Tuesday, February 3, 2015

Энэ ямар цэцэг вэ?

АСУУЛТ - ХАРИУЛТ: Ene tsetsegleegui 5 jil bolj bna, navch hoorondoo 5 cm orchim zaitai, mulhuu navch ni arai pagdagar , hursund shuud duulgaj boldogiin uner gui shahuu. Neriig ni meddeggui
Энэ бол Кампелия занония (Campelia zanonia)
Кампелия - Мексик, Бразилиас гаралтай, 
Каллисия, традесканция (сүлжгэнэ) зэрэгтэй нэг овог Commelinaceae. Эдгээр ургамлууд нь хоорондоо төстэйгээс гадна арчилгаа адилхан.
Кампелия сорт "Mexican Flag"
Заримдаа энэ алаг сортыг цагаан судалтай ди-хоризандра (Dichorisandra albolineata)-тай андуурдаг.
Сүлжгэнийг бодвол кампелиягийн навч илүү өргөн, урт, том хэмжээтэй. Навч хоорондын зай эхэндээ хол хол байрлалтай байснаа, шилбэний үзүүр хэсэгрүү илүү ойр ойрхон болсоор үзүүрт нь драцена шиг навчин таваг (розетка) болдог. 
Кампелия онцгой арчилгаа шаарддаггүй, амар ургамал. Гэхдээ тааламжгүй нөхцөлд байлгахад навч дорхноо хөгшрөөд хатаж унадаг. Халзарсан мөчирнүүд нь ургамлыг үзэмжгүй харагдуулдаг.
Кампелия чийглэг агаартай газар хэдэн тийш тэлж, навч далбаагаад, гялалзаад, сайхан ургадаг. Чийгтэй хөрстэй шүргэсэн хэсгүүдэд дорхноо үндэс татдаг.
Сүүдэрхэг газар ургаж чаддаг, агаарын хэмийн хэлбэлзэл даахдаа сайн, тамхины утаа тоодоггүй тул албан байгууллага, олон нийтийн газруудад ургуулахад тохирдог. 
Урт нь 1 м хүрдэг. Хэт урт, өндөр төрлүүдийн үзүүрийг тайрсан нь дээр байдаг.
Тасалгаанд чөлөөтэй ургадаг. Хөгшрөх тусам үзэмж нь алдагддаг тул залуужуулах тайралт хийж байх хэрэгтэй. Эсвэл мөчирний үзүүрээр шинээр үрслүүлж ургуулж байна.
Дангаар нь ургуулж болно. Навчаар гоёдог бусад ургамлуудтай зохиомж хийж ургуулвал илүү хүний нүд татна. Жишээ нь төрөл бүрийн ойм, маранта, фикус, филоденд­рон г.м.
Цэцэглэлт
Нил өнгийн туяатай цагаан жижигхэн цэцэг гардаг. Ихэвчлэн хөгшин ургамал цэцэглэдэг. 
Байршил
Сарнисан тод гэрэл хамгийн сайн тохирдог. Шууд нарны тусгалд хөгшин навч амархан шарлаж, залуу навч нил өнгийн туяатай болдог байна.
Гэрэл дутвал шилбэ нарийсаад, сунаад, хугарамтгай, туяхан болдог. Гэрэл муутай газар ургамлын эсэргүйцэл муудаж амархан өвчилдөг ба элдэв янзын хорхой шавьжинд дорхноо баригддаг. 
АРЧИЛГАА
Сүлжгэнэ буюу традесканциягаас ялгаатай нь кампелияг дулаан өрөөнд +20-23С байлгана. Хэрэв үүнээс халуун өрөөнд байлгаж байгаа бол агаарын чийг нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Өвөл байж болох агаарын доод хэм +18С. 
Кампелияд сулавтар хүчиллэгдүү хөрс таардаг. Тэжээл сайтай, гумустай, элстэй, хөнгөн хөрс байна. Цэцгийн савны ёроолд заавал дренаж хийнэ.
Усалгаа
Ургалт үед (хавар-зун-намар) хөрс тогтмол чийглэг байна. Ус чийг дутсан тохиолдолд доод навч хатдаг. Харин усалгаа ихдүүлсэн бол үндэс илжэрдэг. Үндэс илжрэхэд ургамал үхнэ. Иймээс эрүүл үзүүрээс тайрч авч үлдээд үрслүүлсэн нь дээр.
Өвөл усалгааг багасгадаг. Дараагийн усалгаа хүртэл хөрсний дээд хэсэг хатсан байна. Кампелия чийглэг агаарт илүү сайхан ургадаг. Савтай цэцгээ халаах, үлээх төхөөрөмж, өвлийн улиралд "паар"-наас хол байрлуулна. Унждаг ургамлыг өндөр тавиур, шүүгээний дээр ихэвчлэн тавьдаг. Тасаалгааны дээгүүр халуун хуурай агаар байдагийг санах хэрэгтэй.
Навчийг бүлээн, зөөлрүүлсэн усаар шүршдэг. Орчны агаарыг манантуулж усаар шүрших илүү сайн. Хатуу усаар шүршвэл навчин дээр саарал толбо үлддэг. 
Навч усаар нортол нь шүршээд, дараа нь тэр нь хуурай агаарт дардаагаад хатаад байхаар навчны үзүүр борлож хатдаг. Үзүүр хатаж байна гээд улам усаар шүршиж норгоод, тэр нь дахиад хатаад байна. Жинхэндээ навч норгохоосоо илүү агаарыг нь чийгшүүлж өгөх хэрэгтэй байдаг.
Бордоо
Хавар бордож эхэлдэг. Навчаар гоёдог ургамлын комплекс минерал бордоо сард нэг удаа хэрэглэдэг. Органик бордоо нь ургамлын өсөлтөнд эерэгээр нөлөөлдөг, мөн навчны өнгө зүс сайжруулдаг. Минерал бордоотой ээлжилж хэрэглэдэг.  
8 сараас бордохоо зогсооно. Бордоо хэтрүүлж хэрэглэх хэрэггүй. Ойр ойрхон хэрэглэх хэрэггүй. Хөрсөнд азот ихээр хуримтлагдвал ургамлын эсэргүйцэл буурдаг.
Шилжүүлэн суулгалт
Сав багадсан тохиолдолд л шилжүүлж суулгана. Шинэ сав нь хуучнаасаа арай том байна. Хэт том саванд суулгахгүй. 
Шилжүүлэн суулгалтыг хавар хийдэг. Урд байснаас нь арай гүн суулгана. Навчгүй халзан шилбэнүүдийг нь шинэ хөрсөөр булж өгнө.
Үржүүлэх арга
Мөчирний үзүүрээр үрслүүлдэг. Усанд эсвэл хөнгөхөн чийгтэй хөрсөнд үндэслүүлдэг. Үрсэлгээг жилийн аль ч улиралд хийж болдог. Үндэслэсэн мөчирнүүдийг жижиг саванд суулгана. Сайн салаалж мөчирлүүлэхийн тулд дээрх ургах цэгийг чимхэнэ. (Чимхэлт хийх тухай эндээс).
Гарч болох хүндрэлүүд:
Гэрэл дутсан
Иш сунаад, навч цайгаад, өнгөгүй болвол - гэрэл дутсаных. Савтай цэцгээ гэрэлтэй газар зөөж байрлуулна. Хэт сунасан мөчирнүүдийг тайрна. Залуу навч гэрэлд эхлээд нил ягаан өнгөтэй болдог, яваандаа ногоорно.
Гэрэл ихдүүлсэн
Навчны үзүүр хатах, навч нил ягаан өнгөтэй болоод, гэхдээ дээр нь шар, бор толбонууд үүсвэл - хэт тод гэрэлээс болон жигд бус усалгаанаас болдог. 
Нарны гэрлээс болон халуун хуурай агаараас хамгаална. Хөрс хатаахгүй байх дээр анхаарна.
Усалгаа ихэдсэн
Доод навч шарлаад, ишний доод хэсэг илжирч эхэлвэл - хэт усалсан, хүйтэн газар байлгаснаас болдог. Авах арга хэмжээ: усалгааг зогсоох, шинэ хөрсөнд шилжүүлж суулгах, нэвт салхинаас хамгаалж байх.
Аалзан хачиг
Навч шарлах, ар талд нь аалзны тор харагдах - аалзан хачиг бий болсон. Гэмтсэн хэсгийг тайрч хаях, хат их үржсэн бол доор нь 3 зангилаа/үе үлдээгээд тайрах.
Ургамлын бөөс
Үзүүрт байгаа шинэхэн навчнууд дээр жижигхэн ногоон шавьж харагдна. Навч үрчийж хумигддаг. Хор цацаж болно. Мөн савантай бүлээн усаар угааж болно.
http://www.piante.ru/dekorativno-listvennye-rasteniya/316-campaign-zanonina-campelia-zanonia.html

No comments:

Post a Comment