Sunday, February 15, 2015

Бальзамин - Усан цэцэг

Бальзамин (Impatiens)
Balsaminaceae овогт ордог. Эх нутаг нь Ази, Африкийн халуун бүсийн ой, Занзибар арал, зүүн Африк, зарим нэг төрөл нь Дундад Азид тааралддаг.
Бүрэнхий бороотой өдөр, эсвэл хэт усласны дараа навчны ирмэгээр усны дусал ялгарсан байдаг тул "Усан цэцэг" гэж нэрлэдэг болжээ ("Цэцэг яагаад уйлдаг вэ?"). Мөн ус маш ихээр хэрэглэдэг тул Усан цэцэг гэсэн нэртэй болсон байж болох юм. Үүнээс гадна байнга цэцэглэж байдаг тул "Busy Lizzy" буюу "Завгүй Лиззи" ч гэдэг байна.
Parrot flower, Impatiens psittacina
Бальзамин — нэг болон олон наст гэж байдаг. 50 см хүртэл өндөр ургадаг. Иш/мөчир шүүслэг, гөлгөр, сайн салаалж ургадаг. Сүүлийн жилүүдэд маш олон гибрид гаргаж авсан тул цэнхэр, шар хоёроос бусад бүх өнгийн цэцэгтэй байдаг болсон.
Дундад Азид ургадаг бальзамины үндэснээс шаргал улаан өнгийн "хна" будаг гаргаж авдаг байна.
Бальзаминыг Сибирь-Уралын нутгаар ардын эмчилгээнд хэрэглэдэг байна. Ихэвчлэн давсаг, бөөрний чулуунд хэрэглэдэг гэнэ. 
Цэцэглэлт жилд 6-8 сар үргэлжилдэг. Хэрэв та дөнгөж цэцэг тарьж эхэлж байгаа бол бальзаминыг тарихад урамтай ургадаг, гарын ая даадаг цэцэг. Ургалт маш хурдан тул нэг наст болгож ургуулсан ч болно.
 
Цэцэглэсний дараа ногоон жимс үүсдэг. Энэ нь боловсорч дуусаад хатна. Үрний хайрцагт гар хүрэнгүүт задарч том үрнүүд хэдэн тийш цацагддаг.
 

ТӨРӨЛ
Нийт 400 гаруй төрөл зүйл байдаг.
бальзамин садовыйбальзамин садовыйбальзамин садовый
Бальзамин цэцэрлэгийн, Impatiens balsamina L.
Нэг наст эгц ургадаг, 70 см өндөр, сайн салаалсан махлаг мөчиртэй. Цэцэглэлт 6 сараас 9 сарыг дуустал. Энэтхэг, Малази, Хятадын өмнөд нутгаар ургадаг. 1542 онд анх Европт португальчууд оруулж иржээ. Цэцэрлэгт ургуулахад тохиромжтой, гэхдээ цочрол хүйтрэхийг даахдаа муу. Селекционерууд энэ төрлийг нээх тоодоггүй тул Уоллерын бальзаминыг бодвол олон сортууд байдаггүй.

Бальзамин железконосный — Impatiens glandulifera Royle
Нэг наст. Бүдүүн шүүслэг иш-мөчиртэй, 2 м өндөр ургадаг. Навч 15 см урт. Зуны дунд сараас намар цас ортол цэцэглэдэг. Цэцэрлэг, хот тохижилтод ихээр хэрэглэгддэг. 1839 онд Энэтхэгээс ирсэн цэцэг.

Бальзамин Балфур (Impatiens balfourii)
Цэцэрлэгийн ургамал. Сайн цэцэглэдэг, үр ихээр гаргадаг. Бут нь 1 м өндөр ургадаг.

Бальзамин Уоллер (Impatiens walleriana)
Олон наст ургмал, нэг наст болгож ургуулж болдог. Өндөр 15-20 см, сайн салаалсан мөчиртэй бут болж ургадаг. Хамгийн их тархсан тасалгааны ургамал. Байнга шинэ шинэ сорт, гибридууд гарч ирж байгаа тул маш их ургуулах дуртай цэцэг. Европт энэ бальзаминыг 1596 онд оруулж ирсэн байна.

Бальзамин Шинэ Гвиней гибрид — Impatiens New Guinea
Бальзамин Хокераас гаргаж авсан олон наст, том хэмжээтэй бут. Цэцэглэлт бүтэн жил үргэлжилдэг. Бальзамин Уоллерыг бодвол Шинэ Гвиней сортууд илүү дулаан, нөмөр газар дуртай, гэрэлсэг ургамал.

Бальзамин ниамниам (Impatiens niamniamensis) Африкаас гаралтай.

Impatiens tinctoria

Бальзамин Петерс (Impatiens petersiana)
Ангилал
Давхар дэлбээрээс хамаарч сарнай цэцэгт, камелия цэцэгт, хадаасан (лиш) цэцэгт гэж хуваадаг байна.
 
Сарнайн хэлбэрт бальзамин - Rose Form Impatiens

 
Камелия цэцэгт бальзамин - DOUBLE CAMELLIA IMPATIENS

Лиш цэцэгт бальзамин - Carnation impatients
Мөн үүнээс гадна баглаан бут гэж 25 см, эсвэл 40 см өндөр, цэцэг нь навчны дээгүүр гарч ирдэг тул баглаа шиг харагддаг хөөрхөн бут байдаг.
Гуттацийн үзэгдэл
Навчны захаар усны дусал ялгардаг. Үүнийг гуттаци гэдэг. Дэлгэрэнгүй гуттацийн тухай эндээс.
АРЧИЛГАА
Усалгаа
Хялбар арчилгаатай цэцэг. Хамгийн гол нь - услахаа мартахгүй байх. Хөрс байнга чийгтэй байх ёстой. Ус чийг дутахад навч унжийгаад, шарлаад, унадаг. 2-3 өдөр услахгүй бол мөчирний дээд үзүүрээс шарласаар ургамал үхдэг. Зун өдөр бүр сайн услаж байна. Өвөл усалгааг багасгадаг. Доод тосгуур таваганд ус удаан байлгаж болохгүй.
Агаарын дулаан
Дунд зэргийн. Өвөл +12˚С доош байж болохгүй. Өвөл цэцэглүүлэх бол +15˚С-аас дээш хэмтэй дулаан газар байлгана. Дулаан орны цэцэг гэдгийг мартаж болохгүй! Зуны улиралд тохиромжтой дулаан нь + 20-22°С байдаг.
Гэрэл
Гэрэлд маш дуртай, гэхдээ зуны улиралд нарны шууд тусгалаас халхалж байна. Зун сүүдэрт тавьсан нь дээр. Өвөл цэцэглүүлэх бол өдөрт хэдэн цаг нар үзэж байхаар газар байрлуул. Урд болон баруун зүгийн цонх илүү тохирдог. хагас сүүдэрхэг газар ургаж чадна, гэхдээ бут нилээн сунасан, урт иштэй, гарах цэцгийн тоо цөөн, цэцэгний хэмжээ жижиг болдог. 
Агаарын чийгшил
Дэлгэрсэн цэцгэнд ус хүргэлгүй бутыг сайн шүршиж байх хэрэгтэй. Бальзамин дунд зэргийн чийгшилтэд дуртай. + 20°С-ээс халуун байвал өдөрт 2 удаа шүршсэн нь дээр.
Шилжүүлэн суулгалт
Үндэс савыг бүтэн дүүргэсэн тохиолдолд сайн цэцэглэж эхэлдэг. Иймээс хэт том саванд суулгах хэрэггүй. Хавар бүр шилжүүлж суулгана. Заримдаа жилд 2 удаа. Хурдан ургадаг тул цэцгийг жил бүр залуужуулж, шинэчилж байвал илүү үзэмжтэй.

Үрслүүлэх арга
Бальзамин мөчрөөр маш амархан үрсэлдэг. 
 
Мөчрөөр үрслүүлэхдээ жилийн аль ч улиралд мөчирнөөс 8-10 см урт хэсэг тасдаж аваад усанд эсвэл чийгтэй хөрс, элсэнд суулгаад вакумдна. 2 долоо хоноод үндэслэдэг, 2 сарын дараа цэцэглэдэг.
Мөн үрээр ургуулах хурдан бөгөөд амархан. Үрийг хавар эрт 2 сард тарьсан нь дээр. 10-15 хоноод соёолоод ургаад ирнэ. 3-4 сарын дараа цэцэглэнэ. Гэрэл дутахад сунаад, доод навч унаад халзан мөчиртэй, үзэмж муутай цэцэг болдог тул жил бүр шинэ мөчир усанд үндэслүүлээд суулгасан нь дээр.
 
Нэг саванд хэд хэдэн өнгийг хамт суулгаж болдог. Алагласан цэцэгтэй сонирхолтой зохиомж болно.
Та өөрийгөө туршлагатай "архаг" цэцэгчин гээд усан цэцгийг тоохгүй байж болох юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд гарч ирж байгаа шинэ шинэ сорт, төрөл нь маш үзэсгэлэнтэй болсон тул ямар ч хүний нүдийг татна.
Бальзамины давуу талууд нь гэвэл үрээр мөчрөөр дорхноо ургаад ирдэг, маш хямд өртөгтэй, олон өнгийн тод тод цэцэгтэй, нэг наст болгож ургуулаад хашаа, тагт, сүүдрэвчийг зун чимэхэд тохирох цэцэг. Шууд задгай талбайд ургуулах бол нарнаас хамгаалсан нөмөр газар суулгана. Мөн хүчтэй салхи бүдүүн махлаг ишийг нь амархан хугалдаг. Задгай талбайд ургуулсан бальзамины цэцэг илүү тод гүн өнгөтэй, мөн том хэмжээтэй гардаг.
Бордоо
Хавар-зун бальзаминыг 15 хоногт нэг удаа минерал болон органик бордоогоор бордно. Хэт их азот агуулсан бордоогоос зайсхийх хэрэгтэй. Азот нь цэцэглэлтийг зогсоож ногоон навч, иш мөчир л хөгжүүлээд байна. Өвөл бордоо хэрэглэх хэрэггүй.
Хөрс
Хар шороо, навчин болон хүлэрт хөрс, ялзмаг, элс адил хэмжээтэй аваад суулгана.
Өвчлөлт, хорхой шавьж
Бальзаминыг аалзан хачиг, ногоон бөөс, ширх, цагаан ялаа амтархан иддэг.
Буруу арчилсан тохиолдолд саарал хөгц, илжрэлт үүснэ. 
Навч унах — тогтмол бус усалгаа, дааруулсан, хорхой шавьж үүрэлсэн. 
Навч унжийгаад байна — дутуу усалсан.
Цэцэглэлт муу — тэжээл дутсан, гэрэл дутсан, хэт их бордсон, хэт хүйтэн сурүүнд байлгаад байна, хэт эрт шилжүүлж суулгасан. 
Иш, мөчир сунаад байна — гэрэл дутсан, хэт халуунд байлгаад байна. 
Цэцэглэхгүй байна — сав хэт томодсон байна. Эхлээд саваа үндэсээр дүүргэнэ, дараа нь л цэцэглэж эхэлнэ.
Үндэс илжирсэн — хөрс хэт их устай байсан, ялангуяа хүйтэн сэрүүн өдрүүдэд.
Цэцэг унаад байна - гэрэл дутсан, хуурай агаар, хөрс хэт хатсан, аалзан хачиг үүрэлсэн.
АСУУЛТ - ХАРИУЛТ:
   
1. Валлерын Бальзамин буюу F1 сортын гибрид усан цэцгүүдийг яаж үрээр үрслүүлэх вэ? Үрийг гэрэлд соёолуулдаг. Жижиг цэцгийн саванд хөрс хийж усаар чийглээд, үрээ жигд тараана, дээрээс нь ус шүршигчээр бага зэрэг норгоно. 
Гялгар уутаар бүтээгээд гэрэлтэй газар байрлуулна. Гэхдээ наранд тавьж болохгүй. 5-7 хоногийн дараа соёолж эхэлнэ. 1-2 см өндөр болоход нь тус тусад нь салгаж суулгадаг.
2. Шинэ навч нь эргэлдээд, мушигралдаад, үрчийгээд байх юм, гэхдээ хатаагүй байна. Энэ нь сортынх нь онцлого юм уу эсвэл өвчин үү?
Навч эргэлдэж мушигралдах нь бордоо багадуулсан, эсвэл хэтрүүлснээс болдог. Усан цэцэг маш амархан бордооны хордлогод ордог. Иймээс бордохдоо анхааралтай байгаарай. Бусдаар бол усан цэцгийг арчлах маш хялбар. Хамгийн гол нь хангалттай гэрэлтэй газар, гэхдээ нарны гэрэлд дургуй. Мөн хангалттай чийглэг газар байршуулж, хангалттай усалгаа хийх. Усалгаа хэтэрнэ гэж байдаггүй. Харин хөрс хатахаас болгоомжлох хэрэгтэй. Хатаад ирэнгүүт навч унжийгаад мэдэгддэг. Ус хангалттай хийхэд дорхноо сэргээд ирдэг.
3. Нэг бутнаас өөр өөр өнгийн цэцэг гаргаж болох уу?
Ийм зүйл мэр сэр гардаг. Учир нь гибрид цэцэгний генетик систем нь тогтворгүй байдаг тул ямар нэгэн нөхцөлөөс болоод янз янзаар өөрчлөгдөж болдог. Өөр газар байршуулах, усалгааг өөрчлөх, бордоо хэрэглэх г.м. ямар нэгэн стресст оруулахад усан цэцэгний "имидж" өөрчлөгддөг. Мөн үүнээс гадна мутацийн өөрчлөлт - генетикийн доголдол гарч болох ба энэ нь цэцгэнд бүхэлд нь бус аль нэг мөчирт нь гардаг. Нэг цэцэгний мөчрүүд өөр өөр өнгийн цэцэгтэй байж болно.
Хэрэв мутаци буюу генийн доголдол гарсанаас нэг цэцэгний мөчрүүд өөр өөр өнгийн цэцэгтэй болсон бол тухайн өнгө, дэлбэйн дэх хээг хадгалахын тулд мөчир бүрийг усанд хийж үрслүүлнэ. Ялангуяа ийм өөрчлөлтүүд алаг өнгийн цэцгэнд илүү гардаг. Нэг цэцэгнээс цав цагаан, гүн ягаан гээд өөр өөр өнгийн цэцгүүд дэлгэрэх их сонин харагддаг.
Хачиганд баригдсан навчны өнгө ингэж өөрчдөгднө
4. Үрсэлгээ сайн үндэслэж, хүчээ авч цэцэглэж эхэлсэн боловч навчны өнгө өөрчлөгдөөд, эрүүл бус шар өнгөтэй болоод байна?
Цэцэг хэт халуунд нозоороод байна. Зуны халуунд навч шарладаг тул өдөр бүр услаж, шүршиж байх хэрэгтэй. Нарны шууд тусгалаас хамгаалаарай. Магадгүй ойрд бордоогүй бол бордох болсон байх. Мөн сүүлийн шалтгаан нь хорхой шавьж байж болно.
5. Усан цэцэг дээш сунаад ургаад байна. Хажүүгийн мөчир ууг нь сайн салаалсан. Цэцэгний оройг тайрч болох уу? Яаж бут болгох вэ?
 
Ихэнхи бальзамин тайралтанд дургүй. Тайралт хийсний дараа далий, хазгай ургаад байдаг. Гэхдээ маш амархан үндэслэдэг тул жилдээ нэг удаа заавал "шинэчилж" байх хэрэгтэй. Энэ нь цэцгийг үзэмжтэй харагдуулдаг. Цэцэгний ишний дээд хэсгийг тайрч шинэ хөрсөнд суулгаж, шинэ цэцэг гаргаж авахыг "шинэчилнэ" гэнэ
Impatiens tuberosa
6. Бонсай ургуулж болох уу?
Усан цэцгийг намхан, жижигхэн саванд ургуулвал навч, цэцэгний хэмжээ жижигрээд, савтайгаа пропорц болоод ирдэг. Хэрэв жирийн саванд цэцэгний өндөр 40-50 см хүрдэг бол жижиг намхан саванд 15-20 см өндөртэй болно. Үүнээс гадна дагжаа усан цэцэг гэж байдаг. Түүний өндөр нь 5-8 см, хажуу тийш мөчирнүүд нь ургадаг тул их гоё харагддаг.
Бонсай усан цэцэг
6. Цэцэг дэлгэрэхгүй унаад байна. Сайн усалдаг, усалгаа гэхдээ хэтрүүлдэггүй, хөрс хатаадаггүй.
Бундуу задарч амжилгүй олноор унаад байвал шалтгаан нь маш олон байж болно: 
1. Ургамал хүчгүй, тэжээл дутсан. Зөв (цэцэглүүлдэг) бордоогоор бордох хэрэгтэй.
2. Эсрэгээр бордоогоор бөмбөгдөөд байвал үндэс түлэгдээд, нарийсаад эхэлнэ. Гэмтсэн үндэс шим тэжээлээ бүрэн дүүрэн хөрснөөс шингээж авч чаддаггүй. 
3. Буруу бордоо хэрэглэсэн. Азот ихээр агуулсан бордоо хэрэглэвэл ургамлын ногоон масс л ургаад, цэцэглэлт гацдаг талтай. Үүнтэй уялдаад фосфор дутсан. Фосфор, калий нь бундуй үүсэх, хөгжих, цэцэглэлт явагдах бүх процессыг тэтгэдэг бодис. Цэцэглэлт удаан байлгахын тулд Фосфор, Калий илүү агуулсан бордоо сонгоорой. Бордооны уутан дээр Рн, К гэсэн тэмдэглэгээтэй, тус тус 12-15%-аас дээш байвал, харин N буюу азот нь энэ хоёроос бага хувьтай байвал сайн.
4. Услахаа мартсан, хатаасан. Богинохон хугацаанд хөрсөө хатаасан ч цэцэг бундуугаа гөвөж болно. Услахдаа жигд, тогтмол, зөв услаж байгаарай. Хүйтэн усаар усладаг бол бундуу унана. Жаваргүй бүлээн ус хэрэглэнэ. Крантны усны хлорыг заавал гаргаж байх. Хлоргүйжүүлэхийн тулд том амсартай задгай саванд усаа 1-2 хонуулж байж хэрэглэнэ.
5. Гэхдээ ус хэтрүүлж бас болохгүй. Дандаа усархаг хөрсөнд байлгавал, дээр нь цэцэгээ хүйтэн газар байрлуулвал мөн л бундуу унаж болно.
6. Нэвт салхинд тавьсан, дааруулсан. Хүйтэн газар, хүчтэй салхи, онгорхой цонхноос хол байлгах нь дээр.
7. Хурц наранд шарагдаад байдаг бол бундуй унана, навч шарлана. Өдөр нь халуун наранд шараад, шөнө нь дааруулаад байвал бундуй унана. Өдөр, шөнө жигд дулаантай газар тавьж байх.
8. Гэрэл дутсан бол. Сарнисан тод гэрэлд сайхан ургадаг цэцэг.
9. Хуурай агаараас болно. Байнга шүршиж байгаарай. Энэ нь элдэв паразит хорхой шавьж бий болохоос ч сэргийлнэ. Усан цэцэг дээр ургамлын бөөс үржих дуртай.
10. Мөн савтай цэцгээ байнга байршилыг нь солиод байдаг бол нэг газараа дасаж амжилгүй өөр нөхцөлд зохицох болдог- стресст байнга оруулаад байна гэсэн үг. Аливаа стресст орсон цэцэг юуны түрүүнд бундуйгаа гөвдөг.
11. Мэдээж хорхой шавьж байна уу үгүй юу шалгаарай.
12. Маш олон бундуутай цэцэг зэрэг бүгдийг дэлгэрүүлж дийлэхгүй байдаг. Энэ тохиолдолд ургамал өөрөө зохицуулаад илүүдэл бундуугаа хатаадаг.
13. Сав хэт томдсон байж болно. Үүнээс үүдээд хэт их бордоо тэжээл хөрсөнд байж болно.
14. Суулгасан хөрс муу байж болно.
За ийм олон шалтгааны аль нэг байж болно. Аливаа тасалгааны ургамалд 4 зүйлийг л зөв тохируулж өгвөл болдог: гэрэл, ус, дулаан, тэжээл.

http://flowers.cveti-sadi.ru/balzamin/, 
http://aaa-flowers.ru/entsiklopediya-tsvetov/balzamin-i-balzamin-novogvineyskiy.html, 
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment