Saturday, June 27, 2015

Усан Пахира

АСУУЛТ - ХАРИУЛТ: Намар 3 ширхэг жижигхэн усан пахираны мөчир үндэслүүлээд суулгасан чинь овоо хөөрхөн ургаж байснаа ийм болчихлоо. Цонхоо сольж тавьж үзлээ, нэмэргүй байна.
 
Юуны түрүүнд саваа солиод, жижгэвтэр саванд суулга. Хэт том саванд усалгааг тохируулах хэцүү, ихэнхидээ ихдүүлээд байдаг. Жижиг саванд цэцэг ч илүү амархан дасаж идээшдэг, мөн усалгааг ч жигдрүүлэхэд хялбар байдаг.
Дараагийн нэг зүйл - хөрс дэндүү нягтарсан, хүнд харагдаж байна. Хөрсөө сийрэг, хөвсгөр, агаар сайн нэвтэрдэг болгох хэрэгтэй. Перлит, вермикулит, эсвэл хүлэрт хөрс холих нь дээр.
Мөн суулгахдаа арай өндөр суулгана. Ургамлын үндэсний хоолой савны хананы сүүдэрт байнга байгаад байна.
Пахирагийн навчны үзүүр хатаж байна гэдэг нь агаар хэт хуурай байгаагийн шинж. Зөөлөн усаар сайн шүршиж байх хэрэгтэй. Заримдаа усандаа шингэн бордоо дусааж болно. Пахирад азоттой бордоо таарна. Орчны агаарыг чийглэг болгох арга хэмжээ аваарай.
Пахирагийн навч унаж эхэлвэл арчилгааны аль нэг зүйл болохгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Хүйтэн агаарын урсгалаас хол тавьна. Нэвт салхи, хүйтэн газарт байлгавал навч унадаг. Иймд салхи, мөн шууд нарны тусгалаас хамгаалж байрлуулна. 
Пахирад төмөр дутагдвал навчны судал хоорондын хэсэг шарлаж эхэлдэг. Иймд төмөртэй бордоо хэрэглэнэ. Олдохгүй бол хөрсрүү зэвэрсэн хадаас зоогоод үлдээгээрэй. Заримдаа эмийн сангуудад зардаг төмөрийн бэлдмэлүүдийг сайн шингэрүүлж найруулж байгаад хэрэглэсэн ч болдог.
Дулаахан, тод сарнисан гэрэлтэй (нарнаас хамгаална), нөмөр газар илүү хурдан ургадаг. Пахирагийн байрлалыг ойр ойр солих муу байдаг.

Усан Пахира
Латин нэршил: Pachira aquatica
Овог: Бомбак буюу баобабын (Bombacaceae)
Эх нутаг: Төв, Өмнөд Америкийн халуун бүсэд ургадаг.
Хэвшсэн нэршил: "Мөнгөний мод", "Хятад мод", мөн ишний өвөрмөц бүтэцээс болоод "Усны сав" гэж нэрлэдэг.
Пахира байгальд 20 метр өндөр ургадаг. Ишний бүдүүрсэн хэсэгт ус хуримтлагдаж хадгалагддаг. Навч гялгар, тольгор, урт иштэй. Бусад "усны сав" хэлбэртэй ургамлуудаас ялгарах нь навч олноор гарсан үед л цэцэглэдэг. Ердийн нөхцөлд 6-11-р саруудад цэцэглэлт үе болдог. Тусгай нөхцөл бүрдүүлж өгвөл бүтэн жил цэцэгтэйгээ байж болдог.
Цэцэг 10 см том, нялуун ванилан үнэртэй:
 
Жимс нь 10-20 см том, ногоон өнгийн:
Жимсэн дотор 10-25 ширхэг үр байдаг. Пахирагийн жимс, үр, навч, цэцэг гээд бүгдийг хүнсэнд хэрэглэж болдог. Үрийг нь түүхийгээр нь, эсвэл чанасан, хуурсан байдлаар иддэг. Тээрэмдэж байгаад гурил гаргаж авдаг байна. Мөн халуун шоколад шиг ундаа хийж уудаг.
Пахира Зүүн Азид 
Зүүн Азид усан пахираг (хятадаар: 马拉巴栗; пиньинь: Mǎlābā lì; үгчилж орчуулбал "Малабар самар") "Мөнгөний мод" гэж нэрлэдэг. Чимэглэлийн модоор тасалгаанд их хэрэглэдэг.
1986 онд Тайваний нэгэн жолооч анх 5 үр нэг саванд суулгаад, ургах явцад нь сүлжээд байж. Ингэж чимэглэлийн цэцэг болгосон байна. Анх Японд дэлгэрч, дараа нь Зүүн Азийн бусад хэсэгт тархжээ. Тайваны эдийн засагт чамлахааргүй хувь нэмэр оруулдаг цэцэг. Пахирагийн экспортоос жилдээ 7 сая ам. доллар олдог байна. 
АРЧИЛГАА
Арчилгаанд анхаарах гол зүйл бол:
- чийглэг агаартай орчинд дааруулахгүй байх,
- нэвт салхинд тавихгүй байх,
- онгорхой цонхны доор тавихгүй байх.
Бусдаар бол тэсвэр сайтай. Үрээр, мөчрөөр гээд яаж ч үржүүлж болно.
Худалдаанд хэд хэдээр нь сүлжсэн иштэй пахира байдаг. Ийм мод гаргаж авахын тулд хэдэн жил зарцуулдаг.
Пахирагаар бонсай хийхэд тохирдог
Фэн-шуй
Фэн-шуйгийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол пахира гэрт эрүүл мэнд, азын тэнгэр, хөгжил цэцэглэлт авчирдаг ба тэр бүгд нь шинэ навч гарах бүрт нэмэгдээд байдаг юм байна. Пахирагийн таван салаа навч нь таван мах бодийг билэгддэг: төмөр, мод, ус, гал, шороо.
Иймээс тавьсан газрынхаа орчны мах бодь, энергийг тэнцвэржүүлдэг. Огт байхгүй мах бодийг бий болгоно, суларсныг нь идэвхижүүлнэ.
Гэрэл
Маш их гэрэл шаардагддаг. Гэрэл сайн гаргаж өгөхгүй бол навчны иш сунаад, үзэмжгүй харагдна. Бага зэргийн богино хугацааны нарны гэрэл дааж чадна. Гэхдээ хамгийн тохирсон нь сарнисан тод гэрэл байдаг.
Зүүн болон баруун зүгрүү харсан цонх илүү таардаг. Урд зүгрүү харсан цонхон дээр тавьсан бол үдийн хурц халуун нарнаас заавал хамгаалж байна. Зун гадаа гаргаж болдог. Салхи бороо, шууд нарны тусгалаас хамгаалсан нөмөр газар олж байрлуулна.
Намар-өвлийн улиралд гэрэл ихээр дутагддаг. Харин хавар тод нарны гэрэлд бага багаар дасгах хэрэгтэй. Нарны гэрэлд навч түлэгдээд толбо үүсдэг.
Агаарын дулаан
Хавар зуны улиралд тохирох агаарын хэм +20-25°C. Өвөл бол сэрүүвтэр +14-16°C орчинд байлгана. Сэрүүн нөхцөлд байлгаад, усалгааг тааруулж бага, цөөн хийвэл сунасан урт урт иштэй болдоггүй. 
Өвөл халаалт ирсэн үед халдаг, үлээдэг төхөөрөмжүүдээс хол байрлуулна. Нэвт салхинаас хамгаалаарай. Онгорхой цонхны доор тавьдаггүй. Дорхноо өвчилж навчинд өөрчлөлт орно.
Усалгаа
Зуны цагт хангалттай сайн услана. Ус дутагдаад ирвэл навч унжийгаад сулрана. Харин өвөл усалгааг цөөлөөд, багасгана. Ихдүүлсэн тохиолдолд бүдүүн иш нь илжрээд, зөөлрөөд үхдэг. 
Усалгааг зөөлрүүлсэн жаваргүй усаар хийнэ. Доогуур усалгаа хийхийг зөвөлдөггүй. Усалгаа хооронд хөрсний дээрх хэсэг 2-3 см гүн хатсан байх ёстой.
Агаарын чийгшил
Тасалгааны хуурай агаар даахдаа сайн. Усаар шүрших бол навчийг нь биш, орчны агаарыг нь манантуулж чийглэж байх хэрэгтэй. Навчийг нортол шүршихлээр үзүүр нь хатаад байдаг. Шүрших ус нь зөөлрүүлсэн, хлоргүй, жаваргүй бүлээн ус байна. Өдөрт 2 удаа шүршиж байна. Модны бүдүүн ишэнд ус хүргэж болохгүй. Амархан илжирдэг.
Бордоо
Идэвхитэй ургалт үед сард нэг удаа минерал бордоогоор услана. Сард нэг удаа навчийг маш сулхан найруулсан бордоотой усаар шүршиж болно.
Тайралт, навчин титэм гаргаж авах
Ишний өндөр, бүдүүн нарийн нь ургуулж байгаа нөхцөлөөс шууд хамаарна. Усалгаа ихдэх тусам, гэрэл бага байх тусам ургамал сунаж, жирийн нарийн иштэй мод шиг болно. "Усны сав" гэх хэлбэр гарч ирэхгүй.
Хавар тайралт хийхдээ дээш сунаад байгаа үзэмжгүй урт урт мөчир нахиаг богиносгодог. Тайрсан газар мөчирлөж салаална. Навчин титэм арай өтгөн болж гоё харагдна.
Үржүүлэх арга
Зуны улиралд үрээр болон мөчирний үзүүрээр үржүүлдэг.
Үрийг ердийн хөрсөнд суулгана. Хөрс чийглэг, +25-30°С хэмийн дулаантай байна. Суулгах үр харин шинэ байвал сайн. Хадгалах тусам ургах чадвар буурдаг. 
Үрээ суулгахдаа хөрсөөр 0,5см хучина. Зузаан хучих хэрэггүй. Бүлээн усаар шүршиж услаж байна. Дээгүүр нь вакумдна. Өдөр бүр нээж агаар оруулж амьсгалуулж байна. Гялгар уут, шилэээр вакумдсан бол дотор нь үүссэн усны дусал, хөлөрсөн чийгийг арчиж байна. Ойролцоогоор 3 долоо хонож байж соёолдог.
Үрслүүлэх мөчирний үзүүр тайрахдаа заавал "тавтай" нь авдаг. Үндэслэх гол нөхцөл — дулаан, чийгтэй орчин.
 
Мөчрийг бол зуны сүүлээр хүлэрт хөрс элстэй холиод суулгадаг. Мөн вакумдна. Суулгахад байсан хөрсний хэмийг тогтмол хадгалж байна. Өдөр нь наранд халаагаад , шөнө нь хүйтэн цонхон дээр дааруулаад байж болохгүй.
Шилжүүлж суулгах
Үрсэлгээ болон залуу модыг хурдан ургуулахын тулд жил бүр сав томруулж шилжүүлдэг. Шинэ сав нь хуучнаасаа 4-5 см том голчтой байна.
Насанд хүрсэн том модыг хавар цагт хэрэгтэй гэж үзвэл шилжүүлж суулгана. 3-4-р сарын үед ургалт дөнгөж эхлэх гэж байхад хийдэг. Сав хэт гүнзгий өндөр биш, өргөн навтгар байвал таардаг. Учир нь үндэс гүехэн ургадаг ба ихэвчлэн өргөөшөө тэлдэг. Өндөр сав авсан бол талыг нь хүртэл дренаж хийж болно.
Хөрс
Хөрс хөвсгөр, сийрэг, агаар сайн нэвтрүүлдэг, бага зэрэг хүчиллэгдүү, тэжээллэг бус байна. Жишээ нь:
- навчин хөрс 1
- хар шороо 1
- элс 1
- туйпууны үүрмэг 0,5
Дээр нь модны нүүрс, хүлэрт хөрс бага зэрэг хийнэ. Дэлгүүрт бэлэн хөрс байвал "Драцена, Пальма"-д зориулсан универсал хөрс авч болно.
Гарч болох хүндрэлүүд
Пахира хүчтэй салхи, нэвт салхи зэрэгийг тэвчиж чаддаггүй, навчаа гөвөөд эхэлдэг.
Навч унах нь - агаар хэт хуурай байгаагаас.
Иш болон үндэс илжрэх нь— усалгаа ихдүүлсэнээс, эсвэл буруу усалдагаас (бүдүүрсэн ишрүү ус хүргэж услаад байдаг бол), мөн хүйтэн усаар усалдаг бол, хүйтэн газар тавиад үндэс дааруулаад байдаг бол.
Навчны үзүүр, захаар борлоод байвал — агаар дэндүү хуурай байна, хүйтэн салхинд таавьсан, нэвт салхинд тавьсан, усалгаа багадсан гэх мэт шалтгаанууд байна. Мөн навчнуудыг усаар шүршиж норгоод, дараа нь тэр нь хатаад байхаар бас ийм зүйл гардаг. Иймээс навчийг нортол шүрших биш, орчны агаарыг чийглэх тал дээр анхаарах хэрэгтэй.
Навч ороогдоод зөөлрөөд, захаараа борлоод байвал — орчны агаар дэндүү хүйтэн, магадгүй шөнө нь цонхон дээр даараад, өдөр нь наранд халаад байвал ингэдэг.
Гэрэл дутвал пахирагийн иш мөчир сунана, "усны сав" хэлбэр нь алдагдана.
Навчин дээр хуурай цайвар толбо үүсээд байвал — нарны гэрэлд түлэгдсэн, эсвэл хэтэрхий тод гэрэлд дасгалгүй шууд тавьсан. Нарны гэрэлээс хамгаалж халхалж байх хэрэгтэй.
Иш зөөлрөөд харлаад эхэлвэл — усалгаа хэтрүүлсэн, хүйтэн агаарт тавьж хэт услаад байсан, ишрүү байнга ус хүргэдэг, шүршдэг бол ийм зүйл гарна.
Хуурай, халуун агаарт бамбайт хорхой, улаан аалзан хачиг үрждэг.
Хэтрүүлж усалвал иш илжирдэг, мөн үндэс ялзардаг. Услахдаа ишэнд ус хүргээд байдаг бол мөн илжрэлт үүсдэг.
Усалгааг багадуулсан, нэвт салхинд тавьсан, орчны агаарын хэм дэндүү сэрүүн хүйтэн байсан бол навчны үзүү болон захаар борлож хатдаг.
Навны ирмэг борлоод, навч хумигдаж ороогдоод байвал агаарын хэм дэндүү хүйтэн байна, эсвэл өдөр шөнийн температурын хэлбэлзэл дэндүү их байна. Өдөр нь наранд шараад , шөнө нь хүйтэн цонхноос даараад байвал ийм өөрчлөлт гардаг байна.
Гэрэл дутвал навны иш сунаж үзэмжгүй харагдаж эхэлдэг.
Нарны шууд тусгал доор тавьбал түлэгдсэн толбонууд үүсдэг.
Навч шарлаад байвал:
1. Хөрсөнд хорхой шавьж байгаа эсэхийг шалгах. Цагаан жижигхэн өт байж болно. Хэрэв байвал марганцын уусмалаар услаж устгана. Эсвэл хөрсний дээгүүр хуурай нунтаг чинжүү цацаж болно. Мөн улаан тамхины нунтагаар хучиж болно.
Жижигхэн цагаан өт
2. Эрдэс бодис дутсан бол навч шарлана. Зөв бордоо хэрэглээрэй.
3. Нөмөр газар байрлуулах хэрэгтэй. Нэвт салхин доор, онгорхой цонх, халуун хүйтнээр үлээдэг төхөөрөмжүүдийн хажууд тавьж болохгүй. Мөн нарны хурц гэрэл доор хамаагүй тавьж болдоггүй.

No comments:

Post a Comment