Wednesday, April 1, 2015

Аалзан хачиг

Аалзан хачиг - хамгийн их тархсан, ургамал цэцэг голдоггүй үрждэг, усанд ургадаг ургамлаас бусдыг бүгдийг хөнөөдөг шавьж юм.
Орос нэр - Паутинный клещ
Латин нэр – Tetranychinae
Жинхэнэ аалзан хачиг (Tetranychidae) ойролцоогоор 0,3 – 0,5 мм хэмжээтэй, зууван хэлбэртэй биетэй. Улаан аалзан хачиг гэсэн нэртэй ч бүгд улаан өнгөтэй биш юм байна. Олон өнгийн төрөл байдаг. Мөн идэж буй хоолноос хамаарч өнгө нь өөр өөр байдаг гэнэ. Ихэнхдээ ногоон өнгөтэй. Нарийхан аалзны тор сүлжэж дотор нь амьдардаг.
Маш амархан, хурдан үрждэг. Өндөг гарснаас хойш 10-20 хоногийн дараа нас бие гүйцсэн, үржих чадвартай болдог байна. Авгалдай нь 3 хос хөлтэй. Сэрүүн агаар, мөн чийглэг агаар "жинхэнэ аалзан хачиг"-ийн үржилтэнд муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна, ийм нөхцөлд өндөгнөөс гарсан авгалдайн өсөлт удааширдаг байна. Хэрэв сэрүүн чийгтэй газар байлгаж байгаад дулаан, хуурай орчинд оруулвал эрс ихээр өсөж үрждэг. "Жинхэнэ аалзан хачиг" нь нэг ургамлаас нөгөөрүү хурдан дамждаг аюултай.
Tetranychidae — пэлцгэр бөөрөнхий биетэй, дээгүүрээ үсэрхэг бүрхүүлтэй. Бүх төрөл нь ургамлыг аалзан тороор бүрхдэг тул аалзан хачиг нэр авсан. Өнгө нь өөрчлөгддөг. Хачигны өнгө олон зүйлээс шалтгаалдаг. Ихэнхдээ шаргал, бор, ногоон өнгөтэй байдаг. Хажуу бөөрөөрөө тод өнгийн толботой байдаг. Хоололдоггүй өвөлждөг эмэгчин хачиг нь улаан шаргал, эсвэл улаан өнгөтэй байдаг. Эр хачиг хэмжээгээр жижиг, илүү уртавтар биетэй. Үр тогтсон өндөгнөөс эм хачиг гардаг, үр тогтоогүй өндөгнөөс эр хачиг гардаг байна. Авгалдай нь 3 хос хөлтэй. Гаднах хальсаа хаянгуут 4 хос хөлтэй болдог байна. Өндөг нь дугуй хэлбэртэй, эхний үе шатанд өнгөгүй, нэвт харагддаг. Томрох тусам өнгө нь булингартаж, шаргал өнгөтэй болдог. Томрох явц агаарын дулаанаас шууд хамаардаг. Өрөөний хэм +15°С байхад өндөг 15 хоногийн дотор нас бие гүйцдэг. Харин +30°С хэмтэй газар 2—3 хоногийн дотор томордог байна. Өндөгнөөс - өндөг хүртэлх үе шат нь агаарын дулаанаас хамаарч 7-8 өдөрөөс 30—36 хоног байж болдог. Иймээс л хор цацахдаа нэг удаа биш системтэй, хэд хэд давтаж хэрэглэ гэдэг юм.
Хуурамч аалзан хачиг (Tenuipalpidae), маш жижигхэн 0,25 - 0,3 мм урт, жирийн нүдээр харах бараг боломжгүй, өнгө нь ногооноос - улаан хүртэл, зууван хэлбэртэй, аалзны тор татдаггүй. Хэрэв таны нүдэнд энэ хорхой үзэгдэж эхэлсэн бол маш ихээр үүрлээд үржээд газар авсан байна гэж ойлгох хэрэгтэй.
Бүх аалзан хачигнууд аалзны бүлэгт багтдаг. Том хорхойнууд нь 4 хос хөлтэй.
Намар ихэнхи авгалдай хоололдоггүй, ичээнд орсон эм хачиг болж хувирдаг. Суурьшсан газраасаа нүүж өвөлжих байр хайж олдог. Ингэхдээ зарим нь бүүр доошилж нүүдэг бол, зарим нь ургамлын дунд хэсэгт байралдаг байна. Иймээс хор цацлаа гээд тэр чигээрэй бүрэн алга болдоггүй байна.
Зуны халуунд ч эм хорхойнууд хооллохоо бас больж хэт халуун үеийг давах гэж ургамлын гүнрүү шигдэж ордог байна.
Өвчилсөн шинж тэмдэг:
Аалзан хачиг нь ургамлын эд эсээс бүх тэжээлийг нь сорж хоололдог. Навчин дээр цагаан, цайвар өнгийн жижиг толбо, цэг гарч ирэх (ихэнхдээ доод талд нь), мөн нарийхан аалзны тор үүссэн байвал аалзан хачиг үүрлэж гэж мэднэ. Навчийг бүтэн гэмтээсэн тохиолдолд навч бүхэлдээ цайрдаг. Газар авсан тохиолдолд ургамлыг аалзны тор бүрхэж, дотор нь хөдөлж байгаа хорхойнууд нь харагдаж байдаг.
Учруулах хор хөнөөл
Ургамлын эд эсүүд нь үхдэг, фотосинтезд оролцох талбай багассанаас ургалт зогсоно, ургамал сул, эсэргүйцэлгүй болно, ямарваа нэгэн халдвар авахдаа амархан. Аалзан хачиг нь ургамлаар хооллохоос гадна маш олон тооны халдвар тараадаг байна - саарал хөгц, мөөгний болон вирусын гаралтай халдварууд.
Сэргийлэх арга:
Аалзан хачиг гарах гол шалтгаан бол - хуурай агаар. Иймд өрөөний агаарын чийгшлийг ихэсгэх арга хэмжээ авч байх хэрэгтэй, ургамлаа тогтмол өдөр бүр шүршиж байх, сар бүр шүршүүрт оруулж угааж байх нь маш сайн урьдчилан сэргийлэх арга юм. Гэхдээ чийгшил ихтэй агаар нь зөвхөн "жинхэнэ аалзан хачиг"-наас сэргийлнэ.
"Хуурамч хачиг" нь эсрэгээрээ чийгтэй агаарт дуртай юм байна. Гэхдээ цахирмаа цэцгийн чийглэг үндэсэнд жинхэнэ аалзан хачиг нь илүүтээ үржиж хөнөөдөг байна.
Ургамлыг усаар шүршихдээ болгоомжтой хийгээрэй. Ус ургамлын голруу урсаж, удаан тогтоод байхааргүй, навч, мөчирний нугалаа, давхарганд ороод байхааргүй шүршнэ. Ийм газруудад ус чийг их хуримтлагдаж илжрүүлэх гол шалтгаан болдог. Ялангуяа өвлийн улиралд гэрэл муу, сэрүүн тул ус уурших нь удаан байдаг юм. Ургамлаа усанд бүтэн дүрж, хорхойнуудыг живүүлнэ гэдэг бол ташаа ойлголт. Хорхой шавьж нь өөрийгөө тойруулаад агааран бөмбөлөг үүсгэж хамгаалдаг.
Neem oil
Аазлан хачигнаас хамгаалахад "НИМ" гэх модны тос сайн байдаг. Аалзан хачиг үүнээс хол байдаг ба, энэ тос нь ургамлуудад ямар нэгэн сөрөг нөлөөгүй байна. Уг тосонд агуулагдах бодисын эсрэг аалзан хачиг эсэргүүцэлтэй болж чаддаггүй байна. Харин химийн хоронд бол амархан дасдаг.
Орос хэл дээр бичлэг - Аалзан хачигийг ер нь Актеллик г.м. тодорхой зориулалтын хороор л устгадаг, хор бүр тохирдоггүй.
Эмчилгээ:
Хамгийн түрүүнд бүлээн усаар, барааны савантай угаах хэрэгтэй. Мөн бактерийн эсрэг гарын шингэн саван, бактерийн эсрэг аяга таваг угаагч шингэн зэргийг хэрэглэж болно. Энэ нь хорхойг бүрмөсөн устгахгүй, гэхдээ нийт тооны талыг нь угааж алга болгодог.
Зөвхөн цэцгээ угааж тавихаас гадна цэцэгний байрлаж байсан цонхны тавцан, доорх суурь таваг, цэцгийн савны гаднахыг гээд бүх зүйлийг угаах хэрэгтэй.
Сэжиг бүхий ургамлуудыг хурдан тусгаарлаж тавих хэрэгтэй.
Мөн ургамлаа сайн услаад, 3 өдөр нэвт харагдах гялгар уутанд хийж тавьна. Хэт их чийглэг орчинд "жинхэнэ аалзан хачиг"-нууд нь үхнэ. Цахирмаа цэцгийг байнга тогтмол ажиглаж байх хэрэгтэй. Бөгчим халуун агаарт навч нь түлэгдэж үхдэг.
Ардын аргууд:
1. Цикламены булцууг чанах – булцууг хэдэн хэсэг болгоод буцалсан усанд 40 минут чанадаг. Үүнийгээ хөргөөд, 24 цаг байлгана. Дараа нь сайн шүүгээд, ургамлаа шүршнэ. 5 өдрийн дараа давтах хэрэгтэй.
2. Эмнэлэгийн спиртээр эмчлэх – хатуу, зузаан навчтай цэцгүүдэд (цахирмаа, эухарис, монстера, хоя) хэрэглэдэг. Навчнуудыг нь спиртэнд дүрсэн хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Спирт нимгэн түрхэгдэх ёстой. Амархан ууршиж алга болж, навчийг түлж амжихааргүй байхаар түрхээрэй. Үүнийг эхлэхийн өмнө аль нэг навчин дээр туршиж үзсэн нь дээр байдаг.
Химийн хор:
Химийн хорыг нэг удаа биш, системтэй удаа дараа хэрэглэх ёстой. Хорны үндсэн найрлаганд Akarizide гэх бодис байвал сайн. Харамсалтай нь аалзан хачиг ямар ч бодисонд амархан дасал болж, зохицож амьдраад байдаг. Иймээс төрөл бүрийн хор ээлжилж хэрэглэсэн нь илүү үр дүнтэй байна. Заавал давтан шүршилт хийх хэрэгтэй. Тэгэж байж хамгийн гүргэр хачиг, өндөг, авгалдайнуудыг устгадаг байна.


http://itp.lucidcentral.org/id/mites/invasive_mite/Invasive_Mite_Identification/key/Tetranychinae/Media/Html/Home_Tetranychinae.html

4 comments:

  1. Kui ee er. Ene gadgaadiin arduud yasan bayarhdiii. Minii tomruulah gej yadjiigaa cyclameniig chanaad aalz ustgajiidag

    ReplyDelete
    Replies
    1. Nimaa, mi duugiin taridag tsetseg iim ih ach tustai yum bshdee. Tiimee. kkkkk.

      Delete
  2. sain bnu egchee? heregtei medeelel ugsund bayarlalaa. ta cagaan goo dali, gurgemgene ene 2 cecgiin archilgaa onclogni talaar medeelel ugj boloh uu?

    ReplyDelete
  3. Баярлалаа. Маш их хэрэгтэй мэдээллүүд байна.

    ReplyDelete