Wednesday, April 1, 2015

Улаан "Мөнгөний мод" авлаа. Яаж арчилдаг вэ?

Улаан "Мөнгөний мод" гээд хулс Мартын 8-наар авлаа. Яаж арчилдаг вэ?
Зураг явуулвал ууг нь илүү хялбар. Улаан хулс гээд Кордилинаг авсан болов уу. "Lucky Bamboo" буюу "Мөнгөний мод" гээд байгаа усанд ургуулдаг хулс нь жинхэндээ Сандерийн Драцена (Dracaena sanderiana) гэдэг ургамал. 
Кордилина, Драцена хоёр  нэг овог, бүлэгт багтдаг тул хоорондоо төстэй. Арчилгааны хувьд бага зэрэг ялгаатай.
Кордилина Фрутиоза
Кордилина (Cordyline)
Овог: Agavaceae
Нэрний утга: грек хэлнээс cordylle — зангилаа, булдруу гэcэн утгатай. Шүүслэг бүдүүн боргоцоо мэт үндэсний хэлбэрээс ийм нэртэй болсон байна. Тропикийн халуун бүс, элсэн цөлд гээд хаана ч ургаж чаддаг, тэсвэртэй ургамал.
Нийт 15-20 орчим төрөл зүйл байдаг.
Ургалт: бүтэн жил
Эх нутаг: Ази, Австрали, Африк, Бразил.
Цэцэг:  жижиг, 0.5-1 см голчтой, цагаан эсвэл улаан хүрэн өнгөтэй. Тасалгаанд бараг цэцэглэдэггүй. Навчаар гоёдог ургамал.
Чимэглэлийн цэцэг болгож ихээр ургуулдаг. Нилээн олон төрөл зүйлийг хүнсэнд хэрэглэдэг. Үндэсийг нь зууханд хуураад сахар гаргаж авдаг байна. Мөн олон янзын эмийн найрлаганд ордог.
Кордилина Фрутиоза сорт "Джинга"
Кордилинаг драценатай андуурдаг. Драценагаас ялгаатай нь үндэсээрээ үржиж шинэ нахиа гаргадаг. Мөн өөр нэг ялгаа нь кордилинагийн үндэс зүсэхэд цагаан байдаг бол драценагийн үндэс – улбар шаргал өнгөтэй байдаг.
Гэрийн нөхцөлд жижиг мод шиг ургуулдаг. Доод навчис нь унасаар яваандаа урт иштэй дал мод шиг харагддаг.
АРЧИЛГАА
Гэрэл
Шууд нарны гэрэл даахдаа муу. Нарнаас халхална. Иймд гэрэлсэг, эсвэл хагас сүүдэрхэг газар байрлуулна. Драцена шиг сүүдэрхэг газар ургадаг цэцэг биш. Жинхэндээ гэрэл муутай газар тавьхад ургалт удааширч, навч жижигрээд ирдэг. Сайхан ургуулахын тулд сарнисан тод гэрэл хэрэгтэй.

Алаг, эрээн навчтай төрлүүд илүү тод гэрэл шаарддаг. Өвөл гэрэл бага тул урд зүгрүү харсан цонхны тавцан илүү тохирно.
Бараан өнгийн навчтай нь хагас сүүдэрхэг газар ургахдаа сайн. Заавал тод гэрэл шаардаад байдаггүй. Фрутиоза буюу улаан хүрэн өнгийн навчтай төрлийг нарнаас халхалж байна.
Цэцэглэлт
Усалгаа
Зун элбэг, хангалттай сайн услана. Харин өвөл байгаа тасалгааны хэмээс шалтгаалаад усалгаагаа тохируулна.
Кордилина усархаг, нойтон хөрсөнд байж чаддаггүй. Навчаа гөвөөд байдаг.
Хатуу усаар услахад навчны үзүүр борлоод хатдаг
Мөн хөрсөө хатааж болохгүй. Хөрсгүй гидропоникийн аргаар тэжээлтэй шингэнд ургуулахад тохирдог.
Услахдаа дээрээс нь биш доод усалгаа хэрэглэх нь дээр байдаг. Ус зөөлрүүлсэн, 2 өдөр том амсартай задгай саванд хонуулсан, хлоргүй, хлорамингүй, элдэв хужир, давснаас шүүсэн, жаваргүй, бүлээн ус байна.
Хэтрүүлж уславал навч унана.
"Fruticoza"
Агаарын чийгшил
Кордилинаг байнга бүлээн усаар шүршиж байна. Ойр ойрхон бүлээн шүршүүрт оруулж тоосноос салгаж, сэргээж байна. Өвөл халаалттай байранд хуурай, халуун агаарт навчны үзүүрүүд хатаад байдаг.
Шилжүүлэн суулгалт
Хоёр жилд нэг удаа хавар хийдэг.
Хөрс гумустай, бага зэрэг хүчиллэг, pH=6 байна.
- 3 хэсэг хүнд ширгэн хөрс/хар шороо,
- 1 хэсэг навчин хөрс,
- 1 хэсэг ялзмаг,
- 1 хэсэг элс,
- 1 хэсэг хүлэрт хөрс.
       Кордилина rubra     Кордилина terminalis    Кордилина stricta   
Шилжүүлж суулгахдаа модны нүүрсний хэлтэрхий, туйпууны үүрмэг зэрэг нэмнэ. (Модны нүүрсний ач тусын тухай эндээс).
Нэг хувин хөрсөнд — 3 атга нүүрс, 0,5 л туйпууны үүрмэг. Нүүрс нь хөгц, мөөг ургахаас сэргийлнэ, үндэс хөрс ялзруулахгүй. Харин туйпууны үүрмэг нь хөрсийг илүү сийрэг болгодог, хөрсний илүүдэл чийгийг өөртөө шингээж авдаг.
Залуу ургамлыг жил бүр шилжүүлж суулгаж, хөрсийг сольж болно. Том ургасан хөгшин ургамлыг 2-3 жилд нэг удаа. Ер нь шилжүүлэн суулгалтыг хөрс үндэсээрээ савыг дүүргэсэн үед хийдэг.
Кордилина Южная (Австрали кордилина)
Бордоо
Ургалт үед буюу 4 сараас 8 сарыг дуустал хоёр долоо хоногт нэг удаа навчаар гоёдог ургамлын иж бүрдэл минерал бордоогоор борддог.
Өвөл сард нэг удаа сулхан найруулсан бордоогоор услаж тэжээл өгнө.
Нэвт салхинд болон хуурай агаарт навч хатаад, харлаад эхэлдэг. Нэвт салхи, агаарын хэм огцом хэлбэлзэх, г.м.-ээс хамгаална.
Өвөл халаалт ирсэн үед паарны хажууд, эсвэл хүйтэн цонхны доор тавьбал навчаа гөвнө. Зөөлрүүлсэн, хлоргүй, жаваргүй бүлээн усаар шүршнэ.
Хамаагүй ишийг норгож шүрших хэрэггүй. Ишэн дээр байрлах ургах цэг буюу унтаж байгаа нахиануудыг норгоод байхаар илжирдэг.
Үржүүлэг хийх
Мөчирний үзүүрээр:

Үзүүрээс нь тайраад устай саванд хийнэ. Усандаа модны нүүрсний хэлтэрхий хэдийг хийгээрэй. Ус муудгахгүй, үрсэлгээг илжрүүлэхгүй.
Долоо хоноод усаа сольж байгаарай. Наранд тавьж болохгүй, Гэрэлсэг, өдөр шөнө нэг хэмтэй, дулаахан газар байлгана. Сарын дараа үндэс цухуйдаг.
 
Шөнө хүйтэн цонхон дээр жиндээд байдаг бол, усаа сольдоггүй бол, усандаа нүүрмний үүрмэг хийгээгүй бол үрсэлгээ ингээд муудаад эхэлдэг. Энэ тохиолдолд усаа солих, саваа сайн угааж цэвэрлэх, модны нүүрсний хэлтэрхий хийх. Харин энэ муудсан хэсгийг цэвэрхэн ариутгасан цаасны хутгаар хусаж аваад, модны нүүрсний нунтагт дүрээд бага зэрэг хатаана. Үүний дараа шинэ усандаа хийгээрэй. (Модны нүүрсний тухай эндээс).
Зураг дээр Драцена байна, гэхдээ үрслүүлэх зарчим адилхан.
Үндэс цухуйнгуут хөрсөнд суулгаж болно. Үрсэлгээний жижиг саванд хөвсгөр, гэхдээ тэжээллэг хөрсөнд суулгана.
 
Мөчирний үзүүрийг шууд чийгтэй элсэнд суулгаж болно. Элс хатасгээд ирэнгүүт чийглээд байна. хэт чийглэж болохгүй. Илжирнэ. Мөн чийгтэй хайрганд, эсвэл цэвэр вермикулитанд ч болно.
Дараагийн арга нь эх цэцэгнээс салгалгүй агаарт үндэслүүлэх:

Ишний хальсыг 2 см орчим өргөнтэй хуулж аваад, чийгтэй хөвдөөр ороогоод, эсвэл чийгтэй хүлэрт хөрсөөр ороож, ниллэг уутаар боогоод тавьна.
Сараас - сар хагасын дараа үндэс нэвт харагддаг. Үндэслэсний дараа эх цэцэгнээс салгаж тайраад саванд суулгана. Хөвд байнга чийгтэй байх ёстой.
Энэ аргаар хэт урт халзан иштэй болсон модыг үндэслүүлж залуужуулдаг.
Үрээр үржүүлж болдог:
Үр хавар эрт суулгадаг. Хөнгөхөн хөрс, элс, бага үэрэг ширгэн хөрс авна. 3—4 долоо хоногийн дараа соёолж эхэлдэг. Хамгийн сүүлийн үр 2—3 сарын дараа ургадаг.
Үрээр ердийн кордилинаг ургуулдаг. Хэрэв алаг эрээн хээтэй, сортын ганган төрлүүдийг ургуулах бол зөвхөн вегетатив хэлбэрээр үржүүлнэ.

Ишний хэсгээр:
 
Босоо арга:
Хавар хөгшин урт халзан ишийг 7-10 см урт хэсгүүдэд хуваана.
Хөрсөнд босоогоор нь суулгана. Тал хүртэл нь хөрсөнд булна. Гадуур нь вакумдна. Хөрс чийглэг байна.
Нахиа гараад, томроод ургангуут нэг нэгээр нь тусгаарлаад ердийн хөрстэй саванд суулгана. Ургах явцад савыг томруулаад байна.
Хэвтэй арга
Хагас модорхог болсон ишийг нэгээс дөрөвөн үетэй хэсэгт хуваана.
Чийгтэй элс, эсвэл хүлэрт хөрс, навчин хөрс, элс адил хэмжээтэй ав суулгана. Ишний хэсэг нилээн өндөр хэмтэй, дулаан газар үндэслэдэг +25—30°C. Хөрсөө шүршиж чийглэж байх, ишний товоогоод байгаа нахиа гарах хэсгүүдийг мөн шүршиж байх гээд өөрөөр онцын арчидгаа байхгүй.
Сарын дараа үндэслэдэг. Үндэслэнгүүт тусад нь саванд суулгана. Хөрс: 
- 1 хэсэг навчин, эсвэл ялзмагт хөрс
- 1 хэсэг хүлэрт хөрс
- 1 хэсэг ширгэн хөрс
- 1 хэсэг элс.
Үндэсний хэсгээр:
Кордилины бүх төрөл үндэс хувааж мөн үрждэг. Драцена үндсээр үрждэггүй.
Цэвэрлэсэн, хуваасан үндэсний хэсгүүдийг чийглэг хөрсөнд, эсвэл цэвэр элсэнд булна.
Гарч болох хүндрэлүүд:
Навчны үзүүр хатах, борлох — хэт хуурай агаараас, хүйтэн салхинаас, нэвт салхинд тавьсанаас, эсвэл усалгаа дутсанаас.
Навчин дээр бор толбонууд үүсэх — усалгаа дутсанаас.
Навчин дээр цайвар толбонууд үүсэх - хэт тод гэрэлд тавьсанаас.
Навч хумигдаж ороогдоод байх, зөөлрөөд, захаараа борлоод байвал — хэт хүйтэн газар тавьсан бол, эсвэл өдөр нь халуун наранд, шөнө нь хүйтэн цонхноос даараад байгаа бол.
Навч шарлаад байвал — хуурай агаараас, хөрсөн дэх тэжээл дутсанаас тэр дундаа азотын дутагдлаас болно.
Навчны угруу мөн дээрх ургах цэгрүү ус оруулахгүй байх хэрэгтэй. Ус оруулаад байвал ингээд иш дотроосоо муудаад эхэлдэг.

Навчны үзүүр хатаж борлох нь буруу усалгаааас болно. Хатуу ус хэрэглээд байвал давс хүжир нь хөрсөнд хуримтлагдаад байна. Зураг дээрх хөрсийг харвал хөрс болон ишний доод угаар давс хуримтлагдсан байгааг харж болно. Усалгааг зөв хийж байна: өнгөн үе хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийнэ. Жаваргүй бүлээн ус хэрэглэнэ. Хүйтэн крантны усанд навчны үзүүр ингэж өөрчлөгддөг.
Доод талын навч унаад байвал — хөгшин навч яваандаа унасаар халзан урт иш үлддэг. Ийм тохиолдолд залуужуулах хэрэг гарна.
Навчтай дээд хэсгийг тайрч авч үндэслүүлээд шинээр суулгаад, харин халзан ишийг нь 7-10 см урт хэсгүүдэд хуваагаад дээр бичсэн шиг (хэвтээ усвэл босоо аргаар) суулгана. 
 
Үлдсэн доод тайрдасаас мөн ингээд нахиалаад ургаад ирнэ.
Халзан урт модны үзэмжийг сайжруулж болох бас нэг арга гэвэл хажуугаар нь тойруулаад жижиг залуу үрсэлгээ, эсвэл өөр нахан ургамал суулгаж болно.
Ургуулж байгаа цэцэг нь драцена юу, кордилина юу гэдэгийг тогтоохын тулд үндэсийг нь сайн хараарай. Дээр хэлж байснаар: кордилина цагаан үндэстэй, үндэс дээр булдруу, зангилаануудтай. Драценагийн үднэс жигд, элдэв овгор товгор байхгүй, улбар шаргалдуу заримдаа бордуу өнгөтэй.
Өргөн далбагар навчтай төрлийг илүү усладаг. Өргөн навч нь ус чийг ууршуулах талбай ихтэй болгодог.
Хавар, зундаа хөрсний өнгөн хэсэгийг үе үе сийрүүлж байгаарай.
Хэрэв хөрсний дээгүүр хужир, давс цагаараад гарсан бол хөрсний дээрх хэсгийг хуулж авч болох хүртэл нь хусаад, шинэ хөрсөөр сольно.
Сандерийн Драцена
Сандерийн Драцена шиг усанд ургуулаx тухай мэдээлэл олсонгүй. Хүрэн навчтай төрлийг шууд нарны гэрлээс хол тавьна, усандаа нүүрсний хэлтэрхий хийнэ, орчны агаарыг чийглэх тал дээр анхаарна, халаалт ирсэн үед паарнаас хол байлгана, нэвт салхинд тавихгүй, цонхон дээр өдөр нь наранд халаагаад, шөнө нь дааруулаад байвал илжирнэ, гээд ерөнхий зүйлүүд л баримтлах байхдаа. Саяхан орж ирсэн тул стрессээс гарах гэж хямраад, навчаа гөвөөд янз бүр болох байх. Болохгүй бол дээрх дурдсан аргуудаас харж байгаад үндэслүүлээд хөрсөнд суулгаж болох юм.
http://www.botanichka.ru/blog/2010/01/30/cordyline/
http://floralworld.ru/forum/index.php/topic,166.420.html
http://bookflowers.ru/homeflouas/918-kordilina.html

No comments:

Post a Comment