Saturday, June 27, 2015

Баримганы арчилгаа: Амралт үе

АСУУЛТ - ХАРИУЛТ: Баримгана сайн ургаж өгөхгүй байхаар нь навч, ишийг нь тайраад амраачихсан. Зөв үү. Нодлин 6 сард навч суулгаад, зулзага гаргаж аваад, тэр нь ургахгүй байхаар нь амраавал ургах байх гэж бодлоо.
Нэг нас хүрээгүй баримганыг арчлах арга:
Намар-өвлийн цагт баримганы булцуу амрах ёстой байдаг. Амралт үе нь 3 долоо хоногоос 4 сар хүртэл бөгөөд түүнээс ч дээш байдаг. Хэрэв таны баримгана ой хүрээгүй бол булцуу нь томроогүй байгаа. Балчир баримганыг яаж арчлах вэ:
Амралт үе гаргалгүй ургуулах
Баримганыг эхний жил нь амраахгүй байж болно. Ялангуяа, огт цэцэглэж байгаагүй бол амраах хэрэггүй. 
Оройдоо нэмэлт гэрэл гаргаж өгөөд байвал өвөлжингөө ердийн ургалттай байх бөгөөд булцуугаа томруулдаг. Гэрэлтүүлэг нийт 12 - 14 цаг үргэлжлэх ёстой. 
Хэрэв нэмэлт гэрэл гаргаж өгөхгүй бол цонхон дээр байгаа баримгана гэрэл дутсанаас болж сунаж, урт болно.
Ой хүрээгүй булцуу жижиг бол (2 см доош) эхний жилдээ унтуулах хэрэггүй
Сунаж ургасан баримгана үзэмж муутай харагддаг. Үүнээс сэргийлэхийн тулд сэрүүвтэр +18С хэмтэй газар байрлуулна. Хэрэв сунаж урт ургасан бол 2 сар гээд доод талын 2 хос навчийг үлдээгээд тайрна. Тайрсан мөчрийг үрслүүлж авч болно. Үлдээсэн хоёр хос навчны ёроолоос шинэ нахиа ургана. 
Баримганыг ургуулах тохиромжтой агаарын хэм бол +18-24С. Хэрэв үүнээс халуун бол ургамал мөн л сунаж ургана.
Амралт үе гаргаж өгөх
Хэрэв ой хүрээгүй баримганы булцуу 2 см болон түүнээс дээш голчтой бол, мөн цэцэглэж байсан бол, намар-өвлийн улиралд сэрүүн орчин, нэмэлт гэрэл гаргаж өгч чадахгүй бол унтуулсан нь дээр.
9-10 сард булцуунууд амралт үедээ орно. Зарим булцуу өөрөө хатаад, унтаад өгдөг бол зарим нь зүгээр цааш ургаад, навч цэцэг гаргаад байна. Хэрэв өвөл хүчээр унтуулахгүй бол өвөлжингөө цэцэглэж байгаад хавар-зун амраад өгнө. Хүчээр унтуулах гэдэг нь иш, навчийг нь тайрч ургуулахгүй байхыг хэлнэ.
Амралт үед бэлтгэх 
 Усалгааг багасгах: 9 сараас усалгааг эрс багасгана. Усалгааг цөөрүүлж, аль болох бага ус хэрэглэнэ. 
 Гэрэл багасгах: цонхноос аваад шалан дээр тавих ч юм уу. 
 Бордохгүй байх.
 Сэрүүн агаар: +14-18 С хэм нь хамгийн тохиромжтой дулаан. Ийм нөхцөлд амархан унтдаг.
Унтахад бэлдсэн баримганы доод навч хамгийн түрүүнд хатаж, шарлаж эхэлдэг. Дараа нь дээрх навч хатдаг. Навч, ишийг бүрэн хатааж байж тайрч хаях нь дээр. 
PS: Баримганы булцуу амраах тухай хуучин блогт байсан бүх бичлэгүүдийг энд нэгтгэсэн тул зарим зүйлүүд давхардаж байгаа.
Хэзээ албадан амраах вэ? 
Намар тагтан дээрх цэцэгнүүдээ оруулж ирэхэд гэрт цэцэг багтахаа больдог тул 10 сарын эхээр зай гаргах үүднээс баримгануудаа хүчээр амрааж болно. Диаметр нь 2 см дээш томорсон булцуутай, өөрөө унтахгүй байгаа баримгануудыгаа тайрна. Энэ үеээр гэрт халаалтгүй сэрүүн-хүйтэн байдаг тул унтахдаа амархан байдаг. 
Тайрахын өмнө усалгаа, бордоо, гэрлийг багасгаж өгч бэлдэж байж тайрна. Шууд тайрах муу. Тайрсан савтай булцуугаа харанхуй газар хадгална.
Баримганы булцуу жилд 2-4 сар унтаж амардаг. Энэ хугацаа булцууны хэмжээнээс хамаарч урт богино байдаг. Ер нь бол намар-өвлийн улиралд амралт үе нь байдаг. Гэхдээ миний баримганууд янз янзаар амардаг. Халуун зунаар унтдаг ч байгаа. 2 наснаас нь булцууг унтуулж амрааж эхэлнэ. Нэг настай цэцгийг унтуулах хэрэггүй гэдэг. 
Хэрэв таны булцуу хэт удаан унтаад байвал сэрэх болов уу гэж санаа зовож эхэлнэ. Булцуу эрүүл бол тайван хүлээж болно. Цаг нь ирэхэд ургана. Хэрэв сэрээх хэрэгтэй бол дараах амархан аргыг хэрэглээрэй:
Баримганы булцуу "цоожтой" гялгар уутанд дорхноо сэрдэг. 
"Цоожтой" уут байхгүй бол энгийн гялгар уут авч, ёроолд нь 1-2 хоолны халбага чийгтэй хүлэрт хөрс хийгээд, усаар зөөлөн шүршээд өгөөрэй. Булцуугаа уутанд хийхийн өмнө урсгал усанд угаагаад, ялзарсан, зөөлөрсөн хэсэг байгаа эсэхийг шалгана. Хэрэв булцуу зөөлөрсөн, дарахлээр шүүс гараад байвал хаяна. Хэрэв булцуу хатуу, эрүүл бол хатаагаад, дараа нь хөрстэй уутанд хийнэ.
Уутны амсрыг сайн боогоод, дулаахан (+24-26С) маш сайн тод гэрэлтэй газар тавьна. Уутыг нээж агаар оруулах хэрэггүй. Уутны ханаар хөлөрч эхэлнэ. Ойролцоогоор 2 долоо хоногийн дараа нахиа гарсан байдаг. Гаргаад саванд суулгана.
Ийм аргаар сэрээхэд хурдан байдаг ба дээр нь нэгээс илүү нахиа гардаг. Ургаад томроход нахиа бүрийг салгаад үндэслүүлээд олон баримганатай болно. 
Гарах нахианы тоо нь булцууны сорт, том жижиг хэмжээнээс хамаардаг. Мөн тусгаж байгаа гэрлийн хүч чадлаас, гэрэлтүүлэх цагийн уртаас шалтгаалдаг.
Урд нь амралт үеийн талаар бичиж байсан бичлэгүүдийг сөхөөд үзээрэй:
"Баримгана: Арчилгаа, амралт үе, булцуу хадгалах, суулгах"
"Баримгана үргэлжлэл: арчилгааны онцлогууд, булцуу эмчлэх, суулгах"
Доор тавьсан хэсэг бол эдгээр бичлэгүүдээс давтсан байгаа юм. Та нар ухахгүй, нэг дор бүгд байвал амар болов уу гээд дахин орууллаа. Гэхдээ бичлэг тус бүрийг гүйлгээд уншсан нь дээр шүү. Хэрэгтэй чимхлүүр жижиг санаа, зөвлөмжүүд байгаа.
Амралт үе
Бусад булцуут ургамлуудын адил баримгана амардаг. Цэцэгний голоос эхэлж навч нь хатаж эхэлвэл "амралт үе" эхлэж байна гэсэн үг. Энэ үеээс эхлээд усалгааг цөөлөх хэрэгтэй. Цэцэглэж дуусахад навч мөчирийг нь тайрах хэрэггүй. Булцуу нь цэцэглэлтэнд зарцуулсан хүч тэнхээгээ нөхөж авч байж амралт үедээ орох ёстой. Тэгэхгүй бол хавар сайхан цэцэглэхгүй. 

Ухаж авсан булцууг цэвэрлээд, хатаагаад хадгална
Иймд цэцэглэсний дараа усалгааг арай багасгаад, навч өөрөө хагдартал хүлээнэ. Амрах үед хөрсөн доорх зөөлөн жижиг үндэснүүд хатаж үхдэг. Навч хатаад дуусахлээр булцууг ухаж аваад цэвэрлээд, хатаагаад, хуурай элстэй хайрцаг, эсвэл хуурай модны үртэс дотор хийж хадгална.
Булцууг өвөл +10-15°С хэмд хадгална. Хөргөгчний хаалганы хэсэг, мөн ногоо хадгалдаг хэсэгт байж болно. Хөргөгчний хамгийн доор +12-16С дулаантай орчин байдаг. Энэ нь булцууг хадгалахад таарсан температур. Үүнээс дулаан газар байлгавал булцуу амарч чадалгүй ургаад эхэлнэ. Хөргөгчинд хадгалах амар байдаг. Булцууг хэзээ сэрээхээ та өөрөө зохицуулж болдог. Хөргөгчинд 2-3 сар хадгалж байгаад гаргаад гэрэлтэй газар тавьхад сэрээд ургаад эхэлнэ.
Мөн ингэж цоожтой уутанд үл ялиг чийгтэй хүлэрт хөрс булцуутай хамт хийгээд сэртэл нь нээхгүй хадгалж болно. Булцууг гялгар уутанд амраах бол зөвхөн сэрүүн газар хадгална! Услах хэрэггүй. Ус чийг огт хүргэхгүй! 
Арай хялбар арга бол булцууг савнаас нь гаргалгүй сэрүүн харанхуй газар амраадаг. Энэ аргын сайн тал нь булцуу дассан нөхцөлдөө амардаг. Үүний тулд цаасанд боогоод, эсвэл цаасан хайрцганд хийгээд сэрүүн газар тавина. Өвөл халаалттай байранд +22-26С орчим дулаан, агаар хэт хуурайшсан байдаг тул сард 2-3 удаа услаж байх хэрэгтэй. Ийм газар хадгалахдаа хөрс бүүр хатаахаас болгоомжилж үе үе шалгаж байгаарай. Хэрэв +16-18°С сэрүүн газар тавьсан бол сард дээд тал нь 1-2 удаа усална. +10-15°C хэмд байлгаж байгаа бол хөрсийг сард нэг удаа үл ялиг чийглэж байна.
Эсвэл зураг дээр үзүүлсэн шиг доод суурь тавагаар таглаад гялгар уутанд хийж сэрүүн газар байлгана. Мөн л ойр ойрхон шалгаж, хатсан бол услаж байна, ургаж эхэлсэн үгүйг харна, булцуу илжирсэн, хөгц ургасан зэрэгийг хянаж байх хэрэгтэй.
Гялгар уутанд савтай нь хадгалах бол зөвхөн харанхуй газар хадгалдах ёстойг анхаарна уу! 
 
5 сард цэцэглүүлэхийн тулд булцуугаа 1 сард хөрсөнд суулгадаг. Өөрөөр хэлвэл цэцэглүүлэх хугацаанаасаа 5 сарын өмнө суулгах нь. Амралт үе заавал өвөл гэж бас байдаггүй. Миний олон баримганууд зун амарч өвөл ургадаг. 
Сав: Хэт том булцуу биш л бол ихэнхдээ 12 см голчтой сав тохирдог. Сав өндөр биш, намхандуу далбагар өргөн байвал таардаг. Том булцуунд савны хана булцуу хоёрын зай 4-5 см байхад тохирдог. Жижиг булцуунд савны хана хүртэл 3-4 см зайтай байхад болно. Саваа ариутгасан байх ёстой. Доор нь дренаж хийнэ.
Хөрс: Голын элс, хөвд, ялзмаг, ширгэн хөрсийг хольж ариутгана. Перлит, вермикулит хүсвэл нэмэж болно.
Суулгахдаа булцууг 1-2 см зузаан хөрсөөр хучина. Эсвэл булцууны дээд хэсгийг ил үлдээж болно. Ингээд услаж эхэлнэ. 
Шинэ нахиа, навч ургаж гарах явцад аажмаар усалгаагаа нэмсээр ердийн хэмжээнд хүргэнэ. Навч томрох, олноор гарах үед бага багаар бордож эхэлдэг. 
Уутанд амраасан булцуу мөн  өөрөө ургаад ирдэг. 
Сэрээх хэрэгтэй бол хөргөгчнөөс гаргаад гэрэлтэй газар (гэхдээ наранд тавьж болохгүй) байрлуулахад ургаад эхэлнэ. Саванд суулгахдаа дээр бичсэний дагуу хийнэ. 
 
Заримдаа булцуунууд өөрсдөө сэрээд ургаад эхэлсэн байдаг. Ийм булцууг шууд шинэ хөрстэй саванд суулгана.
Шинээр үрслүүлсэн баримганыг өөрөөр хэлвэл нэг нас хүрээгүй булцууг хүчээр амраах гээд хэрэггүй. Усалгааг багасгаад жирийн аргаар ургуулж өвөлжүүлнэ. Гэхдээ зарим тохиолдолд нялх булцуу өөрөө навчнуудаа хатаагаад унтаад өгдөг. Булцуугаа амарч байх үед сайн шалгаж байна. Жижиг булцуу илжрэхдээ амархан байдаг.


Арчилгааны бусад зүйлийг эндээс уншаарай:

2 comments:

  1. barimganaa amraah geed uslhaa boliod tavisiin tegeed uzsen chin bultsuuni zulrchij odoo yahuu ter herggui bolson u

    ReplyDelete
    Replies
    1. Uug n uslahaa baihaar zuulruh n gaigui bdg yum san. Esvel uslahaa boliod deerees n yumaar huchsan, humursun, esvel huiten gazar tavij bultsuu hursoo daaruulsan, esvel esregeeree haluun narand tavisan, nugooh haluun narand jignegdeed zuulursun g.m. bj boloh yum. Her zereg tom bultsuu, yaaj zuulursun bga bol. Tom bultsuu, hesegchilj zuulursun bol eruul heseg hurtel n avch tseverlene. uldsen hesegiig avarch uldej boldog. Herev bugd zuulursun bol avralgui.

      Delete