Wednesday, June 25, 2014

Цэцэг "спортлох" гэж юу гэсэн үг вэ?


Юүлүүргэнэ "Roulette Cherry"

Хэвшмэл нэршил: Спорт, хугаралт, химер
Ямар ургамал өртөх боломжтой: Бүх ургамал.
Гол шалтгаан: Генийн мутаци. 
Ихэвчлэн тохиолддог улирал/цаг: хавар, зун, ихэнхдээ агаарын темпертурын огцом хэлбэлзэл, хэт халуун орчинд байлгаснаас, хурц наранд халсанаас гэх мэт.  
Шинж тэмдэг: 
Байгалийн генетикийн мутациас болж ургамлын зарим хэсэг нь тухайн сортын шинж тэмдэгээс эрс өөр гарахыг хэлдэг. Энэ нь өөр өнгийн дэлбээ, өөр өнгийн навч, тэс өөр жимс гэх мэтээр илэрч болно. 
Ерөнхийдөө нэг ургамал дээр нэгээс хоёр мутаци байж болно. Жишээ нь салаалж ургасан шинэ мөчирнөөс өөр өнгийн цэцэг гарах, эсвэл дэлбээлсэн олон цэцэгний дунд ганц ширхэг содон өнгийн цэцэг гарах гэх мэт. Нэгэнт өөрчлөгдсөн, мутацид орсон мөчир/ургамлын хэсэг нь эргээд сортын шинж чанарлуугаа ордоггүй гэдэг. Тасалгааны ургамал дээр энэ нь яг батлагддаг. Харин Английн RHS (Royal Horticultural Society)-ийн бичсэнээр спортолсон өөрчлөлтүүд жилийн дараа эргээд сортын шинжрүүгээ ордог гэж бичсэн байдаг.

Спортолсон жимс
Гарах шалтгаан: 
Мутаци нь гэнэтийн болдог өөрчлөлт. Ургамлын эсийн дотор өөрчлөлт болсноос үүднэ. Заримдаа хэт хүйтэн/хэт халуун агаараас болно, заримдаа хорхой шавжинд баригдсанаас ч бас болно. 
Заримдаа мутаци нь мэдэгдэхгүй өнгөрдөг. Үүссэн эсийн хүрээнд л болоод өнгөрөх жишээтэй. Харин яг ургаж байгаа хэсэгт тэр эс нь байж таарвал тэрнээс дээш ургасан бүх хэсэг өөрчлөлттэй ургана. 
Химер гэдэг ойлголт нь генетикийн хувьд өөр өөр эд эстэй хэсгүүд нэг ургамал дээр зэрэг ургахыг хэлнэ. Жишээ нь, хризантема, сарнай, мандарваа, нил цэцэг зэрэг нь химер цэцэг гаргах дуртай. Химер нь өөр өөр өнгийн хэсгүүдтэй цэцгийг ер нь хэлдэг. 


ЛЕ - Фуксиевое Кружево сорт спортын хамт. Надаа бол спорт нь илүү таалагдаж байна. :)))))
 

Cпорт гэдэг нь арчилгааны буруугаас болдоггүй, энэ нь өвчлөл биш. Гэнэтийн мутаци тул ямар нэгэн проблем гэж хүлээж авах хэрэггүй. Хүсвэл тэрүүхэн хэсэгийг тайраад хаяж болно. 
Тасалгааны ургамлын хувьд спортолсон хэсгийг эх цэцэгнээс тайраад авсан нь дээр гэж үздэг. Спортолсон хэсгээс үрслүүлсэн ургамал нь спортолсон шинж тэмдэгтэй л ургана. Эх цэцэгний шинж тэмдэг эргээд гарахгүй.  


Юүлүүргэнэ, нил цэцгэнд хамгийн их спортолдог төрлүүд бол "Фэнтези" төрлүүд. Энэ нь нэг өнгийн дэлбээн дээр өөр өнгийн зураасан, толбон хээтэй сортуудыг хэлдэг. 
Бараг спортолдоггүй төрлүүд байдаг. Энэ нь ихэнхдээ энгийн, нэг өнгийн дэлбээтэй сортууд байдаг. 
Цэцэг ганган байх тусам спортлох нь амархан байдаг. 

"Шахиня" сорт, спортын хамт
 

Спорттой огт холбоогүй нэгэн үзэгдлийн тухай энд бас дурдахад гэмгүй. Генийн мутаци биш ч цэцэгний өнгөнд нөлөөлдөг хүчин зүйлүүд байдаг. Энэ нь цэвэр арчилгаа, ургуулж байгаа нөхцөл, орчноос хамааралтай юм. Агаарын температур, хөрсний найрлага, гэрэл зэрэг нь цэцэгний өнгөнд шууд нөлөөлдөг. Мөн нэг сорт өвөл нэг өнгөөр цэцэглэдэг бол зун огт өөр өнгө гаргадаг. 

Шимтэглээ "Marie Louise" сорт  спортын хамт
 

Нил цэцгийн хувьд ногоон аржгар эмжээртэй төрлүүдийг хүйтэнд байлгах тусам илүү их буржгар болдог ба цэцэгний хэмжээ илүү том болдог, цэцэг хагдарахгүй илүү удаан тогтдог, алаг навчтай бол навчны цагаан хэсэг илүү өргөн болж гардаг гээд олон зүйлүүд байдаг. 
Нил цэцэгний өнгө өөрчлөгддөг бас нэг шалтгаан бол - хөгшрөх тусам цэцэгний өнгө (ялангуяа хоёр өнгөт сортуудад) өөрчлөгддөг, цайвар хэсэг нь бүүр алга болж болно, эсвэл цэцэгний өнгө илүү бараан болж болно. Ийм тохиолдолд энэ бутыг залуужуулах хэрэгтэй болно. Алаг биш навчаар үрслүүлж гаргаж авна гэсэн үг. 

      ЕК-Белая Королева                                        ЕК-Белая Королева спорт
 

Сортын дагуу цэцэгтэй болохыг хүсвэл: 
1. Хамгийн энгийн зөвөлгөө бол - цэцэглэж байгаа үрсэлгээ худалдаж авч байх. Жишээ нь, шимтэглээ, нил, юүлүүргэнэ, сарнай, хризантема, мандарваа, гээд маш олон цэцэг спортлохдоо амархан байдаг. Цэцэглэсэн байхад нь аваарай.
2. Фэнтази төрлүүдээс навчаар үрслүүлж байгаа бол гарсан бүх зулзагнуудыг аль болох  бүгдийг нь ургуулж цэцэглэхийг нь хараарай. Мөн л спортлохдоо амархан шүү. 
3. Боломж байвал навч худалдаж авах биш, хажуугийн салгасан бут/зулзага авсан нь дээр байдаг. Ийм зулзагнууд сортын шинж тэмдэгээ авч үлдэхдээ илүү дээр байдаг. Спортлох нь бага.
4. Хэрэв үрсэлгээ, эсвэл бэлэн зулзага авч байгаа бол навчин дээр бараан пигмент толбонууд байхгүй байх ёстой. Цаанаасаа үүссэн толбо нь спорт байж болох өндөр магадлалтай. 

Спорт гэдэг нь өвчин биш, ямар нэгэн бодис, бордоо, хор цацаад эргээд сортруугаа орохгүй. 
Камелия спорт

Спорт нь гибридуудад илүү их тохиолддог, хэт ганган байх тусам илүү их спортолдог гэж дээр хэлсэн. Гибридуудыг гаргаж авах гэж маш олон эх-эцэгийн материал ашигласан байдаг тул спортлоход аль нэг ээж-аавын шинжрүүгээ эргэсэн байж болно. Гэхдээ спортлох гэдэг нь заавал ээж-аавруугаа буцаад өөрчлөгдсөн гэж ойлгож болохгүй.

Спортолсон олон ганган хувилбаруудыг шинэ сорт болгон бүртгэж авсан байдаг. Жишээ нь, Appleblossom Rosebud шимтэглээний спортолсон хувилбаруудаас Westdale Appleblossom, April Snow, Fischer's Appleblossom, Happy Appleblossom гэх мэтээр маш олон шинэ сортууд гарсан. Шимтэглээг ажиглахад зуны улиралд голдуу спортлоод байдаг.

                     Appleblossom Rosebud                             Happy Appleblossom Rosebud                  
 

           April Snow Rosebud                                    Westdale Appleblossom Rosebud
 
Ашигласан материал:
http://fialka-mini.ru/rekomendatcii-i-poleznaya-informatciya/sort-i-sport
https://www.rhs.org.uk/advice/profile?PID=259 
https://ok.ru/komnatnyrastishka/topic/65071738836478
http://my-flower.su/sport-rasteniy-pochemu-rasteniya-sportuyut/

No comments:

Post a Comment