Thursday, January 22, 2015

Мандевилла - Mandevilla

АСУУЛТ - ХАРИУЛТ: Мандевилла цэцгийг үрслүүлэх талаар оруулж өгнө үү?
Мандевилла - ороож ургадаг цэцэгт ургамал. Юүлүүр маягийн цэцэгтэй. Цэцэглэлт зуны турш үргэлжилдэг. Эх нутаг нь Америкийн халуун бүс, ялангуяа Бразилийн нутгаар илүү тархсан. Иймээс мандевилла нь халуун дулаан, чийг ихтэй орчинд байх дуртай цэцэг.
Мандевилла гэх нэр нь Их Британий дипломатч, цэцэгчин Генри Мандевиллын (1773-1861) нэрнээс үүдэллтэй гэнэ.
Хэрэв бүх нөхцлийг бүрдүүлж өгөх юм бол маш олон цэцэг гаргаж цэцэглэдэг урамтай ургамал. Мандевиллагийн өөр нэг нэр нь Дипладения гэж зарим эх үүсвэрт дурдсан байдаг. Дипладения гэх маш төстэй ургамлыг зарим цэцгийн мэргэжилтнүүд нэг ургамал гэдэг, гэхдээ нэг овог, бүлгийн хоёр өөр цэцэг гэж хэлэх ч байдаг. Ямартаа ч урд нь энэ 2 ургамлыг Дипладения гэж нэг бүртгэдэг байсан бол одооноос салгасан байна.
Мандевилла нь Аросупасеае овогт хамаарагддаг, энэ овогт бидний мэдэх чоёо бас ордог. Мандевилла нь хортой шүүс ялгаруулдаг тул тайралт, чимхэлт хийхдээ бээлий өмсөж байгаарай. Нийт 30 гаруй төрөл зүйлийн мандевилла байдаг байна.
Давхар цэцэгтэй сорт
Мандевилла - маш үзэсгэлэнтэй лиана. Дээш 4,5 метр өндөр хүрдэг. Гялгар навчтай, навчны урт 5 см. Цэцэгний диаметр 8 см. Цэцэг нь энэ жил ургасан шинэ мөчирний үзүүрт гардаг. Маш хурдан ургадаг ургамал. Навч нь гялгар, зузаан, удамборын навчтай төстэйдүү тул цэцэглээгүй байхдаа ч үзэмжтэй харагддаг.
ТӨРӨЛ
Мандевиллагийн цэцэг төрөл бүрийн өнгөтэй байж болно. Хамгийн түгээмэл нь - Mandevilla x amabilis 'Alice du Pont' тод ягаан-улаан өнгийн цэцэгтэй. Худалдаанд ихээр таардаг нь Мandevilla sanderi бараавтар ягаан өнгийн цэцэгтэй. Маш үзэмжтэй сорт бол Мandevilla laxa.
 
Мандевилла шар               Мандевилла ягаан
 АРЧИЛГАА
Агаарын чийгшил
Агаарын чийгийг ихэсгэх үүднээс хажууд нь савтай ус тавих, доор нь чийгтэй хайрга, керамзит, эсвэл хөвдтэй сав/поднос/ тавих, өдөр бүр хэд хэд навчнуудыг усаар шүршиж байх гээд арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн агаар чийгшүүлэгч ажиллуулах нь хамгийн сайн арга юм. 
Мандевиллаг өндөр тулгуур ороолгож ургуулах маш үзэмжтэй харагддаг.
Зун агаарын чийгшил маш өндөр байх ёстой.
Тайралт
Олон салаа мөчир гаргаж, мөчирний үзүүрүүдэд цэцэг дэлгэрүүлэхийн тулд тайралт чимхэлт хийж байх хэрэгтэй. Тайралтыг намар цэцэглэлт дуусмагц хийдэг. Тэгвэл дараа жил нь маш олон шинэ нахиа, мөчир ургаж цэцэг олон гарна. Хэт урт мөчирнүүдийг 1/3 богиносгодог.
Тогтмол тайралт хийж байж олон цэцэг гаргаж авна. Ургалт хурдан тул намар, хавар хоёр удаа тайрсан ч болдог.
Тайралт хийснээс 2 сарын дараа цэцэглэж эхэлдэг тул хавар эрт тайрах нь дээр. Цэцэглэлт заавал зун гэхгүй, өвөл ч цэцэглэсэн байдаг.
Шилжүүлэн суулгах
Залуу ургамлыг хавар шилжүүлэн суулгадаг. Савны ёроолд заавал дренаж хийнэ. Шилжүүлж суулгах бүрийдээ хуучнаасаа арай том сав авна. Хамгийн том савны голч 20 см байхад болдог. Хэт том ургасан хөгшин ургамлыг шилжүүлж суулгахын оронд хөрсний дээд хэсгийг хусаж шинээр солиод байхад хангалттай.
Усалгаа
Идэвхитэй ургалт үед маш сайн услаж байна. Өвөл усалгааг багасгадаг. Услахын өмнө хөрсний өнгөн үе доош 1см хатсан байгаа эсэхийг шалгана. Хавраас эхлээд 2 долоо хоногт нэг удаа бордно. Хамгийн тохиромжтой бордоо бол шингэн бордоо байдаг. Үүнийг услах усандаа нэмээд хэрэглэнэ. Өвөл бордох хэрэггүй.
Гэрэл
Байршил сонгохдоо хангалттай их гэрэлтэй, үдийн хурц нарны шууд тусгалаас хамгаалсан газар сонгоно. Баруун болон зүүн зүгийн цонх тохирдог. Мандевилла гэрэлд дуртай, нарны хурц биш гэрэл илүү сайн.

Энэ зураг дээрх ургамал нь намар мөчрөөр үрслүүлсэн, өвөлжингөө ургахгүй нэг л хэвэндээ байснаа хавар сэрээд, нахиалж ургаад, энэ нарийхан урт сахал шиг мөчир нь 7 хоногийн дотор ургаж амжив.

Бундуу үүсээд дэлгэртлээ маш уддаг. Бараг 1,5-2 сар болох байх. Нэг цэцэг нь ойролцоогоор 2 долоо хоног байдаг. Тасалгааны нөхцөлд дасгасан байхад айхтар их арчилгаа шаардаад байхгүй.
Хамгийн үзэсгэлэнтэй хэсэг бол мэдээж цэцэг 
Хөрс 
Хөрс сийрэг, тэжээллэг байна - ширгэн хөрсөнд хүлэр, элс болон модны нүүрсний үүрмэг хийнэ. Модны нүүрс нь үндэс илжрүүлэхээс сэргийлдаг ба хөрс сийрэгжүүлж өгдөг, мөн калийн эх үүсвэр болж өгдөг.
Агаарын дулаан
Өвөл + 15°С, гэхдээ + 13°С-аас буурч огт болохгүй. 
Юм ороож, дээш асаж ургадаг тул заавал тулгуур хийж өгөх хэрэгтэй
Амралт үе
Амралт үеийг 11-2 саруудын хооронд гаргаж өгдөг. Амраах гэж байгаа бол + 15-18°C хэмд усалгааг багасгаад, цөөрүүлээд, тод гэрэлтэй газар байрлуулна.
 
Штамб модны доогуур хөрс бүрж ургуулвал үзэмжтэй
Үрслүүлэх арга
4-5 саруудад мөчрөөр үрслүүлдэг.
 

1. Шинэ залуу мөчирнөөс 8-10 см урт хэсэг тайрч аваад.
2. Цаас, сонин дээр хэвтүүлээд нэг цаг оролдож болохгүй. Хортой шүүс урсаж дуусах хэрэгтэй юм. Дараа нь мөчирний үзүүрийг үндэслүүлэгч бодис, эсвэл ургалт өдөөгч бэлдмэлд дүрээд хүлэрт хөрс, элсний холимогт суулгана (1:1).
3. Агаар оруулах зориулалттай жижиг жижиг нүхтэй гялгар уутаар бүтээгээд + 24С хэмтэй дулаан сарнисан гэрэлтэй газар байрлуулна. 
4. Шинэ нахиа, навч цухуйгаад ирвэл үндэслэсэн байна гэсэн дохио. Дээрх гялгар уутаа аваад, агаарын чийгийг ихэсгэх бүхий л арга хэмжээ авч байрлуулна.
Мөчрөөр мөн усанд хийгээд, вакумдаад үндэслүүлж болдог. Усандаа модны нүүрсний үртэс хийвэл ус муудахгүй. Нарны тусгалаас хол, гэхдээ хангалттай гэрэлсэг, дулаан газар байрлуулна.
Гарч болох хүндрэлүүд
Мандевиллад аалзан хачиг үүрлэхдээ амархан. Иймд улирал бүрийн эхэнд сэргийлэх үүднээс хор цацдаг ба тогтмол усаар угаа, шүршиж байна.
Цагаан далавчитад баригдсан мандевилла
Худалдаж авах бол зун авсан нь дээр байдаг. Худалдаж авахдаа навчны өнгө тод, гялгар, сайн товгор хээтэй, олон тооны бундуу гарсаныг аваарай. Мандевилла гэрт олон жил ургадаг. 
Тасалгааны температур унаж, сэрүүн хүйтэн болох, эсвэл агаарын чийг багассан, мөн хөрс хатсан зэрэг тохиолдолд навч шарлаж унана. Нүцгэрсэн мөчрийг тайраад, гэрэлтэй дулаан, чийглэг газар байрлуул.
Mandevilla 'Tango Twirl'

No comments:

Post a Comment