Sunday, February 22, 2015

Хаваршил (Примула)

Хаваршил - Примула (Primula) 
Хавар хамгийн түрүүнд цэцэглэдэг тул ийм нэртэй болжээ. Латинаар primus - эхнийх, анхных гэсэн утгатай юм байна. Примула нь олон наст ургамал. Маш удаан цэцэглэдэг, гарах цэцгийн тоо ч маш олон байдаг. Том цэцэгт сортын Primula obconica — өвөлжингөө цэцэглэдэг. Нийт 600 гаруй төрөл зүйл байдаг. Примулаг гэрт тасалгаанд ч, гадаа ил талбайд ч ургуулж болдог. 
Байршил:
Бараг бүтэн жил цэцэгтэйгээ байдаг тул ямар ч цонхыг чимэж өгдөг. Гэхдээ маш их гэрэлтэй, цэвэр агаартай, агаарын солилцоо сайн явагддаг, сэрүүвтэр газар байлгадаг. Сэрүүн байх тусам илүү удаан цэцэглэдэг байна. (+10-12°С хэмээс дээшгүй). Ихэнхи примула хавар эрт цэцэглээд, өвөлжингөө цэцэгтэйгээ байдаг. Тасалгааны примула зөвхөн нэг сар л амардаг (6-р сард). Зуны улиралд гадаа тагтан дээрээ гаргавал тохирно, гэхдээ заавал сүүдэрт байх ёстой - хойшоо харсан тагтан дээр ч юм уу.
Бордоо
Бордохдоо зөвхөн үндсээр бордоно, навчаар бордож болохгүй. Усаар шүршэж болохгүй. Бордоогоор шүршиж огт болохгүй. Нэг хоолны халбага органик бордоог 3 литр усанд найруулж усална.
Үрслүүлэх арга:
Бут хуваах, үндэс хуваах болон үрээр гэж үржүүлдэг.
Үндэс хуваах:
Примулаг 3-4 жил болоод үндэсийг нь хувааж үржүүлнэ. Сайн ургаж хөгжсөн бутыг олон жижиг хэсэгт хуваадаг. Үүнийг хавар 5 сард, эсвэл намрын эхэнд 9 сард хийхэд тааламжтай үе нь байна.
Бут хуваах:
Эдгээрээс гадна бут хувааж үрслүүлдэг. 5-6 сард бутыг мөн хэд хэдэн хэсэгт хуваана. Хэсэг бүр дээрээ нэгээс дээш навчтай, доороо үндэсний хэсэгтэй байх ёстой. Салгаж суулгаад сүүдэрлэг газар байдгана. Примула маш амархан үндэслэж ургадаг ба, өвлийг сайн давдаг байна.
   
Үрээр:
Ямар ч ургамлыг үрээр суулгахад хамгийн номер нэг хүчин зүйл бол — чанартай, шинэ үр байх ёстой. Хаваршил цэцгийн үр маш амархан ургах чадвараа алддаг. Иймд ууттай үрний гадна тэмдэглэсэн хүчинтэй хугацаанд найдах хэрэггүй. Ихэнхдээ тэнд 4-5 жилийн хугацаа заасан байдаг. Хэрэв үр тусгай нөхцөлд хадгалагдаагүй бол 2 жилийн дараа уутанд байгаа 5 үрнээс нэг нь ч соёолохгүй гэдэгт итгэж болно. Иймд аль болох шинэ үр олохыг бодоорой. Олсон бол заавал хавар хүртэл хүлээх хэрэггүй. Шууд суулгаарай.
Үрийг 4-5 сард элстэй хар шороотой хөрсөнд цацдаг. Үр маш жижигхэн тул дээрээс нь шороогоор хучих хэрэггүй. Хавтгай саванд суулгасан нь дээр байдаг. 
Агаарын чийгшил өндөр байх ёстой тул хүлэмжний орчин бүрдүүлж дээгүүр нь шилээр таглах, эсвэл гялгар уутанд хийнэ. Нарны шууд тусгалаас хамгаална. Үрийг соёолуулахын тулд байнгын тогтмол халуун биш орчинд байлгана (+16 – 20С).
Жижиг үрсэлгээг томрох явцад нь хоёр удаа тусгаарлана. Эхний удаа хоёр дахь жинхэнэ навч гарахад бие биенээс нь зайтай суулгаж, нэг үрсэлгээнд ногдох тэжээлтэй хөрсний талбайг ихэсгэж өгдөг.
Тусгаарлахгүй бол бие биенийхээ ургалтыг дардаг
Саванд суулгахдаа 2—3 үрсэлгээг нэг саванд суулгадаг. Элс сайн хольсон ялзмагтай, тэжээллэг навчит ойн хөрс тохирно. Шувууны сангас найруулсан шингэнээр маш бага, сул тунгаар услахад сайн ургадаг. Цааш ургах явцад 2— 3 удаа савыг томруулж өгнө.
Давхар цэцэгтэй хаваршилыг үрээр тарих:
 
Сарнайн цэцэгтэй хаваршлын ийм үр дээрээ арай өөр заавартай байдаг. Стратификаци буюу хүйтэнд байлгах хэрэгтэй байдаг.
Янз янзаар ургаж мэднэ: 2 долоо хоногийн дотор соёолоод ургаад ирнэ, эсвэл огт ургахгүй байх гээд. Давхар дэлбээтэй, сарнайн цэцэгтэй хаваршлын үрийг стратификацинд оруулдаг. Энэ нь хүйтэн орчинд үрийг бэлтгэх, амраах, соёолуулах арга юм. Яг л булцуут ургамал шиг. Хаваршлыг гадаа тарьхаар бол намар үрээ цацаж суулгаад, өвөл хөрсөн дотороо хүйтэнд боловсроод, хавар өөрөө соёолоод, хамгийн түрүүнд гарч цэцэглэдэг юм. Гадаа суулгах бол сүүдэрлэг, нөмөр газар намхавтар хайрцаганд доор нь сайн нүхлээд, дренаж хийж өгөөд, хөнгөн хөрсөөр дүүргээд үрээ цацна. Дээгүүр нь "давс цацаж" буй мэт хөрсөөр хөнгхөн дарна. Хогийн ургамал, шарилж зэргийн үр салхинд хийсч орохоос сэргийлж дээгүүр нь агаар нэвтэрдэг зүйлээр хучина. Цас хавар хайлангуут бүтээсэн зүйлээ аваад, гадаа ил гаргаж тавьна. Ердийн агаарын хэлбэлзэлд санаа зовох хэрэггүй, хавар үр бүгд соёолоод ирнэ. Гэхдээ хөрс байнга чийглэгдүү байх ёстой, бага зэргийн хаталтанд үр үхдэг, иймээс зуслангийн газар тарих дэмий байх. Та тэр бүр очиж услаад байж чадахгүй. Харин тагтан дээрээ хайрцагаа байрлуулаад чийглэж байх нь амар байх болов уу.
Бүх үр "малгайгаа" хаяхад гялгар уутыг авна.
Эсвэл ингээд хөргөгчиндөө стратификацид оруулж болно
Хэрэв гэртээ, тасалгааны нөхцөлд ургуулах бол дараах аргуудын аль нэгийг сонгоорой. Хэрэв суулгах үр цөөн бол чийглэг хөрсөн дээр цацаад, дээгүүр нь гялгар уутаар бүтээнэ. Үүнийгээ өрөөний хэмтэй +20-24С газар 4-5 өдөр байлгана. Энэ хугацаанд үр дэвтэж бүдүүрнэ. Дараа нь үүнийгээ хөргөгчинд байрлуулна. Ойр ойр шалгаж харж байх хэрэгтэй. 
Хөргөгчинд ингээд ргаад соёоолоод ирдэг
Хөргөгчинд хийхдээ дээрх гялгар уутыг авсан нь дээр. Үр задарч, соёолж эхлэнгүүт хөргөгчнөөс гаргаад, гэрэлтэй цонхон дээр байрлуулна. Агаарын хэм хэт дулаан байх ёсгүй (+18С -ээс дээшгүй). Хөргөгчинд нэг сар болгоод соёолохгүй байсан ч гэсэн авч цонхон дээр байрлуулна. Зарим төрлүүд нь хүйтэн агаарын боловсруулалтанд оруулсны дараа гэрэлд соёолдог юм.
Хэрэв та олон төрлийн маш олон үр авсан бол бүгд хөргөгчинд багтахгүй тул бүгдийг нь паролон дотор соёолуулж болдог. Аяга таваг угаадаг ногоон хатуу үрэгчтэй шар поролоныг (жижиг нүхтэйг) авна. Үүний шар хэсгийг цаас зүсэгч хутгаар уртааш нь 5-6 эгнээ гаргаж зүснэ. 
Зүсэхдээ поролоны зузааны дунд хүртэл гүнзгий зүснэ. Эгнээ хоорондын зай 2 см орчим. Нэг зүссэн эгнээнд нэг төрлийн үрээ суулгана. Дараагийн эгнээнд өөр үр, гэх мэтээр бүх үрээ байрлуулна. Поролоноо зөөлөн базаад, жигд норгоно.
Үүний дараа поролоноо хатахаас сэргийлж гялгар уутанд хийнэ. Эгнээ бүрийгээ тэмдэглэж, аль эгнээнд ямар үр суулгаснаа бичихээ мартуузай. Хэрэв таны авсан аяга таваг угаагч паролоны нүх үрнүүдээс том ширхэгтэй - үр дотор нь шигдээд алга болоод байвал зүссэн эгнээндээ нимгэн нейлонон даавуу ("шилэн" оймсноос) хавчуулж, дотор нь үрээ хийгээрэй. Ийм тохиолдолд зүсэлтээ поролоны дунд хүртэл биш илүү гүнзгий зүсэж өгдөг.
Цааш яг л түрүүн бичсэнчлэн, эхлээд хэд хоног жирийн өрөөний дулаантай газар байлгаж үрнүүдээ дэвтээж "памбайлгаад", дараа нь хөргөгчинд хийнэ. 2-3 хоноод задалж шалгаарай. Паролон дотороо соёолж эхэлдэг тул паролоныхоо зүсэлтүүдийг нээж үзээрэй. Үүгээр та шалгахаас гадна мөн агаар оруулж өгч байгаа юм. Поролонон дотор байгаа үр хөргөгчний хамгийн хүйтэн тавиур дээр тавьсан ч бүтэж үхдэггүй.
Үр соёолсон бол паролоноос ховхолж авна. Үүнийгээ нойтон шүдний чигчлүүрээр хийх нь амар байдаг. Паролоноос хөрсрүү шилжүүлэхдээ шууд жижиг саванд тус тусад нь суулгаарай. энэ нь дараа нь тусгаарлаж суулгах ажилаас хөнгөлж байгаа юм. Хэрэв нейлонон даавуунд дэвтээсэн бол шилжүүлж суулгах илүү хялбар байдаг. Хөрсөнд шилжүүлээд дээгүүр нь гялгар уутаар бүтээнэ. Бүтээлгээ бүх үр соёолоод, үрийн хальсаа хаяж, навч нь хоёр тийш тэнийхлээр л авна. Үүнээс өмнө авч болохгүй!
Миний өөрийн ургуулсан хаваршил. Хөргөгчинд амрааж ургуулсан.
Давхар дэлбээтэй ишгүй хаваршил цэцгийг үрээр үржүүлэхэд бусдаасаа хамгийн хэцүү. Давхар дэлбээтэй хаваршилын үр илүү үнэтэй, уутандаа 5 ширхэг (тэгээд зарим үр ургахгүй байна).
Миний өөрийн ургуулсан хаваршил. Хөргөгчинд амрааж ургуулсан.
Давхар дэлбээтэй хаваршилын хөрс хөнгөн, сийрэг, тэжээллэг байх ёстой. Давхар дэлбээтэй хаваршилын үр 1,5-2 сар хүртэл сунжирч соёолж мэднэ. Үрний уутан дээр бичсэнээр бол амархан боловч жил бүр ургуулдаг туршлагатай цэцэгчдийн хэлж байгаагаар бол урт хугацаа ордог байна.
Давхар дэлбээтэй хаваршил маш удаан ургадаг. Хэрэв 2 сард суулгавал зарим хүчтэй цэцгүүд нь тэр жилийнхээ намар цэцэглэж болно. Харин ихэнхи нь дараа жил л цэцэглэнэ гэж тооцоолоорой.
5 сард суулгасан үр илүү хурдан ургадаг. Гэхдээ цэцэг нь зөвхөн дараа жил гарна. Давхар дэлбээтэй хаваршилын эдгээр онцлогийг тооцоолж тэвчээртэй хандаарай. Ургаж томорсон хаваршилыг гадаа суулгах бол 15х15см гэсэн зайнд, эсвэл тасалгаанд ургуулах бол 15-18 см диаметртэй саванд суулгана. 
Жилийн дараа л давхар дэлбээтэй үрээр ургуулсан хаваршил хүчтэй, үзэмжтэй цэцэг болдог. 
Цэцэгчдийн хэрэглэдэг үр хурдан соёолуулдаг бас нэг нууц байдаг: хөрсөнд суулгахаас 12 цагийн өмнө үрнүүдээ уутнаас нь гаргаж задлаад хөргөгчинд ил хийдэг. Хөрсрүү шилжүүлтлээ хөргөгчинд байлгаад байж болно. Ингэж ургуулсан цэцэг илүү тэсвэртэй, хүчтэй ургадаг. Мөн ингэхэд бүх үр соёолдог байна.
Цэнхэр өнгөтэй, цэнхэр туяатай цэцэгтэй хаваршилын үр хамгийн муу ургадаг байна. F1 төрлийн хаваршилд стратификаци заавал хийх хэрэгтэй. Уутан дээрх заавар дээр бичсэнээр хөрсөнд суулгаад шууд хөргөгчинд хий гэдэг, гэхдээ эхлээд 4-5 өдөр жирийн нөхцөлд +20-24С үрнүүдээ дэвтээж зузааруулах хэрэгтэй. Хөргөгчинд хийх хугацаа сортоосоо хамаарч 10-30 хоног байна.
1,5 сартай үрсэлгээ
Хөргөгчинд байлгахдаа гялгар уутаар бүтээхгүй байсан нь дээр. Битүү байлгавал амархан хөгц ургадаг. Хөрс бэлдэхдээ 2 хэсэг навчин хөрс, нэг хэсэг ялзмаг, нэг хэсэг хүлэр, нэг хэсэг элс гэж авч хольдог. Эхний 2–3 навч гарахад хаваршилыг жирийн тасалгааны нөхцөлд дасгана.
Хорхой шавьж:
Ихэвчлэн ширх, аалзан хачиг аюул учруулдаг - хороор устгана. Хорхой шавьж гарч ирсэн тохиолдолд л хор хэрэглэнэ. Урьдчилан сэргийлж цацаж болохгүй. 
Хөрс хэт чийгтэй байлгаад байвал, ялангуяа хүйтэн усаар услаад байвал маш амархан мөөгний өвчин үүсэж илжирдэг. Энэ тохиолдолд усалгааг зогсоож өвчилсөн газруудыг нунтагласан модны нүүрсээр бүрж түрхэнэ. 
Primula obconica
Өвөл примулаг маш бага, цөөн усалдаг. Навчинд ус, чийг хүргэж болохгүй. Ус чийгнээс дунд хэсгийн, дөнгөж ургаж эхэлж байгаа навчнуудыг хамгаалж байх хэрэгтэй. Гэрэлтэй, сэрүүн өрөөний цонхон дээр 10°С хэмд байлгавал нэн тохиромжтой. Навчинд гараараа хүрч болдоггүй, зарим мэдрэмтгий хүмүүсийн арьс загатнаж улаах, хавдах тал байдаг.
Ихэнхи примула өвөл навчтайгаа өвөлждөг, заримд нь хавар шинээр навч ургадаг. Хавар маш эрт цэцэглэдэг. Примула гэрэлд дуртай цэцэг. Гэхдээ хагас сүүдэрлэг газар тохирно, органик бордоотой, чийгтэй хөрсөнд сайн ургадаг. Өвөл дуусахад цэцэгний үндэс хөрснөөс гарч товоогоод ирвэл, хөвсгөр тэжээллэг хөрсөөр дээрээс нь далдална. 
Зун минерал бордоогоор бордно. Хавар эрт эхний бордоог хийж өгнө, дараа нь 2-3 долоо хоногт нэг удаа тогтмол бордоод, хамгийн сүүлийн бордоог – 8 сарын эхээр хийнэ. Намар хүртэл навчтай нь байлгах хэрэгтэй.

No comments:

Post a Comment