Saturday, May 30, 2015

Шимтэглээнээс хураасан үрнээс эх цэцэг ургах уу? Шимтэглээ спортлох уу?

АСУУЛТ - ХАРИУЛТ: Алаг цоохор шимтэглэйнээсээ зөндөө үр хураалаа. Суулгавал яг энэ шимтэглэй ургах уу?
Хэрэв та "үйлдвэрийн үр" дэлгүүрээс авсан бол, хэрэв тэр нь мэргэжлийн аргаар гаргаж авсан гибрид F1 эсвэл F2 үр бол уутан дээр нь бичсэн шинж чанартай ургамал ургана.
Гибрид буюу эрлийзжүүлсэн сортууд гэрийн нөхцөлд үр бараг өгдөггүй. Хэрэв гибрид шимтэглэйнээс үр хурааж авч чадсан бол түүнээс ургах цэцэг эх ургамлын шинж чанараа 95%-д нь хадгалахгүй.
 
Жишээ нь, алаг навчтай гибридуудыг үрээр нь ургуулвал жирийн ногоон навчтай гардаг. Иймээс сортын шинж чанарыг авч үлдэхийн тулд зөвхөн мөчир, навч гээд вегетатив аргаар үржүүлнэ. Урд нь энэ тухай "F1 үр" гэсэн бичлэгт дурдсан байгаа. 
Сонирхолтой нь мөчир болон навчаар үрслүүлсэн шимтэглэй нь нил, баримгана, юүлүүргэнэ зэрэгтэй адил заримдаа "спорт" гаргадаг байна. Гэхдээ тэдэнтэй харьцуулахад хамаагүй цөөн ховор тохиолддог.
 
"Pink Ice" сорт                                                 "Pink Ice" сортын спорт
Орчин үеийн шинэ ганган сортууд нь маш олон удаагийн гибриджүүлэлтийн үр дүн юм. Аль нэг урдах "эцэг, эх" сортуудынхаа хэлбэрлүү эргэх гээд байдаг.
Заримдаа бутны аль нэг мөчирнөөс огт өөр өнгийн цэцэг гардаг. Оролдохгүй үлдээж болно. Гэхдээ спортолсон ген илүү хүчтэй байдаг тул яваандаа бутыг бүхэлд нь өөрчиж болох талтай. Нэгэнт спортолсон ургамал гибрид эх цэцэгнийхээ шинж чанарлуу буцаад өөрчлөгдөхгүй. Спорт - вегетатив мутацид орсноор өөрийн сортын шинж чанарыг алдсан ургамлыг хэлдэг. Ийм мутацийн үр дүнд цэцэг танигдахааргүй өөрчлөгддөг.
Шимтэглэйний хамгийн их спортлох дуртай төрлүүд бол алтанзул цэцэгтэй, унждаг болон хаан. Cпортуудын зарим жишээ:
 
 
 
Сарнайн дэлбээтэй шимтэглэйнүүд 1850-аад оноос бий болсон. Английн Виктория хатан хааны дуртай цэцгүүдийн нэг байсан байна. Сарнайн дэлбээтүүд үр огт өгдөггүй. Зөвхөн вегетатив хэлбэрээр л үржүүлдэг. Гибрид гаргах маш хэцүү тул сарнайн дэлбээтэй шимтэглэй харьцангуй цөөн сорттой.
Appleblossom Rosebud
"Appleblossom Rosebud" анх 1870 онд тэмдэглэгдсэн. Түүнээс гарсан олон спортууд нь тусдаа сорт болоод бүртгэгдсэн байдаг.
Happy Appleblossom Rosebud
Жишээ нь түүний нэг спорт нь "Happy Appleblossom Rosebud" гэсэн нэртэй 1998 онд бүртгэгджээ. Эх сортоосоо ялгаатай нь навч нь алаг - дундаа эрвээхэй хээтэй, бут нь арай авсаархан, намхан.
Дараагийн спорт нь "Westdale Appleblossom Rosebud" сорт болсон байна.
Westdale Appleblossom Rosebud

Хаан, алтанзулан цэцэгтэй шимтэглэйнүүд хамгийн их спортолдог төрлүүд.
Ихэнхи спортууд гэнэтийн гарсан өөрчлөлтүүд. Харин туяагаар шарж албаар спортлуулж шинэ сорт гаргаж авдаг байна. Жишээ нь шимтэглэй дээр Стронций-90 гэх туяа хэрэглэдэг байна.

Хурааж авсан үрнээс ургасан зарим жишээ:
1. "Horning Ferry" хагас давхар дэлбээтэй сэвхтэй шимтэглэй
Horning Ferry
Энэ сортоос гарсан үр дан 5 дэлбээтэй, сэвхтэй хээгээ хадгалсан шимтэглэй өгөв. Сүүлийн үеийн гибрид сортууд цэцэглэсний дараа дэлбээгээ хаяж хог тарьдаггүй. Үүгээрэй "үйлдвэрийн үрээр" тарьсан шимтэглэйнээс ялгаатай байдаг. "Horning Ferry"-гийн үрнээс ургасан шимтэглэй нь энэ шинж чанараа хадгалж үлдсэнгүй, цэцэг хагдрахдаа дэлбээгээ доош унагаад байв. 
 
"Horning Ferry"-ийн үрнээс ургасан цэцэг

2. "Gracious Lady" 
Энэ сортоос хураасан үрнээс ургасан шимтэглэй нь эх цэцэгтэйгээ бараг адилхан гарав. Ганц ялгаа нь - үрээр ургасан бут нь илүү том, хүчирхэг, овортой болсон байна. Бусдаар яг эх сорттойгоо адилхан.
Gracious Lady-ийн үрнээс ургасан бут

 
Унждаг шимтэглэйний цэцэгний өнгө нь өөр өөр гардаг. Энэ нь заавал спортолсон гэсэн үг биш. Унждаг шимтэглэйний эрээн алаг өнгө жигд нэг өнгө болж хувирдаг нь хэт халуунаас бас болдог байна. Сэрүүн болоод ирэхлээр эргээд жинхэнэ өнгөөрөө гардаг байна.

 
                                "Elmsett" сорт                                                "Elmsett" сорт нэг мөчир спортлов

Хэрэв бутны нэг мөчир нь өөр өнгийн цэцэг гаргасан бол, энэ нь харамсалтай мутаци юм. Мутаци болсон мөчирнөөс эргээд эх цэцэгний өнгөтэй цэцэг гарахгүй.
"Bev Foster" сортын нэг мөчир нь спортолсон байгаа нь:


"Natalie" нэг мөчир нь спортлоод дан цагаан өнгө гаргав:
"Natalie"-ийн цэцэг ийм байдаг:
"Natalie"-гий бутнаас ургасан цагаан цэцэгтэй мөчирнөөс үрслүүлж авбал цагаан цэцэг л гарна. Эргээд жинхэнэ "Natalie" ургахгүй.

No comments:

Post a Comment