Monday, June 29, 2015

Лизиантус - сүйт бүсгүйн цэцэг

Лизиантус Рассел (Lisianthus russellianus Hook.), мөн Эустома Рассел (Eustoma russellianum Hook.), ихэнхи бүртгэлд "Том цэцэгт Эустома" (Eustoma grandiflorum (Raf.) Shinners) гэж байдаг. 
Лизиантус нь Gentianaceae бүлд багтдаг. 
Уугуул нутаг Төв Америк. Тэгш иштэй бутархаг ургамал. Тасалгаанд үүнийг нэг наст, эсвэл хоёр наст болгож ургуулдаг. Цэцэг энгийн дан болон олон давхар дэлбээтэй гээд төрөл бүр байдаг ба маш олон төрлийн өнгөтэй. Үзэмжтэй тул үүнийг гоёл, чимэглэлийн цэцэг болон баглаанд их хэрэглэдэг. Хуримын ёслолд сүйт бүсгүйн барьдаг баглааг сүүлийн үед лизиантусаар хийдэг болжээ. Лизиантусын албан бус нэрүүд нь маш олон - "Ирланд сарнай", "Япон сарнай", "Техасын хонхон цэцэг".
Eustoma гэдэг нь грек хэлнээс "eu"-үзэсгэлэнтэй, "stoma"-ам гэж байгаа юм байна. Харин Lisianthus нь грекээр "lissos"-зөөлөн, "anthos"-цэцэг гэсэн утгатай юм байна.
Лизиантус (Lisianthus) нь 60 гаруй төрөл байдаг. Тасалгааны цэцэг болгож 90-ээд оноос үржүүлж эхэлсэн байна. Худалдаанд ихэвчлэн зун гардаг. Худалдаанд гаргадаг нэг л төрөл байдаг нь Lisianthus russelianus. Маш олон янзын өнгөтэй, дэлбээтэй байна. Тасалгаанд намхан сортууд (45 см хүртэл) ургуулсан нь дээр байдаг.
Lisianthus russellianus/Eustoma russellianum/Eustoma grandiflorum
Лизиантусын селекцийг хоёр үндсэн чиглэлээр хийдэг байна: урт иштэй өндөр цэцгүүдийг цэцгийн баглаанд зориулж, намхан сортын цэцгийг — тасалгааны зориулалтаар тарьдаг. Нэг цэцгийн ишнээс 10 болон түүнээс дээш цэцгийн бундуу гардаг гэж бодоход энэ үнэхээр үзэсгэлэнтэй цэцэг. Лизиантус — нилээн ааштай цэцэг гэнэ. Нэг наст, хоёр наст болон олон наст гэж ургуулж болдог байна.
АРЧИЛГАА
Ургалт: хурдан
Гэрэл: Лизиантус гэрэлсэг цэцэг, бага зэрэг шууд нарны тусгалд дуртай байна. Баруун, зүүн зүгрүү харсан цонх тохирно. Ургашаа харсан цонхны тавцан дээр тавьбал зуны улиралд нарнаас халхалж байна. Хойд зүгрүү харсан цонхон дээр ердийн ургаж хөгжихөд гэрэл дутагдна. Дөнгөж худалдаж авсан цэцгийг шууд наранд тавьж болохгүй. Наранд бага багаар дасгадаг. Намар-өвөл нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгвөл (өдрийн гэрлийн урт 16 цаг байхаар) өвөл цэцэглүүлж болно.
Агаарын дулаан: хавар - зун 20-25°C, өвөл 12-15°C. Лизиантусыг хавар-зуны улиралд 20-25С байлгана, хэт халууныг тэвчиж чаддаггүй. Хэрэв олон наст болгож ургуулах гэж байгаа бол өвөл нь амралт үе гаргаж өгч байна. Үүний тулд намраас усалгааг багасгаад, агаарын хэмийг +12-15С хүртэл сэрүүсүүлнэ. Мөн намар тайралт хийж өгч болно.
Усалгаа: хавраас намар хүртэл сайн усалдаг, хөрсний дээд хэсэг хатангуут дараагийн услагааг хийдэг. Өвөл услагаа бага, цөөн байх бөгөөд болгоомжтой хийнэ. Хэтрүүлж болохгүй.
Услахдаа зөөлөн, хлоргүй, жаваргүй, бүлээвтэр ус хэрэглэнэ. Агаар сэрүүвтэр байвал хөрс хэт чийглэхээс сэргийлж усалгааг зогсоодог. Хөрсийг хэт хатааж болохгүй.
Услахдаа навчинд ус, чийг хүргэж болохгүй. Лизиантусыг шүршиж болдоггүй. Навчин дээрх чийг, ус нь мөөгний гаралтай өвчлөл бий болгодог, ялангуяа саарал хөгц.
Агаарын чийгшил: навч шүршиж болохгүй.
Бордоо: идэвхитэй ургалт үед долоо хоног бүр, цэцгээр гоёдог ургамлын комплекс минерал бордоо хэрэглэнэ. Давс хэт хуримтлагдахад дургуй гэдгийг санаарай. Бордохдоо хэтрүүлж болохгүй.
Амралт үе: өвөл болно, гэрэлсэг газар 12-15°C хэмд байрлуулна, усалгааг болгоомжтой хийнэ.
Цэцэглэж дууссан мөчрийг тайрдаг, гэхдээ хэт доогуур биш - мөчир дээр 2-оос дээш хос навч үлдээгээд тайрна. Хангалттай гэрэлтэй бол энэ тайрсан мөчирнөөс шинэ цэцгийн иш ургаж, бундуулна.
Шилжүүлэн суулгалт: хөгшин цэцгийн шилжүүлж суулгадаггүй, эустомаг ихэвчлэн нэг наст, эсвэл хоёр наст шиг ургуулдаг. Иймээс бут хуваах, эсвэл үрээр тарьж байгаа бол сав томруулж байна гэж шилжүүлэн суулгалтыг хийдэг. Өөрөөр бол шилжүүлж суулгаад байдаггүй. Суулгахдаа өргөн, далбагар саванд суулгасан нь дээр. Хөрс хөвсгөр, сийрэг, рН 6,5-7,0 байна. Хөрс ялзрахаас сэргийлж савны доор заавал дренаж дэвсэж өгнө. ("Дренаж гэж юу вэ?")
Үрслүүлэх арга: хавар үрээр болон намар бут хувааж үржүүлдэг. Лизиантус нь маш амархан тоос хүртэж үрээ тогтоодог. Үр нь соёолохдоо амархан байдаг. Цэцэглэлтийн хугацаа сорт сортоосоо хамраач өөр өөр байна. Соёолсноос хойш ойролцоогоор 15-20 долоо хонож байж цэцэглэдэг байна. Иймд зуны дэлгэр цагт цэцэглэлтийг хараад сууж баймаар байвал үрийг өвөл суулгах хэрэгтэй.
Лизиантусын үр маш жижигхэн, хялгасан үр байдаг (1 г — ойролцоогоор 15 мянга ширхэг), ихэнхдээ үрэл хэлбэрээр худалдаалдаг. 2-9 сард тарьж болно. Хөрс хөнгөн, сийрэг, агаар сайн нэвтэрдэг байна. Хэрэглэхийн өмнө заавал хөрсөө ариутгана. Суулгахдаа аль болох хол зайтай тараагаад, дээгүүр нь элс үл ялиг цацаж өгнө. Услахдаа шүршигчээр л усладаг. Хөрсөнд худалдаанд гараад байгаа "универсал" хөрс авч болно, эсвэл өөрөө ширгэн хөрс, ялзмаг, перлит, элс холиод хийгээрэй. Хөрс хатах ёсгүй ба дээгүүр нь шилээр таглах, эсвэл гялгар хүүдийгээр бүтээнэ. 2-3 долоо хоногийн дараа соёолдог. Соёолсон өчүүхэн цэг маш удаан ургадаг.
Үрсэлж байхад агаарын дулаан +25 С хэмээс дээш хэтэрч болохгүй. Томрох тусам үрсэлгээг хүлэмжний нөхцөлөөс бага багаар гаргаж, жирийн агаарт дасгадаг.
Соёолсон үрсэлгээг гэрэлтэй газар байлгадаг, гэхдээ нарнаас хамгаалж халхална. Агаарын хэм + 20 С байна. Үр суулгаснаас хойш 6-8 долоо хоногийн дараа, буюу лизиантусын хоёр дахь жинхэн навч ургаж гарангуут бие биенээс нь холдуулж, 4 см зайтай болгоно, эсвэл шууд жижигхэн 0,25-0,3 л хэмжээтэй сав, стаканд суулгаж тусгаарлана. Энэ үед үрсэлгээ 1,5-2 см орчим өндөр байна.
Нэг нэгээр тусгаарлавал ургалт хурдасдаг
Үрсэлгээг өвөл сэрүүнд байлгана (+12-14 С), хэрэгцээтэй гэж үзвэл өдрийн гэрлээр нэмэлт гэрэл гаргаж өгнө. Хавар, 3 сарын эхээр үрсэлгээнүүдээ намхан, өргөн саванд суулгана. Нэг саванд дээд тал нь 3 цэцэг байхаар суулгана. Усалгааг багавтар хийнэ. Цэцэг усанд хэт их мэдрэмтгий тул усалгааг маш болгоомжтой, үндэсрүү нь хийдэг.
Хөрсөнд суулгаснаас хойш 2 долоо хоноод азотоор бордох хэрэгтэй. Энэ нь цэцгийн ишийг өндөр ургуулдаг.
Цэцгийн хүлэмжүүд лизиантусыг нилээд шигүү ургуулдаг. 1 м кв.-т 54 суулгац тарьдаг байна. Иш олон тооны цэцэг, цэцгийн бундуунд дарагдаж, далий ургах гээд байдаг тул тулгуур модонд уяж бэхлэнэ.
Тусгаарласны дараа хурц гэрлээс сайн хамгаална, сэрүүвтэр + 18 С газар байрлуулна.
Дараа нь томроод ургасан залуу цэцгийг 10-12 см саванд шилжүүлж суулгана. Үүнийг хийхдээ хөрс гөвөж, үндэс оролдож болохгүй, шууд шилжүүлж суулгана. Хэрэв нэг наст гэж ургуулж байгаа бол дахин шилжүүлэн суулгалт хийдэггүй.
Энэ цэцгийн үндэс нь маш сул, амархан гэмтдэг, эмзэг байдаг. Иймд шилжүүлж суулгахдаа маш болгоомжтой байна.
Эустомаг үрээр үржүүлэхээс гадна бут хувааж болдог. Гэхдээ туршлагагуй бол ихэнхдээ үхүүлдэг. Лизиантус үндэс оролдоход дургуй.
Тайрч авсан мөчир үндэслэдэггүй. Хамгийн гол үрслүүлэх арга бол - үрээр тарих.
Суулгасан үрсээлгээнд цааш хийх гол арчилгаа бол зөв усалгаа. Лизиантус чийгэнд дургуй, "хүлэмжний" хананд хөлөрсөн ус, болгоомжгүй усалснаас болж навчинд ус хүрвэл бортритис буюу саарал хөгц үүсдэг. Үүнтэй тэмцэх маш хэцүү байдаг. Иймд хүлэмжиндээ сайн агаар оруулж байх ёстой.
2-3 дахь бундуу дэлгэрч эхлэхэд цэцгийг тайрч авна. Тайрсан цэцэг маш удаан "амьд" байдаг - бараг бүх бундуу нэг нэгээр дэлгэрдэг юм.
Тасалгаанд ургуулсан лизиантус үр суулгаснаас хойш 6-7 сар болж байж цэцэглэдэг.
3 сарын 1-нд суулгасан үр дөнгөж 9 сарын дундуур цэцэглэсэн тул 1 сард үрээ соёолуулсан нь дээр болов уу. Гадаа ургуулах бол, мөн тагтан дээр гаргах бол ургалт илүү түргэн явагддаг.
Тасалгаанд ургуулж байгаа эустомаг хөвөнгөөр тоос хүртээгээд үр боловсруулж хурааж авч болдог. Ойролцоогоор 1-1,5 сарын дотор үр бүрэн боловсорч дуусдаг.
Гарч болох хүндрэлүүд:
Хэтрүүлж услахад мэтрэмтгий — хөрс ялзарч эхэлвэл, эсвэл илүүдэл ус доош урсахгүй байвал цэцэг үхэх аюултай.
Лизиантусын зарим сорт нь маш урт шилбэтэй тул тулгуурт уяхгүй бол хугарч болно.

3 comments:

  1. Баярлалаа танид үргэлж үнэтэй зөвөлгөө бусдад өгч байх юмаа.

    ReplyDelete
  2. Энэ цэцэгийн тухай оруулсанд маш их баярлалаа. Би 12-р сард үрийг нь худалдаж аваад тарьсан. Бүгд ургасан. Одоо ид цэцэглэж байна. Маш гоё цэцэгтэй арчилгаа бага шаарддаг цэцэг байна. Энэ хөвөнгөөр тоос хүртээнэ гэж юу гэсэн үг вэ энэ талаар дэлгээнгүй мэдээлэл оруулж өгнө үү. Үрийг гаргаж аваад илүү олныг таримаар байна. Бас өөр сорт нь байвал худалдаж авая.

    ReplyDelete
    Replies
    1. Тоос хүртээж байж үр тогтоож авна. Гадаа бол зөгий, ялаа, хорхой нь тоос хүртээчихдэг. Би тасалгаанд ургуулж байсан тул хөвөнгөөр цэцэгний шар тоосыг хураагаад голд байгаа дохиурыг бүрж байсан. :-))))) Хуучин блогийн зурагнууд бүгд устсан тул яаж хийж байсан тухай зураг фото байдаггүй.
      Эсвэл хоёр цэцэгийг хооронд нь наалдуулаад, хөдөлгөөд, бие биенд нь тоосыг нь ёайн түрхэж, бүрж өгч болно.
      https://www.facebook.com/photo.php?fbid=767969386655269&set=ms.c.eJw1x8ENwDAIA8CNohoXg~%3BdfrFIJ97tSWSbsbj0~_NW8pM7R~%3BRQYcfZ~_Yc8859vkf~%3BgC5vhO8.bps.&type=1&theater

      Нэг цэцэгнээс маш их үр гардаг юм билээ. Би лав 10 гаруй хүнд тарааж байсан. Одоо энэ цэцгийг ургуулахгүй байгаа тул надаа өөр сорт энэ тэр байхгүй. Өөр өөр үр дэлгүүрээс худалдаж аваад суулгасан нь дээр байх аа.
      2 нас шиг ургуулж болдог. Өвөл нь тайраад, сэрүүн газар байлгаад өвөлжүүлээд, хавар өөрөө ургасаар цэцэглэдэ эхэлдэг. Өвөлжүүлсэн хүмүүс бас зөндөө байгаа. Би нэг наст шиг л ургуулж байсан.

      Delete