Saturday, June 27, 2015

Эухарис цэцэглэхгүй 5 жил боллоо

АСУУЛТ - ХАРИУЛТ: Сүүлийн 5 жил эухарис цэцэглэсэнгүй. Энэ хугацаанд 2 зулзаган сонгино өгсөн, навч нь байнга гундаад, шарлаад байдаг. Сонгино бага зэрэг хөрсөнд гүнзгийдүү суулгасан, зулзагуудыг бол бүтнээр нь хөрсөнд булсан. Нэвт салхи, нар, салхинаас хамгаалдаг, өвөл өрөөнд 18°С доош байдаггүй, хөрс хатахад усалдаг. Услахдаа доод суурь тавганд ус хийж усладаг. Борддог. Тэгээд юундаа байгаа юм болоо?
Эухарис, буюу амазоны сараана - сонгинон булцуутай ургамал. Манайхны ургуулах дуртай цэцгүүдийн нэг. Цэцэг нь гараагүй ч гэсэн гоёмсог, ногоон том навчтай. 
Зөв арчилвал жилдээ 2 удаа цэцэглэдэг: хавар, намар. Цэцэглэлтийн хугацаа нь харин таны арчилгаанаас шалтгаалдаг.
Цэцэглүүлэхэд юу хийх ёстой вэ?
Эухарис нь ганцаар цэцэглэхдээ муу: нэг нэгээр суулгасан сонгино цэцэглэхгүй уддаг. Нэг саванд зэрэг 3-4 сонгино суулгахад болдог.
Тайван ургах дуртай: ойр ойрхон шилжүүлж суулгаад, зулзагнуудыг салгаад байвал цэцэглэхгүй. 3-4 жилд нэг удаа шилжүүлж суулгана. Саваар дүүрэн зулзагнууд бий болсон байдаг. Зулзагнуудыг шилжүүлэн суулгалт хийх үедээ л салгадаг.
 Байршлыг нь солиод  байж болохгүй. Зөөлөн тод гэрэлтэй, дулаан, мөн онгорхой цонх, нэвт салхинаас нөмөр газар олоод байрлуулаад, эндээсээ зөөвөрлөхгүй байлгаарай. Байршил өөрчилсөн л бол цэцэглэлт хойшилно. 
 Хөрс сийрэг байна: навчин хөрс, ширгэн хөрс, хүлэр болон элс (2:1:1:0,5 харьцаатай авч) хольно. Суулгах сав гүнзгий биш, хэт өргөн биш.
 Том саванд суулгаж болохгүй. Сав бага байх тусам цэцэглэх нь хурдан болно. Cавандаа багтахгүй болоод ирэхлээр цэцгийн бундуу үүсдэг гэдэг. 
 Гэрэл дутвал цэцэглэхгүй уддаг.
 Амралт үе бага ч болов гаргаж өгөх ёстой. Цэцэглэлт дусангуут амралт үе эхэлдэг. Хэрэв таны цэцэгний навч шарлаад байвал амраах болсон байна гэсэн дохио. Амралт үед цэцгийг сэрүүн, +14-16°С дулаантай газар байрлуулж, усалгааг багасгана, навч унжиж, сульдах ёсгүй. Амралт үе нь идэвхитэй ургалт үеээр солигдож ирэхэд дулаан газар оруулж +18-20°С, усалгаа цөөн хэвээр, гэхдээ нэг услахдаа сайн усална.
2013 оны 3 сарын сүүлээс эхлээд огт услаагүй, дусал ус ч хийгээгүй бүтэн 40 хоносон. Интернэтэд 60 хоног услахгүй байлга гэсэн байсан. Навч шалбийгаад, унжаад, сулраад, үрчийгээд, бэржийгээд, үсгүй болж байгаа нь мэдрэгдээд ирнэ. Цааш удаан ингэж болохгүй нь ээ гэж бодогдоод ирэхлээр нь услаж эхэлсэн. Маш бага тунгаар сард 2 удаа бордож байсан. 7 сарын эхээр бундуулсан байсан. 7 сарын 23-нд дэлбээлж эхлэв.
Нэгэн орос цэцэгчдийн бичлэг дээр ийм аргаар жилд 3 удаа цэцэглүүлдэг гэсэн байсан. Том булцууг тэгэж болох байх. Ер нь бол хоёр удаа өлхөн цэцэглэх юм байна лээ. Сайн бордож, хүч оруулж байхгүй бол булцуу их сульддаг.

No comments:

Post a Comment