Monday, March 30, 2015

Драцена - Луу мод

Драце́на (латинаар Dracaena) — Африк, Өмнөд Ази, Төв Америкт тархсан ургамал. Мод, бут, шүүслэг суккулент хэлбэрээр ургадаг. Зарим эх сурвалжаар 150 янзын төрөл зүйл байдаг гэдэг. 
Урд нь Драцена гэх ботаник ангилалд Кордилина, Юкка гээд Agavaceae овгийн олон бүлэг ургамал ордог байсан бол сүүлдээ Драце́на гэж тусгаарлах болсон байна.
Канарын арлуудад аврага том ургамал байдаг байна, нутгийн ардууд түүнийг Dracaena draco — Луу мод гэж нэрлэдэг гэнэ. Үгчилж орчуулбал энэ нь "Эм Луу" гэсэн утгатай гэнэ. Энэ ургамлын нэг төрөл нь тод улаан өнгийн давирхай ялгаруулдаг юм байна.
 
'Dragon-blood tree'
Зарим нэр төрлийг нь тасалгааны нөхцөлд ургуулж болдог. Гэхдээ үзэмжтэй төрлүүд нь зөвхөн өвлийн цэцэрлэг, хүлэмжинд л ургадаг байна. Тасалгаанд ихэнхидээ Dracaena Fragrans — Aнхилуун Драценаг ургуулдаг.
Цэцэглэлт
Драценаг үржүүлж ургуулах төвөгтэй биш, арчилгаа их шаардахгүй. Драценатай төстэй кордилина гэж ургамал байдаг. Хоорондоо зөвхөн дараах зүйлүүдээр ялгардаг байна: 
- Үндэс: драценагийх шар, нарийхан гөлгөр бол кордилина нь цагаан, бүдүүрсэн үндэстэй.
- Үр: драценагийн жимсэн доторх нэг хавтасанд нэг л үр байдаг бол кордилинагийх - гурав байдаг. 
- Навчны судал: драцена угнаасаа урт урт судалтай бол кордилина гол судаснаас салаалж нарийн судалууд нь гарсан байдаг.
Драценаг ганцаар нь гэрийн зочны өрөө, офисын танхим зэрэгт тавихад үзэмжтэй харагддаг. Модорхог бүдүүрсэн, навчгүй халзан иштэй, дээд үзүүртээ багц навчтай байдаг тул заримдаа драцена, кордилинаг хуурамч дал мод гэж нэрлэдэг байна. 
Сонин хачин:
Нар болон Буд гаригууд драценагийн навчинд хамт шингэсэн байдаг тул хүний уран ярих чадварыг хөгжүүлдэг. Буд буюу Меркурий нь бодол, үг хэлний гараг, Нар нь – баяр хөөрийнх. Иймээс анхилуун драценаг хэт дуу шуугүй, юмаа ярьдаггүйгээс нь болж орчин тойрны хүмүүс шаналдаг хүн ургуулах сайн юм байна. Драцена нь хүнийг яриа болгодог, ярихдаа зөв, уран үгстэй, цэгц тод, бусдад таалагдахаар ярьж эхэлдэг байна.
Драцена нь хилэнцийн ордны цэцэг (10 сарын 23 - 11 сарын 22)

Драценаг викторианы үеэс (XIX зуунаас) тарьж эхэлсэн боловч саяхнаас л эрэлт хэрэгцээтэй ургамлуудын тоонд орж эхэлжээ. Драценаг ургуулах хүнд хэцүү, эсвэл эсрэгээрээ хялбар гээд янз янзаар ярьдаг ба энэ нь төрлөөсөө шалтгаалдаг байна.

Агаар шүүгч, цэвэрлэгч топ 10 ургамлын тоонд ордог. NASA-ийн судалгаагаар энэ нь батлагдсан байна. Агаар дахь бензине, формальдегид, ксилин, толуин гэх бодис, хорт нэгдлүүдийг устгадаг байна.

Dracaena Marginata
Dracaena Marginata, Dracaena Draco болон Cordyline Australis тасалгаанд ургуулахад хүндрэлгүй. Эдгээрийг сүүдэрт байрлуулж, айхтар их арчилдаггүй, өвөл сэрүүн байлгадаг. Бусад төрөл нь нарийн арчилгаа шаарддаг — өвөл дулаан газар байрлуулах, тохируулж болгоомжтой услах (хөрс байнга чийглэгдүү байна, гэхдээ хэт чийгтэй биш), ойр ойрхон шүршдэг.
Dracaena godseffiana
Бүх драцена хуурамч дал мод шиг харагддаггүй. Жишээ нь, бутархаг Dracaena Godseffiana нь огт бусадтайгаа адилгүй. Энэ бол маш тэсвэртэй, нилээн хүйтэнд дажгүй ургадаг, хуурай агаарыг даадаг, бусад энхрий, эмзэг сортуудаасаа эрс өөр ургамал.
Илүү тэсвэртэй сортууд нь ногоон навчтай байдаг; харин нарийхан сум шиг хэлбэртэй навчтай сортууд нь илүү их анхаарал шаарддаг байна.
ТӨРӨЛ
Ихэнхи драценаг навчаар гоёдог цэцэг гэж ургуулдаг. Драцена нь ногоон навчит ба алаг навчит гэж байдаг. Нилээн урт жагсаалтаас хэдхэн жишээг л дор орууллаа:
Мод:
• Төв Америкийн луу мод - Dracaena americana – Central America Dragon Tree
• Луу мод (Dracaena draco)
Луу мод
Бут:
• Dracaena aletriformis - драцена алетриформис
Драцена алетриформис
• Драцена деременс (Dracaena deremensis) — навч нарийхан, алаг
Драцена деременс
• Драцена анхилуун (Dracaena fragrans) – Striped Dracaena, Compact Dracaena, corn plant, Cornstalk Dracaena
Драцена анхилуун
Хагас бут:
• Драцена Годсеф (Dracaena godseffiana)
Сонин хачин
Драценагийн шүүсээр төмрийн лак, даавууны будаг зэрэг хийдэг байна. Уугуул нутагт нь дарсанд өнгө оруулдаг, эмчилгээнд хэрэглэдэг (арьсны өвчин, ходоодны шарх зэргийг анагаадаг) байна. Үүнээс гадна зарим төрлийн драценагийн навчнаас олсорхог утас гаргаж авч, түүгээрээ олс хийдэг байж. Драценагийн шүүсээр алтан өнгийн үсний будаг хийдэг байна. Канарын арлуудад амьдарч байсан эртний "гуанчи" овгийнхон драценагийн шүүсийг нас барсан хүний цогцсонд түрхэж зандаршуулж байжээ.
АРЧИЛГАА
Агаарын дулаан

Дунд зэрэг, +15°С буурч болохгүй, ихэнхи драцена сэрүүн өвөлждөг + 10-12°С.
 
Ийм тайрдаснаас ургуулж авах нь
Гэрэл
Гэрэлтэй, эсвэл хагас сүүдэрлэг газар, нарны шууд туслгалд дургуй. Драценаг сүүдэрт дуртай гэж боддог, жинхэндээ сүүдэрт сайн ургахгүй, ургалт зогсдог. Сайн хөгжүүлж ургуулахын тулд тод гэрэл гаргаж өгөх хэрэгтэй. Алаг навчтай төрөл ногооноосоо илүү их гэрэл нэхдэг. Хэрэв зун хангалттай гэрэл дор байсан бол өвөл нь аль болох цонхонд ойртуулж тавьна. Хиймэл гэрэлтүүлэг дор сайн ургадаг.
Усалгаа
Зун маш сайн, өвөл тохируулж багавтар услаж байна. Энэ нь мөн өрөөний дулаанаас шууд хамаардаг. Доорх суурь тавганд ус тогтоход дургүй. Мөн хөрс хатахад дургуй. Гидропоникийн аргаар ургуулахад нэн тохирсон ургамал.
Warneckii Dracaena deremensis warneckii
Бордоо
Идэвхтэй ургалт үед 4 - 8 сарыг дуустал 2 долоо хоногт нэг удаа комплекс бордоогоор бордно.
Агаарын чийгшил
Драцена хуурай агаарт тэсвэртэй, гэхдээ тогтмол ойр ойрхон усаар шүрсэх хэрэгтэй (ялангуяа өвөл халаалт ажиллаж байгаа үед). Үе үе бүлээн шүршүүрт оруулж тоосноос нь салгаж, сэргээж өгөх хэрэгтэй.
Шилжүүлэн суулгалт
2 жилд нэг удаа хавар шилжүүлж суулгана. Хөрс – хүнд, тэжээллэг. Ширгэн хөрс, навчин хөрс, элс, ялзмагтай. Драценагийн үндэс өнгөцхөн, хөрсний дээд хэсэгт, гүехэн байдаг тул саванд сайн дренаж хийж өгнө.
 
Үрслүүлэх аргууд
Хэд хэдэн аргаар үржүүлж болдог:
1. Мөчирний дээд үзүүрээр: хуучин, хөгширсөн ургамлын үзүүрээс тайрч аваад, үндэслүүлэгчинд дүрж, хөрсөнд суулгаад, доогуур хөрс халааж үндэслүүлнэ.
   
Мөчирний үзүүрээр, ишний хэсгээр: + 25°С хэмд хөрсөнд суулгаад дээгүүр нь гялгар уутаар "вакумдна". Эсвэл:
 
Хурц хутгаар мөчирний хэсгийг тайрна. Хлоргүй болгосон усанд мөчрөө хийнэ. Үндэс цухуйнгуут хөрсөнд суулгаж болно.
2. Агаарт үндэслүүлэх: энэ тухай "Кордилина" сэдэвээс уншина уу.
Энд тэндээс авсан зурагнуудыг эвлүүлсэн тул өөр ургамлын зураг байна гэж битгий гайхаарай. Ерөнхий зарчим адилхан.
    

3. Мөчир, ишний хэсгээр: 5-7 см урттай хэсгийг тайраад хөрсөнд суулгаж, +25°С хэмд хүлэмжний чийглэг орчин бүрдүүлж ургуулна.

4. Үрээр: үрийг 3 сард суулгана. Урьдчилж дэвтээнэ. Эпин, Циркон гэх бодисууд байвал бүүр сайн. Үр дэвтээхэд маш сайн үр дүн гардаг. Хэрэв үрний гадна зөөлөн эдийн үлдэгдэл байвал цэвэрлэнэ.
Хөрс: хөнгөн хөрс элстэй адил харьцаатай авч суулгана. Хөнгөн хөрсөнд үр бойжуулагч байж болно, эсвэл хүлэрт хөрс.
Агаарын хэм +25-27С байна. Байнга шүршиж чийглээд, вакумдна. Вакумаа өдөр бүр нээж агаар оруулж байна. Хөрсийг доороос нь халаавал илүү үр дүн гардаг. 30-35 хоноод соёолно.
Овоо томруулж байгаад нэг нэгээр нь тусгаарлаж жижиг саванд суулгана. Тусгаарласан үрсэлгээнүүдээ дулаахан (+21-25С хэмээс бууруулж болохгүй), гэрэл ихтэй газар байрлуулна.
Үрээр тарихад хамгийн гол нөхцөл бол орчны агаар жигд нэг хэмтэй дулаан байх. Чийглэг орчинд байх. Хөрс хэт их чийгтэй байж болохгүй. Агаар сайн оруулж байна. Тэгэхгүй бол амархан илжирдэг.
Өвчлөлт, хорхой шавьж
Навчны ирмэг, үзүүр борлоод байна – хэт хуурай агаар, усалгаа багадсан, нэвт салхинд, эсвэл хүйтэн салхинд тавьсан.
Навчин дээр бор толбо үүссэн – усалгаа дутсан.
Навчин дээр хуурай толбо үүссэн - нарны түлэгдэл, хэт их нарны гэрэлд байлгаад байна. 
Доод навчис шарлаад, унаад байна - ердийн хөгшрөлт.
Навч бор ирмэгтэй, зөөлөн, эргэлдэж хумигдсан – өрөө хэт хүйтэн агаартай байна.
Алаг навчтай сортууд жигд ногоон навчтай болоод байна - гэрэл дутсан, эсвэл бордоо ихэдсэн.
Навч унаад байна (долоо хоногт 4-өөс дээш навч унах), иш, мөчирний гаднах бүрхүүл үрчийж байна, ишний ёроол зөөлөрсөн, залуу навч ургаж амжилгүй илжрээд байна, хуучин навчны үзүүр шарлаад байна – ургамал энэ тохиолдолд үхнэ, эрүүл байгаа үзүүрийг тайрч авч үрслүүлж болно.
Хорхой шавьжнаас хамгийн их халддаг нь "щитовка", аалзан хачиг. Щитовкаг савантай усаар угааж арчиж арилгана. Угаасны дараа хор цацна. Хэт их газар авсан бол долоо хоног бүр хэд хэдэн удаа давтаж, системтэй хор цацна.
Аалзан хачигийг мөн хороор устгадаг. Эдгээр хорхой шавьжнаас урьдчилан сэргийлэхийн тулд ойр ойр усаар шүршиж, бүлээн шүршүүрт оруулж байх, навчны тоосыг арчиж байх зэрэг арга хэмжээг тогтмол хийж байх ёстой. Тэгвэл навчин дээр хорхой үүрлэхгүй.

No comments:

Post a Comment