Friday, July 10, 2015

Родохитон

АСУУЛТ - ХАРИУЛТ: Rhodochiton "Purple Bell Vine" цэцэгний талаар мэдээлэл оруулж өгөөч.
Родохитон - Rhodochiton atrosanguineus - Rhodochiton volubile
Хүрэн улаан өнгийн мөлхөө, ороож унжиж ургадаг олон наст ургамал. Мексик, Төв Америкаас гаралтай. Гурван төрөл байдгаас нэгийг нь ургуулдаг байна - "Purple Bell Vine".
Дулаан уур амьсгалтай газруудад гадаа нэг наст гэж тарьдаг. Ургалт маш хурдан, мөнхийн ногооноороо байдаг. Ороож ургадаг, 3-4 м хүрдэг урт мөчиртэй. Бараан өнгийн содон хэлбэртэй цэцэг нь 2,5 см урт, маш сул үнэр ялгаруулдаг. Зуны дундаас намрын сүүл сар хүртэл цэцэглэдэг. Худалдаанд хоёр нэртэй тааралддаг: "Purple Bell Vine" ба "Purple Rain".
Родохитоныг гэрэл ихтэй, дулаан, нөмөр газар ургуулна. Хөрс чийглэгдүү, саармаг, хөвсгөр, тэжээллэг байна: ширгэн хөрс, ялзмаг, элс, хүлэрт хөрс (1:1:1:2). Доор нь заавал дренаж дэвсэж өгнө. 
Үрээр болон мөчрөөр үрслүүлж болно. Үрийг хавар эрт тарьдаг. Суулгатлаа хуурай, сэрүүн газар хадгална. Үрийг бага зэрэг хөрсөөр хучаад гэрэлтэй газар байрлуулна. Ойролцоогоор 10 хоноод соёолно. Агаарын хэм +15-20С байх ёстой. Хуучин үр удаан задардаг 40 хоног хүртэл хүлээж болно. Нахиалангуут хүлэмжний чийглэг орчин бүрдүүлж өгч байсан нилэг уутыг аваад маш сайн гэрэлтэй газар байрлуулна. Томроод ургасан үрсэлгээг тусгаарлаж суулгана. Савны хэмжээ 8 см диаметртай байхад тохирдог. Тусгаарласны дараа сэрүүвтэр газар шилжүүлж байрлуулна.
Гадаа тарих бол задгай агаарт 2-3 долоо хоног дасгаж байж гаргана.
Мөчрөөр үржүүлж болдог. Үүний тулд 8-10 см урт мөчирийг 5 сард тайрч авч чийглэг хөрсөнд шууд суулгаад гялгар уутаар бүтээж +20 С хэмтэй газар 3 долоо хоног байлгана. Ургаад байх явцад нь савыг нь томруулж байна. Сүүдрэвч, зуны цэцэрлэгт тохирох ургамал.
Арчилгаа: тулгуур заавал хийж өгнө. Хавар - зуны цагт долоо хоног бүр бордож байна. Органик болон минерал комплекс бордоо хэрэглэнэ. Өвөл ургуулах бол усалгаа багавтар, сэрүүн, гэрэл ихтэй өрөөнд байлгана. 
Сав том, зайтай байх нь дээр: том ургамлыг 30 см голчтой саванд. Тайралт, таналт хийхэд дуртай. Тайралт хийхдээ мөчирний 1/3-г богиносгоно. Үүнийг цэцэглэлт дуусангуут, эсвэл хавар эрт хийдэг. Хэт сунаж ургасан, сул, шингэрсэн, үзэмжгүй мөчирнүүдийг хавар тайрдаг. Тайрсан мөчирний үзүүрийг үрсэлгээнд хэрэглэж болно.
Ургалт хурдан тул 3-4 жилийн дараа залуужуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөчирний үзүүрээр шинээр үрслүүлж суулгана. 
Хорхой шавьжнаас ширх, цагаан ялаанд амархан өртдөг. Заримдаа хэт хуурай агаарт хөгц ургадаг.

No comments:

Post a Comment