Sunday, May 31, 2015

Барын чих - Гортензия

Барын чих буюу Гортензия, Гидрангея тэсвэртэй, онцын хэцүү арчилгаа нэхэхгүй, гарын ая даахдаа амар ургамал. Заавал туршлагатай цэцэгчин байх шаардлагагүй. Арчилгаанд хоёрхон дүрэм баримтлах хэрэгтэй.
1. Хөрс байнга өлөн чийглэгдүү байна. 
2. Сэрүүн газар байрлуулна
Эх нутаг - Хятад, Зүүн, Өмнөд Ази, Япон. Анх Европд 1799 онд Японоос авчирч байсан юм байна. Анх Гортензия гэж нэрлэдэг байж байгаад, дараа нь Европд түүнд Гидрангея гэсэн нэр өгжээ. Hydrangea нь грекээс усны сав гэсэн утгатай ба энэ нь цэцэгний үрний хэлбэрээс үүдэлтэй юм байна.
Барын чихийг гадаа болон тасалгаанд ургуулдаг гэж ялгадаг ч гол ялгаа нь хэмжээндээ л байдаг. Гадаа ургуулдаг сорт нь танай гэрт хэт зай эзлэж, багтахгүй байж болох юм. Барын чих нь эрт цэцэглэдэг, гэхдээ ихэнхи оронд нэг наст ургамал шиг цэцэглэж дуусангуут хаядаг байна. Эсвэл цэцэглэж дуусангуут гадаа задгай талбайд ургуулж байгаад, намар үрсэлгээний мөчир аваад, эх цэцгийг хаяж болдог.
АРЧИЛГАА
Байршил:
Тод гэрэлтэй, сэрүүн өрөөнд байрлуулна. Зун нь задгай агаарт гаргана. Хамгийн сайн тохирох байршил нь зүүн, баруун тийш харсан цонх. Нарны хурц гэрлээс халхална.
Өвөл +5-8С хэмд, сүүдэрхэг, харанхуй газар байлгана. Өвлийн дунд сараас дулаан, илүү их гэрэлтэй газар шилжүүлж тавьна, усалгааг ихэсгэнэ. Ингэж өвөлжүүлвэл 5 сар гэхэд цэцэглэдэг.
Гэрэл:
Тод гэрэлд дуртай.
Усалгаа:
Хавар-зун сайн усална. Борооны ус, хайлуулсан цас, мөс, эсвэл зөөлрүүлсэн ус хэрэглэж болно.
Барын чих том далбагар навчтай, бөөрөнхий том том цэцгэн бүрхүүлтэй тул идэвхитэй ургалт үедээ маш их ус хэрэглэдэг. Заримдаа өдөрт хоёр услах болдог. Хөрс хатахыг үздэггүй.
Намар навч унаж эхлэхэд усалгааг багасгаад, өвөл сэрүүн газар байлгаж, хөрс бүүр хатаахгүйн тулд л үл ялиг, маш бага ус хийнэ. 2 сард дулаан, гэрэлтэй газар оруулж ирсэнээр усалгааг аажмаар, навч ургахын хэмжээгээр ихэсгэдэг.
Барын чих кальци, магнийн давсанд дургуй. Цагаан, ягаан, саарал улаан өнгийн дэлбээтэй цэцгүүд усны хатуу, зөөлөнг тоодоггүй. Харин цэнхэр, цайвар цэнхэр зэрэг хөрсний найрлагаар өнгийг нь өөрчилдөг цэцгүүдийг зөвхөн зөөлөн усаар усална.
Ямар ч тохиолдолд - өвөл зун аль ч улиралд, услахдаа ч тэр, шүршихдээ ч тэр зөвхөн бүлээн ус хэрэглэнэ.
Агаарын чийгшил:
Сэрүүвтэр +16°С дээш хэмтэй газар байрлуулсан бол дунд зэргийн чийгшилтэй агаар шаардагддаг. Өдөр бүр навчийг усаар шүршинэ. Халуун, дулаан орчинд бол илүү их чийглэг агаар хэрэгтэй.
Бордоо:
Шилжүүлж суулгасны дараа борддог. Идэвхитэй ургалт үе эхэлсэн цагаас 8 сарыг дуустал долоо хоног бүр кальцийн давс агуулаагүй бордоогоор бордоно. Бордоонд органик бордоо, малын бууц, шувууны сангас хэрэглэсний хэрэггүй.
Шилжүүлж суулгах:
Залуу цэцгийг жил бүр шилжүүлж суулгана. 2-3 нас хүрээд ирэхэд том саванд суулгадаг. Хөрс хөнгөн, ялзмаг ихтэй, гумины бордоо бага зэрэг хольсон байна. Шимтэглэй, азалия зэрэгт тохирдог хөрс таарна.
Тайралт:
Амралт үеийн дараа тайралт хийдэг. Энэ жил ургасан мөчирний үзүүрт цэцэг гардаг тул тайралт хийхдээ маш болгоомжтой байна. 3-5 сард мөчирнүүдийн ургалт харагдаад ирэхлээр хамгийн нарийхан, хүчгүй мөчирнүүдийг тайрч хаяна. 
Хүчтэй мөчирнөөс 2-4 үлдээнэ. Мөчир тус бүр дээр 2-6 нахиа ургах цэг үлдээгээд тайрна. Энэ нь цэцэгний хэмжээг том болгоход хэрэгтэй байдаг. Цэцэгний шим тэжээл хий дэмий зүйлд зарцуулагдахгүй байдаг юм. 
Хөрснөөс шинээр ургаж гарсан залуу нахиануудаас 3-4 том хүчтэйг нь үлдээгээд бусдыг нь тайрч үрсэлгээнд хэрэглэж болдог. Цэцэглэлт дуусангуут мөчирнүүдийг нь 1/2 богиносгож тайрах хэрэгтэй.
Гортензия 'Holstein'
Үрслүүлэх арга:
1-2 саруудад эсвэл 6-7 саруудад мөчрөөр үржүүдэг. Мөчир тайрахдаа энэ жилийн ногоон мөчирнөөс авдаг. Цэцэглэж байгаагүй мөчирнөөс 15 см тайрч авна.
Тайрахдаа наргүй, бүрэнхий, бороотой, үүлтэй өдөр, эсвэл өглөө үүрээр нар гарахаас өмнө тайрч авдаг байна. 
 Усанд үндэслүүлж болно:
 

 Хөрсөнд шууд зоож болно:
Бага зэргийн гумины бордоотой, том ширхэгтэй элстэй хөрсөнд налуу/далий суулгаад вакуумдна. Хөрсөө хэт услах хэрэггүй. 3-4 долоо хоног үндэслэдэг. Хөрс: навчин хөрс, ширгэн хөрс, элс (3:3:1).
Мөн бут хувааж үрслүүлж болно:

Эх бутнаас салгалгүй нахиа дарж үндэслүүлж болно:

Тустай зөвөлгөө: 
- Хэт халуун агаарт байж чаддаггүй. +20°С дээш хэмтэй газар навч нь унаж эхэлдэг. Иймд агаарын чийгийг ихэсгэж өгөх хэрэгтэй.
Гортензия 'Love You Kiss'
- Гарах цэцэгний өнгийг удирдаж болдог. Хэрэв ягаан цэцэгтэй болмоор байвал шүлтлэг хөрсөнд, цэнхэр цэцэгтэй болмоор байвал хүчилтэй хөрсөнд тус тус ургуулдаг юм. Гэхдээ шүлтлэг хөрстэй болгох гэж байгаад хлороз өвчтэй болгов. Хэт их шохой нь цэцгэнд маш муугаар нөлөөлдөг. Мөн хүчил ихтэй хөрс гаргаж авах гэж хүчил хөрсөнд ихээр хийвэл хөрс маш амархан ялзарч үмхийрдэг. Услах усандаа 1 дусал лимоны хүчил хийдэг. Хэтрүүлж болохгүй. Эдгээр өөрчлөлтүүдийг бундуй үүссэнээс хойш хийх нь дээр болов уу.
Өнгө цагаанаас цэнхэрлүү, ягаанаас цэнхэрлүү гэж өөрчилж болдог бас нэг арга - шилжүүлж суулгахдаа 1 кг хөрсөнд хүхрийн хүчилтэй төмөр 15-20 г хийж болдог. Барын чих 4-5 сард цэцэглэдэг, хожуу цэцэглэдэг сортууд нь зунжингаа цэцэгтэйгээ байдаг. 
- Барын чихийг аль болох удаан ургуулмаар байвал сэрүүн газар байлгана. Ургах дуртай орчин нь +12-16°С хэм. 
- Нэвт салхинд өвчилдөг, мөн хорхой шавьж үрждэг.
Амралт үе:
Тасалгааны барын чих нь нэг цэцэглэлтийн ургамал гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл цэцэглэсний дараа ихэнхдээ хаядаг. Дараагийн улирал хүртэл ургуулж, дахин цэцэглүүлэх маш хэцүү байдаг.
Гэхдээ арчилгааны нөхцөлөөс хамаарч амраахгүй байж болно. Хэрэв өрөөний дулаан +15°C дээш, гэхдээ гэрэлтүүлэг бага байвал гортензия навчаа хаяхгүй байгаад байна. Тэгвэл цэцгэнд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх хэрэгтэй. Намар - өвөл өдөртөө 8 цаг тасралтгүй гэрэлтүүлнэ, тогтмол услана, шүршинэ, сард нэг удаа бордоно.
Хэрэв +15°C доош сэрүүн орчинд байвал навч унана. Тэгвэл харанхуй газар байлгасан нь дээр. Услахгүй, хөрсийг чийгэлж өгч байна, үндэс хатаахгүйн тулд. Шүршихгүй, бордохгүй, нэмэлт гэрэл гаргахгүй. 2 сараас эхэлж, нахиа цухуйж эхлэнгүүт хамгийн гэрэлтэй, дулаахан газар байрлуулдаг. Өвөл сэрүүн газар байрлуулахгүй бол цэцэг гарахгүй, гарсан ч муу цэцэглэнэ.
Цэцэгний савны хэмжээ цэцэгний өөрийн том жижигээс болон доорх үндэсний хэмжээнээс хамаардаг. Мөн савтай барын чихийг та цонхон дээр байрлуулах гэж байна уу, шалан дээр үү гэдгээс хамаарна. Ер нь өндөр гүнзгий биш сав дээр байдаг (15-20 см).

1 comment:

  1. Барын чихний үрсэлгээ байна уу. Холбоо барих хаягаа үлдээгээрэй.

    ReplyDelete