Wednesday, April 1, 2015

Мирт мод

Мирт (Myrtus communis)
Европт миртыг аз жаргал, эрүүл мэнд, залуу нас, гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг гэж үздэг байна. Миртын мөчрөөр сүйт бүсгүйг чимэдэг байж. Миртыг 400 гаруй жил ургуулж ирсэн гэнэ. Цэцэрлэгт ургадаг төрлүүд маш олон янз боловч бүгд хүйтэнд тэсвэр муутай тул Монголд зөвхөн тасалгаанд ургуулж болно. 
Myrtus communis 'Tarentina'
Мирт (Myrtus) нь "Мирт" (Myrtaceae) овогт багтадаг мөнхийн ногоон бут/мод байдаг. Цэцэг  нь эм, эр гэж байдаг. Ягаан, цагаан өнгийн цэцэгнүүд нь маш анхилуун хурц үнэртэй. Жимс нь шүүслэг, хар өнгөтэй. Ихэнхи төрлийн жимсийг идэж болдог. Мирт гэдэг нь грек хэлнээс орчуулахад «тос, гавар» гэсэн утгатай үг. 
Нийт 100 гаруй төрөл байдаг ба Америк, Еврази, Африк, Австрали, Шинэ Зеландийн халуун дулаан бүсэд ургадаг. Эрт дээр үеээс "Ердийн Мирт" (Мyrtus communis) ургуулж ирсэн байна.

ТӨРӨЛ
Myrtus communis
Myrtus communis – мөнхийн ногоон 3-4 м өндөр хүрдэг мод болон бут байдаг. Залуу мөчир нь дөрвөн талт, бага зэрэг үсэрхэг; хуучин мөчир нь дугуй, гөлгөр, бага зэрэг хагарсан мэт барзгар гадаргуйтай. Навч хос хосоороо эсрэг байрлалтай, 2-5 см урттай, 1-2 см өргөн. Жимс– нэрс шиг хар-цэнхэр өнгийн, 1 см урт, идэж болдог, амтгүй. Гэрийн нөхцөлд 50-100 см өндөр хүрдэг.

Myrtus variegatum
Мирт алаг навчтай - Ердийн миртаас алаг навчтай болон жижиг навчтай шинэ сортууд гаргаж авсан: Мирт алаг навчит (Myrtus variegatum) болон Мирт жижиг навчит (Myrtus microphylla).

Мирт жижиг навчтай
АРЧИЛГАА
Гэрэл
Мирт сарнисан тод гэрэлд дуртай, бага зэргийн нарны шууд тусгалыг даадаг. Өвөл хамгийн гэрэлтэй газраа байрлуулна. Зун гадаа агаарт гаргаж тавьж болно, өдрийн хурц нарнаас халхална.
Сүүдэрхэг газар ургаж чадна, гэхдээ навчны өнгө алдагдаж, сул дороо харагддаг. Миртыг нартай, гэрэлтэй цонхон дээр тавьж, цэвэр агаар байнга оруулж байна. 
Агаарын дулаан
Мирт сэрүүвтэр өрөөнд байх дуртай, +18-20°C хэм таардаг. Өвөл хамгийн сэрүүн газар байрлуулна +8-10°C. Ийм нөхцөлд өвөлжүүлэх юм бол зун нь навч нь харагдхааргүй цагаан цэцгэнд дарагддаг. Ийм боломж байхгүй бол миртыг дулаан өрөөнд өвөлжүүлж болно, гэхдээ усалгааг тохируулж арай их хийдэг, мөн байнга ширсэж өгч байна. Халуун, хуурай өрөөнд өвөл навч нь унадаг. Усалгааг тохируулж багавтар хийгээд байвал хавар дахин навч ургаж ногоорно. Гэхдээ дулаанд өвөлжсөн мирт цэцэглэхгүй.
Миртын жимс 
Агаарын чийгшил
Хамгийн тохиромжтой агаарын чийгшил 60%, иймээс байнга шүршиж байх хэрэгтэй. Хэрэв +8-10 С хэмтэй сэрүүнд өвөлжүүлж байгаа бол шүрших хэрэггүй. Хэрэв дулаан өрөөнд өвөлжүүлж байгаа бол сард нэг удаа бүлээн шүршүүрт оруулах хэрэгтэй.
Усалгаа
Хавар - зун тогтмол, сайн услана. Хөрсний дээд хэсэг хатангуут дараагийн усалгааг хийж байна. Өвөл – багасгана. Услахдаа зөвхөн хлоргүй, зөөлөн, бүлээн ус хэрэглэнэ. Богино хугацаанд ч болов хөрсийг бүүр хатааж болохгүй. Хэрэв хөрс бүр хатсан бол савтай цэцгийг хувинтай усанд дүрнэ. Агаарын бөмбөлгүүд дээш гарахаа болиход нь гаргаж авч илүүдэл усыг сайтар урсгаж гаргана. Доорх суурь тавганд тунаж үлдсэн илүүдэл усыг тогтмол асгаж байх ёстой - үндэс амархан өвчилдөг.
Бордоо
Хавар, зун, намар - долоо хоног бүр шингэн иж бүрдэл бордоо хэрэглэнэ. Томорсон ургамлыг жил бүр хөрсний зөвхөн дээд хэсгийг хусч аваад, шинэ хөрс хийж сольдог. Ингэхдээ хөрсөндөө удаан задардаг үрлэн бордоо хольж хийнэ.
Тайралт
Тайралтаар миртын төрхийг 100% өөрчилж болдог. Тайралтыг хавар хийдэг. Хэрэв шинээр ургасан нахиаг цаг тухайд нь чимхэж, тайрч байвал өтгөн, саглагар титэмтэй болно. Чимхэлтийг хэзээ ч хийж болно.
Миртыг ямар ч хэлбэрт оруулж болдог. Тайралтыг бага багаар, тогтмол, жигд хийж байх хэрэгтэй. Нэг дор гэнэт хэт их тайрвал энэ нь цэцэглэлтэнд муугаар нөлөөлнө. Тайралт нь олон олон шинэ мөчир нахиа гархад түлхэц болдог. Шинэ мөчирний үзүүрт гардаг цэцэгнүүдийг олшруулдаг.
Тайралтаас гарсан мөчирнүүдийг үрслүүлж болно. Миртын навчийг үрэхэд маш тааламжтай үнэр ялгаруулдаг. 
Хөрс
1-р хувилбар: ширгэн - хүлэрт - ялзмагтай хөрс ижил хэмжээгээр авах;
2-р хувилбар: шаварлаг - ширгэн - хүлэрт - ялзмагтай хөрс + элс (1:1:1:0,5).
Хөрсний рН = 5-6 байна.
Шилжүүлж суулгах
Томорсон миртыг 3-4 жилд нэг удаа шилжүүлж суулгах нь дээр. Харин залуу мод, үрсэлгээг бол жил бүрийн хавар — цэцэглэлт эхлэхээс өмнө хийдэг. Шилжүүлж суулгахдаа ургамлын үндэсний хоолойг хэт доор булах хэрэггүй.
Энэ нь төрөл бүрийн өвчлөлтийн эх үүсвэр болно, мөн мөөг, хөгз ургуулдаг. Савны ёроолд заавал ус урсаж гарах дренажны нүх хийнэ. Зузаан дренаж доор нь хийж өгнө. Сав том байх ёсгүй – үндэс багтах л хэмжээний сав тохирно. Сав авахдаа дээрх мөчирөн титэмнээс 2 дахин бага хэмжээтэй байхаар сонгодог.
Үрслүүлэх арга
Миртыг үрээр болон мөчирөөр үрслүүлдэг.
Үрээр

Үрийг хөрсний дээр цацаад, дээгүүр нь маш нимгэн хөрсөөр хучина. Савтай үрээ гялгар уутаар бүтээгээд +18-20°C дулаан газар байрлуулна. Өдөр бүр нээж агаар оруулж байна. Хөрс байнга чийглэг байна. Хэт норгож болохгүй, хатааж болохгүй. Зарим сортын үрийг 1,5-2 сар урьдчилж стратификацид оруулдаг (+1-5°C хэмд).
 
 
 
Ойролцоогоор 7-14 хоноод соёолно.
 
Ургаад, томроод - жинхэнэ навч гарч ирсэний дараа салгаж тус тусад нь саванд суулгана. Тусгаарласны дараа нэг хэсэг ургалт зогссон мэт болно. Хэсэг хугацааны дараа ургаж эхэлдэг.
 
 
 
Эхний жижиг үрсэлгээний савыг үндэсээрээ дүүргэсний дараа том саванд шилжүүлж суулгана. Цаашид арчилгааг том ургамал шиг хийж байна.
Үрээр суулгасан мирт 5 дахь жилээсээ цэцэглэж эхэлнэ.
 

Мөчрөөр:
Миртыг хагас модорсон мөчирөөр 1-2 сард, мөн зун 7 сард тус тус үрслүүлж болдог. Үрсэлгээнд авах мөчрийг титэмний доорх болон дунд хэсгээс тайрч авна. Мөчирний үзүүрээс 5-8 см урт, дээрээ 3-4 хос навчтай хэсгийг тайрна. Ууршилтыг багасгах үүднээс доод хэсгийн навчнуудыг тайрч хаяна. Үлдсэн навчнуудыг таллаж богиносгоно.
Ургалт хурдасгагч бодисонд дүрэх сайн. Хөрс: навчин хөрс+голын элс, эсвэл хөвд + элс гэж авч болно. Үрсэлгээг услаад, шүрсээд, гялгар уутаар бүтээгээд, сэрүүвтэр + 16-20°C хэмтэй, сүүдэрхэг газар байрлуулна. Хаяа нээж агаар оруулж байна. Тэгэхгүй бол хөрс ялзарч, мөчир харлаж мууддаг ба хөгц ургадаг. Мөчирнүүд ойролцоогоор 20—30 хоноод үндэслэнэ. Үндэслэсэн мөчрийг 7см диаметртэй саванд суулгадаг. Сайн услаж байна. Залуу ургамлыг чимхэж өгч байж зөв титэм гаргаж ургуулна. Үндэс савыг дүүртэл угахад том саванд шилжүүлж суулгана. Мөчрөөр үрслүүлсэн мирт 3-4 жилийн дараа цэцэглэдэг.
Өвчлөлт, хорхой шавьж
Заримдаа ширх, "щитовка"-нд баригддаг. Хэт хуурай агаарт шүршихгүй байлгаад байвал аалзан хачиг гарч ирнэ.
"Щитовка" гэх хорхой дөнгөж үржиж байхдаа мэдэгдэхгүй. Гэхдээ маш хурдацтай үржиж мөчир, навчийг бараан цэгүүдээр бүрдэг. Насанд хүрсэн хорхой хөдөлгөөнгүй байдаг, доороос нь авгалдай мөлхөж гарч ургамлаар тардаг. Энэ үед нь савантай-тамхитай-бага зэрэг керосинтай, эсвэл цэнхэр спирттэй уусмалаар угааж устгадаг. Том хорхойг нь хөвөнд шингээсэн уусмалаар арчиж, түүж арилгадаг. Угаасны дараа хор цацна. Хэд хоноод дахин шүршүүрт угаана.
Гарч болох хүндрэлүүд
Мөчир хэт сунах, навч жижигрэх, өнгө нь цайрах – гэрэл дутсаных.
Навч бүдгэрч, шарлаад, ирмэгээрэй гадагш хумигдаад байна – хэт их гэрэлтэй байна.
Навчаа гөвөөд байна – хэт дулаан өвөлжилт, өвөл гэрэл дутсанаас.
Тасалгааны нөхцөлд зөв арчлаад байвал маш удаан амьдардаг, 1 метр болон түүнээс өндөр ургадаг.
Үлгэр домог
Эрт дээр үеээс миртыг ариун цэцэг гэж шүтдэг байж. Сүм хийдийн гадуур тойруулж ургуулдаг. Миртаар хэлхсэн титэмийг хуримын өдөр хоёр хосод зүүлгэдэг байж.
Миртаар хэлхсэн титэмийг толгой дээрээ зүүх сайн. Арабын нэгэн домогт мирт нь диваажингаас авчирсан мод гэдэг байна. Эртний Грек, Ромын үлгэрүүдэд миртыг Афродита бурханд зориулсан ба залуу нас, гоо үзэсгэлэнгийн бэлэгдэл гэж үздэг байна. Афродитаг заримдаа Афродита Миртеа гэж нэрлэж байжээ.
Эртний Грекчүүдийн миртыг шүтдэг заншлыг сүүлдээ Ромчууд хүлээж авчээ. Афродитагийн дараа Венера бурхан миртыг зүүдэг байж. Миртын титэмийг гэр бүлийн бурхан Гименея мөн байнга толгой дээрээ зүүдэг байжээ.
Зарим Европын орнуудад охин хүүхэд төрөхөд мирт тарьдаг байна. Томрох тусам охин миртыг арчилж ургуулдаг ба нөхөрт гарахдаа түүнийгээ хамт авч явдаг гэнэ. Мирт гэрт аз, жаргал, эрүүл мэнд, сэтгэлийн амар амгалан байдал авчирдаг гэдэг.
Ариун Библид миртыг найдвар, энх тайвны билэгдэл болгож бичсэн байдаг байна.
Хүүхдийн өрөөнд ургуулахад сайн гэж үздэг.
Миртын эфирийн тосыг үнэртэн хийхэд хэрэглэдэг.
Миртын тосоор арьсны өвчлөлтийг эмчилдэг байж. Арьсны эсийг хурдан үржүүлдэг, эрт дээр үеээс үүгээр тослог болон батгажих дуртай арьсыг эмчилдэг байж. Миртын үнэр нь стресс, депресс, псориаз эмчлэхэд хэрэглэдэг байна.
Миртын тос болон үнэр нь жирэмсэн эхчүүд, эпилепси өвчтэй хүмүүст хориотой гэдэг. Химийн эмчилгээ хийлгэж буй хүн мөн хэрэглэж болохгүй. 
Гэрийн гал тогооны өрөөнд ургуулахад хамгийн тохиромжтой байдаг - чийгшил өндөр.
Мирт нь айдсаас салгадаг, өөртөө итгэлтэй болгодог гэж үздэг байна. Мөөг, мөөгөнцрөөр өвчилдөг, цахлайтдаг хүмүүстэй айлд ургах дургуй.

Бонсай
Тайралтаар ямар ч хэлбэрт оруулж болдог тул бонсай тарьж эхэлж байгаа хүмүүст тохирсон ургамал.
Залуу ургамлын мөчир 30 см хүртэл ургангуут бүгдийг богиносгоно. Энэ нь өргөөшөө бүдүүрч ургахад нь нөлөөлдөг.
Титэм дэх байрлалаас нь хамаарч мөчирнүүдийг тайрдаг. Тайрахдаа 1-5 хос навч үлдээнэ. Хөгшин ургамлын мөчрийг 5 см урттай, дээрээ 1-2 хос навчтай үлдээж тайрна. Шинэ нахиа, мөчир нь дээшээ тэмүүлж ургадаг, иймээс тэднийг ургах явцад нь төмөр утсаар тогтоож, хүссэн зүг, чиглэлд оруулж тогтооно.
Миртын навч нь хэдэн жил амьдардаг. Миртыг ямар ч стиль, дизайнтай орчинд ургуулж болдог.

No comments:

Post a Comment