Friday, April 3, 2015

Капсикум буюу мексик чинжүү

Капсикум (Capsicum)
Капсикум буюу "Мексик Чинжүү"-ний жимс нь тод улаанаас нил ягаан, шар, ногоон гээд төрөл бүрийн өнгө зүстэй байдаг. Жимс удаан боловсорч тогтдог. Авсаархан бутнаас өнгө өнгийн жимс нэгэн зэрэг алаглаад их гоё харагддаг. Капсикум - олон наст ургамал. Гэхдээ ихэнхидээ нэг наст шиг ургуулдаг.
Хэрэв сэрүүн газар өвөлжүүлээд байвал олон жил цэцэг жимсээрээ таныг баясгана. Зун цэцэглэдэг. Цэцэг 3 см диаметртэй цагаан, эсвэл нил ягаан өнгөтэй байдаг. Тоос хүртээх хэрэггүй.
Зарим сортуудын жимс гашуун, хэт халуун амттай. Иддэг сортууд, мөн иддэггүй чимэглэлийн чинжүү гэж байдаг. Еропын орнуудад цэцэглэж жимсэлж байгаа капсикумыг 11-12 саруудад худалдаалдаг. Зул сарын чимэглэлд өргөнөөр хэрэглэгддэг тул «Зул сарын чинжүү» гэсэн нэртэй гэнэ.
АРЧИЛГАА
Агаарын дулаан: капсикум – дулаанд дуртай урагмал. Зун +22-25 С, өвөл +16-20 С хэмтэй байна. Байж болох хамгийн сэрүүн орчин + 12 С хэм. 
Гэрэл: капсикум нарны гэрэлд дажгүй ургадаг. Гэхдээ зуны хэт хурц нарнаас халхалсан нь дээр. 
Ornamental Pepper 'Chilly Chili' (Capsicum annuum)
Усалгаа: Хөрс байнга өлөн чийгтэй байна. Хөрс хатаавал цэцэг бундуу унадаг ба жимс үрчийдэг. Услах ус хлоргүй, задгай саванд 1-2 өдөр хонуулсан, жаваргүй, тасалгааны хэмтэй байна.
Агаарын чийгшил: капсикумыг өдөр бүр зөөлөн бүлээн усаар шүршиж байх хэрэгтэй. 
Хөрс: ширгэн, навчин, цэцэрлэгийн хөрсийг элстэй холиод хэрэглэнэ.
Бордоо: хавар, зун долоо хоног бүр органик болон минерал бордоогоор борддог. Намар мөчирнүүдийг тайрч богиносгодог. Үүний дараа минерал бордоогоор услана.
Шилжүүлэн суулгалт: хэт томорсон бутыг шилжүүлж суулгах хэрэгтэй. Том ургамлыг мөчирнүүдийг тайрсны дараа үл ялиг том саванд шилжүүлж суулгадаг. 
Үржүүлэх арга: капсикумыг мөчрөөр болон үрээр үржүүлдэг. Мөчрийг +20-25С хэтмтэй газар үндэслүүлнэ. Үрийг 3-4 сард суулгадаг. Үрээр тарьсан капсикум 2 дахь жилээсээ цэцэглэж эхэлдэг. Тасалгаанд үрээр тарих маш амархан. Нэг жимсэнд 40-50 үр байдаг. Үр шаргал, 2-2,5 мм диаметртэй бөөрөнхий хэлбэртэй.
Эмчилгээнд жимсийг нь хэрэглэдэг. 90%-ийн спиртэнд (1:10) хийгээд 2 долоо хоног харанхуй газар байлгаад ходоод боловсруулах эрхтэний төрөл бүрийн өвчинд уудаг байна. Мөн хандлаад радикулит, артританд арчиж өвчин намдаадаг байна. Гэхдээ арьс түлэгдэж болох тул болгоомжтой байх хэрэгтэй. 
Зөв арчилвал 3-4 жил цэцэг жимсээ өгдөг. Жимс боловсорч дуусмагц бутыг залуужуулах хэрэгтэй байдаг. Үүний дараа шинэ хөрсөнд үндэс гэмтээлгүй шилжүүлж суулгана. 
Үрийг хөрсөн дээр цацаад, шигшсэн шороогоор хагас хучина. 15 хоногийн дотор гарна. Хэт дээш сунаж ургахгүйн тулд дээд үзүүрийг чимхсэн нь дээр. Үр тарьсанаас 30 хоногийн дараа тусгаарлаж салгана. Ургахдаа хурдан.

No comments:

Post a Comment