Tuesday, June 23, 2015

Баримганы цэцэглэлтийг удаан үргэлжлүүлэх, цэцэг олон гаргах зөвлөмж

Хуучин блогийн хэдэн бичлэг нийлүүлсэн тул энд тэнд давтагдсан зүйлүүд байгаа.
Цэцэглэлтийг удаан хугацаагаар үргэлжлүүлэхийн тулд олон бундуу ар араас нь гаргах шаардлагатай. Мөн бундуу бүр дэлгэрээд, цэцгийг нь удаан тогтох хэрэгтэй. Энэ бүгдийг дараах аргаар бий болгоно:
 Гэрэлтүүлэг: гэрэл тод, сарнисан, нийт өдрийн гэрлийн урт - 12 - 14 цаг байх ёстой. 
 Хөнгөхөн, тэжээллэг хөрс, бордоо: хөрсийг хөнгөн сэвсгэр болгохын тулд хүлэрт хөрс, перлит, вермикулит, модны нүүрсний үүрмэг, элс, хөвд гээд байгаа зүйлүүдээ сайн холих хэрэгтэй.
 Бордоог сард 3-4 удаа хийж байна. 
 Усалгаа - тохируулж цаг тухайд нь. Усалгаа багадвал цэцэг дэлгэрэхгүй. 
 Агаарын хэм +18-22С дулаан байвал маш олон бундуу гардаг. Энэ нь бундуу бүрэлдэж байх үед маш тохирсон дулаан. Баримгана нь дулаанд дуртай цэцэг. Хэт халуун орчинд бундуу олноор гарахгүй.
 Байршил: баримганууд бие биендээ саад болохооргүй, навчнууд нь хоорондоо хүрэхгүй байхаар чөлөөтэй байрлуулах хэрэгтэй. Зай муутай байвал сунаж, иш мөчир уртасч, цэцгийн бундуу бага гарна.
 Булцууны хэмжээ аль болох том, хүчтэй. Том байх тусам илүү олон бундуу гарна.
 Мөн олон бундуу, цэцэг гарах нь сортын онцлог байж болно.
Дэлбээлсэн цэцгийг удаан байлгахын тулд сэрүүвтэр (+18-20 С) газар, нарны шууд тусгалаас хамгаалж байрлуулна.
Эдгээр нөхцөл бүрдсэн байхад үр суулгаснаас 3-5 сарын дараа, навчаар үржүүлснээс 5-7 сарын дараа цэцэглэж эхэлдэг.
Олон цэцэг яаж гаргах вэ?
Энэ нь хэд хэдэн зүйлээс шалтгаалдаг: 
 Сортын онцлог байж болно.
 Булцууг өвөл сайн амраасан байх. Хэрэв сайн амраасан бол гарах цэцэгний тоо олширлог.
 Зөв бордох, хэрэгцээт бордоогоор бордох. Сайн цэцэглүүлэхийн тулд фосфор, калий хэрэгтэй байдаг.
Амраад сэрсэн булцууг шинэ хөрсөнд суулгадаг. 3-4 сарын дараа хөрсөн дэх тэжээл дуусаж эхлэхэд бордож эхэлнэ. Азотын бордоо ургамлын ногоон хэсгийг түлхүү ургуулдаг. Нэг нас хүрээгүй булцууг бундууны оронд ногоон навч сайн гаргаж авах нь дээр байдаг. Хичнээн их навч гарна, тэр хэмжээгээр булцуу томордог. Цэцгийн бундуу бүрэлдэхэд фосфор, калий агуулсан минерал бордоогоор борддог. 
 Булцуу хүчтэй байх. Булцуу залуу, мөн жижиг байх тусам түүнд олон цэцэг гаргах хүч бага байдаг.
Баримгана ургуулахад хэрэгтэй хэдэн зөвлөмж:
 Баримганыг шууд том саванд суулгаж болдоггүй, булцуу ялзардаг.
 Гэрэл ихтэй газар байрлуулахгүй бол иш сунадаг. Гэхдээ нарны шууд гэрлээс хамгаална.
 Хүнд, нягтаршсан, агаар нэвтэрдэггүй хөрс хэрэглэж болохгүй. Хөвсгөр болгохоор хүлэрт хөрс, перлит, вермикулит зэрэг хийж өгнө.
 Залуу баримганыг эхний өвөл амрааж болохгүй. Булцууны хэмжээ 2 см-ээс том болсон тохиолдолд амрааж эхэлж болдог. Ойр ойр хөрсөө шалгаж байна. Жижигхэн булцуу амархан хатдаг. Хэт услаад байвал амархан ялзардаг.
 Хөрсийг хэт хатааж болдоггүй, мөн хэт чийглэж болохгүй. Доод тосгуур саванд тунасан илүүдэл усыг тэр дор нь асгаж байна. 
 Баримганыг бусад үсэрхэг навчтай цэцэгийн адил (нил, шимтэглэй, хайтан) усаар шүршиж болдоггүй.
АСУУЛТ - ХАРИУЛТ: Зөндөө бундуу гарсан чинь дэлгэрэхгүй юм. Бундууны зарим дэлбээ нь тэнийгээд дэлбээлсэн мөртлөө, зарим нь задрахгүй, зангираастай 7 хонолоо. Яах ёстой вэ?
 Юуны түрүүнд тэвчээртэй хүлээх нь зүйтэй. Таны баримгана тэр их бундууг бий болгож, өсгөж, дэлбээлэхэд маш их энерги зарцуулж байгаа. Бүгдийг зэрэг цэцэглүүлэх гэж бүх хүчээ шавхаж байгаа.
 Бундуунуудыг тасдаж, цөөрүүлэх хэрэггүй. "Илүүдээд" байгаагаа ургамал өөрөө хатаагаад алга болгоно.
 Долоо хоногт нэг удаа цэцэглэдэг ургамлын бордоогоор бордож байна.
Цэцэглүүлдэг бордоо NPK хэмжээ нь 10-52-10
Бундуу сайн задрахгүй байгаа шалтгаанууд:
 Тухайн сортын онцлого: зарим сортууд маш муу дэлгэрдэг.
 Агаарын хэм эрс өөрчлөгддөгөөс: шөнөдөө хүйтэн цонхон дээр даараад, агаарын чийг ихсэж дэлбээнүүд хоорондоо наалддаг. Өдөр нь наранд хэт халаад, агаар хурайсаж, наалдсан дэлбээнүүд хоорондоо бүүр барьцалддаг. Үүнээс болж бундуу муу задардаг.
 Гэрэл дутсан: муу дэлбээлдэг, маш удаан бундуугаараа байгаад байна. Гарах цэцэгний хэмжээ жижиг байдаг.
 Тэжээл дутагдсан
 Нэвт салхи
 Хуурай агаар
 Хүйтэн агаарын урсгал доор байлгасан, эсвэл хүйтэн газар байрлуулсан
 Халуун агаар. Ялангуяа - урагшаа харсан цонхон дээр байрлуулсан бол
 Усалгааг жигд хийгээгүйгээс: хөрсөө хаттал услахгүй удааж байгаад дараа нь шалбаатал норгох буруу.
 Хүйтэн, жавартай усаар усалдаг
Бусад бичлэгүүд:
Баримганы арчилгаа: амралт үе
Баримганы навчин тавагийг зөв хэлбэртэй ургуулах
Баримганы цэцэглэлтийг удаан үргэлжлүүлж, олон цэцэг гаргах тухай зөвлөмж
Баримганы бундууг суларуулах арга
Баримгана: Үргэлжлэл - арчилгааны онцлогууд, булцуу эмчлэх, суулгах
Баримгана: арчилгаа, амралт үе, булцуу хадгалах, суулгах

No comments:

Post a Comment