Tuesday, February 17, 2015

Цэгцүүхэй - Олеандр

Цэгцүүхэй, буюу Олеандр (Nerium) — Apocynaceae мөнхийн ногоон том бут. «Nerium» гэдэг нь грек гаралтай үг бөгөөд «nerion» — чухал, түүхий – гэсэн утгатай гэнэ. Олеандр халуун бүсэд ургадаг ч түүнд гүнийн ус байнга шаардагддаг гэнэ. «Nerium» нь далайн үзэсгэлэнт Нереидаг бодож нэрлэсэн байх гэсэн таамаглал байдаг юм байна. Харин «Олеандр» гэсэн нэршил нь хоёр үгнээс бүрдсэн: «oleo» — үнэртэй, анхилуун, «Andros» — Грекийн нэгэн арлын нэр юм байна.
Олеандрын эх нутаг нь Марокко, Португалиас зүүн тийш өмнөд Хятад хүртэлх бүс нутаг. Зэрлэг байгальд Газар дундын тэнгис, Хар тэнгис хавиар их ургадаг ба бусад газар зөвхөн тасалгааны цэцэг хэлбэрээр тааралддаг.
Олеандр зун цэцэглэдэг. Цэцэг тод өнгийн, хамгийн их тааралддаг нь цагаан болон ягаан. Улаан, шар өнгүүд ховор байдаг. Одоогийн байдлаар маш олон шинэ сорт, төрлүүд гаргаж авсан байгаа. Үүний дунд давхар дэлбээтэй, дэрэвгэр бэлбээтэй цэцэгтэй сортууд ч байдаг байна. 
ТӨРӨЛ
Байгальд нийт гурван төрөл зүйл байдаг ба үүнээс нэгийг нь л тарьдаг байна - Олеандр обыкновенный (Nerium oleander) гэх 2-4 метр өндөр ургадаг бут.
Олеандр ердийн,  Олеандр ердийн (Nerium oleander)
Тасалгаанд ургуулдаг нь цэцэрлэгийн бут, 6 см диаметртэй том, давхар дэлбээтэй цэцэгтэй төрөл. Цэцгийн өнгө цагаан, ягаан, шаргал ягаан, шар, зарим тохиолдолд эрээн алаг, мөн хоёр өнгөт гэж байдаг. Тасалгаанд зөвхөн нэг төрлөөс ургуулдаг ч маш олон янзын сорт байдаг тул цэцэгчдэд таалагддаг.
Олеандр «Variegata»
АРЧИЛГАА 
Гэрэл
Бүрэн дүүрэн ургаж цэцэглэхийн түлд цэгцүүхэйд маш их гэрэлтэй, нартай, байнгын цэвэр агаартай газар хэрэгтэй. Урд талын цонхон дээр ургуулахад таардаг. Харин хойд зүгрүү харсан цонхон дээр гэрэл дутсанаас болж навч унаж эхэлдэг. Иймд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх сайн. 
Зуны улиралд гадаа гаргах хэрэгтэй (тагт, сүүдрэвч, зуслан). Нартай, зөөлөн салхи сэвэлздэг газар тавихад хурдан ургадаг. Гэхдээ борооны уснаас хамгаалж байрлуулна. Хэрэв ийм боломж байхгүй бол өрөөндөө сайн агаар оруулж байгаарай.
Өвөл мөн л адил тод гэрэл хэрэгтэй байдаг. Иймд өдрийн гэрлээр нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгвөл сайн. Өдрийн гэрэл нь ургамлаас 60-70 см зайтай байна. Нэмэлт гэрэлтүүлгийг өдөрт дор хаяж 8 цаг асаах хэрэгтэй болно. Намар-өвлийн үед тасалгааны цонхыг нээж, агаарын солилцоо явуулж байх шаардлагатай. Ингэхдээ нэвт салхи, хүйтэн агаарын урсгалаас цэцэгнүүдээ хасгаалж байрлуулна. 
Олеандр 'Splendens Giganteum'
Агаарын дулаан
Хавар - зуны улиралд тохиромжтой агаарын хэм +20-27°С, байнгын цэвэр агаарын урсгалтай газар байх ёстой. Намар тийш агаарын хэмийг багасгасаар + 15-18°С болгоно. Өвөл - сэрүүн, хүйтэнд +8-15°С байлгах ба гэрэл ихтэй газар байлгаж байгаад, 3 сарын дундаас +15°С хэмээс доошгүй газар байрлуулна. Хэрэв үүнээс дулаан газар байлгах бол байнга цонхоо нээж, агаар оруулж байх хэрэгтэй.
Олеандр «Soleil Levant»
Агаарын чийгшил
Хавар - зундаа олеандрыг шүрших хэрэггүй, хэт халуун өдрүүдэд савтай цэцгээ нойтон керамзит, эсвэл голын хайргатай сав, поднос дээр тавиарай. Өвлийн улиралд харин халаах төхөөрөмж ажиллаж байгаа тул шүрших хэрэгтэй байдаг. Шүрших ус жаваргүй, өрөөний хэмтэй бүлээн байна. Хэт хуурай агаарт навчны үзүүр хатдаг. 
Олеандр 'Soeur Agnes'
Усалгаа
Цэгцүүхэйг хавар - зуны улиралд маш сайн услана. Хөрсний дээд үе хатахлээр дараагийн усалгааг хийнэ. Хэт халуун өдрүүдэд доод суурь тавганд ус үлдээж болно. Харин үүлтэй, бүрэнхий өдөр суурь тавганд тунасан усыг заавал асгаж байх ёстой.
Усалгааг зөөлрүүлсэн, хэд хоног задгай саванд хонуулж хлоргүйжүүлсэн бүлээн усаар услана. Тасалгааны дулаанаас 1-2 хэмээр бүлээн усаар усалдаг. 
Намар - өвлийн улиралд усалгааг багавтар, тохируулж хийж байна. Хөрсний өнгөн үе хатсанаас 2-3 хоногийн дараа усалгааг хийх хэрэгтэй. Хөрс хэт их чийгнээс ялзарч болдог. Үүнээс үүдээд үндэс илжирнэ. 
Олеандр 'Petite Salmon'
Бордоо 
Идэвхитэй ургалт үед (4 сараас 8 сар хүртэл), 2 долоо хоногт нэг удаа иж бүрдэл бордоогоор. Цэгцүүхэйг хуурай аргал дэвтээсэн усаар услахад сайн байдаг. Бордохдоо наргүй, үүлтэй бороотой өдөр, усалгаа хийснээс 30 минутын дараа борддог.
Хөрс
Хөрсөнд ширгэн хөрс, навчин хөрс, ялзмаг, хүлэрт хөрс, элс (2:1:1:1:1) авдаг. 
Олеандр 'Mont Blanc'
Шилжүүлэн суулгалт
Үндэс савыг бүрэн дүүргэж эзлэхэд шилжүүлж суулгана. Хамгийн тохиромжтой үе – 5 сарын сүүлээр - 6 сарын эхээр. Шилжүүлж суулгахдаа хуучин үндсийг богиносгож тайрдаг ба хуучин хөрсийг багасгаж гөвдөг. Ингэх нь цэцэглэлтийг сайжруулдаг юм.
Сав томруулах тухай эндээс.  Цэгцүүхэй том хэмжээтэй болж ирэхлээр шилжүүлж суулгах хүндрэлтэй болно. Иймд савыг томруулахдаа хуучин хөрстэй нь хамт шилжүүлж суулгаад, захаар нь шинэ хөрс чигжэж өгнө. Эсвэл хөрсний дээд хэсгийг хусаж аваад, шинэ хөрсөөр сольно. Үндэс тайрсан бол зүссэн хэсгүүдэд модны нунтаг нүүрс түрхэж өгөөрэй. 
Олеандр 'Madame Leon Blum'
Тайралт
Зөв тайралт хийвэл цэцэглэлт их, бөгөөд удаан үргэлжилдэг. Таналт, тайралтыг цэцэглэлт дуусангуут хийнэ. Мөчирнүүдийн талыг тайрч богиносгоно, учир нь цэцэгний бундуу тайрсан мөчирнөөс ургасан шинэхэн салаа мөчирний үзүүрт гарч ирдэг юм. Тайралт хийснээс гарсан мөчирнүүдийг үрсэлгээнд хэрэглэдэг. 
Цэгцүүхэй цэцэглэхгүй байгаа шалтгаан гол төлөв тайралт хийгээгүйгээс болдог. Мөн гэрэл, бордоо дутсан, усалгааг тохируулаагүйгээс болдог байна. 
Олеандр «Hardy red»
Үрслүүлэх арга
Олеандрыг үрээр, мөчрөөр, агаарт үүсэх үндэсээр гэж үрслүүлж болно.
Цэгцүүхэйн үр маш амархан ургах чадвараа алддаг. Иймд боловсорч дуусангуут шууд суулгасан нь дээр байдаг. Зэрэг суулгасан үрний соёолох хугацаа нь өөр өөр. Суулгахын өмнө үрнүүдээ 30-40 минут марганцын уусмалд байлгаад, дараа нь хэдэн цаг ургалт идэвхижүүлэгч бодистой бүлээн усанд дэвтээнэ. Үрийг чийглэг хөрсөнд суулгадаг. Хөрс вермикулит, элс болон модны нүүрсний үүрмэгнээс бүрдэнэ. Үр суулгахдаа хөрсөн дээр ил цацна, булахгүй.
Үрсэлгээтэй савыг + 32-35°С хэмтэй газар байрлуулах ба 7-10 хоноод соёолно. Үүнээс доош хэмтэй газар соёолох хугацаа удааширдаг. Хугацаа удаашрахад үр илжрээд үхэх магадал ихэсдэг. Соёолсон өдрөөс эхлээд өдрийн гэрэлтэй чийдэнгээр нэмэлт гэрэл гаргаж өгөх хэрэгтэй. Агаарын чийг, дулааныг тохируулж агах чухал байдаг ба цэвэр агаар оруулж агаарын солилцоо сайн хийж өгнө. Эхний хос навч гарснаас хойш тасалгааны жирийн нөхцөлд аажмаар дасгаж эхэлнэ. Харин хоёр дахь хос навч гарангуут таарсан саванд тусгаарлаж суулгана. 
Олеандр 'Emilie Salut'
Мөчрөөр бол хавар эсвэл намар үрслүүлдэг. Мөчир 10-15 см урт байна, зүсэлт хийсэн газарт модны нүүрсний нунтаг түрхээд сайн хатаана. Үндэслүүлэхдээ хөрсний оронд перлит бага зэрэг элс, модны нүүрстэй хутгаж суулгана. Мөчир зоох газраа цэвэр элс хийгээд, модны нүүрсний үртэс тойруулж байрлуулна. Энэ нь илжрэхээс хамгаалдаг юм. Агаарын хэм +18-20°С байх бөгөөд, гэрэл ихтэй газар байрлуулна. Хөрс хэт усархаг байж болохгүй.
Мөчирийг усанд үндэслүүлж болдог. Усандаа урьдчилаад модны нүүрсний хэлтэрхий хийгээрэй - мөчирний үзүүр илжрэхээс сэргийлж байгаа юм. Хэрэв агаарын дулааныг зөв тохируулсан бол 3-4 долоо хоногийн дараа үндэслэдэг. Үндэслэсний дараа хөрсөнд суулгана. 
Олеандр 'Cardinal'
Агаарт үндэслүүлж болдог. Үүний тулд мөчир дээр хоорондоо 2-3 мм зайтай хоёр тойргон зүсэлт хийнэ. Зүссэн газраа нойтон хөвдөөр ороож, гадуур нь гялгар уутаар бооно. Хөвд байнга чийгтэй байх ёстой. Үндэс цухуйсны дараа эх цэцэгнээс салгаж хөрсөнд суулгаж сайн үндэслүүлнэ.
Анхаарах зүйл:
Цэгцүүхэйн бүх хэсэг хортой шүүс агуулдаг. Иймд тайралт, зүсэлт, шилжүүлэн суулгалт хийхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Бага насны хүүхэдтэй айлд байлгасны хэрэггүй. Тайралт хийж байхдаа нүд, урууландаа хүргэхээс сэргийлээрэй. Цэцэгтэй ажилсаны дараа заавал савантай усаар гараа угаана.
Олон янзын зүрхний гликозидууд агуулдаг байна (олеандрин, корнерин, г.м.). Зүрхний үйл ажиллагаанд муу нөлөө үзүүлнэ. Гэрийн тэжээвэр шувуу, амьтадаас хол байрлуулах хэрэгтэй. 
Олеандр 'Angiolo Pucci'
Олеандр маш анхилуун үнэртэй цэцэгтэй. Удаан үнэртвэл толгой өвтгөдөг байна. Олеандрыг цэцэглэж байхад хажууд нь удаан хугацаагаар сууж болохгүй. Мөн унтлагын өрөөнд тавьдаггүй: цэцэгний үнэрт хорддог. Хүүхдүүдээ бас анхааруулж байх хэрэгтэй. Мөчир ишнээс гадна навч, цэцэг, жимс нь хортой байдаг. Иймд хүүхэд сонирхоод амандаа хийхээс болгоомжлоорой. Цэцэгний аль нэг хэсгийг хэрэглэвэл ходоод гэдэс хямрах, бөөлжих, гэдэс базлах, өвдөх, толгой эргэх, зүрхний хэмнэл алдагдах, нүдний хүүхэн хараа томрох, амьсгаа зогсох гээд маш олон үр дагавартай юм байна. Онгорхой шарх, сорвин дээр шүүс нь хүрэхээс мөн болгоомжлох хэрэгтэй.
Өвчлөлт, хорхой шавьж
Хорхой шавьжнаас аалзан хачиг, ширх, мөөгний гаралтай өт зэрэгт баригддаг. Өөрөө хортой ч мөөг, мөөгөнцөр, бактерийн гаралтай өвчнүүдээр өвчилдөг ба бүүр "олеандрын рак" буюу цэгцүүхэйн хавдар гэж өвчин ч байдаг юм байна. 
Зуны цагт гэрэл дутвал цэцэглэхгүй. 
Намар - өвлийн улиралд гэрэл дутвал навчаа хаядаг. 
Хөгшин цэгцүүхэй цэцэглэхгүй байвал - бордоо тэжээл дутсанаас, гэрэл дутсанаас, усалгаа бага байгаагаас, тайралт таналт хийгээгүйгээс болдог.

1 comment:

  1. энэ цэцэгний үрсэлгэээээ миг цэцэгчидээ авмаар байна

    ReplyDelete