Thursday, April 8, 2010

Такка

Tacca Chantrieri
АСУУЛТ - ХАРИУЛТ: Tacca chantrieri - цэцгийг үрээр тарьхад юуг голлож анхаарах хэрэгтэйг хараад өгөөч, хөргөгчинд хийчихвэл яадаг бол? 3 ш үр суулгаад их удаж байна оо, гарч ирдэггүй дээ.
Сарьсан багваахай цэцэг, мөн Чөтгөрийн цэцэг гэдэг. Taccaceae овгийн ургамал.
Такка (Tacca) — мөнхийн ногоон өвслөг ургамал, эх нутаг нь Азийн болон Баруун Африкийн тропик бүс. Ил задгай газар болон сүүдэрхэг, бороо ус ихтэй ой мод, бутны доогуур, саваннад, далайн эргээр, уулархаг ширэнгэнд гээд хаа сайгүй ургадаг. Нийт 10 гаруй төрөл байдаг. Малайзид үүнийг Чөтгөрийн цэцэг гэж нэрлэдэг ба маш олон үлгэр домог, аймшигт түүхтэй холбодог байна.
Такка булцуут үндэстэй, урт бариултай гялгар навчтай. Өндөр нь 40-100 см. Ургамлын нялх дөнгөж ургаж байгаа хэсгүүд үсэрхэг бүрхүүлтэй. Эдгээр нь ургах явцдаа алга болдог. Цэцэгний өнгө, сонирхолтой бүтэц нь хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг.

ТӨРӨЛ
Такка леонто дэлбээтэй (Tacca leontopetaloides)

Такка бүтэн навчит буюу Цагаан сарьсан багваахай (Tacca integrifolia)

Такка Шантрье буюу Хар сарьсан багваахай (Tacca chantrieri) алга болж устаж байгаа төрөл, байгальд таарах нь цөөрөөд байгаа.
АРЧИЛГАА
Гэрэл
Сарнисан тод гэрэлд байлгана. Нарны шууд тусгалаас заавал хамгаална. Хагас сүүдэрхэг газар ургаж чадна. Баруун, зүүн зүгийн цонхон дээр тохирно. 
Хөрс
Xөвсгөр, агаар ус сайн нэвтрүүлдэг, тэжээллэг. Инертэн сийрэгжүүлэгчүүд хөрсөнд хийх хэрэгтэй - перлит, вермикулит гээд. Дренаж заавал савны ёроолд нь хийх хэрэгтэй. Навчин, ширгэн, хүлэрт хөрс болон элсийг 1:0,5:1:0,5 харьцаатай авч хэрэглэж болно.
Хөрсний хүчил: pH= 5-6.5. Хөрс шүлтлэг байж болохгүй.
Агаарын чийгшил
Маш өндөр байх ёстой. Цэвэр агаар сайн оруулж байна. Шууд нарны гэрэлд байж чаддаггүй. Хуурай халуун агаарт дургуй, хөрс хатааж болохгүй, мөн хэт услаж болохгүй. 
Тогтмол шүршиж байна. Доор нь чийгтэй хайрга, керамзиттай эсвэл хөвдтэй сав тавьж орчны агаарын чийгийг ихэсгэж өгнө. Агаар чийгшүүлэгч төхөөрөмж ажиллуулж болно. Заримдаа шөнөдөө халуун ус гоожуулж уураар дүүргэсэн ванны өрөөнд хонуулахад маш тааламжтай хүлээж авдаг.
Агаарын дулаан
Такка халуун бүсийн ургамал, дулаанд маш дуртай. Хавар-зундаа +22-30°С, намар арай буулгаад, өвөл +20°C хэмд өвөлжүүлнэ. +18°C хэмээс доош буулгаж болохгүй. +24°С хэмээс дээш нөхцөлд амархан мөөгний өвчлөлүүдэд өртдөг. 
Таккад цэвэр агаарын урсгал маш их хэрэгтэй, гэхдээ нэвт салхи, хүйтэн салхинд байж чаддаггүй.
Цэцэглэлт: жил бүр.
Ургалт: дунд зэрэг.
Усалгаа
Хавар - зундаа маш сайн усална. Хөрсний өнгөн үе хатахад дараагийн усалгааг хийнэ. Намраас багасгаад, өвөл болгоомжтой, тохируулж усална - хөрс бүрэн хатаахгүй байх төдий. Усалгаа хооронд савтай хөрсний дээд 1/3 хэсэг нь хатсан байна. Доод суурь тавганд ус удаан байлгаж болохгүй. Усалгаанд хлорыг нь гаргасан, хэдэн өдөр том амсартай задгай саванд хонуулсан, жаваргүй бүлээвтэр ус хэрэглэнэ. Хөрс бүрэн хатах ёсгүй. Мөн хэт усархаг байлгаж болохгүй. 
Бордоо
Хавар - зундаа 14 хоногт нэг удаа цэцэглэдэг ургамлын бордоогоор, маш бага найруулж (зааварт зааснаас 2 дахин бага шингэрүүлж) усална. Зөвхөн хавар - зуны улиралд л борддог. 
Амралт үе
Өвөл. Ургамлыг гэрэлтэй, 20°C хэмтэй газар өвөлжүүлнэ, болгоомжтой усална.
Шилжүүлж суулгах
Такка ойр ойрхон шилжүүлж суулгахад дургуй. Иймд шаардлага гарсан үед, эсвэл үндэс савандаа багтахаа байсан нөхцөлд хавар хийнэ. Ойролцоогоор 2-3 жилд нэг удаа.
Шинэ сав нь урьдахаасаа 2-3 см диаметраар том байна. Ёроолд нь заавал зузаан дренаж дэвсэнэ. 
Эрт дээр үеэс булцуурхаг үндэсийг нь хүнсэнд хэрэглэж ирсэн. Үндэс их хэмжээний (25%) цардуул (крахмал) агуулдаг байна.
Үрслүүлэх арга
Үндэсээр болон үрээр үрждэг. 
Үндэс хувааж үржүүлэхэд дээд навч, ишийг тайрч авдаг. Дараа нь үндэсийг хурц хутгаар хэдэн хэсэг хуваана. Зүсэлт хийсэн хэсгүүдийг модны нүүрсний нунтагаар түрхэж илжрэхээс сэргийлнэ. 8−24 цаг хатаана. Үүний дараа жижиг савнуудад хөнгөн хөрсөнд суулгана. Унтаж байгаа нахиа сэргэж шинээр ургаж гарна.
   
Үрээ бүлээн усанд дэвтээж байгаад суулгана
   
Томрох явцад нэг нэгээр нь салгаж тусгаарлана
Үр тарихын өмнө марганцын шингэвтэр уусмалд угаана. Дараа нь 24 цаг бүлээн усанд дэвтээнэ. Дэвтээх уcны хэм +50°С (тогтмол бүлээн байлгана). Хүлэрт хөрс, перлиттэй хөвсгөр хөнгөн хөрсөнд дарж суулгаад (эсвэл 1 см гүнд), бүлээн усаар шүршээд, гялгар уутаар бүтээнэ. Дулаахан, гэрэл ихтэй газар байрлуулна. Хөрсний дулаан тогтмол +30°С байх ёстой. Иймд доогуур халаалт хэрэглэдэг. Үр маш удаан ургана - 1 сараас 10 сар хүлээх болдог. 
Таккагийн жимс
Өвчлөлт болон хорхой шавьж
Гол аюул - аалзан хачиг. Акарицидаар устгана. Хэт их ус чийгнээс илжрэх нь амархан.

No comments:

Post a Comment