Monday, March 2, 2015

Бугенвиллея

Бугенвиллея (Bougainvillea) шөнө цэцэглэдэг Nyctaginaceae овгийн авирч ороож ургадаг өргөстэй ургамал. Цэцэглэлт маш удаан үргэлжилдэг. Францын уран зохиолч, өмгөөлөгч, тойрон аялагч, математикч Луи Антуан де Бугенвиль (1729-1811) -ийн нэрийг өгсөн юм байна. Уугуул нутаг нь Өмнөд Америкийн халуун бүсийн ширэнгэн ой. Байгальд бүтэн жил тасралтгүй цэцэглэдэг гэнэ. Харин манайх шиг уур амьсгалтай газар тасалгаанд ургуулахад өвөлдөө амралт үед ордог.
Бугенвиллея – намхавтар мод, эсвэл ихэнхдээ авирч мөлхөдөг, ороодог, зүү хатгуураараа зууралдаж ургадаг бут. Мөчир иш амархан хатуурч модорхог болдог, яваандаа хатгуур зүү гарч ирдэг. Цэцэгний гаднах дагуур навч - дэлбээ нь 6 см хүртэл том, тод ягаан, улаан, шар гээд өнгөтэй. Хүмүүс үүнийг цэцэг нь гэж андуурдаг. Орчин үеийн сортууд төрөл бүрийн өнгөтэй болсон. Хоёр өнгөт бугенвиллея байдаг, мөн цэцэглэж байхдаа өнгө нь хувирдаг сорт ч байдаг.
Бугенвиллеяг гэртэй тарихын тулд маш их гэрэлтэй өрөөтэй байх хэрэгтэй. Байгальд халуун наран доор хадархаг газар ургадаг. Тасалгаанд гэрэл дутдагдаад өнгө нь бүдгэрч, навч унадаг. Худалдаанд ихэвчлэн гоё, үзэмжтэй сортуудын гибрид зарагддаг.
Урт, туяхан залуу мөчир, нахиа нь хөгширөөд мод болдог тул тайралт хийж хэлбэржүүлэхэд амархан байдаг. Үүнийг штамб мод, мөлхөө цэцэг, бут гээд хүссэнээрээ ургуулж болдог. Төмөр утас, тулгуур зэргээр дуртай хэлбэртээ оруулж мод болгож хатууруулдаг. Хажуугийн салаалж гарч ирэх шинэ нахиа мөчирнүүдийг шууд тасдаад байна.
Мөн хэд хэдэн төрлийн бугенвиллияг штамбан мод болгож хооронд нь шүлжиж ургуулсан нь их үзэмжтэй харагддаг байна. Үүний тулд нэг саванд хэд хэдэн үрсэлгээ суулгаад, ургах явцад нь тулгуурт боож шүлжээд байна.
Хатуураад мод болход нь тулгуураа авч болно. Эсвэл штамбаар ургасан модны мөчрүүдэд төрөл бүрийн өнгөтэй бугенвалиягийн мөчир залгаж ургуулбал бас их содон харагддаг байна. Өөрийн байгалийн онцлого нь — мөлхөө ургамал, иймд ишийг дуртай хэлбэрээр ургуулж болдог.

ТӨРӨЛ
Bougainvillea glabra Choisy
олон салаалдаг, халзан мөчиртэй, мөлхөө ургамал. Иш амархан модордог, зүү шиг том өргөстэй. Ихэвчлэн намхан бут болгож ургуулдаг. Цэцэглэх хугацаа – 4 сараас 7 сар.

Bougainvillea spectabilis Willd
мөлхөө, ороож ургадаг ургамал, дээрх төрлөөс ялгарах нь илүү их өргөстэй, бөгөөд мөчир, навчны захаар үсэрхэгдүү, барихад шимтэглэй шиг хамбархуу, мөн цэцэгний гаднах дагуур нвч гэх өнгөт дэлбээ нь илүү том хэмжээтэй. Цэцэглэлт 4 сараас 10 сарын хооронд.
АРЧИЛГАА
Гэрэл
Бугенвиллея гэрэлд дуртай ургамал, тод гэрэл хэрэгтэй, зун нарнаас хамгаалах шаардлага байхгүй. Амралт үед сэрүүн (+12°C хэмээс дээшгүй), хагас сүүдэрлэг газар байлгана. Харин хавраас ургалт үеээс эхлээд нартай цонхон дээр тавьна.
Сайн цэцэглүүлэхийн тулд өдөрт хамгийн доод тал нь 6 цаг тасралтгүй нар үзэж байхаар байрлуулна. 6 цагаас богино байвал сайн цэцэглэхгүй. Сайн ногоон навч гаргаад байхаас биш цэцэглэхгүй, цэцэглэсэн ч өнгө нь тод хурц гарч ирэхгүй, хэмжээ жижиг, цэцэглэлт богино болно.
Тасалгаанд ер нь 100% бүрэн дүүрэн цэцэглэнэ гэж байхгүй. Иймд зуны өдрүүдэд гадаа ил байлгах сайн.
Агаарын дулаан
Зун тохиромжтой хэм +20-25°С, хамгийн дийлж чадах хэм 30-32°С гэхдээ агааржуулалт сайн хийх хэрэгтэй болно. Өвөл + 12-14°С, нэвт салхинд байлгаж болохгүй. Хэрэв өвөл +18-20°С хэмээс дээш байвал бугенвиллея ургасан хэвээр байдаг. Ийм тохиолдолд харин нэмэлт гэрэл гаргаж өгөх хэрэгтэй.
Агаарын чийгшил
Бугенвиллея чийглэг агаарт илүү ургадаг. Иймд орчны агаарыг манантуулж байнга шүршиж байна, гэхдээ цэцэгний гаднах дэлбээнд ус хүргэж болохгүй.
Өвөл бугенвиллея халуун, хуурай өрөөнд өвөлжиж байгаа бол навчыг ар өвөргүй усаар шүршинэ. Харин сэрүүн газар өвөлжүүлж байгаа бол шүрших хэрэггүй. Илүү ус чийг нь мөөг, мөөгөнцөр бусад элдвийн халдвар үүсгэх аюултай.
Усалгаа
Идэвхтэй ургалт үед сайн усалдаг. Услахдаа бүлээн усаар өглөө усалдаг. Усалгаа хооронд хөрсний дээд үе хатсан байх ёстой. Өвөл сэрүүн газар бол усалгаа бага, дулаан өрөөнд бол тохируулж услана. Сэрүүн газар +12°С доош хэмд ургадаг цэцгийг маш болгоомжтой услана. 
Усалгааны гол нөхцөл - хөрс жигд чийгтэй байх.
Эрүүл бугенвиллея дулаан улиралд илүү их ус уудаг. Халуун зун усалгаа хооронд хөрсөө бүрэн хатааж болохгүй. Савны ёроолд заавал дренаж хийнэ.
Сайхан ургуулна гэвэл хөрсөө өлөн чийглэгдүү байлгана. Хатааж болохгүй, усархаг нойтон байлгаж болохгүй. Савны доорх тосгуур тавганд ус байж болохгүй.
Цэцэглэлт
Цэцэглэлтийн цикл 4-6 долоо хоног байдаг. Тод наран дор ойр ойрхон бордож цэцэглүүлэх зүгээр. Цэцэглэлт дуусангуут усалгааг эрс багасгадаг. Хэрэв хэт услаад байвал дахин цэцэглэхээ байдаг, бүх навч нь унадаг, үндэс нь илжирч болно.
Бугенвиллия өөрчлөлтөнд дургуй. Нүүдэл суудал хийж хоёр өдөр зөөвөрлөхөд бүх навч нь унана. Сандрах хэрэггүй, стрессийн эсрэг шингэнээр услах, шүршихэд 3-4 долоо хоногийн дотор сэргээд навчлаад ирнэ.
Экваторын бүсээр ургадаг бугенвиллея бүтэн жил цэцэг навчтайгаа байдаг. Бусад бүсэд ургадаг төрлүүд нь улирлаар цэцэглэдэг. Хуурай сэрүүн газар навчаа бүрэн гөвдөг ба намар тайралт хийж амраадаг.
Цэцэглэсний дараа өргөст хатгуур олноор гарч эхэлдэг.
Бордоо
Бугенвиллия "ховдог цэцэг" гэж тооцогддог. Хавар-зуны улиралд долоо хоног бүр минерал бордоо хэрэглэнэ. Жижиг саванд хэт том ургасан бугенвиллияг цэцэглэлт үед нь долоо хоногт 2 удаа бордоно. Өвөл бордохгүй.
Бордоо нь фосфор илүү агуулсан байх ёстой. Дээр нь бүх төрлийн эрдэс бодис, төмөр магний хэрэгтэй.
Хөрсөнд хольдог удаан задарч шингэдэг хатуу бордоог зааварын дагуу хэрэглэж болно. Бордоог хэт их хийж болохгүй. Бага тунгаар өгөж байх нь илүү үр дүнтэй.
Хуурай хөрсийг шууд бордоогоор услаж болохгүй. Бүлээвтэр зөөлрүүлсэн, хлоргүй усаар услаад, 20 минут болоод бордоотой усаар услана, дахин 20 минут болоод цэвэр усаар услана.
Бордоог 1/4 тунгаар шингэрүүлж найруулаад навчруу шүршиж болно. Үндэс байнга бордоогоор түлээд байхгүй шууд навчиндаа очдог сайн талтай. 


                
Анхаар!
Бугенвиллея нь токсик ургамал. Мэдрэмтгий арьстай хүнд шүүс нь тууралт үүсгэж болно. Авирганы (плющ) шүүстэй адилхан хортой. Тайралт хийх, шилжүүлж суулгах бол шүүс болон хурц өргөсөөс болгоомжилж бээлий өмсөж байгаарай.
Тайралт
Тасалгаанд ургуулахад 3 метр хүртэл урт ургадаг. Иймээс тайралт заавал хэрэгтэй. Хэлбэржүүлэх тайралтыг хавар ургаж эхлэхэд нь, эсвэл цэцэглэлт дуусах үед хийнэ. Сайн ургасан, хүчтэй шинэхэн, нэг наст мөчирүүдийг 1/2 тайрна. Туяхан, нарийхан, сул болон хатсан мөчирүүдийг тайрна. Зуны турш цэцэглэж дууссан залуу мөчирнүүдийг цэцэглэнгүүт тайрч богиносгож байна. Дээр нь ойролцоогоор 4-6 навчны зангилаа үлдээгээд тайрдаг. Энэ нь ургалтыг өдөөж өгдөг, шинэ салаа мөчирүүд ихээр гаргадаг. Шинэ мөчирнүүд нь улиралдаа багтаж цэцэглэдэг ба тайралт хийгээгүй зүгээр ургасан мөчирнүүдийг бодвол илүү олон цэцэг гаргадаг.
Гэхдээ модорсон, 3-4 жилийн настай мөчир тайрч болохгүй. Хатуурсан, модорсон мөчир дээр шинэ нахиа ургахгүй байж болно. Хуучин, унтсан гөлөгнүүд сэрэхдээ муу байдаг. Вакумдаад, гялгар уутаар боож чийглэг орчин бүрдүүлж өгсөн ч ургадаггүй.

Бугенвиллея, клематис зэрэг авирч ургадаг ургамлыг янз бүрээр ургуулж болно:
Хөрс
Ширгэн хөрс, навчин хөрс, ялзмаг, хүлэрт хөрс адилхан хэмжээтэй аваад, дээр нь суперфосфат болон үүрүүлсэн модны нүүрс холиод хэрэглэнэ. Хөрсний хүчил рН=6,8–9. Кальций багатай хөрсөнд шохой маш бага нэмэж болно.
Ус сайн нэвтрүүлдэг, дренаж сайтай, тэжээл ихтэй ямар ч хөрсөнд ургана.
Бугенвиллия давс хужир даахдаа сайн. Далайн эрэг орчмоор сайхан ургаад байдаг нь үүнтэй холбоотой гэнэ. 
Ургалтын хурд сорт сортоороо өөр өөр байдаг.
Шилжүүлэн суулгалт 
Залуу бугенвиллеяг хавар 1-2 жилд нэг удаа шилжүүлж суулгадаг бол хөгшин модыг 3-5 жилд нэг удаа шилжүүлнэ. Том саванд шилжүүлэхдээ хуучин хөрсийг гөвөлгүй, аль болох үндэс гэмтээхгүй, оролдохгүй суулгаарай. (Сав томруулах тухай эндээс.)
Шинэ сав нь хуучнаасаа бага зэрэг том байх бөгөөд доороо хангалттай их ус урсаж гарах нүхтэй байх ёстой. Хуучин хөрс, шинэ савны хана хоорондын зай – 2-3 см байх ёстой. Савны ёроолд заавал 2-3 см зузаан дренаж хийнэ.
Хэт том саванд цэцэглэлт муу байдаг. Навч түлхүү ургаад, иш, мөчир сунаад байдаг. Иймд шилжүүлэн суулгалтыг сав дэндүү багадсан, ургалтанд саад болоод байгаа үед л хийдэг. Заримдаа шилжүүлж суулгахыг дахин нэг жилээр хойшлуулж, зун нь сайн минерал бордоогоор бордож өгдөг.
Үрслүүлэх арга
Үрслүүлэхдээ ногоон мөчир, эсвэл агаарт үндэслүүлнэ. Хавар - зун сайн ургасан, хүч авсан ногоон мөчирнөөс навчны зангилааны доор тайрна. Үндэслүүлэгчинд дүрнэ, доод навчнуудыг тасдаж аваад, хөрсөнд суулгана. Хөрсийг элс, хүлэрт хөрс хоёрыг хольж авна. Хөрсөнд навчны 2 үе зангилааг гүн суулгана. Үүний дараа хүлэмжинд хийнэ. Үрсэлгээгээ нарнаас халхалсан, гэрэлтэй газар тавьна. Хөрс байнга чийглэгдүү байна. Үндэслэх үед доороос нь халаах хэрэгтэй. Агаарын хэм болон хөрсний хэм 23-25°C-аас буух ёсгүй. Хүлэмжээ нээж агаар оруулж, навчнуудыг шүршиж байна. Ийм нөхцөлд бүтэн сар гаруй болж байж үндэслэдэг.
http://www.wikihow.com/Propagate-Bougainvillea сайтын зурагнуудыг харна уу:
 
Тайралт хийснээс гарсан мөчирнүүдийг үрсэлгээнд ашиглаж болно. Навчны зангилааны доогур тайрна. Мөчирний доод хэсгийн навчнуудыг нь тасдана. Харин дээд үзүүрт байгаа бундуу, цэцэг зэрэгийг тайрна.
Хэт зөөлөн, нялх, саяхан ургасан мөчирний хэсгийг тайрсан нь дээр. Энэ хэсэгийг суулгавал дангаараа үндэслэхгүй. Тайралгүй үлдээвэл хэт урт мөчир үндэслэхдээ удаан.
Навчны 50%-ийг тасдаж авсан нь дээр. Хэт олон навч нь уурших талбай ихэсгэдэг. Бүгдийг усаар хангах гэсээр үндэслэх явц удааширдаг. Яваандаа үрсэлгээг илжэрч болно.
Модорхог болсон хатуу мөчрийг 5-10 см хэсэгт хуваана. Бэлдсэн мөчирний доод үзүүрийг навч байсан зангилааны доогуур хурц, ариутгасан хутгаар ташуу зүснэ. Яг энэ зангилаанаас үндэс гарах магадал ихтэй. Учир нь ийм хэсгүүдэд ургамлын ургах гормон илүү цугларсан байдаг ба төлжиж ургах чадвар илүү өндөр байдаг.
Зүсэлт хийсэн хэсэгийг норгоод, үндэслүүлэгч бодисонд дүрнэ. Үндэслүүлэгч нь хүчиллэг бодис байдаг. Иймээс хэрэв тусгай тийм бодис байхгүй бол С витамины уусмалд дүрсэн ч болно.
Үндэслүүлэгч нь идэвхижүүлэгч гормоноос гадна илжрэлт, мөөгний гаралтай элдэв халдвараас сэргийлэх фунгицид бодис бас агуулдаг байна.
Мөчирний ташуу зүсэлт зураг дээр үзүүлсэн шиг 45° байхаар суулгана. Энэ нь хурдан үндэслүүлэхээс гадна сайн үндэс гаргадаг.
Үрсэлгээгээ сүүдэрт байрлуулна. Наранд тавьж болохгүй. Хөрс байнга чийгтэй байна. Вакумдна. Өдөр бүр нээж агаар оруулж байна.
8-10 долоо хоногийн дараа нахиалж эхэлдэг. Нахиална гэдэг нь үндэслэх процесс хэвийн явагдаж байна, удахгүй үндэслэх нь гэсэн л дохио.
4-6 навч гарч иртэл оролдохгүй байлгана. Үндэс хүч орж чангартал оролдох хэрэггүй. Навчлаад эхэллээ гэдэг нь үндэслэчихлээ гэсэн үг бас биш.
Үрсэлгээгээ дээш татаж, эсвэл хөрс ухаж үндэс гарсан үгүйг шалгах хэрэггүй. Ямар нэгэн тайван байдлыг эвдсэн оролдлого нь стресст оруулдаг, үрсэлгээг үхүүлж болдог. Тайван тэвчээртэй хүлээгээрэй. Нэвт харагддаг нэг удаагийн стаканд суулгавал амар байдаг. Гаднаас нь хараад байж болно.
Үрсэлгээ ургаад том саванд тэжээллэг хөрсөнд ургаж чадах болонгуут шилжүүлж суулгана. Ойролцоогоор энэ нь 3 сарын дараа болдог. Саванд суулгаад бага багаар наранд дасгаж байгаад нартай цонхны тавцан дээр байрлуулна.
Наранд дасгахдаа 3 үе шаттай: хагас сүүдэрхэг, сарнисан наранд, наранд гээд дамжсан нь дээр. Тус бүрт нь нэг нэг долоо хоног тавьж дасгана. Наранд тавиад сайн услана. Эхний нэг сар үндэс сайн салаалж ургадаг.

Нас ахих тусам хатуу мод болдог тул яваандаа ямар ч хөрсөнд ургаад байж чаддаг болдог. Хүссэн өндөрт хүрсэн бол дээд ургах цэгийг чимхэнэ. Дээш ургах цэгийг тасалснаар үндэс доошоо сайн салаалж хөгжиж эхэлнэ, иш илүү зузаарч, тогтвортой чанга болно. Чимхэлт хийх тухай эндээс.

Агаарт үндэслүүлэх арга:
Мөчрөөр үндэслүүлэхээс гадна агаарт үндэсүүлж болдог. Хоёр сарын дотор үндэслэдэг. Хэрэг болох зүйлс:
Коко хөрс, эсвэл хүлэрт хөрс (олдохгүй бол перлит, вермикулит ч болно) 
Үндэслүүлэгч бодис
Бийр
Жижгэвтэр ниллэг уут
Утас, боолт
Хурц хута
1. Модорхог болсон зузаандуу мөчир сонгоно. Навч ургаж байсан зангилаа хэсэгт үндэс хурдан гардаг. Сонгосон газараа 10 cм орчим газар навч болон өргөст хатгуураас цэвэрлэнэ. Дараа нь 5-6 см урт хэсэгийг гаднах холтосоос нь салгана.
Bougainvillea-2
2. Бийрээр үндэслүүлэгч бодис нүцгэн мөчирний хэсэгт түрхэнэ.
3. Чийгтэй хөрсөөр энэ хэсэгийг ороогоод, гялгар уутаар гадуур нь ороож бооно.
Bougainvillea-5
4. Сар хагас огт оролдохгүй үлдээ.
5. Дараа нь боолттой хэсэгийн доогуур нь тайраад, мөчирний үзүүрээ эх модноос салгаад авна. 6. Гялгар уутаа болгоомжтой задлаад, хөрс оролдолгүй, гөвөлгүй шууд саванд суулгана.
7. Хэрэв үрсэлгээний дээд үзүүрийг тайраад, дээр нь хэдхэн навч үлдээвэл илүү хурдан үндэс хөгжиж ургана. 
8. Ойр ойрхон бага багаар услаад байна. Шинэ нахиа ургаад эхлэнүүт савандаа дасаад, үндэслээд ирж гэсэн дохио болно.
Энэ арга нь мөчир тайрч хөрсөнд суулгаж байснаас илүү үр дүнтэй бөгөөд, ажилбар багатай. Ууттай хөрсөө чийглэг байлгаад байхаа мартав.
Мame Bonsai  буюу Мини Бонсай хийсэн туршлагаас танилцуулъя: 
Бонсай хийх зорилготой бэлдсэн модны иш 15 см өндөр. Дээр байгаа хэдэн нахиа урт ургаад байгаа нь эрүүл хөгжилтэй мод гэдэгийг харуулна. 
Иш ойролцоогоор 2,5 см голчтой, тэгш эгц ургасан тул бонсай хийхэд ямар нэгэн хөдөлгөөнгүй, илэрхийлэх зүйлгүй уйтгартай харагдана.
Энэ гөлгөр цэвэрхэн ишнээс цагийн аяст ухагдсан, салхинд идэгдсэн, цас бороонд цохигдсон их урт замыг туулсан, амьдрал үзсэн хөгшин настай модны дүр төрх гаргаж авах хэрэгтэй. Хамгийн түрүүнд агаарт үндэслүүлэх аргыг хэрэглэн модоо намхан болгоно. 
Агаарт үндэслүүлэх аргыг дээр бичсэн байгаа. Иймд энэ хэдэн зурагнуудыг сайн хараад ойлгоод аваарай. Гол нь хэр өндөр бонсай хийх гэж байгаагаа эхлээд шийдэнэ. Цэвэр ариутгасан хутга хэрэглэнэ.

  
Хөрсөнд хүлэрт хөрс, коко хөрс, эсвэл хөвд хэрэглэж болно. Гол нь хатааж болохгүй, хөрсөө тогтмол услаж, чийглэж байхаа мартав. Хэрэгтэй гэж үзвэл услах усандаа үндэслүүлэгч гормон хийж болно.
 
 
Гүйцэт дуусаагүй, цаашид энэ бонсай дээр зөндөө ажиллах хэрэгтэй болно. Төмөр утсаар татах, тодорхой чиглэлд ургуулах гэх мэт олон зүйл байна:
 
Доор байгаа бонсайг харна уу. Эхнийх нь шулуун бонсай, дараагийн хоёр нь ишийг нь янзалж, өөрчилсөн, хөгшин модны дүр төрх оруулсан мод. Харьцуулж харахад эхнийх нь жирийн, энгийн харагдаж байгаа биз. Тиймээс гоё бонсай хийнэ гэвэл ишийг сайн засаж янзлах хэрэгтэй.
  
Гарч болох хүндэрлүүд                 
Бугенвиллея ихэнхдээ аалзан хачиг, цагаан эрвээхэй, ширхэнд баригддаг. Хачиг, ургамлын бөөс үржих, навч толботох зэрэг нь хөрсөө хүйтэн сэрүүн цаг агаарт хэт нойтон байлгаад байвал гарч ирдэг байна. Өөрөөр хэлбэл ургамлын эсэргүүцэл буурсан үед юм анд өртөмтгий байдаг.

Навчаа гөвөөд, цэцэгний гаднах дагуур навч унаад байна:
- байршил солигдоход.
Бугенвиллея орчин болон ургах нөхцөл солигдоход маш мэдрэмтгий. Дөнгөж худалдаж авахад ихэнхи цэцэг, навчаа алдаж болно. Мөн намар гаднаас гэрт буцааж оруулахад навчаа хаяна. Энэ нь ердийн үзэгдэл, шинэ орчиндоо дасаад ирэхлээр, ургах нөхцөл нь тааламжтай бол нөхөөд сэргээд ирнэ.
- нэвт салхи.
Бугенвиллея цэвэр агаарт их дуртай, гэхдээ нэвт салхи, мөн хүйтэн салхийг үздэггүй.
- усалгаа жигд бус
Тогтмол нэг хэмнэлтэй хийхгүй байна. Нэг хатаагаад, нэг хэтрүүлж услаад байна.
- хэт хуурай агаар
Навч шарлаад, унаад байна:
– ус хөрсөнд удаан байна. 
Доод суурь тавагны усыг асгаж байх, усалгааг тохируулж байх, хөрс өлөн чийглэг байхаар тохируулж байах, хэт их чийгтэй байж болохгүй.
Навч гандаад, эргэлдээд, ногооноороо унаад байна:
- хөрс хатаавал ингэдэг.
Шинэ мөчир хатаад, шинээр ургах навч болон цэцэгний дагуур дэлбээнүүд буруу хэлбэртэй, гаж хөгжилтэй ургаад байна:
- агаар хуурайгаас.
Бугенвиллея цэцэглэхгүй байна, эсвэл маш сул муу цэцэглэж байна:
- хэт том савтай, 
- гэрэл дутсан
- амралт үе гаргаж өгөөгүй
- хүйтэн агаараас.
Бугенвиллея үхэхгээд байвал:
- усалгааны горимыг зөрчсөн (суурь тавганд ус удаан хугацаагаар байлгадаг),
- амралт үед хэт халуун, гэрэл муу газар байлгасан бол, 
- хүйтэн газар байлгасан, даарсан, хөрсөн.
http://greenhome.org.ua/
http://www.wikihow.com/Propagate-Bougainvillea
http://www.gardenguides.com/propagate-by-grafting/
http://www.sunrisevilla.info/blog/growing-bougainvillea-from-cuttings/
http://bongbonsai.blogspot.sg/2012/02/cutting-2-air-layering.html

No comments:

Post a Comment