Saturday, August 8, 2015

Физалис - Хятад дэнлүү

Физалис - Хятад дэнлүү
Латин нэр: Physalis alkekengi
Англи нэр: Bladder cherry, Chinese lantern, Japanese lantern, Winter cherry
Овог: Solanaceae
Эмийн сангуудад худалдаалдаг нэр: физалисын жимс - Alkekengi fructus
Хэрэглэдэг хэсэг: жимс нь
Физалис эрт дээр үеээс хэрэглэж ирсэн хүнсний ногоо (мексик физалис, мексик томат) - манайд бол ховор хүнсний ногоо.  Уг ургамлын нэр нь грек φυσαλίς «физалис» - хөөс, үлээсэн бөмбөлөг гэсэн утгатай юм байна. Физалис нь томат, улаан лооль, хаш, төмс болон чинжүүний ойрын хамаатан. Хүнсэнд улаан лоольтой төстэй жимсийг нь хэрэглэдэг байна.
Биологийн онцлогууд
Жимсэнд хуурай эд 7-12%, сахар нийт жингийн 5,9%, хүчил 1,4%, уураг 0,9-2,5%, С амин дэм 28 мг-%, төмөр 130 мг/кг тус тус агуулагддаг байна. Эдгээрийн хэмжээ нь улаан лооль, чинжүүгийн ихэнхи сортыг давдаг байна. Пектин нийт жингийн 3.68% эзэлдэг, энэ нь маш ховор үзүүлэлт юм.
Пектин ихээр агуулагддаг тул нухаш, сүмс, жимсний чанамал, цэлцэгнүүр, мармелад, мөн давсалсан, даршилсан гээд төрөл бүрээр хэрэглэх боломжтой юм байна. Үүнээс гадна жимс нь үйлдвэрлэлийн лимоны хүчил гаргаж авахад гол түүхий эд болдог байна (нийт жингийн 1,17%).
Физалисын жимс хүний биед хэрэгцээт органик хүчиллүүд агуулдаг: алимны (150 мг%), халгайн (53,6 мг%), хувын (2,0 мг%), мөн дарсны, фуролын, кофены, синапын зэрэг хүчлүүд. Бусад биологийн идэвхитэй бодисноос будагч бодис (2,8 % хуурай жингийн), PP амин дэм, каротиноид, физалин.
Хүнсний ногоо (мексик) физалис нь нэг наст өвсөрхөг ургамал. Өндөр нь 50-90 см хүрдэг. Физалисын жимс хүүдийнд хийсэн улаан лооль шиг харагддаг. Гүйцэт боловсорсон жимс нь шар, ногоон, эсвэл нил ягаан өнгөтэй байдаг. Нэг жимс 60-110 г жинтэй. Жимсний амт сортоосоо хамаарна: чихэрлэгээс гашуун, эсэглэн хүртэл амттай байдаг, амт нь ерөнхийдөө улаан лоольтой төстэй.
Жимсний гадуурх уутан хальс ногоон өнгөтэй байдаг. Жимс боловсрох явцад шарлаад хатдаг. Жимс нь хатсан хальсан дотороо үлддэг. Заримдаа жимс томорч хальсандаа багтахаа байгаад, хальс дээд үзүүрээрээ задардаг. Харин зарим сортын жимс боловсорч гүйцээд унадаг, иймээс цаг тухайд нь түүж авч байх хэрэгтэй болдог.
Нийт гарсан цэцэгний тал нь жимсэлдэг, гэхдээ хэрэв тариалангийн талбайн хажууд зөгийний үүр байрлуулвал маш арвин ургац хураадаг байна.
Физалис нь улаан лоолийг бодвол илүү хүйтэнд тэсвэртэй, намар хүртэл жимсээ боловсруулаад байлгаад байна. Үр соёолсноос жимслэх хүртэл хугацаа сортоосоо хамаарч ойролцоогоор 90 - 120 хоног байна. Соёолохдоо жигд биш. Хүйтэнд, эсвэл чийг ус дутагдвал хэдэн долоо хоногоор сунжирч болдог.
Физалис нь сүүдэрт ургаж чаддаг, хөрс голдоггүй, усалгааг тохируулж тааруулах хэрэгтэй. Энэ ургамлын нэг содон зүйл нь - хэр баргийн хорхой шавьжинд өртөөд байхгүй, өвчлөх нь ховор. Энэ шинж чанараараа улаал лоолийн төрлүүдээс хамаагүй дээр байна.
Жимс хураахдаа бага зэрэг дутуу боловсорсноор нь түүдэг. Агаарын хэм +12°С хүрж буурахад ургалт зогсдог.
Түүх
Эртний Мексикт амьдарч байсан ацтекууд физалисыг хэрэглэж байсан байна. Анх физалисыг эрдэнэ шишийн тариалангийн талбайд эгнээ хоорондын зайд ургуулдаг байжээ. Өмнөд Америкийн тухай эртний испани номонд физалисын тухай зөндөө гардаг ч улаан лооль, томатын тухай ердөө байдаггүй байна. Үүнээс үзэхэд нутгийн ардууд томатыг тарьж ургуулдаггүй байсан байна. Томат бол Мекискээс гаралтай ургамал. ХХ-р зууны 30-аад онууд хүртэл мексикчууд хүнсний зах орохдоо томатын оронд физалис худалдаж авдаг байсан байна.
Европд физалис XVII-р зуунд - Америк тивийг нээсний дараа орж иржээ. Харин Оросод томаттай хамт орж ирсэн ч таалагдаагүй байна. XX зууны 20-30-д онуудад Н. И. Вавиловын Өмнөд Америкруу хийсэн экспедицуудын ачаар сонирхол дахин сэргэж эхэлжээ. ЗХУ-д физалисыг судалдаг байсан ба энэ ургамал хаана ч ургах чадвартай гэж тогтоожээ. 1934 онд физалисыг 5000 га газар тариж эхэлсэн ба үүний 3000 га нь Алс Дорнодын хүйтэн эрс тэрс уур амьсгалтай газар байж.
Дэлхийн сүүлчийн дайны дараа өлсөглөн хүмүүсийг хооллох маш чухал асуудал байсан тул физалисыг ганц Мексик ч биш Польш, Герман, Итали, АНУ, ЗХУ-д тариалж, дэлгүүрүүдийн лангуун дээр харагддаг болсон байна. Физалис нь зөвхөн хүнсний ногооноос гадна чихэрийн үйлдвэрлэлд ихээр ашигладаг байжээ.
Агротехник
Хүнсний ногоонд хэрэглэдэг физалисыг хойд хөршийн хүйтэн нутгуудад их тарьдаг. Тэгэж үзэхэд физалис Монголд маш таарсан хүнсний ногоо байх болов уу. Хүнсний ногооны сортуудаас гадна гүзээлгэний, перугийн, чимэглэлийн гэж байдаг байна.
  
Задгай ногооны талбайд ургуулахад 1 га газраас 50 ц ургац авдаг байна. Бусад төрлүүд (гүзээлзгэний болон перугийн физалис) илүү эмзэг байдаг, мөн жимс боловсруулахад урт хугацаа шаарддаг, эсвэл маш жижиг жимстэй бага ургац өгдөг гэх мэт хүндрэлүүдтэй байдаг. ОХУ-д сайн дэлгэрээгүй байна. Зөвхөн хувь хүмүүс өөрсдийн ногоон талбай, эдлэн газартаа ургуулж ургац авдаг байна.
Физалис ямар ч хөрсөнд ургаж чаддаг, гэхдээ хэт чийгтэй, нойтон хөрсөнд ургадаггүй. Физалисыг тарихын өмнө хөрсөө шохойжуулж өгөх хэрэгтэй, өөрөөр хэлбэл хүчилтэй хөрсөнд дургүй юм байна. Хүнсний ногоо шиг тарихаар бол үрсэлгээ бэлдэж ургуулах нь дээр, эсвэл шууд ногоон талбайдаа үрээр ургуулж болно.
Үр суулгаснаас хойш 7-10 хоноод соёолж эхэлдэг. Соёолсноос хойш 25-30 хоног болж байж үрсэлгээ бэлэн болдог. Ургуулах зарчим, арчилгаа улаан лооль ургуулдагтай адилхан. Задгай хөрсөнд суулгахдаа улаан лоольноос 10-12 хоногийн өмнө, 5 сарын сүүлээр суулгадаг. Эгнээ хоорондын зай 70 см, эгнээ хоорондын зай 40-90 см. Ер нь 1 кв. метрт хоёроос илүү бут суулгах хэрэггүй.
Хөрсний чийг, болон тэжээллэг, хөвсгөр гэх мэт чанаруудаас шалтгаалаад 1-2,5 см гүнд суулгана. Хэрэв задгай талбайд үрээр шууд тарих гэж байгаа бол хоорондын зайг арай бага авдаг. Дараа нь зайг томосгож шилжүүлж суулгаж болдог. Тасдаж авсан суулгац дахиж амархан үндэслэдэг.
Суулгасны дараа услана. Цаашид ургаж байгаа физалисыг зөвхөн халуун, хуурай өдрүүдэд услаж байна. Ойр ойр хөрсийг сийрэгжүүлж, зэрлэг ургамалыг нь түүж авч, мөн бордож байна. Ургаж томрох явцад ишийг тулгуурт бэхэлж өгч болно.
Ургац хураалтыг зөвхөн хуурай цаг агаарт хийдэг. Бороотой өдөр хураасан бол хадгалах явцад амархан мууддаг. Хэрэв бороо хуртай цаг агаарт хураасан бол хальснаас нь салгаад, задгай тарааж хатаах хэрэгтэй. Хуурай агаарт хураасан жимсийг хэдэн сараар жирийн тасалгааны нөхцөлд хадгалаад байж болдог.
Хэрэглэх арга
Физалис маш хэрэгтэй, ач тустай ургамал. Жимс нь зөөлөн мөртлөө, дээрээс нь дарахад томат шиг урсаад гараад ирдэггүй. Шууд идэж болно, мөн төрөл бүрийн боловсруулалтанд оруулж хэрэглэж болдог. Хүнсэнд хэрэглэх зарим жорыг сонирхоно уу:
Икра:
Хэрэг болох зүйлс: 500 г физалис, 200 г сонгино, 200 г лууван, 100 г цагаан үндэс. Ногоог арилгаад, жижиглэж хэрчинэ. Ургамлын тосонд шараад, хутгаж холино. Тохируулаад давс, сахар, нүдсэн хар чинжүү, лаврын навч, маш жижигээр хэрчсэн сармис, яньшуй болон гоньдны ногоон навчнууд нэмээд, бүгдийг сайтар халааж хутгадаг. Икраг шууд хэрэглэж болно, эсвэл ариутгасан шилэн саванд консервлож болно.
Даршилсан физалис:
Шүүс: 1 л усанд - 50 г элсэн чихэр, 40 г давс, 10 г 70% уксусны хүчил, нэг чимх корица, 5-8 ширхэг гвоздик, анхилуун чинжүүний 4 ширхэг үрэл, лаврын навч.
Гүйцэт болсон жимс ялгаж аваад 30 секунд буцалж байгаа усанд дүрнэ. Дараа нь хөргөөд 0,5 литрийн ариутгасан шилэнд шигүү чигжиж хийнэ. Дээрээс нь халуун амталсан шингэн хийгээд улаан лооль дардаг шиг дарна.
Давсалсан физалис
Физалисыг яг л өргөст хэмх, улаан лооль давсалдаг шиг бэлтгэнэ. Бүрэн боловсорсон жимсийг амтлагчуудын хамт ариутгасан шилэнд хийнэ.
1 кг физалисд 30 г гоньд, 4 г хрен, 3 г саримс, 1 г улаан халуун чинжүү тус тус авна. Үүнээс гадна үхрийн нүдний навч нэг, эстрагон, базилик, гааны навч, яньшуй, сельдерей гэх мэтээс хүсвэл нэмээрэй. Амтлагчийн нийт хэмжээ 1 кг жимсэнд 50 г байх ёстойг тооцоолоорой.
Жимс, амтлагчуудаа шилэндээ хийгээд давстай буцалсан усаар дүүргэнэ (1 л усанд 60 г давс). Шилээ цэвэр даавуугаар бүтээгээд, 7-10 хоног өрөөний хэмтэй газар эсэлдүүлэхээр тавьна. 7-10 хоногийн дараа дээгүүр нь хөгз ургасан байвал түүж аваад, уусмалыг шанаганд юүлж буцалгаад халуунаар нь шилэндээ буцааж хийгээд сайн таглаж хөргөнө. Цаашид хөргөгчинд хадгална.
Үүнээс гадна физалисаар жимсний чанамал (варень), салат, цукат, сүмс, ногооны рагу, кисель гээд маш олон зүйл хийж болно.
Гаднах хальсан бүрхүүлийг цэвэрлэж байж хэрэглэдэг. Энэ хальс нь хортой. Хүнсний ногооноос гадна хад жимс шиг амттай физалис байдаг. Үүнийг гүзээлзгэний гэж нэрлэдэг. Нэгэнт физалис тарьсан бол ямар ч байсан ургац хураана гэж ойлгоорой. Хэрэв гэрт, эсвэл хүлэмжинд тарьж байгаа бол зөгийний оронд та өөрөө цэцэгний тоос хүртээх хэрэг гарна.
Жимсийг гүйцэт боловсроогүйгээр түүвэл бүтэн өвөлжингөө хадгалаж болдог. Нэг бутнаас 2-3 кг жимс хурааж авдаг. Ургац муутай жил хүртэл бусдаасаа сайн ургац өгдөг. Үндэс сайн хөгжиж, хөрсрүү гүнзгий шигддэг тул хуурай зуныг давахдаа сайн. Тасалгаанд өвөрмөц содон ургамал болгож ургуулж болдог. Өвчинд нэрвэгдэх нь ховор, хорхой шавжинд идэгддэггүй.

Анагаах ухаанд
Бөөрний архаг өвчтэй хүмүүст нэн тустай ургамал. Бөөрний чулууг уусгадаг гэж үздэг. Физалисыг ардын эмнэлэгт хэрэглэдэг: пектин ихээр агуулдаг тул төрөл бүрийн хоолны дэглэмтэй хүмүүст тохирдог. Жишээ нь, хүний биед байгаа хүнд метал, радионуклидууд, хэт их холестерин зэргийг барьцалдуулж, тууж гаргадаг байна.
Үүнээс гадна суулгаад байгаа бол, үрэвсэл дарахад, ариутгагч антисептик болгож, өвчин намдаалтанд, цус тогтооход, шээс туухад, цөс цэвэрлэхэд гээд олон зүйлд хэрэглэдэг. Жимсийг шууд тасдаад шинээр нь, эсвэл шүүсийг нь шахаж, хандалж, мөн хатаасан жимсийг буцалгаж гэх мэтээр бэлдэж байгаад усан хаван, үе мөчний өвчин ревматизмд, подагра, элэгний өвчин, ходоодны өвчин, бөөрний болон давсагны чулуунд, шээс туух, амьсгалын замын эрхтнүүдийн үрэвсэлт өвчнүүд, цистит, гепатит, тэмбүү, цагаан мах гарахад гээд олон өвчинд хэрэглэдэг байна.
Физалисд байдаг витанолид (ариутгагч бодис) үрэвсэл дардаг, өвчин намдаадаг, мөн зарим эх үүсвэрээс харахад - хорт хавдарын эсрэг хэрэглэдэг гэнэ.
Жимсийг нь амин дэмийн дутагдалд, ходоодны шарх, гастрит, болон бусад өвчинд тусгай хоолны дэглэм барихад хэрэглэнэ. Үүнээс гадна архаг холецистит, чихэрийн шижин өвчинд, даралт хөдлөхөд зөвхөн гүйцэт боловсорсон жимсийг хэрэглэдэг. Жижиг жимсийг нэг удаагийн хэрэглээгээр 10-15 ширхэгийг иддэг, харин том жимсийг 4-8 ширхэгийг хоол идэхээс 10-15 минутын өмнө.
Харин ходоодны хүчил ихтэй өвчтөнүүд хэрэглэхээсээ болгоомжлох хэрэгтэй. Хэрэглэхээр бол жирийн хэмжээнээс 2 дахин бага авч хоолны яг өмнө иддэг. Бие сайжрах тусам хэмжээг нь 8-15 ширхэг хүртэл ихэсгэнэ. Жимстэй тосоор нь арьсны гаднаас хавдсан, үрэвссэн газруудад түрхэж, ууц нуруу, үе мөчний өвдөлт, хөлний яс ургах зэрэгт өвчин намдаах зорилгоор түрхэдэг. Физалисын тос түрхэхэд шарх амархан эдгэдэг, зөөлөн эд эсийн нөхөн сэргэлт амархан явагддаг байна.
Крымд жимсний шүүсийг арьсны өвчин, цахлайтах зэрэгт хэрэглэдэг. Жимснээс бусад ургадаг хэсгүүд: иш, навч, жимсний уутан хальс зэрэг нь алкалоид, фезелин ихээр агуулдаг ба энэ нь хортой токсик бодисууд тул гэрийн нөхцөлд эдгээр хэсгүүдийг хэрэглэх хориотой болохыг анхаарна уу.
Тосон түрхлэг хийх арга: 10 г жижиглэсэн жимсийг 40 г оливын тосонд хийгээд 20 хоног байлгаад, шүүж хэрэглэнэ. Уг тосыг үрэвссэн, хавдсан газруудад, үе мөч, ууц нурууны өвчинд г.м. дээр дурдсан тохиолдлуудад түрхэнэ.
Ханд бэлтгэх арга: 20 г хуурай жимсийг хальснаас нь цэвэрлээд, 500 мл буцлаж буй усанд хийж 10-15 минут чанана, 1 цаг хандалж хөргөөд шүүж авна. Өдөрт 50 мл -аар 4-5 удаа ууна. Бөөрний өвчинд (ялангуяа бөөрний чулуунд), давсаг, үе мөчний өвчинд, гэж уудаг. Физалисын ханд нь шээс туух, цус тогтоох, өвчин намдаах үйлчилгээтэй болно.
Жимсний шүүсийг өдөрт 2-3 удаа 10 г-аар дээр дурдсан өвчнүүдэд ууж болно, мөн шүүсийг нь цахлаатсан арьсан дээр түрхэдэг.
Үндэсийг нь буцалгаж хандлаад ханиалгахад, өвчин намдаахад, мөн цус тогтооход хэрэглэдэг, жишээ нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хэт их ирээд байвал хэрэглэдэг байна.
Дундад Азийн уламжлалт анагаах ухаанд цус багадалт, даралт хөдлөх, болон хөгшин хүмүүсийн өтгөн хаталтанд идүүлдэг байна. Үүний тулд шиэнэхэн хураасан 5-10 ширхэг жимсийг өдөрт 2-3 удаа хоолны өмнө иддэг. Цусны даралттай хүмүүст хатаасан навч болон жимсний хальсаар хийсэн цай уулгадаг.
Болгарын уламжлалт анагаан ухаанд жимсний хандыг ревматизм, подагра, шар өвчин, цус алдах, геморрой, холецистид, ходоод гэдэс хатгах, базлахад, шээс туулгахад хэрэглэдэг.
Таджикууд жимсийг хальснаас нь цэвэрлээд зөөлөн гал дээр чанаж, сүүтэй холиод хүүхдүүдэд уулгадаг байна. Үүгээр ангин, ларингит, стоматит эмчилдэг.
Алдарт Ибн Синагийн бичсэнээр физалисын анагаах увидас нь паслёнтой төстэй гэнэ. Шинэхэн түүсэн жимсээр уушигны астма, амьсгалын замын өвчнүүд, шар, ходоодны болон бусад дотуур эрхтний шарх, шээсний замын өвчинд хэрэглэдэг байна.
Гоёлын физалисыг яаж хатааж авах вэ?
8 сарын сүүл 9 сарын турш дэнлүүтэй мөчирнүүдийг тайрч авдаг. Навчнуудыг нь тасдаад, доогуур нь 5-7 мөчирөөр багцалж нарийн уяагаар бооно. Дараа нь доош харуулж унжуулаад нарны гэрэл тусдаггүй газраа хатаана. 1-1,5 сарын дараа хатсан мөчирнүүдээр цэцгийн зохиомж хийж болно. Өвлийн хүйтэн өдрүүдэд танай гэрт зөөлөн, дулаан уур амьсгал нэмнэ.

No comments:

Post a Comment