Thursday, February 5, 2015

Модны нүүрс цэцгэнд ямар ач тустай вэ?

Модны нүүрс бол байгалийн гаралтай маш сайн антисептик. Үндэс ялзрах, ургамлын иш "хар хөлтөх", хөгц ургах, хөрс илжрэх зэрэг процессыг зогсоодог, урьдчилан сэргийлдэг. Xөрсний чийгийг тохируулж зохицуулдаг, давс хужир шүүж өөртөө шингээн авдаг. Мөн бордоо болдог. Хөрс баяжуулж, бүтэцийг сайжруулдаг гээд олон сайн талтай.
Ургамлын шарх, зүсэлт хийсэн газруудад түрхэдэг маш нарийн ширхэгтэй зориулалтын нунтаг нүүрс

Модны нүүрсийг тасалгааны цэцгийн хөрсөнд хольж, эсвэл дренаж болгож савны доор (2 cм зузаан) хийнэ. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар модны нүүрсийг хөрсөнд заавал хийж өгч байх хэрэгтэй. Ялангуяа ус, чийг муу даадаг, эсвэл хэт мэдрэмтгий, эмзэг үндэстэй ургамлуудад бүүр хэрэгтэй: кактус, суккулент, дал мод, нил цэцэг, годонхой, калатея, кротон, маранта, цахирмаа, г.м. Ийм төрлийн ургамлын хөрс хөнгөхөн, чийг болон агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой.
Том ширхэгтэй модны нүүрс - хөрсөнд хутгаж хийх зорилготой
Модны нүүрс (ихэвчлэн хус модныхыг хэрэглэдэг) маш сайн ариутгагч, үрэвсэл дарагч - антисептик. Иймээс ариутгахын тулд модны нунтаг нүүрсийг цэцэгний бүхий л шарх, тайрсан зүссэн газар түрхэдэг.
Үрслүүлэхээр бэлдсэн мөчирний доод үзүүрийг нарийн ширхэгтэй модны нүүрсний нунтагт дүрж хатаагаад, дараа нь хөрсөнд суулгадаг.
Нил цэцэгийг навчаар үрслүүлэх бол доод үзүүрийг нь модны нүүрсний нунтагт дүрж байгаад хөрсөнд суулгана.
  
Эх цэцэгнээс мөчирний үзүүр тайрч авсан бол зүсэлт дээр нь модны нүүрс түрхэдэг. Түрхээгүй тохиолдолд задгай шархаар шингэнээ ууршуулж алдсаар ингэж хатаж хорчийдог байна. 
Эх цэцэгний үлдээсэн мөчрийг нүүрсний нунтагаар бүрсэн байгаа нь:  
 
Хэрэв булцуу хувааж үржүүлж байгаа бол зүсэлт хийсэн бүх газруудад нүүрсний нунтаг түрхэнэ. Гиппеаструмын сонгино хувааж суулгаж байгаа нь: 
   
Хэрэв муудсан, зөөлөрсөн булцуу байвал эрүүл хэсэг хүртэл нь зүсэж цэвэрлээд, шархтай газруудад нь нүүрсний нунтаг түрхэж хатаана. Сайн хатааж, шарх аньсаны дараа хөрсөнд суулгана.
Хэрэв усанд үндэслүүлж байгаа бол нүүрсний жижигхэн хэсэгийг усандаа хийвэл элдэв бактери үрждэггүй, ус муудахгүй, мөчирний үзүүр илжрэхгүй.
Модны нүүрс нь хөрсний эвгүй үнэрийг өөртөө шингээж авдаг. Үүнээс гадна илүүдэл ус чийгийг шүүж авдаг байна. Устай хамт минерал бодис, давс хужир сорогддог байна. Дараа нь хөрс хатах явцад ургамалд эргээгээд өгдөг.
Нүүрс нь мөөгний эсрэг фунгицид үйлчилгээтэй. Кактус болон суккулент, шүүслэг цэцэг ургуулахдаа хөрсний нийт хэмжээний 3-8 % нь модны нүүрс байхаар хийнэ.
"Aктивированный уголь" нэртэй эм эмийн сангуудад байдаг. Модны нүүрс олдохгүй бол үүнийг нунтаглаад цэцгэнд хэрэглэж болно
Шорлог шарах гэж авсан модны нүүрснээс хөрсөнд хийж болно. Мөн хадгалж байгаа хувинтай хөрсөндөө хийгээд таглаад тавьхад мууддаггүй, хөгц ургадаггүй амар байдаг.
Мэдээж хичнээн сайн юмыг хэтрүүлвэл хор болдог. Ургамлын хөрсөнд хийхдээ нийт хэмжээний 10%-аас хэтрүүлэхгүй байх чухал. Хэрэв дренаж болгож ашиглах бол 2 см-ээс илүү зузаан хийх хэрэггүй. Учир нь нүүрс нь ус чийгтэй хамт хөрсөнд байгаа давс, эрдэс бодис гээд бүгдийг өөртөө шингээж авдаг. Яваандаа хэт их давс хужир хуримтлагддаг. Услах бүрт энэ их давс нь хөрсөнд эргэж гарах тул хөрсний бодисын балансыг алдагдуудаг. Иймд хэт их нүүрс хөрсөнд хийх хэрэггүй.
Зарим тасалгааны цэцэгс агаар дахь хорт бодис, токсинууд шүүж авдаг сайн талтай билээ. Судалгаанаас үзэхэд хөрсөнд нь модны нүүрс хийсэн цэцэг илүү их сорж авдаг гэнэ.
Сонирхуулж хэлэхэд:
Нүүрс эвгүй үнэр дардаг. Зөвхөн хөрсөнд хэрэглэдэггүй. Эвгүй үнэр гараад байгаа ванны өрөө, битүү хайрцаг шүүгээ, гутал, хөргөгч, автомашин гээд юунд ч хийж хэрэглэж болдог байна. 
Нүүрс гуталны чийгийг өөртөө шингээж авахаас гадна элдэв үнэр дардаг. Сүүлийн үед нүүрстэй улавч үйлдвэрлэдэг болсон байна.
Амны эвгүй үнэр дарахад нүүрстэй шүдний оо тус болдог байна. Элдэв нян, хорт бодис шүүдэг тул нүүрстэй маск, ундны усны шүүлтүүр гээд янз бүрийн зориулалтаар хэрэглэдэг болжээ.
Үүнээс гадна нүүрс нь эсрэг цэнэгтэй ион ялгаруулдаг ба энэ нь хүний биед эерэгээр нөлөөлдөг юм байна. Компьютер, зурагтаас гарах цахилгаан соронзон туяаг 50% бууруулдаг гэнэ. Зарим орнуудад хүүдийтэй нүүрс гэр орондоо энд тэнд тавьдаг болжээ.

No comments:

Post a Comment