Thursday, April 6, 2017

Кофены мод

Кофены мод буюу Coffea — жижгэвтэр мөнхийн ногоон мод/том бут. Кофены нийтдээ 50 гаруй зэрлэг төрөл Африк, Мадагаскар болон Маскарены арлуудад ургадаг. Харин Америк, Африк, Азид кофег олноор тарьдаг байна. Тасалгаанд ихэвчлэн арабика кофе тарьдаг ба либерийн болон бразилийн кофег гэрт ховор болов ч бас ургуулж болдог байна.
Арабика кофены мод гэрт хамгийн их ургуулдаг төрөл. Энэ мод зай их эзэлдэггүй. Эхний жил 15-20 см хүртэл ургадаг. Цаашид сайн арчилбал 1,5 м хүрдэг. Цэцэглэдэг улирал 5, 6, 7 сарууд. Анхилуун үнэртэй цэцэгнүүд хэд хэдээрээ багцалдаг. Үнэр нь жасминтай адилхан
АРЧИЛГАА
Гэрэл
Кофены мод гэрэлсэг ургамал. Хагас сүүдэрхэг газар ургаж чаддаг. Зун харин тагт, сүүдрэвч гээд гадаа агаарт гаргасан нь дээр байдаг. Шууд нар тусахааргүй нөмөр, тод гэрэлтэй газар байрлуулна.
Өвөл нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөөрэй. Ургамлыг байн байн байршлыг нь солиод байхад дургуй. Ургалт зогсох, навч унах, шарлах гээд өөрчлөлтүүд гардаг тул аль болох оролдохгүй байх нь дээр.
Ихэнхидээ хүмүүс кофены модыг халуун орноос гаралтай тул бүтэн жил нарны тусгал хэрэгтэй гэж боддог. Жинхэндээ энэ нь ташаа ойлголт юм. Манай нөхцөлд кофены модыг урагшаа, зүүн урагшаа харсан цонхон дээр ургуулна. Өвөл, эсвэл бүрэнхий бороотой өдрүүдэд гэрлээр хангах хэцүү байдаг. Үүний тулд 11 сарын 1-нээс 3 сарын 1 хүртэл өдрийн гэрэл доор тавьж нэмэлт гэрэл гаргаж өгнө.
Хэт тод гэрэл ургалтыг зогсоодог тал байдаг тул 2 нас хүртэл нь сарниулсан гэрэл дор байлгах хэрэгтэй. Цэцгийн бундуу цухуйж эхлэнгүүт хамгийн нартай цонхон дээрээ тавьна. Цэцэглэлт дуусаад, жимс бий болох үед буцаагаад сарниулсан гэрэл дор тавьна.
Агаарын хэм
Кофе - дулаанд дуртай. Зун тасалгааны хэмд ургадаг (+22-25°С). Намар болон өвөл дулаан газар байрлуулна (+18—22°С). Өвөл тасалгааны хэмийг +16°С -ээс доош бууруулж болохгүй. 
Цэцэглэлт
Усалгаа
Усалгааг хөрс хатсан тохиолдолд хийж байна. Крантны усыг хэд хоног задгай саванд хонуулж хлоргүй болгосон, зөөлрүүлсэн жаваргүй бүлээн усаар услана. Өрөөний температураас 2 хэм бүлээн усаар услаж байна. 
Зуны халуунд айх зүйл байхгүй. Өрөөндөө салхи агаар оруулж, усалгааг 2 дахин ихэсгэх хэрэгтэй.
Сайн ургуулах нэг чухал нөхцөл бол - халуун дулаан удиралд сайн услаж байх. Өвөл усалгааг багасгаад, тохируулж бага багаар хийж байна.
Тасалгаанд ургуулдаг бусад жимсний модыг бодвол кофены модыг хөрс хагас хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийдэг. Идэвхитэй ургалт үед хүртэл энэ зарчимыг баримтлах нь дээр байдаг.

Жимслэлт
Агаарын чийгшил
Чийглэг агаартай газар илүү хурдан ургадаг. Тиймээс зуны халуунд өдөрт 2-3 удаа жаваргүй зөөлрүүлсэн усаар шүршдэг.
Кофе ургуулдаг хүмүүс навч борлоод байна гэж ярьдаг. Агаарын чийг бага, намар өвлийн улиралд бүүр хуурайшдаг тул навч борлох нь улам ихэсдэг. Гэхдээ энэ бол өвчин биш. Хажууд нь агаар чийгшүүлэгч ажиллуулах, эсвэл доор нь устай том сав байрлуулвал навчны өнгө сэргэдэг байна. 
Кофены мод өвөл
Кофены модыг өвөл 5-7 хоноод нэг усладаг. Тасалгааны хэм +16-18°C байх бөгөөд +16°C хэмээс доош буулгаж болохгүй.
Бордоо
Кофены модонд мэдэгдэхүйц амралт үе гэж байдаггүй. Иймд бүтэн жилийн турш ургуулж, цэцэглүүлж, жимслүүлэх бол 10 хоногт нэг удаа бордож байна: сар бүрийн 1, 10, 20 -ны өдрүүдэд 5г азот, 7г фосфор, 1г калий, 7г микроэлементуудыг 1 литр усанд найруулж хэрэглэнэ.
Азотын бордоог шувууны сангас усанд найруулж, эстэл нь байлгаж байгаад хэрэглэдэг. Тэгвэл хурц эвгүй үнэр гарахгүй, мөн хийн бөмбөлгүүд дээш хөвөхгүй (бүх органик бүрэн задарсан гэсэн үг). Хэрэглэхдээ 3 удаа усаар шингэлж услана. Тахианы сангас нь маш хүчтэй азот агуулсан органик бордоо. Иймээс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Калийн бордоог үнснээс гаргаж авч болно. Үүний тулд дэрс шатаагаад, үнсийг нь (46% калий агуулдаг) бүлээн усанд уусгаад нэг хонуулаад хэрэглэхэд бэлэн болно.
Кофены модонд үүнээс гадна бусад бодис хэрэгтэй (кальций, бор, марганц, төмөр).
Шилжүүлэн суулгалт
2-3 жилд нэг удаа шилжүүлж суулгадаг. Хөрс тэжээллэг хар шороо-шаварлаг ширгэн хөрс, навчин хөрс, ялзмаг, элс (4:2:1:1 гэсэн харьцаатай авна).
Урдах савнаасаа 3 см том сав авч суулгана. Арабика кофены үндэс маш сайн ургаж хөгждөг тул гүнзгий сав хэрэг болдог. Өндөр гүнзгий сав сонгож аваарай. Суулгахдаа үндэсний хоолойг хэт гүн булж болохгүй. Хэт гүн суулгавал ургалт гацдаг, зогсонги байдалд ороод ургахгүй.
Жимслэж эхэлсэн бол шилжүүлэн суулгалтыг 3 - 5 жилд нэг удаа хийдэг. Жимсэлдэг модыг ургац хураасны дараа том саванд шилжүүлж суулгана. Хүлээх хэрэггүй, учир нь 1-1,5 сарын дараа дараагийн цэцэглэлт эхэлдэг юм.
  
Үржүүлэг хийх арга
Үрээр үржүүлж болдог. Гэхдээ ихэвчлэн мөчирний хэсгээр үрслүүлэх нь амар байдаг. Мөчир үндэслэх тааламжтай орчин – +30°С байна. Үрсэлгээ хийх хамгийн тохиромжтой улирал хавар - зуны эхэн сар.
Үрслүүлэхэд тохиромжтой мөчирний хэсэг
Мөчрөөр үрслүүлж ургуулсан кофе үрээр суулгасан кофеноос хамаагүй хурдан бөгөөд илүү урагадаг. Үрсэлгээнд мөчирний дээд үзүүрийг тасдаж авдаг. Мөчир нь дээрээ хоёр хос навчтай байх ёстой. Доод үзүүрийг ташуу тайрна. Доод хос навчнаас 2 см доогуур тайрна. Хөрс: 2 хэсэг голын элс, 1 хэсэг навин хөрс.
Усанд үндэслүүлэх бол усандаа модны нүүрсний хэдтэрхий хийвэл илжрүүлэхгүй, ус муутгахгүй. Усаа 7-10 хоноод сольж байгаарай.
 
Иймэрхүү маягаар вакумдна
Хурдан үндэслүүлэхийн тулд суулгахын өмнө доод үзүүрийг үндэслэгчид 5—8 цаг дүрнэ. Үрсэлгээг илжрүүлэхгүйн тулд модны үнсэнд дүрнэ. Дараа нь доод 2 хос навч хүртэл хөрсөнд цэвэрхэн зооно. Үүний дараа дээгүүр нь шилэн стаканаар таглана. Сарын дараа зүсэлт хийсэн газар үндэс гарах каллюс үүсдэг. Дахин 1-1,5 сарын дараа үндэс ургана.
Кофены модны арчилгаа нь тасалгааны нөхцөлд нимбэгний модтой адилхан. Үндэслэсэн үрсэлгээг 9—12 см диаметртэй саванд суулгана. Савны ёроолд 1 —1,5 см том ширхэгт голын элс хийнэ. Хөрс: 2 хэсэг хүлэмжийн хөрс, 1 хэсэг ширгэн хөрс, 1 хэсэг угаасан голын элс. Хөрсөнд навчит модны үнс нэмвэл сайн байдаг. Энэ нь калийн дутагдлаас сэргийлдэг. Гүн суулгах хэрэггүй. Үндэсний хоолой илжрээд, үрсэлгээ үхэх магадлалтай. Үндэс савтай хөрсийг бүхэлд бүрээд урагхад 2-3 см том саванд шилжүүлж суулгана.
 
Залуухан модны иш хатуурч, модорч байгаа нь сонин байдаг. Ногоон иш эхлээд бор толбонуудтай болно, энэ нь гоё, үзэмжтэй харагддаггүй. Хэрэв нимбэгний модон дээр ийм толбо үүсвэл энэ мод үхдэг. Кофены модонд бор улаан толбонууд нь томорсоор сүүлдээ нийлээд, дараа нь цайрч цайвар шаргал өнгийн мод болдог.
Эхний 3 жил хавар болгон шилжүүлж суулгана. Харин том модыг 2—3 жилд нэг удаа. Хөгшин модны савыг шилжүүлж суулгах бүрдээ савыг 5—6 см томруулдаг. Бүүр томорсон модыг модон (гацуур модоор хийсэн) саванд суулгавал илүү дээр байдаг байна. Модон савныхаа доторхыг паяльникаар шатаана. Ингэхэд мод удаан задардаг байна.
Кофены модны мөчирийг тайрч "титэм" үүсгэх хэрэггүй. Суулгац эхний жил дээш тэмүүлж ургаж байснаа, хоёр дахь жилээс хажуугийн мөчирнүүд ургаж эхэлдэг. Энэ нь гол арга болсон мөчирнүүд байдаг. Бүтэц нь гацуур модтой төстэй. Харин энэ мөчирнүүдийг ургахад нь тайрч богиносгож дахин салаалуудаг.
  
Гурав дахь жилээс навчны ёроолоос ногоон "сахал" ургаж эхэлдэг. Үүнийг мөчир гарч ирж байна гэж андуурдаг. Хэд хоногоос энэ сахалны үзүүр цайраад цагаардаг байна. Энэ бол цэцгийн бундуу гарч ирж байгаа нь.
Ойролцоогоор сарын дараа бундуу дэлгэрдэг. Цэцэглэлт маш богинохон: 1 — 2 хоногийн дараа гандаад унадаг. Цэцэгний иш угнаасаа эхэлж зузаарч бүдүүрнэ. Ингээд бүдүүрсээр ирээдүйн жимсний уг болно.
Тасалгаанд ургуулахад өвөл хүртэл л цэцэг гарч ирээд байдаг. Гэрийн нөхцөлд кофены жимс лимон, мандаринтай адил 6-8 сар боловсордог. Жимс нь эхлээд ногоон өнгөтэй байна. Дараа нь хавар тийш цагаавтар болж хувирна. Дараа нь улаардаг. Энэ нь боловсорч дуусаж байгаагийн дохио. Гурван настай модон дээр 70—90 жимс ургадаг. Өөрөөр хэлбэл энэ нь 140—180 үр гэсэн үг. 
Нодлин жилийн навчны доороос 2-15 цэцэг гарна. Цэцэцглэлт заримдаа 8 сар хүртэл үргэлжилдэг. Жимс заримдаа бүтэн жил боловсорч ургадаг ч тохиолдол бий. Сайн арчилбал тасалгаанд ургуулсан нэг том модноос нэг жилд 1 кг жимс хурааж авч болдог.
Цонхон дээр ургуулж байгаа мод нэг талтай, далий бөөртэй болж ургадаг. Тэгш модтой болохын тулд цэцэгчид модыг байнга эргүүлж байдаг. Энэ нь ургацанд муугаар нөлөөлдөг.
Жимслэлтийг түргэтгэхийн тулд хавар-зуны улиралд залгалт хийж өгөх хэрэгтэй.
Жимсийг түүгээд кофе чанаж ууж болно. Үүний тулд үрийг хальснаас нь цэвэрлээд, халуун шүүгээнд - "духовканд" 70—80 хэмд хатаана, дараа нь 10 хоног ил задгай, цаасан дээр дэлгэж хатаана.
Үүнийхээ дараа хайруулын тавганд хийж наран цэцгийн самар хуурдаг шиг хуурна. Хуурсны дараа өнгө нь бор улаан өнгөтэй болно. Үүний дараа та өөрийн дураар чанаж ууж болно. Өөрийн ургуулсан кофег чанаж уухдаа анхаарах нэг зйүл байдаг: дэлгүүрийн кофег бодвол таны ургуулсан үрэнд кофеины агууламж маш өндөр, 3-4 дахин их байгаа. Зүрхний өвчтэй хүмүүс ийм кофе уух хэрэггүй шүү.
Гэхдээ зөвхөн кофе чанаж уух гэж кофены мод ургуулах бол бас тийм ч их үр өгөөжтэй ажил биш юм.
Гарч болох хүндрэлүүд
Навчны захаар харлаад байвал: шалтгаан нь хэтэрхий хүйтэн агаар. Дулаан газар шилжүүлж байрлуул.
Навч, нахиа үхээд байвал: шалтгаан нь хөрс хатаад байна. Усалгаа хийхдээ арай ахиу ус хийж бай.
Навч шарлаад унаад байвал: шалтгаан нь аалзан хачиганд баригдсан. Урьчилан сэргийлэх үүднээс байнга усаар шүршиж бай. Нэгэнт үржсэн бол дариу хор хэрэглэх хэрэгтэй. 
Навчны өнгө бүдгэрч, хатаж унаад байвал: шалтгаан нь - хуурай агаар.
Үүнээс гадна төрөл бүрийн хорхой шавьжинд баригдаж болно: ширх, хачиг, өт, г.м.
Гавчны өнгө алдагдах, цайрах, гандах нь хөрсний рН таараагүй бол болдог. Хөрс бага зэрэг хүчиллэг байх ёстой.
Кофены модыг +10-15°С-ээс доош агаарын хэмтэй газар байлгавал өвчилнө.
Нарны хурц халуун тусгал нь түлэгдүүлдэг – навчны үзүүр болон ирмэгээр бор, хуурай улаан толбо үүснэ.
Агаарын чийг 50%-аас доош байвал навч хумигдаад, элдэв хорхой шавьжинд өртөхдөө амархан болно. 
Хөрсний чийг ихэдвэл үндэс илжирнэ.
Гал тогооны өрөөндөө 8 жил ургуулсан кофены модыг болон арчилгааны бусад зүйлийг орос хэл дээр үзнэ үү:
АНХААР!
Дахин сануулахад: Кофены мод байршил өөрчлөхийг даахдаа муу. 30-40 градус эргүүлсэн ч үүнийг их эмзэг хүлээж авдаг. Навчаа гөвөх, цэцэглэлт гацах зэрэг зүйлүүд болно. Иймээс хамаагүй ойр ойрхон оролдож болохгүй!

No comments:

Post a Comment