Saturday, August 8, 2015

Альсобия (Alsobia)

АСУУЛТ - ХАРИУЛТ: Альсобия цэцгийг яаж үржүүлэх вэ?
Альсобия (Alsobia) - модны доогуур сүүдэрт халиурч ургадаг өвсөрхөг ургамал. Альсобиягийн уугуул нутаг нь Төв болон Өмнөд Америк - Бразили, Мексик, Колумб. Өмнө нь альсобияг Эписциягийн овогт оруулдаг байсан бол нарийн судалгааны үндсэн дээр 1978 онд Альсобия нь Геснерийн овгийн ургамал гэдэгийг тогтоожээ.
Урт сахал шиг иш дээр олон тооны навчин тавагнууд үүсдэг. Эдгээрийг салгаад амархан үндэслүүлж болдог. Навч нь 5-10 см урт, үсэрхэг. Цэцэг нь юмдүүжинтэй адил салбархай ирмэгтэй, 1,3-4 см диаметртэй. Байгальдаа намраас өвлийн эх хүртэл цэцэглэдэг. Тасалгааны нөхцөлд хавраас намар хүртэл цэцэглэдэг. Өвлийн улиралд нэмэлт гэрэлтүүлэг хийвэл цэцэглэлт үргэлжилдэг. Сагсгар салбагар ганган ирмэгээс болоод альсобияг англиар "Lacy flower" буюу "торон цэцэг" гэдэг байна.
Тасалгаанд ургуулахдаа ампель хэлбэрээр унжуулж ургуулвал илүү зохимжтой. Альсобия ямарваа нэгэн өвчин, хорхой шавжинд тэсвэртэй. Эписцияг бодвол хүйтэн сэрүүнийг болон хуурай агаар даахдаа сайн. 
Байгалийн Альсобия овогт 3 төрөл багтдаг:
Alsobia dianthiflora (Альсобия юмдүүжин цэцэгт) – зууван хэлбэрийн үсэрхэг навчтай, миниатюр навчин тавагтай. Том цагаан цэцэгний эмжээр нь дэрэвгэр, сагсгар. Навчин тавагнууд нь өвсөн хивс шиг битүү бүрж ургадаг.
Alsobia punctata (Альсобия цэгэн толбот) – дээрх төрлөө бодвол том хэлбэртэй, навчин тавагны диаметр нь 10см хүрдэг, навч нь шовгор хэлбэртэй. Том цагаан цэцэг нь тод ягаан өнгийн цэг, толботой. 
Alsobia Chiapas (Альсобия Чиапас) – навчны хэмжээ илүү том, зууван хэлбэртэй, үсэрхэгдүү, тод ногоон өнгөтэй. Сэгсгэр ирмэгтэй, ягаан цэгээр бүрсэн цагаан цэцэгтэй. 
Alsobia dianthiflora болон Alsobia punctata хоёрыг эрлийзжүүлсэний үр дүнд Alsobia hybrid “San Miguel”, Alsobia hybrid “Cygnet”, Alsobia hybrid “Iris August” зэргийг гаргаж авчээ.

Үрслүүлэх аргууд: үрээр болон бут-навчин тавагаар. Хамгийн амархан арга нь - навчин тавагаар. Үүнийг усанд, хөвдөнд, мөн хөрсөнд үндэслүүлж болдог.
Усанд үндэслүүлэх арга
Навчин тавагийг урт сахал шиг ишнээс нь тайрч авна. Сахалны ишийг аль болох навчин тавагандаа ойрхон, богинохон (0,5-1 см зайтай) тайрна. 
Хоёр талын үзүүрийг модны нүүрсний нунтагт дүрнэ.
Бэлдсэн үрсэлгээгээ таарсан саванд хийгээд навчны ёроол хүртэл ус хийнэ. Хэрэглэх ус нь буцалсан, тасалгааны температуртай (+20-25 С) жаваргуй байна. Борооны ус хэрэглэж болно.
Дээрээс нь вакумдна.
Дулаахан гэрэлсэг газар үндэс гартал тавьна. 
Сфагнум хөвдөнд үндэслүүлэх арга
Үрслүүлэх савны ёроолд сфагнум хөвд хийгээд, дээрээс нь буцалсан жаваргуй ус нэмнэ. Борооны ус ч болно. Хөвд чийг өөртөө шингээсний дараа илүүдэл усыг асгана. 
Дээр бичсэнээр үрслүүлэх навчин тавагаа тайрч авна. 
Модны нүүрсний нунтагт ишний хоёр талын үзүүрийг дүрнэ. 
Хөвдөндөө үрсэлгээгээ суулгана. 
Гадуур нь вакумдна. Үндэслэтэл нь хүлэмжинд, эсвэл гэрэлтэй дулаан газар байрлуулна. Нарны гэрэл дор биш.
Савны ханаар хөлрөөд, конденсат үүсээд байвал агаар сайн оруулж байгаарай. Үндэслэсний дараа шууд хөвдтэй нь хамт хөрсөнд суулгана.
Хөрсөнд суулгах арга
Хөрстэй саваа бэлдээд.
Дээр бичсэний дагуу үрслүүлэх мөчирний хэсгээ бэлдэнэ. Модны нүүрсний нунтагт дүрнэ.
Савтай хөрсөндөө урт жалгархуу нүх гаргана. 
Гаргасан жалгандаа үрсэлгээгээ байрлуулаад, ургах цэг буюу шинэ навч гарах голыг хөрсөөр булалгүйгээр суулгана. 
Услаад, вакумдаад, дулаан гэрэлтэй газар тавьна. 
4-6 хоногийн дараа үндэс гарч ирнэ. 
Үндэслэсэн үрсэлгээг мөн ийм аргаар хөрсөнд суулгана.

No comments:

Post a Comment