Monday, March 2, 2015

Жасмин (Jasminum)

Жасмин (Jasminum) 
Oleaceae овгийн ороож ургадаг мөнхийн ногоон бут. Ази, Африк, Австрали, Өмнөд Америкийн халуун дулаан бүсэд ургадаг. Мөчир нарийхан, ороож авирах тулгуур шаарддаг туяхан. Навч зуувандуу. Цэцэг энгийн дан болон давхар дэлбээтэй гэж байдаг, анхилуун үнэртэй. Тасалгаанд ягаан, цагаан, шар гээд олон өнгийн цэцэгтэй төрлүүд ургуулдаг.

ТӨРӨЛ
Жасмин Биса (Jasminum beesianum) 
2 см орчим голчтой цэцэгтэй. Цэцэглэлт 5 сард болдог

Жасмин нүцгэн цэцэгт (Jasminum nudiflorum)
1 сараас 4 сарыг дуустал цэцэглэдэг бут. Үүнээс болоод «Өвлийн жасмин»

Жасмин том цэцэгт (Jasminum grandiflorum) 
цэцэг 6-10 -аар багцалж гардаг, том хэмжээтэй, цагаан өнгөтэй. 6-10 сард цэцэглэдэг

Жасмин эмчилгээний (Jasminum officinale)
ороож ургадаг олон наст. 4 сараас эхлээд зуны турш цэцэглэдэг

Жасмин олон цэцэгт (Jasminum polyanthum) 
1,5-2 м өндөр бут. Бундуулахдаа ягаан, дэлгэрэхдээ цэцэг нь цагаан гардаг. Бусдаасаа илүү хурц хүчтэй үнэртэй.

Жасмин Самбак (Jasminum sambac)
4-6 м хүртэл урт ургадаг бут. 3 сараас 10 сар хүртэл цэцэглэдэг

Жасмин нарийхан (Jasminum gracillimum)
1-3 сарын хооронд цэцэглэдэг бут.
АРЧИЛГАА
Гэрэл
Жасмин гэрэлсэг ургамал. Сайн ургахад хангалттай их гэрэл шаардагдна. Гэхдээ зуны хурц нарнаас заавал халхалж хамгаална. Баруун, зүүн зүгийн цонх тохирно. 
Жасмин (эмчилгээний) - 'Clotted Cream' сорт 
Агаарын дулаан
Жасминыг зун ердийн температурт байлгана. Тансаг сайхан цэцэглэлт гаргахын тулд өвөл сэрүүн + 8-10°C (доод тал нь + 6°C) орчинд байлгадаг. Харин Жасмин Самбакийг өвөл +17-18°C, доод тал нь +16°C (гэхдээ + 22°C-ээс дулаан биш) газар өвөлжүүлнэ. Хэт халуун дулаан өвөлжүүлэх бол агаарын чийгшлийг ихэсгэдэг. 
Жасмин Самбак
Агаарын чийгшил
Жасминыг маш өндөр чийгшэлттэй орчинд байлгана. Зөөлөн, хлоргүй, бүлээн усаар шүршиж байна. Цэцгэнд ус хүргэж болохгүй. Чийгтэй керамзит, хайргатай сав/поднос дээр тавьж болно. Өвөл шүршдэггүй.
Усалгаа
Хавар - зун сайн услана, хөрсний дээд хэсэг хатсан үед дараагийн усалгааг хийнэ. Намар усалгааг багасгадаг. Өвөл сэрүүнд өвөлжүүлэх бол болгоомжтой, тохируулж услана. Хэт их ус үндэс илжрүүлнэ.
Жасмин хөрс хатахыг эмзэг хүлээж авдаг. Ямар ч улиралд бүлээн, зөөлөн усаар услаж байна. Жасмин шохойтой хөрсөнд ургадаггүй. Мөн шохойтой, шүлтлэг усаар услах муу. Энэ тохиолдолд ургалт зогсоод, муу цэцэглэдэг. Иймээс сард нэг удаа услах усандаа лимоны хүчил нэг-хоёр дусал хийх сайн. 
Бордоо
Идэвхтэй ургалт үед 7 хоногт нэг удаа цэцэглэдэг ургамлын бордоогоор услаж байна.
Тайралт
Тасалгааны бүх жасминууд ороож ургадаг тул хүсвэл түүний урт мөчрөөр юуг ч чимэж болно. Гэхдээ хөөрхөн бут гаргаж авах бол заавал ойр ойрхон тайралт хийнэ. Хавар идэвхитэй ургалт үе эхлэхээс өмнө маш сайн тарлаг. Урт мөчирний 1/3, эсвэл 1/2 тайрч богиносгоно. 
Тайралт нь цэцэглэлтэнд сайнаар нөлөөлдөг. Тайрсны дараа шинэ салаа мөчир олноор гардаг ба тэдгээрийн үзүүрт нь бундуу үүсдэг юм. Бүүр сул, нарийхан мөчрүүдийг угаар нь тайрна. Тайрах болоогүй залуу жасминыг (үрсэлгээг) чимхэж байх хэрэгтэй. Энэ нь бутлаг болгохоос гадна гарах цэцгийн тоог олшруулдаг. Жасмин Самбакийг хамгийн их тайрдаг (жилдээ 4 удаа).
Хөрс
Навчин хөрс, хар шороо, элс адилхан хэмжээтэй авахад болно. 
Шилжүүлэн суулгалт
Залуу ургамлыг жил бүр, харин хөгшин бутыг — 2-3 жилд нэг удаа шилжүүлж суулгадаг.
Үрслүүлэх арга
Хавар - зуны улиралд мөчрөөр.
Хавар модорсон, сайн хүч авсан мөчирнөөс 3 зангилаатай хэсэг тайрч аваад үрслүүлнэ. Харин зун бол ногоон шинэхэн мөчирний үзүүрээр үрслүүлдэг. Мөчирний хэсгийг элс + навчин хөрсөнд (эсвэл голын элс угаагаад хүлэрт хөрстэй холиод) суулгадаг. Үрсэлгээг +20°С дулаан орчинд байлгана. Үндэслэсний дараа (ойролцоогоор 30-40 хоног болоод) үрсэлгээнүүдээ тусгаарлаж нэг нэгээр нь жижиг саванд суулгана. Үндэс савыг дүүргэсний дараа 9-11-см саванд шилжүүлнэ. Дараагийн 2 жил хавар бүр шилжүүлж суулгаж байна.
Анхаарах зүйл
Хэрэв тасалгаанд сайн цэцэглэдэг жасмины том бут байгаа бол шөнө нь өрөөнөөс гаргаж байх хэрэгтэй. Хэт их үнэртэхэд толгой өвддөг.
Тустай шинж чанар
Жасмины шинэхэн зөөлөн навчийг салат амтлуулагч болгож хэрэглэдэг. Жасмины навчаар хөхний сүү татраадаг. Мөн навч нь халуун бууруулдаг. Арьсны яр, идээт үрэвсэл дээр навчаар халуун бигнүүр хийж тавьдаг. Жасмины үндэс түүхийгээр идэхэд толгойн өвчин дарагддаг, нойргүүдэл алга болдог, мөн яс хуграхад өвчин намдаагч болголж хэрэглэдэг байна.
Анхилуун үнэртэй цэцгийг нь цайнд хийдэг. Жасмины эфирын тос нь – маш хүчтэй антидепрессант, мэдрэлийн системд сайнаар нөлөөлөхөөс гадна, айдас түгшүүртэй, сэтгэл тавгүй байхад тайвшруулдаг байна.
Жасмины тосыг үнэртэн гоо сайхны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг, эмчилгээний ваннд ороход маш тустай, мөн булчин өвдөхөд массажны тосонд хийж хэрэглэдэг. 
Харин мөчрөөр нь сагс, гаанс зэрэг зүйлүүд хийдэг байна. 
Жасмин том цэцэгт
Өвчлөлт, хорхой шавьж
Гол аюул - аалзан хачиг, ургамлын бөөс, ширх. Юуны түрүүнд тогтмол үзлэг хийж шалгаж байх хэрэгтэй. Зарим нэг мөчир, навч өртсөн байвал барааны савангаар угааж хорхойнуудыг урсгаж болно. Хэрэв хэт их үржсэн бол хор цацах хэрэгтэй. 

http://flowers.titgroup.kz/home/94-jasminum.html
http://greenhome.org.uа
http://ru.wikipedia.org/wiki/%C6%E0%F1%EC%E8%ED
http://flower-gardens.ru/zhasmin/zhasmin.html,

1 comment:

  1. sain bna uu? Jasmin-iig herhen ureer tarih talaar oruulj ogooch.

    ReplyDelete