Sunday, February 15, 2015

Мединилла — Medinilla

Мединилла — Medinilla
Melastomaceae овог
Ойролцоогоор 400 төрлийн бут, мөлхөө ургамлууд байдаг. Африк, Мадагаскар, Малайн арлуудаар тархсан.
Мөнхийн ногоон цэцгээр гоёдог ургамал. Бутны өндөр 2 метр хүрдэг. Цэцэг ягаан, ягаавтар улаан, цагаан зэрэг өнгийн байдаг. Маш үзэмжтэй цэцэг. Ботаникийн хүрээлэнгүүдийн цуглуулганд хэд хэдэн төрөл харж болох бол тасалгаанд нэг л төрлийг — Мedinilla magnifica -ааг тарьж ургуулдаг.
Ямар ч өрөө тасалгааг чимэж өгдөг энэ гоё ургамлыг худалдаж авахаас өмнө сайн эрэгцүүлэн бодоорой. Халуун орны эмзэг ургамал, эрүүл ургуулахын тулд агаарын тогтсон нэг дулаан, өндөр чийгшэлт хэрэг болно. Маш их чийгтэй агаар шаарддаг ургамал.
Мedinilla magnifica
Түүх
Испаны нэгэн колонид амбан захирагч байсан X. де Мединиллын нэрээр нэрлэгдсэн. 1850 онд Английн цэцэрлэгчин ноён Вейчийн эдлэнд Филиппинаас ирүүлсэн бэлэг болох энэхүү үзэсгэлэнтэй цэцэг цэцэглэснээр европчууд мединиллатай (Medinilla magnifica) анх танилцжээ. 

ТӨРӨЛ
Medinilla venosa-ийн эх нутаг — Малайзи. Хагас эпифит бут, мөчир нарийхан, дугуй, битүү үсэрхэг. Навчны урт 9-20 см, өргөн 5-9 см, зуувандуу, 7 тод судалтай, богино бариултай.

Medinilla magnifica-ийн эх нутаг Ява болон Филипины арлууд. 1-1,5 м өндөр ургадаг бут. Мөчир бүдүүн, зангилаа үедээ үсэрхэг. Навч том, өндөгөн хэлбэртэй, 35 см хүртэл урт хүрдэг, өргөн нь 9-15 см, зузаан, хар ногоон өнгийн. Цэцэг ягаавтар улаан өнгөтэй, олон салаалсан багс цэцгүүдтэй, 30 см урт. Тасалгааны цэцэг болгон саванд ургуулдаг. Дулаан өрөөнд сайн ургадаг.
Medinilla cumingii Naudin Филипины арлуудад ургадаг. Эпифит бут. Навч уртавтар зууван өндгөндүү хэлбэртэй, том, 30 см урт, 12-20 см өргөн, 7 тод судалтай. Цэцэг том 5 см өргөн, ягаан. 3-5 сард цэцэглэдэг.
Улаан мединилла
АРЧИЛГАА
Гэрэл
Тод, гэхдээ үдийн хурц нарнаас хамгаалж байна. Гэрэл дутвал мединилла цэцэглэхгүй, эсвэл цэцгээ бүгдийг гөвөж эхэлнэ. Тасалгаанд гэрэл муу байвал нэмэлт гэрэлтүүлэг хийж өгөх хэрэгтэй.
Агаарын хэм
Мединилла дулаан орны ургамал иймд үргэлж дулаахан газар байлгана. Дундаж хэм +20-25С байна. 12-1 сард мединилла амралт үед орно. Энэ үед агаарын дулааныг +16 С хэм хүртэл буулгана. Агаарын хэм огцом хэлжэлзэж өөрчлөгдөх, нэвт салхи, халаах төхөөрөмж зэргүүдэд тэсвэр муу тул цонх, паар, кондишенерээс хол байрлуулна.
Усалгаа
Хавраас намар хүртэл усалгаа багавтар, тохирсон. Бундуу үүсэх үед хөрс хатах ёсгүй. Хөрсний дээд хэсэг хатаад ирэнгүүт дараах усалгааг хийж байна. Намар-өвлийн цагт усалгааг багасгана, өнгөн хөрс 2-3 см гүн хатаж эхлэхэд дараагийн усалгааг хийнэ. Амралт үеээр (1, 2 саруудад) бүүр бага бөгөөд цөөн услана. Навчны товгор хээ алдагдаж эхлэхэд услаж байна. Усалгаанд зөөлөн, хлорыг гаргасан, хэдэн өдөр задгай саванд хонуулсан, өрөөний хэмтэй ус хэрэглэнэ.
Агаарын чийгшил
Мединилла халуун бүсийн ургамал тул агаарын чийгшил 75%-тай байх хэрэгтэй байдаг. Үүний тулд өдөртөө хэд хэд усаар навчийг шүршдэг (цэцгэнд ус хүргэж болохгүй). Шүрших ус мөн л зөөлөн бүлээн ус байна. Мөн савтай цэцгийг чийгтэй хөвд, хайрга, керамзиттай том саванд тавьж болно. Цэцэгний хажууд устай сав тавьхад ууршаад нэмэртэй байна. Хамгийн сайн арга - агаар чийгшүүлэгч аппарат ажиллуулах.
Агаарын чийг бага, хуурай газар навч жижигрээд ирдэг, ургамал өвчлөхдөө болон хорхой шавьжинд баригдахдаа амархан болдог.
Мединиллагийн навчийг тогтмол чийгтэй алчуураар арчиж байх хэрэгтэй. Мөн шүршүүрт оруулж угааж байх (ус хөрс, мөн цэцэг бундуунд хүрч болохгүй).
Цэцэглээд дуусангуут мединиллаг тайрдаг.
Бордоо
Хавар-зуны улиралд 10 хоногт нэг удаа шингэн цэцгээр гоёдог ургамлын комплекс бордоогоор бордно. Зун мөн 2-3 удаа органик бордоо хийнэ. 9 сараас 3 сар хүртэл мединиллаг борддоггүй. 
Хөрс
Байгальд мединилла нь эпифит ургамал - өөр ургамлын мөчир, ишэнд наалдаж ургадаг. Иймд их хөрс шаардагдахгүй. Гэхдээ орох бага зэрэг хөрс нь маш сайн тэжээлтэй, чанартай хөрс байх ёстой. Савны ёроолд заавал зузаан дренаж хийнэ. Хөрс бага зэрэг хүчиллэг, хөвсгөр байна. Ширгэн, навчин, хүлэрт хөрсийг ялзмагтай, элстэй холиод (2:2:1:1:1) хэрэглэнэ.
Шилжүүлэн суулгалт
Залуу ургамлуудыг жил бүр шилжүүлдэг, том хөгшин ургамлыг 2-3 жилд нэг удаа. Шилжүүлж суулгахдаа тайралт хийж титэмний хэлбэр оруулна.
Үрлсүүлэх арга
Мединиллаг үрээр болон мөчрөөр үржүүлж болдог.
Үрээр:
2-3 сард үрээ тарьж эхэлнэ. Суулгах сав хавтгай, далбагар байсан нь эвтээхэн байдаг. Хөрсөнд элс, навчин хөрс хольж авна 1:1. Дулаахан газар байрлуулна. Томроод ирэнгүүт 7см диаметртэй саванд тусгаарлана. 6 сар болоход том хэмжээтэй саванд шилжүүлээд том ургамал шиг арчилж эхэлнэ.
Medinilla scortechinii, Orange medinilla, Orange Spike
Мөчрөөр:
Мөчрөөр үрслүүлэх бол 1-5 саруудад хийдэг. 2-3 ургах үе/цэгтэй мөчирний хэсгийг элсэнд суулгаад вакумдна. +25-30 С хэмтэй орчинд байлгана. Үндэс нь 4-5 долоо хонож байж гарна. Үндэслэсэн үрсэлгээг нэг нэгээр нь 9 см саванд суулгана. Хөрс нь том ургамал суулгадагтай адил бүтэцтэй байна. Салаалж мөчирлүүлэхийн тулд ургах явцад нь нэг удаа л чимхэдэг.
Өвчлөлт болон хорхой шавьж
Хуурай агаарт навч жижигрээд, ороогдоод хумигдаад байдаг.
Навч, эсвэл нахиа унаад байгаа нь байршил өөрчлөөд байгаагаас болдог, мөн агаар хуурайгаас.
Цэцэглэхгүй байгаа нь хуурай агаараас, гэрэл дутсанаас, сэрүүн газар байлгаснаас.
Шилбэ, мөчир дээр бор болон хар толбо үүсэх нь - Ботритис хэмээх мөөгний өвчин. Мөөгний эсрэг тусгай фунгицид хэрэглэнэ үү. Мөөгнөөс сэргийлэхийн тулд агаарын дулаан, чийгшил, гэрэл зэргийг анхаарна.
Бундуугаа хаяаад байна — цэцэглэлт үед байршил солиод байгаагаас, эсвэл савтай цэцгээ эргүүлээд байгаагаас болдог. Мөн хүйтэн салхи, нэвт салхи, агаарын хэм огцом өөрчлөгдөхөөс болно.
Халуун хуурай орчинд, ялангуяа агаарын солилцоо явагдахгүй байвал (жишээ нь өвөл) - навчин дээр өт үрждэг. Навчнуудыг спирттэй хөвөнгөөр арчиж өтнүүдийг түүж устгана.
Мөн аалзан хачиг, ширх, гээд хуурай агаарт амархан гарч ирдэг хорхойнд баригддаг. Хор цацаж устгана.

No comments:

Post a Comment