Tuesday, July 7, 2015

Хайтан: Ерөнхий зүйл

Ягаан булцуут хайтан
Хайтан - Бегония, Begonia 
Бегония - Begoniaceae овгийн ургамал. Уугуул нутаг нь Америк, Зүүн Өмнөд Ази, Африк болон Мадагаскар арал. Нийт 1000 төрөл байдаг ба нэг наст, олон наст, өвслөг, бутархаг, хагас бутархаг гээд олон янз байдаг байна. Хайтан маш олон төрөл байдаг ба зөвхөн өндрөөр нь ялагахад хэдхэн сантиметрээс 3 метр хүртэл олон төрөл.
Түүх: 
Гаити арлын амбан захирагч М. Бегоны нэрээр нэрлэсэн байна. Анх хайтанг францын ботаникч, ламтан Шарль Плюмье нээжээ. Шарль Плюмье нь ялдам цэцгийг анх нээсэн ургамал судлаач юм. Плюмье 1687 онд Гаити арлын амбан захирагч Мишель Бегоны санхүүжүүлсэн экспедицээр Антилийн арлуудаар ургамал цуглуулахаар явж байхдаа урд нь тааралдаж байгаагүй 6 төрлийн ургамал олж нээгээд 1690 онд шинэ ургамлын овог бий болгож үүнийгээ өөрийн найз болон спонсор Мишель Бегоны нэрээр нэрлэж гэнэ. Шарль Плюмье гэдэг энэ буянтай ламтан бидэнд ялдам, хайтан гээд бусад олон цэцгүүд бэлэглэсэн хүн юм байна. 
Хятадын нэгэн домогт хайтан нь дуралсан бүсгүйн нулимс дусалсан хөрснөөс ургасан цэцэг гэдэг гэнэ. 
1856 онд Энэтхэгт Хаан хайтанг (Begonia rex Putz.), 1864 онд булцуут хайтанг (Begonia boliviensis DC.) тус тус нээжээ. Булцуут хайтанг нээснээр том цэцэгтэй хайтангийн гибрид сортуудыг гаргаж авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар хэдэн мянган гибрид форм болон сортууд бий болсон байна.
Гималайн нуруунд амьдардаг ардууд хайтанг шөл болон бусад махан хоолондоо амтлагч болгож хэрэглэдэг байна.
Цэцгээр гоёдог хайтан
Төрөл: 
Хайтан нь бутархаг, хагас бутархаг, өвслөг гэж байдаг. Тасалгаанд ихэвчлэн гибрид сортууд ургуулдаг. «Тасалгааны хайтан» гэсэн тодотголд хоёр төрлийн хайтан багтдаг – цэцгээр гоёдог хайтан, навчаар гоёдог хайтан. Мөн булцуутай, үндэстэй гэж ангилна. 
Навчаар гоёдог хайтан
Цэцгээр гоёдог хайтан нь дотороо мөн:
1. Навч нь хатаж үхээд, дараагийн цэцгийг булцуунаас ургуулдаг, эсвэл (бутархаг хайтангууд) ургалт нь зогсож, гүн амралт үед ордог,
2. Мөнхийн цэцэгтэй хайтан – мөнхийн ногоон хайтан, 4 улирал цэцэглэдэг, цэцэг нь жижиг, булцуут хайтан шиг үзэмжтэй биш.
Онцлог: Хайтан маш үзэмжтэй тасалгааны цэцэг. Эр эм гэж хоёр янзын цэцэг зэрэг гардаг. Ихэнхи хайтан зунжингаа цэцэглэдэг, гэхдээ нөхцөлийг нь бүрдүүлж өгвөл намар-өвөлдөө ч цэцэгтэйгээ байдаг байна.
Булцуут хайтангийн эр, эм цэцэг
АРЧИЛГАА
Гэрэл: 
Бүх хайтан, ялангуяа цэцгээр гоёдог төрлүүд тод сарнисан гэрэлд дуртай, гэхдээ нарны гэрлээс заавал хамгална. Нарны гэрэлд навч түлэгддэг. Цэцэглэж байх үед нь ойр ойрхон байлгаж болдоггүй, зайтай тавьдаг. Нэг цэцэг нөгөөгөө халхалж болдоггүй, мөн гэрэлд тогтмол эргүүлж байна. Тэгэхгүй бол гэрэлрүү тэмүүлсээр далий ургасан, нэг бөөртэй цэцэг болно. Навчаар гоёдог төрлийн хайтангууд сүүдэрт илүү дуртай.
Байршил:
Баруун урд, баруун зүүн зүгрүү харсан цонхон дээр илүү тохирно.
Унждаг хайтан: эр эм цэцэг
Усалгаа:
Зуны улиралд - их, намар-өвөл - бага. Хөрс хатааж болохгүй. Мөн хэт их устай хөрсөнд дургуй. Хөрсний дээрх өнгөн үе хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийнэ. Доод тосгуур тавганд ус удаан байлгаж болохгүй.
Услахдаа зөөлрүүлсэн, 2-3 хоног задгай хонуулсан, жаваргүй, агаарын хэмээс 2-3 хэмээр дулаан ус байх ёстой. Булцуут хайтанг өвөл усалдаггүй - хуурай хүлэрт хөрсөнд, эсвэл ухаж гаргаад цэвэрлээд хадгалдаг.

Агаарын дулаан:
Өвөл +18С -ээс доошгүй хэмтэй байх. Зун нь +20-25С.
Навчаар гоёдог Rex Begonia
Агаарын чийгшил:
Тасалгааны агаарын чийгшил 60% байх шаардлагатай. Үүнийг агаар чийгшүүлэгч ажиллуулах, эсвэл устай сав тойруулж тавих зэргээр шийдэж болно.
Хайтанг усаар шүршиж огт болохгүй. Бүх төрлийн хайтангийн навч ус хүргэхэд бор толботой болдог.
Мөнхийн цэцэгтэй хайтан
Бордоо:
Цэцгээр гоёдог хайтанг цэцэгний бундуу бүрэлдэж эхлэнгүүт цэцгээр гоёдог цэцэгний шингэн бордоогоор борддог. Үүнийг 2 долоо хоногт нэг удаа хийнэ.
Навчаар гоёдог цэцгийн бордоогоор бордож болохгүй. Энэ нь азот ихээр агуулдаг тул навч ургуулаад байна, харин цэцэг гарч ирэхгүй, гарч ирсэн ч цөөн цэцэг, жижиг цэцэг гарна. Азот ихтэй бордоог навчаар гоёдог хайтанд хэрэглэдэг.
Үндэстэй хайтан
Амралт үе:
Цэцэглэлт дуусангуут булцуут хайтанг амралт үед нь бэлддэг. Усалгааг бага багаар цөөлөөд, багасгана. Хөрсөн дээрх хэсэг хатаж дуусангуут хатсан навч ишийг авч хаяад, 10-12С хэмтэй сэрүүн газар 2-3 сараар байрлуулна. Маш цөөн усалдаг.
Эсвэл булцууг ухаж аваад, цэвэрлээд, угааж хатаагаад, сонинд боогоод харанхуй хуурай газар хадгалж болно.
Булцуут хайтан
Хөрс: 
2-3 хэсэг навчит ойн хөрс, 1 хэсэг элс, 1 хэсэг хар шороо, 1 хэсэг хүлэрт хөрс тус тус авна. Хайтангийн үндэс жижиг тул өндөр сав авах хэрэггүй, намхан өргөн сав таарна.
Булцуу суулгах тухай бичлэг энд дарж үзнэ үү.

Шилжүүлэн суулгалт: 
Хавар эртхэн булцуут хайтанг шинэ хөрсөнд суулгадаг. Үндэстэй хайтанг шаардлагтай үед - сав багадаж эхлэхэд шилжүүлж суулгана. Цэцэг услаад, дараагийн өдөр нь шилжүүлж суулгалаг. Шууд усласны дараа, эсвэл усалгаа шаардагдаж байх үед шилжүүлэн суулгалттыг хийж болохгүй. Суулгах явцад хөрс үл ялиг чийглэг байна - хуурай биш, мөн хэт чийгтэй биш.
Суулгах өдөр нь савнаас гаргаад, хуучин хөрснөөс салгаад, марганцын ягаан уусмалд байлгадаг. Үндэсийг сайн шинжилнэ. Хэрэв эсгий шиг болсон, эсвэл том ялзарсан үндэс байвал хурц хутгаар авч хаяна. Тайрсан, зүссэн газрыг модны нүүрсний нунтагаар түрхэдэг. Суулгахдаа хөрсийг дүүртэл хийдэггүй. Шилжүүлж суулгасны дараа сайн услана.
Дараагийн усалгааг 5-6 хоногийн дараа хийнэ. Энэ хооронд хөрс доош сууж өгнө, дээрээсээ хатаад ирнэ. Иймд хэрэгтэй бол дээр нь хөрс нэмэж өгч болно. Гэхдээ мөн л дүүртэл хөрс хийдэггүй. Үндэс шинээр нэмэж ургаад ирэхлээр хөрс нэмэж өгнө. Суулгасны дараа хэд хоног сүүдэрт, нэвт салхинаас хол, нөмөр газар байлгадаг. Уурших талбайг багасгахын тулд бутархаг хайтанг тайрч өгдөг. Энэ мөн хэлбэржүүлж өгч байгаа юм.

Үрслүүлэх арга:
Хамгийн тааламжтай үе - хавар. Үрслүүлэх арга - навч, мөчир, булцуу, үрээр болон бут хуваах, үндэс хуваах зэрэг аргууд байдаг байна.
Үрээр тарих:
Үрийг 2-3 сард суулгадаг. Үр маш жижигхэн тул дээрээс нь хөрсөөр булахгүй. Үрсэлгээг цонхон дээр тавиад гялгар уутанд хийх, эсвэл шилээр таглана. Услахдаа ус шүршигчээр усладаг, эсвэл доод усалгааг хэрэглэдэг.
Агаарын дулаан 20°-25°С хэм байна. Соёолсон үрийг 2 удаа (3 дахь навч гарахад болон 1,5-2 сарын дараа) тусгаарлаж суулгадаг. Эхлээд бие биенээс нь зайтай, дараагийн удаа тус тусад нь саванд суулгана.
Булцуут хайтанг үрээр ургуулах хүндрэлтэй байдаг, мөн бас онцлогтой байдаг. Хайтангийн үрсэлгээ улам хурдан ургахын тулд орой нэмэлт гэрэл гаргаж өгөх хэрэгтэй. Ойролцоогоор 5 цаг гэрэлтүүлж өгч байна. Нэмэлт гэрэлтүүлгээ 3 сарыг дуустал хийж өгвөл сайн. Үрээр тарьсан хайтанг тэр жилдээ цэцэглүүлж, доороо 3-4 см диаметртэй булцуу бүрэлдүүлж амжуулахын тулд үрийг эрт суулгах хэрэгтэй (1 сарын эхэнд).
Үүнээс хойш суулгавал (2 сарын эхээр - 3 сар хүртэл) эхний жилдээ 1-2 см диаметртэй булцуу гардаг ба цэцэг нь дараа жилдээ л цэцэглэдэг. Булцуут хайтангийн үр маш жижигхэн. Соёолох чадвар нь 3 жилээс хэтэрдэггүй. Иймд шинэхэн үр суулгах хэрэгтэй. 

Булцуу хуваах: 
Том булцууг хэсэгчилж хэрчээд, зүсэлттэй газруудыг нунтагласан нүүрсээр түрхээд, хатаагаад, хайрцганд эсвэл саванд ургуулахаар хийнэ. Булцууг хуваах аргаар хуучин булцууг залуужуулж өгдөг. Хуучин, хөгшин булцуу муу цэцэглэдэг юм.

Мөчрөөр үрслүүлэх:
3-5 навчтай 10-15 см урт мөчир тайрч авна. Зүүсэн хэсгийг нунтаг нүүрсээр бүрнэ. Дараа нь хөрсөнд шууд суулгана. Хөрс: навчин хөрс, хүлэрт хөрс, элс ижил хэмжээгээр авна. Суулгасны дараа услаад, +20С хэмтэй дулаан газар нарны гэрлээс хамгаалж байрлуулна. Хөрс байнга чийгтэй байна. Гялгар уутанд хийж болно, агаар чийглэг байх ёстой. Мөчир нэг сар болоод үндэслэдэг. Дараа нь нэг нэгээр нь саванд тусгаарлаж суулгана.
 
 

Бут хуваах:
Сайн салаалж мөчирлөдөг, салаалсан мөчирнүүд нь доороо тус тусдаа үндэстэй байдаг бутархаг хайтанг энэ аргаар үрслүүлдэг. Үндэс нь хоорондоо орооцолдоогүй, амархан хуваагддаг бол гараараа салгаж болнл. Зарим хайтангийн үндэс хөрстэйгээ барьцалдаж зууралдсан байдаг тул хутгаар хувааж, тус тусад нь саванд суулгадаг. Үндэслүүлэхийн тулд дулаан, сайн гэрэлтэй газар байрлуулдаг.

Үндэс хуваах:
Навчаар гоёдог хайтанг энэ аргаар үрслүүддэг. Үүнийг хавар шилжүүлэн суулгалт хийх үедээ хийнэ. Үндэсийг шорооноос салгаад, хурц хутгаар хэдэн хэсэг хуваана. Хуваасан хэсэг болгонд 1-3 мөчир, ургах цэг, үндэс байх ёстой. Зүсэлт хийсэн газруудыг нүүрсээр түрхэж өгдөг. Энэ нь суулгасны дараа ялзрахаас хамгаалж өгдөг. Хэсэг бүрийг тус тусад нь саванд суулгаад усална.
Усанд эсвэл элсэнд үрслүүлж буй навчийг судал хэсэгт зүсэж өгвөл хэд хэдэн цэцэг ургадаг.

Навчаар үрслүүлэх:
Навч тайрч аваад хүлэрт хөрсөнд, эсвэл дээр заасан хөрсөнд зоож суулгаад хүлэмжинд хийнэ. Усанд үндэслүүлж болдог.
Ихэвчлэн энэ аргаар навчаар гоёдог хайтанг үрслүүлдэг. 12 сараас 2 сарын хооронд үрслүүлдэг. Навчийг 2см иштэй тайраад, хөрсөнд 1 см гүнд зоож суулгана. Навчны далбагар хэсгийг хөрсөнд дээр дээшээ харуулж хэвтүүлээд, дээрээс нь чулуугаар энд тэнд дарна. Навчны судаснууд хөрстэй наалдаж байх ёстой. 
 
 
Илүү үр дүнтэй болгохын тулд навчны бариул хавьд товгорч гарсан судалуудад навчны доод талаас нь жижиг жижиг (2 см-ээс доошгүй) зүсэлт хийж өгнө. Олон навч суулгаж байгаа бол навчнууд хоорондоо хүрч болохгүй. Үндэслэлт 3-4 долоо хоноод үндэслэдэг. Агаарын хэм +20-+22 С байх ёстой. Хэрэв навч чийгтэй хөрсөнд сайн наалдсан бол хэд хэдэн газар үндэслэж үрсэлдэг тул олон цэцэг гарна.
Хайтанг навчаар үрслүүлэх тухай дэлгэрэнгүй бичлэг энд дарж үзнэ үү.

Навчны хэсгээр: 
Навчийг гурвалжин хэсгүүдэд хуваана. Хэсэг бүр навчны судалтай байна. Дараа нь элстэй саванд доод үзүүрээр нь элсэнд зоож суулгана. Дулаахан гэрэлтэй газар байрлуулна. 2-3 долоо хоногийн дараа үзүүр хэсэгт зузаарч, дараа нь эндээс шинэ цэцэг ургадаг. Үрслүүлэхдээ "хүлэмжний" нөхцөл бий болгож өгдөг. Навчаар болон навчны хэсгээр хавар - зуны эхэнд +28-30°С хэмд хийдэг.
 
 
Навчаар үрслүүлэх тухай бичлэг энд дарж үзнэ үү. 

Бусад бичлэг:
Хайтанг залуужуулах арга
REX буюу ХААН хайтангийн тухай
Хайтан навчны хэсгээр үрслүүлэх
Өвчлөлт, хорхой шавьж:
Арчилгаа буруу явагдсан бол навч, цэцэг, бундуугаа гөвдөг. Шалтгаан нь - усалгаа дутсан, эсвэл хэт хуурай агаар. Навчны үзүүр эхлэж борлоод, усалгааг жигдрүүлэхгүй бол унаж эхэлдэг. 
Навч бүдэг өнгөтэй болвол гэрэл дутагдсаных.
Цагаан гурил цацсан мэт навч, мөчир, иш цагаардаг. Энэ нь мөөгөнцрийн гаралтай өвчин. Гэмтсэн навч эргэлдэж хумигдна, хэлбэр нь өөрчлөгдөөд хатдаг. Цэцгийн бундуу дэлгэрдэггүй. Намар-өвөл гэрэл муу, чийгтэйд илүү дэлгэрдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд агаар сайн оруулж байх, өрөөг жигд гэрэлтүүлж байх, цэцэгнүүдээ шигүү тавихгүй байх, байнга бордож байх хэрэгтэй гэнэ. Дандаа азотоор бордоод байж болохгүй. 
Саарал хөгц нь мөн л мөөгнөөс гаралтай өвчин - цэцэг, навч, иш, мөчир, жимс гээд бүх хэсгийг гэмтээж үхүүлдэг. Мөөгний эсрэг бодисуудаар шүрших. Гэмтсэн хэсгүүдийг тэр дор нь тасдаж хаях. 
Бусад хорхой шавьжнаас ширх, нематод өт, аалзан хачиг аюултай юм байна.
Гарч болох хүндрэлүүд: Навч шарлаад, унаад байна – гэрэл дутагдсаных, усалгаа ихэдсэн, эсвэл усалгаа багадсан. Мөн "Гурилан мөөгөнцөр" үржсэн байж болно.

6 comments:

  1. сайн байна уу, хайтангийн булцуу авсан юм аа. одоо надад солонгосын перлиттэй хөвдөн хөрсөн дээр хар шороо холисон хөрс байна. энүүнд суулгаж болох уу эсвэл заавал тэр навчит хөрс энэ тэрэнд нь хийх үү

    ReplyDelete
    Replies
    1. Солонгос хөрс авч хэрэглээгүй удаж ээ, тиймээс ямар хөрс зарж байгааг сайн мэдэхгүй юм. Перлиттэй хөвдөн хөрс ээр хар шороо холисон бол болноо. Хар шороо эсвэл био ялзмаг ч хэрэглэж болох юм. Аль байгаадаа л суулгачих. Ургана аа.

      Delete
    2. Гоё улаан цэцэгтэй хайтан бэлгэнд авсан чинь арчилж чадалгүй үхээд бна. Дээр жижиг цагаан амьтан нисээд бна. Яах вэ туслаач

      Delete
    3. Tsagaan dalavchit niseed bgaa bol Aktellik gedeg hor avch tsatssan n deerdee. Neg uurelsen bol alga bolgoh hetsuu. Uchir n haitang ugaagaad baih ter bur durtai bish, navch dardaagaad hatuurchihdag. Mun zarimdaa borlood, uvchlood eheldeg. Tiimees Tsetsegiin archilgaa gesen bulangaas Tsagaan dalavchit , Aalzan hachig geed bichleguudiig olood unshaarai.

      Delete
  2. Bultsuutai,undestei 2 turliin haitang yaj yalgadag ve,zuvluguu uguuch,pls

    ReplyDelete
    Replies
    1. Urguulaad bvl yalgadag bolchnoo. :-)))
      Bultsuutai haitan arai tom tom shiruun navchtai, zarim sortiin navch userhegduu ch gemeer. tsetseg n tom, gangan, er em tsetsegnii torh n iluu oor. Undestei haitanguudiin navch zoolon, hemjee bultsuutaas haritsangui jijigduu, tod nogoon, esvel ungulugduu baij bolno, tsetsegnuud gangan ch hemjee n arai jijig. Yag tiim geed helchih hetsuu, gehdee l yavaandaa yalgadag bolchdiimaa.
      Buur bolohgui bol uhaad bultsuutai uguigee medej bolno doo. Zuragii n yavuulval heleed uguj bolnoo.

      Delete