Monday, March 12, 2012

Усалгаа хэтрүүлсэн бол

 Усалгааг хэтрүүлээд байвал үндэс амьсгаалж чадахгүй болно
Хэтрүүлж усалснаас болж цэцэг үхүүлэх нь түгээмэл шалтгаануудын нэг юм. Нэгэнт хэтрүүлсэн бол дараах зөвөлгөөг уншина уу:
Бүх ургамалд ургаж өсөхийн тулд ус хэрэгтэй, гэхдээ хэт их ус чийг нь эргээд цэцгэндээ аюултай байж болох. Хэрэв цэцгийг хэтрүүлж уславал үндэс амьсгалж чаддаггүй, улмаар илжирдэг.
Хэтрүүлсэн ус чийг нь мөөг, мөөгөнцрийн гаралтай өвчний эх үүсвэр болдог. Үндэс илжрэнгүүт цэцэг дээшээ үхэж эхэлдэг. Хэрэв цагаа олж мэдвэл арга хэмжээ авч болно. Усалгаа хэтэрсний шинж тэмдгүүд: цэцэг сульбаагаад унжийгаад ирдэг, навч шарладаг, иш зөөлөрдөг, хөрсөн дээр хөгц ургадаг, ялзарсан хөрсний эвгүй үнэр үнэртэж эхэлдэг.
Иш харлаад, доороосоо үхэж эхэлнэ
1. Юуны өмнө цэцгийг савнаас гаргах хэрэгтэй. Хэрэв үндэс эрүүл харагдаж байвал хөрстэй үндэсээ гал тогооны цаасан алчуураар ороогоод усыг шингээж аваарай. Нэвт норонгуут шинээр цаасан алчуурыг сольж өгнө. Хэд хэдэн удаа сольсны дараа хөрсийг зөөлөн салгаж шинэ хуурай хөрсөнд суулгана. Савыг ариутгасан байх ёстойг анхаарна уу. Хэрэв хөрс ялзарсан үнэр ороогүй бол хуучин хөрстэй нь хатааж байгаад буцаагаад саванд нь хийж болно. Хөрсний өнгөн хэсэг 2-3 см гүн доош хаттал хүлээж байж дараагийн усалгааг хийнэ.
2. Хэрэв үндэс харалсан, зөөлөрсөн байвал хөрснөөс нь цэвэрлээд сайн шинжиж үзнэ үү. Эрүүл үндэс ихэнхдээ цагаан\ногоон өнгөтэй, хатуу байдаг. Гэхдээ бас зарим цэцэгнийх өөр өнгөтэй байж болдог. Жишээ нь, мөнхрөө цэцэгний үндэс улбар шар өнгөтэй байдаг.
Хэрэв зарим үндэс нь зөөлөрсөн байх юм бол тэр хэсгүүдийг хайчилж салгана. Үүний дараа цэцгийг шинэ, хуурай хөрсөнд суулгана. Суулгасны дараа битгий услаарай. Хэт их үндэс тайрсан бол хөрсөөр зайг нь нөхөж дүүргээрэй.
3. Хөрс илжирсэн, хөгцөрсөн үнэр орсон бол бүгдийг солих хэрэгтэй. Үндэсийг урсгал усан дор барьж угаагаарай. Марганцын бүдэг уусмалд цэцэгний үндсийг 20-30 минут дүрнэ. Зарим навч мөчир үхсэн гэж бүү сэтгэлээр унаарай. Шинэ хөрсөнд суулгасны дараа дорхноо нөхөөд ургана.
4. Цаашид усалгааг хэтрүүлж байхгуйн тулд ургуулж байгаа цэцэгнүүдийнхээ усалгааны онцлогуудыг мэдэж авах хэрэгтэй. Жишээ нь халбаган навчит "мөнгөний модыг" сард 2 услах бол усан цэцгийг өдөр бүр г.м. Яаж арчлахыг нь мэдэхгүй бол хичнээн гоё харагдсан ч битгий худалдаж аваарай. Сайтар уншиж судлаж байж авсан нь дээр байдаг.

No comments:

Post a Comment