Saturday, May 23, 2015

Кротон - Кодеум

Кротон буюу Кодеум 
КРОТОН, КОДЕУМ
Латин нэршил - Croton, Codiaeum
Овог: Сүүт өвс - Молочай (лат. Euphorbiaceae)
Молочай буюу сүүт өвсийн бүх төрлүүдийн адил кротон нь механик гэмтэл авахдаа навч, мөчирнөөсөө цагаан шүүс ялгаруулдаг. Энэ шүүс нь шархаа хурдан эдгээхэд тус болдог - амархан бүрхүүл үүсгэж, ямарваа нэгэн микроб орохоос сэргийлдэг байна.
Сүүт өвсийн бүх төрөл хортой шүүстэй тул кротоныг шилжүүлж суулгасан, тайрсан, арчилсны дараа гараа заавал савантай усаар угааж байгаарай! Эсвэл бээлий өмсөж ажиллаж байх хэрэгтэй.Маш үзэмжтэй харагддаг цэцэг. Алаг эрээн навчтай төрлөөр гэр орон болон офисын өрөө тасалгааг их чимдэг байна.
Эх нутаг: Ази, Океанийн орнууд. Байгальд ургахдаа 3 метр өндөр ургадаг. Тасалгааны нөхцөлд 35 -100 см хүрдэг.Алаг навчит кротоны навчны судал өвөрмөц шар өнгөтэй. Залуу навч ногоон байдаг, хөгшрөх тусам навчны өнгө өөрчлөгдөж, шар, улаан, эсвэл ягаан болж хувирдаг байна. 
АРЧИЛГАА
Агаарын хэм
Кротон агаарын дулаанд нилээн мэдрэмтгий. Өрөөний хэм +17 С хэмээс буурч огт болохгүй. Үүнээс гадна нэвт салхи, хүйтэн салхи, онгорхой цонхны доор тавих, агаарын дулааны огцом хэлбэлзэл зэргээс хамгаалж байх хэрэгтэй.
Кротон - дулаанд дуртай ургамал. Тохирох орчин нь + 20-22С хэмд байлгах хэрэгтэй. Хэр дулаан байгаагаас кротоны байдал шууд шалтгаална - хүйтэн агаарт үндэс илжирнэ.
Гэрэл
Кротон маш гэрэлсэг ургамал, гэхдээ зуны халуун хурц нарнаас хамгаалж байх хэрэгтэй, навч түлэгднэ. Өвөл хамгийн нартай цонхон дээр тавьна. Хаврын наранд бага багаар дасгах хэрэгтэй. Гэрэл дутахад кротоны навчны эрээн алаг чимэг болсон өнгөнүүд алга болж бүгд жигд ногоон болно. 
Усалгаа
Хавар болон зуны улиралд кротоныг тогтмол, сайн услаж байна. Хөрсний дээд хэсэг 1 см гүн хатсан байхад болно (ихэнхи бусад цэцгийг 3-4 см гүн хатааж байж усладаг). Намар, өвлийн цагт усалгааг багасгана. Хүйтэн, сэрүүнд хөрсний чийг удаан ууршдаг тул хэт ус хийгээд байвал үндэс болон ургамал бүхэлдээ илжрэх аюултай.
Ус дутагдхад кротоны навч бүгд унждаг. Айх хэрэггүй, сайн услах, эсвэл сайн усаар шүрших хэрэгтэй. Гэхдээ дандаа ийм байдалд оруулаад байж болохгүй.
Услахдаа том амсартай, задгай саванд хэдэн өдөр хонуулсан усыг өрөөний хэмтэй болтол нь бүлээсгэж байж хэрэглэнэ. Хүйтэн усаар уславал кротон бүх навчаа гөвөж мэднэ. 
Агаарын чийгшил
Кротон халуун орны ширэнгэн ойгоос гаралтай ургамал, иймээс агаарын чийг маш өндөр байх хэрэгтэй. Хавар - зун өдөр бүр жаваргүй, бүлээвтэр усаар шүршиж байна. Шүрших усандаа шингэн бордоо маш бага (хэрэглэх заавар дээр байгаагаас 4-5 дахин бага) тунгаар хийж навчаар бордож болно.
Өвөл тасалгаанд халаах төхөөрөмжүүд ажиллаж байгаа тул агаар маш хуурай байдаг - ойр ойрхон, өдрийн хэд усаар шүршиж байх хэрэгтэй. Навчийг чийгтэй алчуураар арчиж байх, сард нэг удаа бүлээн шүршүүрт оруулж угааж байх (ингэхдээ доорх хөрсийг гялгар уутаар бүтээж байж угаана). Навчны гадаргуйг чийгтэй алчуураар ямар ч улиралд арчиж байх хэрэгтэй.
Мөн агаар чийгшүүлэгч төхөөрмжүүд ажиллуулах хэрэгтэй. Энэ нь цэцэгний болон таны өөрийн эрүүл мэндэд хэрэгтэй юм.
Бордоо
Зун болон хавар идэвхитэй ургалт үе байдаг тул навчаар гоёдог ургамлын комплекс бордоогоор долоо хоногт нэг удаа бордож байгаарай. Хүйтрээд ирэхлээр, намар - өвөл сард нэг удаа борддог болно. Цэцгээ усалснаас хойш 20-30 минутын дараа бордож байгаарай. Шууд бордвол нарийн болон хялгасан үндэс түлэгдэж гэмтдэг.
Мөн дээр бичсэнээр навчаар бордоо өгч байж болно. 
Цэцэглэлт
Зөв арчилж, тогтмол бордож байвал кротон амархан цэцэглэдэг. Цэцэг нь шар, эсвэл цагаан өнгийн, жижигхэн, онцын үзэмжтэй биш, ургамлын хамаг амьдрах хүч, тэжээл, энергийг авдаг тул цэцэгнүүдийг нь түүж хаядаг байна. 
Хөрс
Залуу кротонд хамгийн тохирох хөрс бол ширгэн, навчин хөрсийг элстэй 1:2:1 харьцаатай авч холих. Харин том, хөгшин ургамалд навчин хөрсний хэмжээг илүү авдаг байна.
Croton Gold Dust
Шилжүүлэн суулгалт
Залуу кротоныг жил бүрийн хавар одоо байгаа савнаас нь 2-3 см том голчтой саванд шилжүүлж суулгадаг. Ингэхдээ хуучин хөрсийг гөвөх хэрэггүй, шууд шилжүүлж суулгаад, захаар нь шинэ хөрс чигжиж хийнэ. Хуучин хөрсийг салгах гэж үндэс ихээр гэмтдэг юм. (Сав томруулах тухай эндээс харна уу.)
Кротон хэт том, хэт гүнзгий саванд дургуй. Савны материал - шавар, эсвэл хуванцар. Ёроолд нь заавал дренаж хийнэ. Савны өндөрийн 1/4-ийг дренаж эзлэх ёстой. Дренажны дотор модны нүүрсний үртэс, үүрмэг хольж өгвөл илүүдэл ус хуримтлуулахгүй, үндэс илжрүүлэхгүй сайн талтай. (Дренажны тухай эндээс харна уу).
Хөгшин кротоныг 2-3 жилд нэг удаа шилжүүлж суулгадаг. 
Үрслүүлэх арга
Ихэвчлэн мөчирний хэсгээр үржүүлдэг. Хавар модорсон мөчирнөөс 10-15 см урттай тайрч авна. Бүлээн усанд модны нүүрс, эсвэл "активированный уголь" нэртэй эмнээс хийнэ. Энэ усандаа мөчирөө дүрж сүүн шингэн алга болтол байлгадаг. Дараа нь бага зэрэг хатаагаад, навчнуудыг нь дээш сойж хумиж бооно. Ингэхэд навчны уурших талбай багасдаг байна. Бэлэн болсон мөчрийг хүлэр+хөвд, элс гэсэн хөрсөнд суулгаад, гялгар уутаар бүтээнэ. Өдөр бүр нээж агаар оруулна, мөн бүлээвтэр усаар шүрсэнэ. Ойролцоогоор сарын дотор үндэслэдэг.
Энэ аргыг хэрэглэж болно:
Үндэслэлтийг хурдасгахын тулд хөрсөнд суулгахын өмнө мөчирний үзүүрийг үндэс хурдан ургуулдаг түргэсгэгч бодисонд - фитогормонд дүрээрэй. Жишээ нь, цэцгийн дэлгүүрүүдэд байгаа Корневин, Фитоверм, Гетероауксин гэх мэт. Үүнээс гадна үндэс хурдан ургахад хөрс халаах нөлөөлдөг (бүлээн пааран дээр тавьж болно).
Навчаар үрслүүлэх арга:

Навч, мөчирний хэсгийг усанд үндэслүүлж болно.

Кротоныг мөн үрээр тарьдаг ба агаарт үндэслүүлж болдог. Агаарт үндэслүүлэхийн тулд хальсыг нь хуулсан мөчирний хэсгийг чийгтэй хөвдөөр ороогоод гялгар уутаар бооно. Үндэслээд ирэнгүүт эх цэцгээс тасдаж аваад, шинэ саванд суулгадаг.
Агаарт үндэслүүлэх арга:
  
 

Эх цэцэгнээс тасдалгүй нахиа дарж үндэслүүлж мөн болно:
Үрээр тарих бол 1-2 сард суулгана. Үрийг урьдчилж хурдан үндэслүүлэгч фитогормоны уусмалд хэдэн цаг дүрж дэвтээдэг. 3-4 долоо хоногийн дотор соёолж ургана.
Өвчлөлт, хорхой шавьж
Кротон нь гурилан мөөг, аалзан хачиг, болон бүрхүүлтэй бор "щитовка" гэх хорхойнд баригддаг байна.
Ихэнхи өвчлөлт, хорхой шавьж нь хуурай агаар, мөн навчийг тогтмол угаадаггүйгээс үүсдэг байна.
Навчин дээр хуурай бор толбо үүссэн - нарны түлэгдэл.
Навчны үзүүр борлож хатаад байна - агаар хэт хуурай, эсвэл усалгаа бага байна.
Навчны өнгө өөрчлөгдөөд байна, захаараа борлоод, ургамал ургахгүй сааталд орсон - хэт сэрүүн, хүйтэн агаар. +16 С хэмээс доош орчинд ургалт зогсдог.
Навчны өнгө гандаж, цайраад байна - гэрэл дутсан.
Аалзны тор навчны доод талд үүсээд, навч өнгөө алдаад, бүдэгрээд байна - аалзан хачиг.
Хар-бор өнгийн тосорхуу толбо - щитовка шавьж.
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment