Monday, February 1, 2010

Дицентра

АСУУЛТ - ХАРИУЛТ: Дицентрагийн булцуу суулгасан чинь хөгцрөөд эхэллээ, буцаагаад ухаж аваад угаагаад тавьчихлаа. Одоо яах вэ?
Латин нэр: Dicentra
Хэвшмэл нэр: "Шархалсан зүрх" 
Англиар "Bleeding Hearts", орос хэлнээ "Разбитое сердце" гэж нэрлэдэг нь "шархалсан зүрх" гэсэн утгатай. 
Олон наст цэцэрлэг, мандалын ургамал
Нийт 20 төрөл зүйл байдаг. Ихэвчлэн Алс Дорнод, Хятадын зүүн хэсэг, Япон, Солонгос, Хойд Америкт ургадаг байна.
Ихэнхи таримал сортууд нь Европд XIX-р зууны эхэнд орж ирсэн байна. Хамгийн их тарьдаг сорт бол Dicentra spectabilis. Анх 1815 онд Их Британид бүртгэсэн байна. 
АРЧИЛГАА
Гэрэл: гэрэлд дуртай, сүүдэрт ургаж чаддаг. Гадаа тарихдаа сүүдэрхэг газар суулгавал цэцэглэлт удаан үргэлжилдэг.
Агаарын чийгшил: Тохирсон, дунд зэргийн чийглэг газар дуртай
Өвөл: хүйтэнд тэсвэртэй. Цаг агаарын 3-р бүст ургаж чаддаг. Энэ бүлэгт ордог ургамлууд -34°С-аас -40°С хэмийг даах чадвартай гэнэ.    USDA Plant Hardiness Zone Map-ын 3-р бүсэд ордог байна.
Намар шаралсан навч мөчрийг тайраад, жижигхэн тайрдас иш үлдээнэ. Үүнийгээ 5-8 см зузаан хүлэрт хөрсөөр хучина. Даавуун материалаар ороох, хучих хэрэггүй. Энэ нь намар хүйтрэхэд цас ортол даарч хөлдөхөөс хамгаалдаг. Бүүр баглаад, боогоод байх хэрэггүй байдаг. Битүү ялзарчихдаг бас талтай. Нэг газраа хэдэн жил ургаад байж болдог. Үе үе органик бордоо, суперфосфат хийж өгөх цэцэглэлтэнд сайн. 
Dicentra cucullaria
Хөрс: цэцэрлэгийн хар шороо, элстэй хөрс. Хөрс голдоггүй, гэхдээ гүний ус ойрхон байхад ургадаггүй. 
Өндөр: дунд (50-100 см), намхан (10-50 см)
Усалгаа: Халуун зун маш сайн услаж байна. Усаар үндэсийг бүхэлд нь сайн норгож дэвтээж өгөхгүй бол халуун, хуурай зун амархан хатаж үхдэг. Жирийн үед хэт их ус үхүүлж болдог. Суулгахдаа сайн дренажтай газар суулгана.
Үзэмж: цэцгээр гоёдог ургамал
Үндэс: махлаг, бүдүүн, хөрсрүү гүн шигдэж ургадаг.  Үндэс бүдүүн, богинохон, салсархаг хальстай, булцуурхуй харагддаг. 
Булцуу

Хортой шүүстэй тул бээлий өмсөж ажиллаж байна. Ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтэн хордуулж, хямраана. Ихээр агуулагдах алкалоидууд нь мэдрэлийн системд нөлөөлдөг.
Цэцэглэлт: хавар - зун (5-8 саруудад). Цэцэг жижигхэн 2 см орчим. Нэг цэцэглэхдээ 30-40 хоног үргэлжилдэг. Цэцэглэлт дуусахад навч, цэцэг бүгд хагдардаг. Амархан мөөг, мөөгөнцрийн өвчинд баригддаг.
Үрлэж байгаа нь
Нартай болон хагас сүүдэрхэг газар тарихад тохирно. Сүүдэрхэг газар цэцэглэлт хэд хоногийн дараа эхэлдэг ч илүү удаан үргэлжилдэг. Хэт чийгтэй хөрсөнд дургүй. Хөнгөн, сийрэг, хөвсгөр элсэрхэг, ялзмаг болон органик бордоо ихтэй хөрс илүү тохирно. Органик бордоо хийхэд цэцэглэлт илүү тансаг болдог.
Dicentra chrysantha
Айхтар их арчилгаа байхгүй. Хавар зундаа нийт 2-3 удаа минерал бордоо хийнэ. Жигд сайн услаж байна. Цэцэглэлт дуусаад навч, цэцэг хагдраад, шарлаад ирэхэд хөрсөн дээрх бүх хэсгийг тайрч хаядаг. Өвөл ОХУ-д бол бүтээхгүй ил өвөлжүүлдэг юм байна.
Үрслүүлэхдээ үндэс хуваана - 4 сарын сүүл - 5 сард. Үндэс харахад бүдүүн махлаг боловч маш амархан хугардаг, гэмтэмтгий. Иймд ухаж авах, хуваах, суулгах зэрэг ажил хийхдээ маш болгоомжтой байна. Ер нь бол 3-4 жилд нэг удаа хувааж байх хэрэгтэй. Хэт хурдан ургадаг, амархан хөгширдөг үндэс нь томрох тусам амархан илжрээд байдаг.
Тасалгаанд тарихад ургах нь муу. Тасалгаанд ургуулаад өвчлөөд байна гээд гайхах хэрэггүй. Гаднах талбайн цэцэг: хашаа, мандал, цэцэрлэгтээ тарих хэрэгтэй. 
Нэг наст, мөн олон наст гэж ургуулж болно. Шилжүүлж суулгалгүйгээр нэг газраа 5 жил дарааллаад цэцэглэдэг. 
Жимс нь дотроо хар гялгар үрнүүдтэй. Үрийн хайрцаг амархан задардаг, тарсан үр дорхноо соёолно. Үрээр ургуулахад 3 дахь жилээсээ л цэцэглэж эхэлдэг.
Хамгийн амархан үрслүүлэх арга бол бут хуваах. Үүнийг хавар, эсвэл намар хийдэг. Мөн ногоон мөчрөөр, эсвэл үндэс хуваана. Энэ бүгдийг хүлэмжинд жижиг саванд, хөрсийг доороос нь халааж байж үндэслүүлнэ.
Хөрсөн дээр ургаж байгаа хэсэг үзэсгэлэнтэй гоё боловч булцуут үндэс нь хортой гэдгийг санаарай. Хэрэв танайх гэрийн тэжээмэл амьтантай бол анхаарах хэрэгтэй. Үндэс идсэн тохиолдолд таталт өгөх, хүйтэн хөлс гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Үр боловсорч байгаа нь
Дицентрагийн булцуут үндэс суулгахдаа 40 см гүн нүх бэлдээд, доор нь маш зузаан дренаж хийнэ. Дренажны дээр ялзмаг, хөвсгөр хөрс тохируулж хийж суулгадаг. Суулгах газар нь гол горхи, гүний уснаас хол байх ёстой.
Нэг настай үрсэлгээ
Хөвсгөр, сийрэг, элсэрхэг, мөн ялзмагтай тэжээллэг хөрсөнд суулгах нь дээр. Хэт ус чийгэнд дургуй тул бага зэрэг чийглэг хөрсөнд суулга. Дөнгөж суулгасан булцуу үндэс ургаагүй байгаа тул ус шингээх зүйлгүй, илжрэх нь амархан байгаа. Булцуут ургамлуудын адил чийгтэйдүү хөрсөнд суулгаад, үндэс ургатал дахиж услахгүй.

No comments:

Post a Comment