай гэрэл, дулаан, тэжээл, зөв усалгаатай бол 3 сарын дараа цэцэглэдэг.
Мөчрөөр үрслүүлэх 
Мөчирнөөс гаргасан үрсэлгээ нь үндэслэснээс хойш нэг сарын дараа бундуулдаг. Алаг навчтай сортуудыг үрээр үржүүлж болдоггүй, зөвхөн мөчрөөр үрслүүлдэг. Үрслүүлэх мөчир нь 10-15 см урт, хүчтэй, эрүүл байх ёстой. Хэт урт мөчир авах хэрэггүй. Урт мөчир нь удаан үндэслэдэг. Доод талын хос навчийг тайрна. Хэрэв байгаа бол үндэслүүлэгч бодисд доод үзүүрийг дүрнэ. 
Үүний дараа цаашид ургах саванд нь хөрс дүүргэж шууд суулгана. Дээгүүр нь вакумдна. Үндэслэлт ойролцоогоор нэг сар үргэлжилнэ. Шинээр навч гарч эхлэвэл үндэс гарсан гэх дохио болно.
Ургаж эхлэнгүүт дээд үзүүрийг чимхэж өгөх хэрэгтэй. Тэгвэл хажуугийн мөчирнүүд салаалж гарна. Эхний хэдэн сар бутны хэлбэр гаргахад зориулах хэрэгтэй, цэцэглэлтэнд биш. Химийн цэцэг нь мөчирний үзүүрт гардаг гэдгийг санаарай. Эхнээс нь мөчир олон гаргаж авбал ямар их цэцэгтэй бут болохыг төсөөлөөд үздээ.
Abutilon 'Lucky Lantern Yellow'
Намар, өвөл хийсэн үрсэлгээнүүд үндэслэхдээ удаан, муу байдаг. Хавар тайралт хийхэд гарсан мөчирний үзүүр, иш зэргээр үрслүүлдэг. Үрсэлгээ усанд үндэслүүлэх бол багавтар саванд, дунд зэрэг ус хийж, мөчирний үзүүр савны ёроолд хүрэхгүйгээр тогтооно. Усандаа нүүрсний хэлтэрхий хийвэл ус муудахгүй, үрсэлгээ илжрэхгүй.
 
Усанд хийхийн өмнө мөчирний доод навчнуудыг тасдаж авна. Хэрэв мөчирний дээд үзүүрт цэцэг, бундуу зэрэг байвал бүгдийг тайрч авна. Хамаг хүч үндэс гаргахад биш энэ бундуу цэцэглүүлэхэд явна гэсэн үг.
Хэрэв мөчир дээрх навчнууд том хэмжээтэй бол талыг нь тайраад авах нь дээр. Том том навч нь ууршуулах талбай ихтэй. Тэр их начийг усаар хангах гэж мөн л мөчир үндэслэхгүй хүч, энерги нь навчруу явна.
Хэт урт мөчир авах хэрэггүй. Мөчирний хэсэг нь дээрээ 3-4 навчны зангилаатай байхад болно. Савтай үрсэлгээгээ гадуур нь гялгар уутаар бүтээж вакумдсан нь дээр. +23С хэмээс бүүрахгүй дулаан газар тавьна. Шөнө нь жиндэж даараад, өдөр нь битүү уутанд байлгаад байж болохгүй. Вакумдсан уутаа 1-2 нүхлээд тавьчихад агааржуулалт явагдаад амар байдаг.
Үрсэлгээгээ наранд тавьж болохгүй. Гэрэлсэг, дулаахан газар дорхноо үндэслэнэ.
 
Усанд хийсэн мөчир дээр иим цагаан зүйлүүд бий болдог. Үүнийг хусах, арилгах хэрэггүй. Энэ нь үндэс гарах дөхсөний дохио. Эндээс үнлэс удалгүй ургана.
Үндэс гарангуут хөрсрүү шилүүлж суулгана. Үүний тулд жижиг сав сонгож авна. Эхэн үед нэг удаагийн стакан тохирдог. Доор нь дренажны нүх хийгээд, бага зэрэг дренаж хийнэ. Хөрс хөвсгөр, хөнгөн байна. Хэт их тэжээлтэй, гумус, ялзмаг хийсэн хөрс авах бол элс, перлит, вермикулит сайн хутгаж өгөөрэй.
Хөрсөнд суулгаад гадуур нь мөн л гягар уутаар бүтээж вакумдна. Нарны гэрэлд тавьж болохгүй. Эхний 2-3 долоо хоног сарнисан гэрэлд, эсвэл сүүдэрт байлгана. 
Хөрсөнд шилжүүлж суулгаснаас сарын дараа үндэслэлт бүрэн дуусна. Залуу химийг арчлахдаа хөрсөө хатааж болохгүйг анхаараарай.
"Victorian Lady" сорт
Навчаар үрслүүлэх
 
Навч тасдаж аваад усанд хийгээд ургана гэж найдвар багатай. Навч усанд үндэслүүлж болно. Гэхдээ үүнээс цааш юу ч ургахгүй, яваандаа навч үхдэг.
Харин үндэслүүлэгчтэй усанд норгосон салфетка дээр хавтгайгаар нь тавиад, ниллэг уутаар бүтээгээд байлгавал болно.
Гол нь салфеткийг байнга нойтон байлгах хэрэгтэй. Өдөртөө хэд хэдэн удаа нээж агаар оруулна. Салфеткаа өдөр бүр шинээр сольж байна. Тэвчээртэй хүлээсний эцэст үндэслэнэ. Үүний дараа навчаа чийгтэй хөрсөн дээр тавиад тал хүртэл нь булна. Удалгүй нялх нахиа цухуйдаг байна. Гэхдээ энэ их цаг авсан арга. Үрслүүлэх мөчир олдохгүй үед л хэрэглэх байх. Ийм аргаар навчны өнгө, хээ сайн хадгалагддаг. 
Арай өөр арга нь - сонгож авсан навчны гол судасууд дээр 1-2 зүсэлт хийнэ. Зүсэлт нь хөндлөн биш, судасаа дагасан байна. Чийгтэй хөрсөн дээр тавиад, хавчаараар хатгаж зүсэлттэй хэсгүүдийг хөрсөнд наалдуулж өгнө.
Бага зэрэг хөрсөөр хучаад, вакумдна. Шинэ нахиа гарч эхлэнгүүт эх навчийг бүрэн булж болно. Нэг хэсэг вакумтай байлгана. Томронгуут нь вакумаа аваад, жирийн нөхцөлд ургуулна.
 
Ийм аргаар навчны хээ бүрэн хадгалагдаж үлддэг: жишээ нь эрээн алаг навчтай төрлүүд, мөн сонин сонин навчны хэлбэртэй зэрэг ганган навчтай химүүд.
Дээш нахиа гараад эхэлвэл үрслүүлж байгаа навчаа хөрсөөр бүрэн хучаад дээгүүр нь вакумдна. Жоохон томроод ирэнгүүт вакумаа хураагаад, ердийн үрсэлгээ шиг арчилна.
Бут хуваах арга
Өөр нэг арга нь бут хуваах арга. Хөрснөөсөө олон салаалж, хэт ургасан бут хаувааж болно. Савнаас гаргаад, үндэсийг 2-3 хэсэг хуваагаад нэг нэгээр нь саванд суулгана. Эхний үед гялгар уутаар бүтээж вакумдна.
Хим хувааж байгаа тохирсон зураг олдсонгүй. Нэг иим маягаар хуваана.
Хэлбэржүүлэх 
Өргөн бут
Өргөн саглагар бут бий болгохын тулд хөрснөөс 2-3 см өндөртэй салаалуулж мөчирлүүлэх хэрэгтэй. 4-5 маш сайн чанга салаа мөчирнүүд гаргах хэрэгтэй.
Ингэхийн тулд эхлээд 25-30 см өндөр иштэй мод ургуулна. Үүний дараа 1/2-ыг нь тайрна.
Хажуу тийш салаалж ургасан мөчирнүүд 15-20 см урт болонгуут мөн л тал хүртэл нь богиносгоно. Үр дүнд нь хүссэн бутаа 6-9 сарын дотор гаргаж авч болно. 
Өндөр бут
Үрсэлгээг өндөр бут болгоход 4-6 сар зарцуулна. 
Өндөр бут гаргахын тулд эхлээд 15-20см иштэй хим ургуулна. Дараа нь үүнийхээ 1/3-1/4-ийг тайрна. Хамгийн түрүүнд дээд үзүүр дэх нахианууд салаалж ургана. Харин 4-6 долоо хоногийн дараа шинэ нахиа, мөчирнүүд дээр бундуу гарч эхэлдэг.
Дээд мөчирнүүд бундуулаад, цэцэглэхгээд завгүй байх хугацаанд доод нахианууд сэрж ургаж эхэлнэ. Цаашдаа хажуугийн салаа мөчир, нахиаг тайрахгүй, чимхээд байна.
Хэрэв яваандаа хэт ургаад, хэлбэргүй, хэдэн тийш эв хавгүй ургасан мөчирнүүдтэй болоод байвал хажуу бөөрний мөчирнүүдийг 1/2 тарйч богиносгож болно. 
Штамб мод 
Штамб модонд иш нь амархан хүчээ авч бүдүүрдэг сортууд авсан нь дээр байдаг. Эхний нэг жил зөвхөн чанга иштэй болох тал дээр л анхаарна.
Хангалттай өргөн иштэй болсон гэж үзвэл, мөн таны төсөөлж байсан модны өндөрт хүрсэн гэж үзвэл дээд ургах цэгийг тайрна, харин доорх бүх мөчир, навчийг тасдна. Зөвхөн ишний орой дээр хэдхэн мөчир, эсвэл навч үлдээнэ. Энэ нь ирээдүйн мөчирөн титэм болно.
Хэрэгтэй гэж үзвэл тулгуур модонд ишийг тэгшилж уяж өгнө.
Яваандаа дээр үлдээсэн мөчирнүүдээс бундуу гарч цэцэглэнэ. Цэцэглэлт дуусангуут бүх мөчирнүүдээ богиносгож тайрна. Ингэснээр өтгөн навчин малгай бий болно.
Үүнээс цааш харин хэр зэрэг тайрах, богиносгох нь танаас шалтгаална. Ямар мод гаргаж авахаа та өөрөө шийднэ.
Энд алаг навчтай сортын химийг тайрч хэлбэр оруулсаныг харна уу: горзгор ганц ишийг 1/2 богиносгоод тайрна. Сайн гэрэлтэй газар тавьна. 4-6 долоо хоноод ийм саглагар бут болно.

Залгалт хийх
 
Хим ургалт хурдан, арчилгаа бага шаарддаг, гарын ая даахдаа сайн. Иймээс миний анхны залгалт хийх туршилтын мод маань энэ хим байв. Штамб модны цэцэг нь цайвар ягаан өнгөтэй Java сорт. Үүн дээр хүрэн улаан өнгийн цэцэгтэй "хар хим" болон шар цэцэгтэй Бэлла сорт залгасан байгаа нь.  
Залгалт хийсэн тухай эндээс үзээрэй.

Гарч болох хүндрэлүүд
Навч дараах шалтгаанаас шарладаг байна:
Дээд талын залуу навч шарлаад байвал:
- навчны судал хоорондын зай шаралвал - төмөр дутагдсан (Fe)
- навчны судал шаралвал - хүхэр (S) дутагдсан
Доод хуучин навч шарлаад байвал:
- навчны судал хооронд шаралвал - цинк (Zn) болон магний (Mg) дутагдсан

- навчны судал шаралвал - азот (N) дутагдсан
Бундуу болон навч унах – агаарын температур огцом буурсан, нэвт салхинд тавьсан, байршил өөрчилсөн, хөрс хатаасан, хөрс усархаг нойтон байлгадагаас.
Навчны өнгө алдагдах, навч цайрах бүдэгрэх – гэрэл дутсан. 
Навчны үзүүр бор болох – хэт хуурай агаар, эсвэл усалгаа багадсан. 
Навч шарлаад унах нь – хэт хуурай агаартай өрөөнд байлгасных, эсвэл хэт халуун өрөөнд байлгасных.
Иш, мөчир сунах, навч бүдэгрэх, өнгөө алдах – гэрэл дутсанаас. 
Навч шарлаад, захаараа гадагш эргэж, үзүүр нь хатаад байвал – хэт тод гэрэлд тавьсан, хэт хуурай агаараас.
Навч гундаад, унжийгаад байвал - хөрс хатсан.
Навч цайрах, эргэлдэж хумигдах нь мөн нэвт салхинд тавьсанаас болдог, хүйтэн агаараас болдог. Үндэс хэт усалснаас илжирч эхэлсэн бол мөн навч ингэж өөрчлөгдөнө. Хорхой шавьжнаас болно. Юуны түрүүнд савнаас гаргаж үндэсээ шалгана.
Хэрэв үндэс илжирсэн бол муудсан бүх хэсэгийг тайраад, модны нүүрсний нунтаг сайн цацаж өгнө. Дараа нь сэврээж хатаана. Үүний дараа шинэ сав, шинэ хөрсөнд суулгана. Цаашдаа болгоомжтой услаж байна.
Навч шарлаж хатах нь мөн тэжээл дутсанаас болдог. Цэцгээр гоёдог ургамлын бордоогоор бордож эхлэхэд зүгээр болно. Хуурай агаартай тэмцэх үүднээс сардаа нэг удаа шүршүүрт оруулж байх сайн байдаг. Мөн өдөр бүр зөөлрүүлсэн, жаваргүй усаар шүршиж байна. Навчны ар өвөргүй шүршихээс гадна орчны агаарыг манантуулж шүршиж байх сайн.


Щитовка шигдсэн байгаа нь:

Хорхой шавьжны хувьд гол аюул нь ургамлын бөөс, цагаан далавчит эрвээхэй/ялаа, щитовка байдаг. Эдгээрээс үржсэн бол тохирох хор цацна. Хэрэв зун гадаа задгай агаарт ургаж байгаа бол эдгээр хорхой шавьжинд баригдах нь тасалгаанд байлгаснаас хамаагүй бага байдаг байна.
Бусад бичлэг:
Тайралт хийв 2017
Тайралт хийгээд хоёр сарын дараа 2016
http://www.lepestok.kharkov.ua/sowing/s20120901.htm
http://flowers.cveti-sadi.ru/abutilon-komnatnyj-klen/
http://naypont.ru/page/abutilon-komnatnyj-klen

http://plantinpot.ru/kak-vyrastit-abutilon-iz-semyan/

http://forum-flower.ru/showthread.php?t=127
http://frauflora.ru/viewtopic.php?f=95&t=6945&st=0&sk=t&sd=a&start=260
http://vasha-teplitsa.ru/podgotovka-rassady/podgotovka-semyan-k-posevu.html
http://forum.bestflowers.ru/t/formirovanie-abutilonov.176202/

No comments:

Post a Comment