Saturday, August 8, 2015

"Элатиор" үндэстэй хайтан

АСУУЛТ - ХАРИУЛТ: Үндэстэй салмон хайтан сая авсан юм. Одоо үүнийгээ яаж тайрч үрслүүлэх вэ?
БЕГОНИЯ ЭЛАТИОР – 3-5 см хэмжээтэй цэцгээр битүү бүрхэгдсэн жижигхэн бут. Цэцэг нь үнэргүй. Энэ төрлийн онцлог - цэцэглэлт нь өвөл болж өнгөрдөг гэж үздэг. Учир нь өдрийн гэрлийн урт богино болж ирэхэд бундуу үүсэж эхэлдэг байна.
Жинхэндээ олон цэцэгчид Элатиорыг зун ч сайхан цэцэглүүлсэн байдаг. Бүтэн жил цэцэглүүлэхийн тулд 2 долоо хоног "өвлийн улирал" бий болгож өгнө. Ингэснээр бундуу бүрэлддэг байна.
Элатиор нь тасалгааны хуурай халуун агаар даахдаа сайн, харин хөрс усархаг чийг ихтэй байхыг тэвчдэггүй. Мөн навчинд ус хүргэж болдоггүй, иймд усаар шүрших хэрэггүй. Навч шарлаж хатдаг.
Агаарын халуун хүйтэн эрс огцом өөрчлөлтөнд навч хатаж унадаг. Тод гэрэлд дуртай, гэхдээ шууд нарны тусгал дор биш. Гэрэл хангалттай газар сунахгүй, авсаархан өтгөн бөөрөнхий бут болж ургадаг. Хойд зүгрүү харсан цонхны тавцан тохирохгүй.
Элатиор хайтангийн үндэс маш нарийхан нарийхан утас шиг байдаг. Иймд шилжүүлж суулгахдаа үндэсийг нь хөвд, хүлэртэй андуурч татаж болохгүй.
Агаар нэвтэрдэггүй, хүнд, хэт их тэжээлтэй хөрс тохирохгүй. Хүлэр, хөвд, кокосон хөрс зэрэг хольсон байх шаардлагатай. Үндэс хөвсгөр хөрсөнд илүү хөгжиж ургадаг ба чөлөөтэй амьсгалдаг юм.
Сав сонгохдоо хэт өндөр биш, дунд зэргийн /хэт бага мөн хэт том биш/ байна. Сайн цэцэглүүлэхийн тулд хавар бүр шинэчилж суулгасан нь дээр. Үүний тулд мөчирний үзүүрээс тайрч аваад, 15 минут ил тавьж зүсэлтээ хатаана. Дараа нь хөвсгөр хөрсөнд суулгаж вакумдна. Вакумдахдаа навчинд нилэг уут хүрэхгүй байхаар тогтооно. Агаар өдөр бүр оруулж байна. Навчинд конденсат буюу вакумдсанаас үүссэн хөлөрсөн ус хүргэж болохгүй. Агаар оруулахдаа бүтээж байсан ниллэг уутны дотрох талыг нь сайн арчиж хатаагаад буцааж углаарай.
Эсвэл тайрч авсан мөчирөө усанд хийж үндэслүүлнэ. Хэт их том савтай усанд мөчир илжирч болдог. Зүсэлт хийхдээ хурц цэвэрхэн хутгаар хийнэ. Үндэслүүлж байгаа усандаа модны нүүрсний үүрмэгээс хийвэл ус мууддаггүй, үрсэлгээ илжирдэггүй. Мөн мөчир тайрч аваад заавал 10-15 минут ил байлгаж хатаагаарай. Зүсэнгүүтэй усанд/хөрсөнд хийвэл илжрэх нь амархан.
Үрсэлгээг 3 сараас хийж болно. Гэхдээ тасалгааны нөхцөлд хангалттай их гэрэл гаргаж өгч чадаж байвал ямар ч улиралд хийхэд үндэслэж ургадаг.
Элатиорыг зөв арчилж ургуулвал ямарваа нэгэн өвчинд баригдах, мөөг, хорхой үржих нь ховор. Булцуут хайтангаас хамаагүй амар арчилгаатай.
Хэрэв навчин дээр толбо үүссэн байвал, эсвэл навч унаад халзан иш үлдсэн бол, ургалт удааширч гацсан бол – шалтгаан нь ургамлын ердийн хөгшрөлт байж болно. Дээр дурдсан шиг шинэчлэлт хийгээрэй.
Burgundy Элатиор
Гэрлийн өдөр богиносох үед цэцэглэдэг. Булцуут хайтан шиг булцууг ухна, амраана, суулгана гэж байхгүй, дандаа навчтайгаа, ихэнхдээ цэцэгтэй байдаг тул Элатиорт би илүү дуртай. 
Мөчрөөр, ганц ширхэг навчаар үрслүүлээд ургуулсан хүн олон байдаг. Мөн цэцэгний ишээр үрслүүлж болдог.
ҮРСЛҮҮЛЭХ АРГА:
10-12 см урт цэцэгний ишийг тасдаад, бундуу болон цэцэгнээс нь бүрэн цэвэрлэнэ. Усанд үндэслүүлээд, дараа нь хөрсөнд суулгаж болно. Эсвэл перлиттэй, вермикулиттэй хөрсөнд, эсвэл хөвсгөр хүлэрт хөрсөнд, "үр бойжуулагч шахмалд" гээд аль нэгт нь шууд суулгаж болно.
Усанд үндэслүүлэх бол усандаа модны нүүрсний нунтаг, эсвэл жижигхэн хэлтэрхий хийж болно. Энэ нь үрсэлгээ илжрүүлдэггүй.
Үрсэлгээний доод үзүүрийг илжрүүлэхгүй тулд:
мөчирнөөс тайрч авахдаа цэвэрхэн, хурц хутгаар зүсэлт хийх. Бохир хутгаар хийвэл халдвар орж илжрүүлдэг. Мөн мухар хутгаар зүсэлт хийхэд зөөлөн эд эс гэмтэж, муудахдаа амархан байдаг. Иймээс хурц хутгаар нэг зүсэлтээр хурдан хийнэ.
тайрсны дараа 20-30 минут ил тавьж зүсэлт хийсэн газрыг сайн хатаах хэрэгтэй. Хатаадаггүйгээс болж ихэнхдээ илжирдэг. Шинэхэн нойтон шарх хатаж аних хэрэгтэй.
модны нүүрсний нунтагийг суулгах хөрсөндөө хольж хутгавал мөн илжрэлт явагддаггүй. (Модны нүүрсний үүрмэгтэй хөрсөнд хөгц ургадаггүй. Илүүдэл чийгийг өөртөө шингээдэг, хөрс хатаад ирэхэд шингэнээ эргээгээд цэцгэндээ өгдөг, аливаа бактери, халдварыг устгадаг гээд ер нь маш олон сайн талтай байдаг. "Модны нүүрс цэцгэнд ямар хэрэгтэй вэ?" эндээс уншаарай. Цэцэгчин хүнд байхад илүүдэxгүй зүйл.)
хөрсөнд суулгасан бол вакумдна. Гэрэлтэй дулаахан газар тавьна. Усанд үндэслүүлэх бол вакумдах хэрэггүй. Харин дараа нь үндэслэсэн үрсэлгээгээ хөрсөнд суулгахдаа эхний хэд хоног вакумтай байлгахад илүүдэхгүй. Нэг сарын дотор үндэслэнэ. 
үүсэж байсан жижиг бундуунуудыг тасдаж аваагүйгээс үрсэлгээ үндэс гаргахад бүх хүчээ зарцуулахын оронд зэрэг цэцэглүүлэх, үндэслүүлэх гээд удна. Бундууг бүгдийг тасдаж цэвэрлэх нь зүйтэй, дэмий цэцэглэлтэнд хамаг хүч нь яваад байдаг.

No comments:

Post a Comment